“Саарал жагсаалт”-ад тавтай морилох уу

ФАТФ 2016 онд манай улсыг санхүүгийн “Хар жагсаалт”-ад оруулах шахсан. УИХ Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль баталснаар ФАТФ-ын хараанд өртсөн хэрэг. Тэд “Монгол санхүүгийн гэмт хэрэгтнүүдийнхээ толгойг илээд өнгөрөөдөг завхарсан улс байна” гэсэн өнцгөөс асуудалд хандсан. Бид “Энэ бол эдийн засгийнхаа нөхцөл байдлыг улам сайжруулах, харин ч ил тод болгох зорилготой шийдэл байсан” гэж тайлбарлан, “Хар жагсаалт”-ын хаалгыг татахаас аврагдсан юм. Гэвч “Саарал жагсаалт”-ад оруулах сануулга авсан билээ. ФАТФ гэж ямар учиртай байгууллага болох, “Саарал жагсаалт”-ад орчихвол эдийн засагт ямар сөрөг нөлөө үзүүлэх, бид юу хийх ёстой вэ гэх мэт асуулт зайлшгүй ургана.

“ФАТФ нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх дэлхий нийтийн санхүүгийн системийг хамгаалах бодлого боловсруулж, мөрдүүлэх үүрэг бүхий, Засгийн газар хоорондын, хараат бус бүлэг юм. ФАТФ-ын зөвлөмж нь дэлхий нийтийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стандарт гэж хүлээн зөвшөөрөгдсөн” гэж тодорхойлжээ. Санхүүгийн арга хэмжээ авах бүлэг буюу ФАТФ-ыг анх дэлхийн долоон том гүрэн хамтран байгуулжээ. Ямар зорилготой байгуулсан нь дээрх тодорхойлолтоос бүрэн ойлгогдох болов уу. Одоогоор тус байгууллагын гишүүн 20 улс, олон улсын хоёр байгууллага бий.

Манай улс тус байгууллагын гишүүн биш. Гэхдээ “Хар жагсаалт”-ад багтвал томоохон орнууд манайхаас эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагаагаа таслах учраас бид зөвлөмжийг биелүүлэхээс аргагүй. Манай улс санхүүгийн “Хар жагсаалт”-ад багтлаа гэж бодъё. Тэгвэл аж ахуйн нэгжүүд маань АНУ-ын хамтрагчидтайгаа мөнгөн гүйлгээ шуурхай хийж чадахгүйд хүрнэ. Тэд нэг цент бүрийнхээ гарал үүслийг нотлохыг манайхнаас шаардана. Хууль ёсны дагуу олсон мөнгө үү, эсвэл гэмт хэргийн орлого байна уу гэдгийг нь нягтална гэсэн үг. Мөнгөнийхөө гарал үүслийг нотлохын тулд их хугацаа зарцуулж, чамгүй зардал гаргах нь тодорхой. Ингэхээр эдийн засгийн цусны эргэлт удаашрах нь ойлгомжтой. Эргэлт нь саарахаар эдийн засаг, гадаад худалдаа өсөхгүй. Биднийг отох аюул энэ.

ФАТФ нийт 40 зөвлөмж хэрэгжүүлэхийг улс орнуудаас шаарддаг. Энэ нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийн эсрэг эрх зүйн баримт бичиг боловсруулах, эсвэл хууль эрх зүйн орчиндоо тусгах шаардлага юм. Үүгээр зогсохгүй хариуцлагын тогтолцоо хэрэгжүүлэхийг шаарддаг. Өөрөөр хэлбэл, хаалт тавьж, хана босгосон орнуудтай хамтарч ажиллана гэж их гүрнүүд үздэг хэрэг. Санхүүгийн систем хүний биеийн судас шиг олон салаатай. Салаа бүрийг нь хянахгүй бол хууль бус мөнгө дамжина гэдэг өнцгөөс тэд харна.

