Р.ЭРХЭМБҮРЭН: Найруулагч болтол хаа ч байсан юм

2015 онд миний багын найз М.Наранмөнх өөрийнхөө тоглосон “Хүсэл” гэх киноны нээлтийн ёслолын урилгыг надад өгсөн юм. Тэр киног үзээд залуу найруулагч Р.Эрхэмбүрэнтэй анх танилцаж байв.

Удалгүй “Фантастик” продакшны олон уран бүтээлээс түүний нэрийг харсан. Харин хоёр жилийн өмнө “Манан зүсэгч” киног нь үзээд түүгээр бахархсан юм. Яг л миний дуртай адал явдалт төрлийн кино найруулчихсан байлаа. Тун удахгүй олны хүртээл болгох “37 дугаар точка" олон ангит киноны хоёрдугаар найруулагчаар ажилласан, OI энтертайнментын найруулагч Р.Эрхэмбүрэнг “Нямын зочин”-оор урилаа.

-Та СУИС-ийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг багшийн удирдлагад төгссөн юм билээ. Жүжигчин болох нь таны хүүхэд насны мөрөөдөл байсан уу?

-Багаасаа хүсэж мөрөөдсөн юм биш ээ. Есдүгээр ангиасаа хойш л энэ мэргэжлийг сонирхсон. Хөгжимд дуртай байсан минь нөлөөлсөн биз. Хөгжим, тэр дундаа 1970-1980-аад оны дуунуудад дуртай. Тэр үеийн дуунуудыг сонсохоор гоё зураглал санаанд буудаг, тэрийгээ улам баяжуулан төсөөлдөг байв. Түүндээ ч дуртай байлаа. Тэгж явсаар урлагийн мэргэжил сонгохоор шийдсэн юм.

-Тэр гоё төсөөлөл тань СУИС-д элсээд улам л баяжсан уу?

-Нэг л их урлагт дуртай хүн СУИС-д элсэлтийн шалгалт өгтөл уначихсан. Яг миний нэрийн дээгүүр улаан шугам татсан байсан даа. Азаар багш нар “Чи юутай ч намар ирээрэй. Тэнцсэн хүүхдүүд бодлоо өөрчлөх, эсвэл ангиа соливол чамайг элсүүлье” гэсэн. Намар нь очтол би суралцах боломжтой боллоо. Нэг хүүхэд л бодлоо өөрчилсөн шиг байгаа юм.

-СУИС төгсөгчдийн олонх нь театрт ажиллахыг мөрөөддөг. Харин та оюутан байхаасаа дэлгэцийн урлагт хорхойссон юм билээ.

-Сайндаа ч биш л дээ. Гуравдугаар дамжаанд байхад найруулагч Л.Энхбаяр ах намайг “Чи жүжигчин болж чадахгүй” гэсэн. Тэр үед “Нээрэн над шиг намхан, царай муутай хүн жүжигчин болно ч гэж юу байх вэ” гэж бодож билээ. Гэхдээ эхэлсэн зүйлээ дундаас нь хаяхыг хүсээгүй. Юутай ч сургуулиа заавал төгсөхөөр шийдсэн. Дөрөвдүгээр дамжаанд ороход манай ангийнхны олонх нь хошин урлагийн продакшн, студиудэд ажилладаг болчихов. Би л ганцаараа ажилгүй үлдчихсэн. Тэр үед үнэхээр муухай санагдаж байлаа. Гэхдээ зүгээр суулгүй найруулагч, зураглаач Ц.Амартүвшин ахын “F” студид очиж, хэрхэн ажиллаж байгааг нь харж, суралцах болсон. Жил гаруйн дараа “Фантастик” продакшныхан “Аз жаргалын шок” киногоо хийхээр болж, найруулагч Б.Тамир ах намайг дуудсан.

-Сургуулиа төгсөөд удаагүй байхдаа “Хөтөч” олон ангит кино найруулсан байх аа?

-Түрүүн ярьсан даа, ганцаараа ажилгүй үлдсэн гэж. Яг тэр үед би заавал кино хийнэ гээд шийдчихсэн юм. Тэгээд 16 ангит киноны санаа гаргаад ангийнхандаа хэлтэл олонх нь дэмжээгүй. Б.Болорчулуун, Т.Нямдорж найз минь дэмжиж, хамтрахаар болсон. Одоо үзэхэд чанар, хийцийн хувьд гологддог л доо. Муу болсон нь үнэн. Гэхдээ тэр киног хийх явцад сурсан, олж авсан зүйл минь хамгийн чухал.

-Хүн үзэх болов уу, яах бол гэж эмээгээгүй юү?

