“Сааралтсан” Монголын муу нэр

Монгол Улсыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны “саарал жагсаалт”-д оруулж буйгаа Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагаас (ФАТФ) өнгөрсөн баасан гарагт зарлав. Улс орных нь нэр хүнд сэвтсэнд олон нийт дургүйцэж байна. Тэд нийгмийн сүлжээнд байр сууриа илэрхийлжээ. Унхиагүй төр, засгаа шүүмжилсэн нь олонх байлаа. Энэ нь зөв хандлага юм. Монголчууд өөрсдийн буруугаас олон улсын тавцанд муу нэр зүүж буй нь энэ.

ФАТФ нь дэлхийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стандартыг тогтоож, хэрэгжүүлэхийг шаарддаг байгууллага. Тус байгууллага Засгийн газруудаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх 40 зөвлөмжийг хэрэгжүүлэхийг шаарддаг юм. Зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй бол сануулга өгч, цаашид хичээл зүтгэл гаргаж ажиллахыг уриалан, хамтарч ажилладаг.

Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулсан нь зөвлөмжийг хэрэгжүүл, биелэлтийг ханга гэсэн сануулга юм. Энэ удаа манай улсыг “саарал жагсаалт”-д оруулсныг эдийн засгийн хориг арга хэмжээ авлаа гэж ойлгож болохгүй. Манайх хөнгөн ангилалд байгаа. ФАТФ мэдэгдэлдээ “Монгол Улсын эсрэг чиглэсэн ямар нэгэн эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээ байхгүй, хөндлөнгийн эрчимтэй хяналт тавихгүй” гэж онцлон тэмдэглэснийг дурдах нь зүйтэй.

Улстөрчид “саарал жагсаалт”-д орох нь тодорхой боллоо гэсэн мэдэгдэл хийсний дараа манай зах зээлд ам.долларын ханш өсөв. Улмаар банк, банк бус санхүүгийн байгууллага, “Найман шарга” захын ченжүүд хүртэл ч ам.доллар худалдахаа зогсоогоод байна. Төвбанкнаас өнгөрсөн долоо хоногт банкуудад 70 сая ам.доллар нийлүүлсэн. Гэвч өнөөдөр ч зах зээл валютын хомсдолтой хэвээр байгаа юм. “Саарал жагсаалт”-д орсноор валютын хомсдол үүсэх учиргүй. Тиймээс үүнийг зохиомол арга хэмжээ гэж ойлгох хэрэгтэй.

“Саарал жагсаалт”-д орсноор эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ. Нэгэнт нэр хүнд нь сэвтсэн учир гадаадын хөрөнгө оруулагчид хамтарч ажиллахаас болгоомжилно. Үүнээс гадна гадаад төлбөр тооцоо хийх буюу бусад орон руу мөнгө гуйвуулахад хүлээж авах банк, санхүүгийн байгууллагууд эх үүсвэрийг маш сайн нягтална. Мөнгөнийхөө “гарал үүсэл”-ийг хууль ёсных гэж нотлохын тулд цаг алдаж таарна. Өөрөөр төдийлөн сөрөг нөлөөгүй гэдгийг олон нийт мэдэх хэрэгтэй.

Монгол Улсыг 2013 онд ФАТФ-ын “саарал жагсаалт”-д оруулсан. Манайхан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх агуулгатай хэд хэдэн хуулийг богино хугацаанд баталснаар “саарал жагсаалт”-аас 2014 онд гарч байв. Тухайн үед манайхан 40 зөвлөмжийн 20-ыг нь биелүүлсэн байлаа. Үүнээс хойш буюу 2017 онд ФАТФ-д мөнгө угаах, терроризмтой тэмцэх харилцан үнэлгээний тайлангаа танилцуулсан. ФАТФ-аас манайд бодлогоо, хамгийн гол нь хууль, журмынхаа хэрэгжилтийг сайжруул гэсэн үүрэг өгсөн юм. Ингээд манайхан хоёр жилийн дараа дахин харилцан үнэлгээний тайлан танилцуулахаар болсон. ФАТФ-ынхан Парист өнгөрсөн долоо хоногт ээлжит хурлаа хийлээ. Манайхан тайлангаа ч танилцууллаа, дүнгээ ч тавиуллаа. Энэ удаа манай улс 40 зөвлөмжийн 35-ыг биелүүлээд хуралд очсон. Хэрэгжилтийг нь заавал биелүүлэх шаардлагатай 11 зөвлөмжийн долоог нь хангасан байв. Нийт зөвлөмжийн дийлэнхийг биелүүлсэн учир “саарал жагсаалт”-д орохгүй гэсэн хүлээлт санхүүгийн зах зээлийнхэнд байсан. Гэтэл тодорхой дөрвөн шалтгаан дурдаад манайхыг “сааралтуулав”. Бидний алдаа юу байсан бэ.