Манай улс 40 зөвлөмжийн 20-д нь бүдэрсэн. Ингээд “Саарал жагсаалт”-ад оруулах сануулгатай явж байна. Бүдэрсэн 20 зөвлөмжийнхөө 14-ийг засаж сайжруулах, эрх зүйн баримт бичигтээ агуулгыг нь тусгах ам өчиг өгч байж бид аврагдсан. ФАТФ 15 сарын хугацаа өгсөн нь энэ оны эхээр дууссан юм. Манайхан тайлангаа хамгаалсан боловч сайн үнэлгээ аваагүй. Улмаар хугацаагаа сунгасан. Дээрх байгууллагын хурал ирэх сард Тайландын Бангкок хотод болно. Үүгээр манайхыг “Саарал жагсаалт”-ад оруулах, эсэх асуудал хэлэлцэх юм. Эцсийн шийдвэр 9-10 дугаар сард гарах учиртай.

...Хуурамч барааг дагах хамгийн их хууль бус мөнгө эргэлддэг юм байна. Сонирхолтой байгаа биз. Хүмүүс энэ тухай хэзээ ч бодож байгаагүй байх. LV гэсэн бичигтэй цүнх барьчихсан хүүхнүүд Улаанбаатарын гудамжинд олон тааралдана. Тэдгээрийнх ихэнх нь хуурамч цүнх гэдгийг хүмүүс мэднэ. Тэгэхээр хуурамч бараа экспортлогчид мөнгө угаах гэмт хэргийг өөгшүүлдэг байх нь...

Манайх авлига, албан тушаалын гэмт хэрэг ихтэй орон гэгддэг. “Төрөөс төрсөн тэрбумтан” олонтой. Энэ бол төсвийн мөнгийг хууль бусаар хувьдаа завшсан улстөрчдийг гоочилсон “томъёолол” юм. Төрөөс төрсөн олон тэрбуман байдгийг хэн ч үгүйсгэдэггүй. Тэд хулгайлсан мөнгөө хэрхэн угааж хууль ёсны болгодог вэ. Монголд мөнгө угаасан гэмт хэргээр ял сонссон хүн бараг байхгүй. Иймээс ФАТФ-ынхан манайхыг хуулиа хэрэгжүүлдэггүй гэж үздэг. Авилгатай тэмцэх газраас сар бүр ажлынхаа тайланг олон улсын байгууллагууд руу илгээдэг. Энэ нь тэдний шаардлагыг хангадаггүй, итгэл үнэмшлийг нь төрүүлдэггүй хэрэг.

Манайхан эрх зүйн баримт бичигтээ ФАТФ-ын зөвлөмжүүдийг бараг бүгдийг нь тусгасан. Иймээс “саарал жагсаалт”-аас мултрах магадлал өндөрсөөд буй. Өөрөөр хэлбэл, хонгилын үзүүрт гэрэл харагдаж эхэлсэн гэсэн үг. Хонгилын гэрлийг маш тод болгох учиртай. Ингэхийн тулд УИХ болон Засгийн газар нягт хамтран ажиллах шаардлагатай гэж албаныхан ярьж байна. Ялангуяа УИХ болон Засгийн газрын харьяа байгууллагууд нягт хамтран ажиллах учиртай санж. Олон улсын байгууллагууд ч мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг түгээн дэлгэрүүлэхтэй тэмцэхэд хамтарч ажиллахдаа муу гэсэн үнэлгээ манайханд өгөөд байгаа. Монгол Улс “Саарал жагсаалт”-ад орохгүйн тулд 2017 оноос хойш 50 орчим арга хэмжээ авч, бодлого шийдвэр гаргажээ. ФАТФ-ын бодлогыг хууль эрх орчиндоо тусгах буюу техникийн шийдвэр гаргасан. Харин одоо хэрэгжүүлэх нь чухал. Хуулиа хэрэгжүүлдэггүй, мөнгө угаах гэмт хэргийг замхруулан өөр зүйл ангиар ялладаг гэсэн үндэслэл манай оноог доош чангааж магадгүй юм.

