Саарал чоныг хулгар шарын хувь тавилан тосож байна

Нэгэн үе хамгийн элбэгт тооцогдож, иргэд хаа дуртай газраасаа хүссэн үедээ агнаж, зооглодог байсан тарвага нүдний гэм болох цаг ойрхон гэвэл үнэнээс хол, эсвэл итгэхэд бэрх санагдаж магадгүй юм. Гэвч бодит байдалтай эвлэрэхээс яах билээ. Хулгар шарын тархац нутаг сүүлийн жилүүдэд эрчимтэй хумигдан, тоо толгой нь цөөрч, Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Улаан данс”-нд (Алтайн болон монгол тарвага) нэрээ мөнхлүүлээд амжсан.

Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төслийн зохицуулагч Натан Конабой “Монгол тарвага сүүлийн 12 жилийн хугацаанд тоо толгой нь 75 хувиар буюу эрс цөөрсөн нь бидний судалгаагаар тодорхой болсон” хэмээн хоёр жилийн өмнө ярьж байв. Харин МХЕГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ч.Нямдаваа “Хууль бусаар, ялангуяа хавх ашиглан тарвага агнах нь олширлоо. Ийм зөрчил идэвхтэй гардаг үед хууль, хяналтынхан чадлынхаа хэрээр хяналт шалгалт явуулж, тэмцэж буй боловч дийлдэхгүй байна” гэж шогширч байсан нь саяхан.

Манай улс зах зээлийн тогтолцоонд шилжсэн 1990 оноос энэ амьтны нөөц эрс багассан гэж судлаачид үздэг юм билээ. Тухайн үед 15 орчим сая толгой тарвагатай байсан бол 2001 оны судалгаагаар энэ тоо даруй гурав дахин багассаныг тогтоожээ. Харин одоо чухам хэчнээн үлдсэн нь тодорхойгүй. Хулгайн анчид хулгар шарын хувь тавиланг ийн эргүүлжээ. Түүнтэй ижил эмгэнэлт хувь тавилантай амьтан чоно болоход ойрхон байна.

Дэлт боохойн тоо толгой огцом буурсан талаар судлаачид хөндөх болсон. Гэхдээ яг төд гэсэн багцаа алга. БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрынхнаас энэ талаар тодруулахад “Ан амьтны тоо толгойг 1970-1980 онд гүйцэтгэсэн тооллогын дүнтэй харьцуулбал 50-70 хувиар буурсан. Сүүлийн зургаан жилд улсын хэмжээнд амьтны нэгдсэн тооллого, үнэлгээ огт хийгээгүй. Зөвхөн аль нэг бүсэд хэсэгчилсэн тооллого явуулсан. Чонын талаар баримт, судалгаа бараг алга. Тоо толгой нь эрс цөөрсөн нь маргаангүй” гэсэн юм.

Чонын тоо толгой буурсныг судлаач, мэргэжилтнүүдээс гадна малчид хэлэх боллоо. Хан Хэнтийн нурууны хойд хэсэг, улсын хил дээр орших Сэлэнгэ аймгийн Хүдэр сум хээрийн нохой элбэгтэйгээрээ хэзээнээс алдартай. 1990-ээд оны үед Венесуэлийн олон ангит “Халтар царайт” кино гарах үеэр нэгэн айлын 500 гаруй хонь руу сүрэг чоно дайрч, зооглохыг нь зооглож, залуучууд хоттой хонио ээлжлэн сахихгүй л бол амар заяа үзүүлдэггүй байсан талаар нутгийнхан хуучилдаг. Түүнчлэн сумын төвийн захад байдаг айлын гахайн пүнз, малын саравчинд үе үе чоно “зочилно”. Ингэхдээ хүнээс ер айж цочдоггүй, хээв нэг зогсдог байсан гэх жигтэй яриа ч бий. Харин сүүлийн үед хээрийн боохой нүдний гэм болж, хууч ярианд л дүр нь тод үлджээ. 

...Ченжүүд хот хооронд явдаг, машин техниктэй хүмүүсээр дамжуулан худалдан авдаг юм билээ. Мөн хаанахынх нь тодорхойгүй, том машин хөлөглөсөн хүмүүс сумын малчидтай үргээлгэнд явж, чоныг тав, арваар нь алсан гэж дуулдах юм. Үргээлгэнд дайчилсан нутгийн иргэдэд гаднынхан мөнгө өгдөг гэсэн...

Хүдэр сум байгалийн баялаг ихтэй, өвс ургамал жигд сайхан нутаг. Тийм болоод ч тэр үү, баруун аймгаас чиглэсэн хөдөлгөөн сүүлийн жилүүдэд эрчимжсэн. Ховд, Увсаас ч малчид ирж нутаглах болсон. Бэлчээр нутгаа булаацалдан, малаа хамгаалах малчид түүнд дайсагнаж, хулгайгаар намнах болсон нь үүнд нөлөөлсөн гэж сумынхан үздэг. Тус суманд Ховд аймгаас нүүж очсон Э.Эрдэнэцогт “Уялга, Жаргалант, Дэрстэй гээд чоно ихтэй газар байсан. Одоо ч амар амгалан болжээ. Залуус малаа эзэнгүй шахам орхичихоод, айл хэсээд, архидаад алга болчихдог. Жаахан хэтрүүлэгтэй ярихад, дээхэн үед бол айл хэсэх нь байтугай малаа орхиод удаан бие засаж ч чаддаггүй байлаа” хэмээн ярилаа. Чонын тоо толгой буурсан гэх судлаачдын баримтыг малчид ийн батлан өгүүлж байна.