Нэгдүгээрт, банк бус санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес эрхлэгч нарт тавих хяналт, шалгалтын механизмын хэрэгжилт хангалтгүй гэж ФАТФ-ынхан үзжээ. Банкууд өөрийн хөрөнгө нэмсэн мөнгөний эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаа нь “саарал жагсаалт”-д орох үндэслэл болсон гэсэн мэдээлэл түгээсэн. Энэ бол улстөрчдийн амнаас гарсан хөнгөн, хуумгай дүгнэлт юм. Зөвлөмжийн дагуу бол банкууд сайн үнэлгээ авч байгаа. Харин банк бус санхүүгийн байгууллагуудад тавих хяналт сул нь үнэн. ББСБ-ууд гадаадаас мөнгө зээлэх нэрээр бусдын мөнгийг угаадаг гэсэн яриа байнга гардаг. Гэхдээ үүний мөрөөр хяналт шалтгалт хийж байгаагүй юм.

Санхүүгийн бус бизнес гэсэн мэргэжлийн хэллэгийг төрийн бус байгууллага гэж ойлгож болно. Төрийн бус байгууллагуудаар асар их мөнгө дамжиж буй нь нотлогджээ. Тиймээс ФАТФ үүнийгээ шалгаж, хянаж байна уу гэсэн шаардлага тавиад байгаа хэрэг. Бид шалгахгүй, хянахгүй явсаар байгаа билээ. Төрийн бус байгууллагад хандив олгох нэрийдлээр төсвийн мөнгийг хулгайлдаг аргыг аль эртнээс хэрэгжүүлж ирснийг бид бэлхнээ мэднэ.

Төрийн бус байгууллага нь мөнгө угаах нэгэн чухал суваг юм. Манайхан мөнгө угаах өөр нэгэн сувгийг зохицуулж, хянаж чадахгүй яваа. Тэр нь алт, үнэт эдлэлийн худалдаа. Хууль бус мөнгөөр алт худалдан аваад, түүгээр үнэтэй эдлэл хийлгэн цааш дамлан худалдах нь мөнгө угаах нэг суваг болдог. Монголд алтны худалдааны хяналт бүү хэл, зохицуулалт ч байхгүй. Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо гэсэн байгууллага “Танайх зохицуул, манайх зохицуулахгүй” гэж бие бие рүүгээ түлхсээр л сууна. “Саарал жагсаалт”-аас гарахын тулд аль нэг байгууллага зохицуулах, хянах нь зайлшгүй юм.

Хоёрдугаарт, эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийн олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлсэн байдал хангалтгүй гэж дүгнэжээ. Монгол Улс 2018 онд авлигын индексээр 180 орноос 103-т жагссан. Тэгэхээр манайх авлига өндөртэй орон гэж тооцогддог юм. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, хууль бусаар олсон мөнгийг хууль ёсны болгох шаардлагатай. Авлигачид, албан тушаалаа урвуулан ашигласан нөхөд мөнгө угааж л байгаа. Гэхдээ манай улс өнөөдрийг хүртэл нэг ч хүнд мөнгө угаасан гэсэн зүйл ангиар хариуцлага хүлээлгээгүй байна. ФАТФ-ынхан манайхыг мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхгүй байна гэж үзэж байгаа хэрэг. Үнэхээр авлига, албан тушаалын гэмт хэргийг хангалттай хэмжээнд илрүүлж чадахгүй байгаа.

Гуравдугаарт, мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураан авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх тогтолцоо хангалттай ажиллахгүй байна гэж үзэв. УИХ-аас 2015 онд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль баталсан. Хуулийг хэрэгжүүлснээр нуусан, хуурамчаар мэдүүлсэн 34 их наяд төгрөгийн хөрөнгө ил болсон юм. Уг хууль нь өршөөл үзүүлэх зорилготой байсан учраас эзэн холбогдогчид нь ямар ч хариуцлага тооцоогүй. Нэг талаар энэ нь бэлэн мөнгөө мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн тохиолдолд толгойг нь илээд өнгөрөх юм байна гэсэн ойлголтыг ФАТФ-ынханд төрүүлж байгаа учраас бэлэн мөнгөө нуух боломж олгож байгаа тогтолцоогоо зас гэж шаарджээ.

Дөрөвдүгээрт, хориг арга хэмжээг хэрэгжүүлэх тогтолцоо хангалттай түвшинд ажиллахгүй байна гэжээ. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль, эрх зүйн орчноо бүрдүүлсэн ч хэрэгжүүлэхгүй байгаа нь бидний гол алдаа. Хуулийг хэрэгжүүлэхгүй байна гэдэг бол мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг үйлдэхийг хориглож чадахгүй, хаалгаа нээх боломжтой гэсэн үг. Тэгэхээр бид боломжийг хааж чадахаа харуулж, хууль хүчний байгууллагуудаа ажиллуулах хэрэгтэй байна.

Зарим эх сурвалж “саарал жагсаалт”-д оруулсан нь геополитикийн тоглолт боллоо гэж дүгнэж байгаа. Тэд манайхыг чангалах сонирхолтой олон улсын байгууллага, үндэстэн дамнасан корпорац бий гэж тайлбарлалаа. Бидэнд алдаа байгаа нь үнэн. Алдаанаасаа болж геополитикийн тоглоом болж байвал бидний хохь.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)