-Тэр үед юун айх, эмээх манатай. Юм л хийж байвал боллоо. Хийхгүй бол үеийнхнээсээ хоцрох мэт санагдаад. Бусад нь бүгд ажилтай юм чинь. Тухайн үед Б.Болорчулуун “Мөрөөдлийн театр”-т ажилладаг байлаа. Бид гуравт цуглаж суугаад зохиолоо бичих, зөвлөх газар ч байхгүй. “Хөтөч” киноны эхний долоон ангийн зохиолоо “Мөрөөдлийн театр”-ын байранд шөнө хулгайгаар ороод бичиж байв. Нөгөө долоон ангийн зохиолоо бариад найруулагч Д.Энхбаатар ах дээр очтол “Наадах чинь бүтэхгүй” гэж ам хаасан. Олон ч хүнтэй уулзаж, амаа таглуулсан даа. Ингээд “Royal” телевизийнхэнд “Бид хөлс авахгүй. Энэ киног л хийх боломж өгөөч” гэсэн санал тавьж, тэд зөвшөөрсөн юм.

-Ингэж OI энтертайнментаа байгуулсан байх нь ээ?

-Тэгсэн. OI гэдэг нь our impact буюу бидний хүч гэсэн утгатай. Нэгэнт найзууд нийлж, энтертайнмент байгуулсан болохоор эхний уран бүтээлээ найз нөхөрлөлийн сэдэвтэйгээр хийхээр шийдсэн нь “Хүсэл” кино. Манай ангийн Г.Алтандуулга, М.Наранмөнх нар эл уран бүтээлд хамтарсан. Эхлээд кино зохиолоо бичлээ. 30 үзэгдэл бичтэл нэг л биш санагдаад болдоггүй. Тэгэхээр нь тэр чигт нь орхичихоод өөрийг бичив. Нөгөө хэддээ уншуултал “Энэ биш ээ. Өмнөх нь дээр. Тэрийгээ дуусга” гэсэн. Зохиолоо дуусгатал санхүүгийн бэрхшээл тулгарсан. Азаар Азийн покерын аварга Б.Буянжаргал ах биднийг дэмжсэнээр киногоо хийж, үзэгчдэд хүргэсэн. “Хүсэл” кино тухайн жилийнхээ хамгийн их үзэгчтэй киногоор шалгарч байлаа. Түүнээс маш их урам авсан.

-Дараа нь “Биелэгдэшгүй даалгавар” инээдмийн, “Манан зүсэгч” адал явдалт кино хийсэн. Яг үнэндээ танай кинонуудаас надад хамгийн таалагдсан нь  “Манан зүсэгч”. Гэтэл энэ киног театрт хэдхэн хоног гаргаад л буулгасан юм билээ. Хатуухан хэлэхэд та “шатчихсан”.

Тэр үед юу бодогдсон бэ?

-Анх энэ сэдвийг барьж авахдаа л үзэх болов уу, яах бол гэж бодсон ч хийхээр шийдсэн юм. Гэхдээ манай үзэгчид ийм төрлийн киног хүлээн авахад бэлэн биш юм билээ. “Шатсан”-ыхаа дараа үүнийг л ойлгосон. Тийм ч болохоор дараа нь “Насан туршдаа” гэж уянгын киног үзэгчдэд хүргэсэн. Түүнээс биш хямарч шантраагүй. Залуу хүмүүс алдаа л биз. Алдаанаасаа суралцаад л, давтахгүй байхад л урагшилна шүү дээ.

-Ирэх долоо хоногоос үзэгчдэд хүргэх “Фантастик” продакшны “37 дугаар точка” олон ангит киноны хоёрдугаар найруулагчаар ажилласан гэж сонссон.

-Би “Фантастик” продакшны “Миний ах атаман” киноны зохиолыг Б.Тамир ахтай хамтран бичсэн юм. Түүнээс хойш бичих илүү сонирхолтой болсон юм уу даа. Бас тэр уран бүтээлээс хойш “Фантастик”-ийнхнаас суралцан, хамтран ажиллаж байна.

-Бичих, найруулахын аль нь танд илүү амар, эсвэл ойр вэ?

-Төвлөрөөд, бичээд нь суух илүү сайхан.

-Ер нь дотогшоо зантай хүн байх нь ээ?

-Тийм байх. Угаасаа л киноны зураг авах ажлын үеэр олон хүнтэй хамтарч ажилладаг болохоор боломж л олдвол ганцаараа байх дуртай. Гэхдээ өөрийгөө найруулагч гэж хэлэх, хэлүүлэхээс ичдэг юм.

-Яагаад. Зургаан кино найруулаад үзэгчдэд хүргэчихсэн биз дээ. Удахгүй долоо дахийг нь гаргах гэж байна.

-Найруулагч болохоор л суралцаж яваа юм. Хүндэлдэг найруулагч нарынхаа уран бүтээлийг үзсэний дараа өөрийнхийгөө харахаас санаа зовдог, ичдэг. Угаасаа найруулагч болтол хаа ч байсан юм.

-Хүндэлдэг, биширдэг найруулагч тань хэн бэ?

-Б.Тамир найруулагчийг хүндэлдэг. Ер нь “Фантастик”-ийнхан маш хөдөлмөрч. Кристофер Ноланыг биширдэг.

-Кристофер Нолан “The inception” киноныхоо зохиол дээр найман жил ажилласан гэдэг юм билээ. Түүний ямар арга барил танд таалагддаг вэ?