Тус сумын байгаль орчны байцаагч А.Энхтүвшин ч ижил зүйл ярьсан. Тэрбээр “Чоно бараг байхгүй болсон. Үүнийг дагаад хулгайн ан ч багассан. Зундаа жимснийхэн, өвөл “Жийп”-тэй анчдаар Хүдэр дүүрдэг байсан” гэх.

Бас нэг жишээ. Архангай аймгийн Хангай сум бас л чоно элбэгтэй нутаг. Хулгайн анчдын балгаар тоо толгой нь мөн л мэдэгдэхүйц цөөрчээ. “Хангай суманд чоно өндөр үнээр худалдан авч байна” гэсэн мэдээлэл бидэнд өнгөрсөн долоо хоногт ирэв. Эл мэдээллийн мөрөөр тус сумын иргэд, малчидтай холбогдон мэдээлэл авлаа.

Бидэнд анх энэ тухай мэдэгдсэн Б-тэй утсаар холбогдож зарим зүйлийг тодруулсан юм.

-Ченжүүд чоныг 800 мянган төгрөгөөр худалдан авч байна гэсэн үү?

-Тийм мэдээлэл байна. Яг ийм ханшаар борлуулсныг нүдээр үзээгүй учраас баттай хэлэх боломжгүй. Гэхдээ соёогоор нь үнэлээд 400-500 мянган төгрөгөөр авч байгаа нь үнэн. Ойрын хүмүүс маань хүртэл ийм ханшаар борлуулсан.

-Хаанахын, ямар хүмүүс худалдан авч байгаа юм бол?

-Цаад эзнийг нь мэдэхгүй. Ченжүүд хот хооронд явдаг, машин техниктэй хүмүүсээр дамжуулан худалдан авдаг юм билээ. Мөн хаанахынх нь тодорхойгүй, том машин хөлөглөсөн хүмүүс сумын малчидтай үргээлгэнд явж, чоныг тав, арваар нь алсан гэж дуулдах юм. Үргээлгэнд дайчилсан нутгийн иргэдэд гаднынхан мөнгө өгдөг гэсэн.

-Ер нь Хангай чоно элбэгтэй гэсэн. Тэгэхээр энэ амьтнаар бизнес хийдэг хүмүүс байнга “эргэлддэг” байх нь ээ?

-Элбэг байсаан. Нэг үеэ бодоход цөөрсөн. “Энэ жил боохой элбэг үзэгдэх боллоо” гэж малчид ярьж байна. Сүүлийн үед манай нутагт малын халдварт өвчин салахаа байсан нь чоно ховордсонтой холбоотой. Байгалийн зохилдлогоо гэж зүйл бий. “Өө энэ мал хаздаг” гээд хоморголон устгаад байж болохгүй. Эцэст нь түүнээсээ их хохирч мэднэ гэв.

Саяхан үргээлгэнд гарч, хоёр чоно авласан гэх залуутай холбогдлоо. Хашир эр үг тийм ч амар унагасангүй. “Худалдаж авч байгаа нь үнэн. Ханш энэ тэрийг нь сайн мэдэхгүй” гээд утсаа салгав. Харин өөр нэг малчин ам нээв. Нэрээ нууцлахыг хүссэн тэрбээр “Хэдэн зуугаар нь устгаж, борлуулж байгаа юм алга. Гэхдээ хөдөөнийхөн мэр сэр “нухаж”, зарж байгаа. Том соёотой нь лав хагас саяас дээш үнэлэгддэг гэсэн. Манай хангай бусад нутагтай харьцуулахад чонотой. Гэхдээ одоо ховор ховор” хэмээв.

Чоно 500 мянгаас нэг сая төгрөгийн үнэд хүрсэн нь өмнө дуулдаагүй өндөр ханш гэнэ. Тиймээс цаад захиалагч нь хятадууд байж болзошгүй гэж хардаж буйгаа иргэд нуусангүй. Удахгүй болох Хятадын Цагаан сарын хамгийн үнэ хүндтэй бэлэгт саарал чонын арьс тооцогддог учир ийн хардахад хүргэжээ.

Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, МХЕГ, ЦЕГ, Лондоны амьтан судлалын нийгэмлэг зэрэг байгууллага хамтран зэрлэг амьтны хууль бус ан, эд, эрхтний худалдааг бууруулах, таслан зогсоох чиглэлээр сүүлийн үед нэлээд идэвхтэй ажиллаж буй. Үүний үр дүнд энэ төрлийн зөрчлийн тоо багассаныг нийслэлийн Байгаль орчны газрын Амьтан, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цолмонбаатар өмнө нь ярилцлагадаа онцолсон. Гэхдээ гарч буй хэрэг зөрчлийн зонхилох нь саарал чонотой холбогдож буйг ч мэргэжилтнүүд хэлсэн юм. Чонын эд, эрхтэн хууль бусаар хил давуулахыг завдсан хэрэг жилд дунджаар 35-50 удаа гардаг гэсэн мэдээлэл байна. Энэ бага тоо биш. Цаана нь ил, далд хэчнээн хүн хил давуулан үнэд хүргэж, халаасаа зузаалж буйг тооцоолоход бэрх.

Саарал чоно устахад хүрлээ гэж зовнидог, тус амьтны экологийн ач холбогдлыг мэддэг хүмүүс хий хоосон бахирахаас илүү бодитой ажил хийх цаг нь болжээ. Ядаж л улсын хэмжээний нэгдсэн тооллого явуулж, тоо толгойг нь бодитоор нь үнэлэх хэрэгтэй. Мөн түүнийг зөвхөн бэлчээрийн дайсан гэж хардаг малчдад мэдээлэл, ойлголт өгөх шаардлагатай мэт санагдана. Ингэж байж бид хулгар шарын хувь тавиланд ойртсон саарал чоноо хамгаална.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)