Хар тамхи болон зэвсгийн наймаа дагасан мөнгө дэлхий дээрх хамгийн том хууль бус мөнгө гэж олон хүн боддог. Үнэхээр хар тамхи, зэвсгийн наймааг дагасан мөнгийг угаах гэж гэмт хэрэгтнүүд арга сүвэгчилдэг. Терроризмыг юугаар санхүүжүүлдэг вэ? Хууль бус мөнгөөр л санхүүжүүлнэ. Хууль ёсны мөнгөний мөр нь ил байдаг учраас терроризмыг санхүүжүүлэхгүй. Мөн хууль ёсны мөнгөөр хар тамхи, хүний наймаа гэх мэтийг санхүүжүүлнэ. Гэмт этгээд хууль эрх зүйн тогтолцоо нь сул орныг сонгож мөнгөө угаадгийг судалгаагаар тогтоожээ. ФАТФ боломж олгохгүй байхын төлөө ажилладаг. Манай улс боломж олгох нөхцөл байдалтай байгаа учраас буланд шахуулаад буй.

Хууль эрх зүйн орчны шинэчлэлүүдээ тэдэнд үзүүлээд “Сараал жагсаалт”-ад орохоос мултарч болно. Гэлээ ч бидэнд хийх юм их бий. Хар тамхийг дагаж хамгийн их хууль бус мөнгө эргэлддэг гэсэн хүмүүсийн бодол бол эндүүрэл. Хуурамч барааг дагах хамгийн их хууль бус мөнгө эргэлддэг юм байна. Сонирхолтой байгаа биз. Хүмүүс энэ тухай хэзээ ч бодож байгаагүй байх. LV гэсэн бичигтэй цүнх барьчихсан хүүхнүүд Улаанбаатарын гудамжинд олон тааралдана. Тэдгээрийнх ихэнх нь хуурамч цүнх гэдгийг хүмүүс мэднэ. Тэгэхээр хуурамч бараа экспортлогчид мөнгө угаах гэмт хэргийг өөгшүүлдэг байх нь.

Хил, гаалийнхан хуурамч бараа оруулж ирэхээс сэргийлэх гэх мэтээр олон ажил хийх шаардлагатай байгаа биз. Монгол Улсын санхүүгийн нөхцөл байдлыг нэг улстөрчийн мэдэгдлээр ч дүгнэдэг гэсэн. Тэгэхээр ам хэлээ цэгцлэхээс эхлээд, авлига, албан тушаал дагасан мөнгө угаах гэмт хэргийг илрүүлэх хэрэгтэй байна. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу ил болсон орлогын эх үүсвэрийг тогтоох хэрэгтэй. Арилжааны хоёр банк өөрийн хөрөнгийг нэмэгдүүлсэн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаагаас ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн санхүүжилт гацчихаад байгаа сурагтай. “Банк нь хүртэл мөнгө угааж байхад яана даа” гэсэн явган яриа таржээ. Хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь нэг хэрэг. Харин хэрэгжүүлэх чухал гэдгийг эндээс харж болно.

Хууль бус мөнгө нь тухайн улсын эдийн засагт орж ирэхдээ сайн нөлөө үзүүлдэг. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эдийн засгийн бодит секторыг нь идэвхжүүлнэ. Эдийн засаг өсөж, ажлын байр нэмэгддэг. Харин орж ирсэн шигээ гэнэт гараад явчих нь гаслантай. Иймээс улс орнууд үндэсний аюулгүй байдалд халтай гэж үздэг. Цаашлаад хүн төрөлхтөнд ч халтай. Тиймээс их гүрнүүд хууль бус мөнгө урсахыг дэмжих хийдэл бүхий эрх зүйн тогтолцоотой орныг эхлээд саарал, дараа нь хар дансандаа оруулдаг юм.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)