“Саарал жагсаалт”-д багтсан нь санхүүжилт татахад хүндрэл үүсгэнэ гэх үндэслэл одоогоор алга”

“Оюутолгой” компани энэ оны гуравдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа өчигдөр танилцууллаа. Тус компани тайлант хугацаанд 28 446 тонн зэс олборлсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 27.8, 25 607 тонн алт олборлосон нь 2018 оны мөн үеийнхээс 66.8 хувиар тус тус буурсан дүн болжээ. Харин боловсруулсан хүдрийн хэмжээ нэг жилийн хугацаанд дөрвөн хувиар өссөн байна. Түүхий эдийн олборлолт ийнхүү буурсан нь баяжуулах үйлдвэрийг түр зогсоосон буюу энэ сарын төлөвлөгөөт засварыг есдүгээр сард хийсэнтэй холбоотой бөгөөд 2019 онд 125 00-155 00 тонн баяжмал дахь зэс, 230 000 унци хүртэл баяжмал дахь алт олборлох төлөвлөгөөгөө биелүүлэх боломжтой гэв. Түүнчлэн 2010 оноос энэ оны гуравдугаар улирал хүртэлх хугацаанд улсын төсөвт 2.5 тэбрум ам.долларын татвар, хураамж төвлөрүүлж, үндэсний худалдан авалтад гурван тэрбум ам.доллар зарцуулж, Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчдээс 523 сая “ногоон”-ы бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авсныг дурдав.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын санхүүгийн байгууллагын (ФАТФ) “саарал жагсаалт”-д манай улс багтсантай холбоотойгоор Оюутолгой төслийн санхүүжилт саатах, эсэх болон ордын геологийн үзүүлэлт өөрчлөгдсөнөөр гарах эрсдэлийн талаарх сэтгүүлчдийн асуултад “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Гүний уурхайн төслийн тооцоот өртөг 5.3 тэрбум ам.доллар байхаас 4.4 тэрбумыг нь босгосон. Цаашид шаардлагатай хөрөнгийг хэрхэн олох талаар хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчидтай хэлэлцэнэ. Тэр үед “саарал жагсаалт”-д Монгол багтсан нь олон улсад, хөрөнгө оруулагчдад ямар мессеж өгсөн, санхүүгийн хүндрэл дагуулах, эсэх нь тодорхой болох байх. Одоогоор “саарал жагсаалт”-тай холбоотой санхүүгийн хүндрэл үүслээ, үүснэ гэх үндэслэл алга. Мөн ордын геологийн нөхцөлийг газрын гадаргаас хийсэн босоо өрөмдлөгөөр тогтоох боломжгүй. Энэ нь газрын гүнд хийсэн хөндлөн өрөмдлөгийн дүнд мэдэгдэн, тооцоолсноос өөр үр дүн гарсан. Бид одоогоор 1000 орчим дээж цуглуулж, гадаадын мэргэжилтнүүд, холбогдох байгууллагууд руу илгээгээд байна. Уг шинжилгээний дүн, мэргэжилтнүүдийн саналаар цаашид хэдий хэр өртгөөр, ямар хугацаанд гүний уурхайг ашиглалтад оруулах талаарх нарийвчилсан тооцоог гаргана. Энэ нь 2020 оны хоёрдугаар улиралд тодорхой болно” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)