-Түүний кинонууд уран сайхны байхаас гадна танин мэдэхүйн маш их мэдээллийг үзэгчдэд өгдөг. Нэг үгээр маш их судалгаа хийсний үндсэн дээр киногоо бүтээдэг. Энгийн жишээ гэхэд л “Interstellar” кинонд гардаг хар нүх, цаг хугацааны ангалыг бодит байдалтай илүү дөхүүлсэн гэж мэргэжлийн астрофизикчид дүгнэсэн байдаг.

-Гадаадын алдартай найруулагч нар уран бүтээл бүртээ онцлогоо шингээж “тамгалдаг”, эсвэл хүндэлдэг уран бүтээлчээсээ эш татах нь бий. Та тэгэх үү. Хэн гэдэг найруулагчаас эшлэхийг хүсдэг вэ?

-Тийм боломж гарвал Кристофер Ноланаас л эш татна. Ялангуяа “Interstellar” киноны нэг үзэгдлээс.

-“Interstellar”-аас эшилнэ гэхээр шинжлэх ухааны уран зөгнөлт төрлийн кинонд дуртай гэсэн үг үү?

-Харин ч дургүй. “Interstellar”-ыг үзсэнээс хойш л сонирхож байгаа.

-Огт хийхгүй гэж боддог киноны төрөл байдаг уу?

-Аймшгийн кино.

-Яагаад?

-Би аймшгийн кино үзэх дургүй.

-Айдаг юм уу?

-Аймшгийн кино үзэхээр хамаг биеийн үс босоод л, адреналин ихэсдэг шүү дээ.

-Тэгэхийн тулд, тэр мэдрэмжийг авах гэж л хүмүүс аймшгийн кино үздэг биз дээ?

-Харин би тэр мэдрэмжид дургүй.

-Найруулагч Б.Баяр “Авьяас байгаад онолын мэдлэг байхгүй бол хэн ч биш. Юу ч хийж чадахгүй. Баг хамт олны харилцаа ч чухал. Дээр нь мэдээж сэтгэлгээ, хөдөлмөр гэж юм бий” гэсэн. Таныхаар найруулагч хүн ямар байх ёстой вэ?

-Тийм, ийм байх ёстой гэж хэлж мэдэхгүй юм. Юутай юунд ч хайрцаглагдахгүй л байх хэрэгтэй болов уу.

-Найруулсан зургаан киноноосоо таны өөрөө хамгийн тоодог нь аль вэ?

-Хамгийн их зориг гаргасан нь гэвэл “Хөтөч”, хамгийн хүнд нөхцөлд зургаа авч ажилласан нь “Манан зүсэгч” гээд нэрлэж болно. Гэхдээ анхных болоод ч тэр үү “Хүсэл”-дээ их хайртай.

-Кино зохиол болгож амжаагүй санаанууд бий биз?

-Байна аа. Ирэх арваннэгдүгээр сараас нэгийг нь кино болгох гээд л ажиллаж байна. Хятадад зургаа авах юм. Өнөөгийн нийгэм, тэр дундаа хар тамхи гэж хөнөөлт зүйл залуусыг хэрхэн амьдаар нь алж буйг хөндөнө.

-Бас ирэх оны эхний өдөр “Солонго үүл” киног үзэгчдэд хүргэнэ гэсэн үү?

-УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэг “Donna” энтертайнмент байгуулж, анхны уран бүтээлийнх нь зохиолч, найруулагчаар би ажиллалаа. Кино бэлэн болсон. Гэхдээ ирэх оны эхний өдөр нээхээр төлөвлөсөн. “Солонго үүл”-ийг бодит явдлаас сэдэвлэж, “ургуулсан”. Мөн миний бодож, эмзэглэж явдаг сэдэв. “Эмэгтэй хүн эрх чөлөөтэй байхын тулд бусдаас зөвшөөрөл гуйх ёсгүй”-г үзүүлнэ.

-Өөрийнхөө амьдралд болсон үйл явдлыг кинондоо оруулсан тохиолдол бий юү?

-“Насан туршдаа” кинонд бий. Бас “Биелэгдэшгүй төлөвлөгөө”-нд ч байна. Өөрт тохиолдсон үйл явдлыг зохиолд шигтгэхэд кино илүү үнэн, бодит болдог мэт санагддаг.

-“Солонго үүл”-ийн гол дүрд жүжигчин Г.Нарансолонго, Б.Одончимэг нар тоглосон байна. Эмэгтэйчүүдийн амьдрал, тэдний ертөнцийн гүн рүү өнгийсөн кино найруулах ямар байв?

-Их сонирхолтой байсан. Бас их ойр.

-Юу нь?

-Би хоёр эгчтэй л дээ. Нэгтэй нь тэрсхэн. Би өөрөө ч зөөлөн, романтик хүн. Тийм болохоор ойр санагдсан байх.

-Залуу хүн, тэр дундаа уран бүтээлч хүн үргэлж шинийг эрэлхийлж, сурах хэрэгтэй. Одоо суралцахыг хүсэж, төлөвлөж буй зүйл тань юу вэ?

-Сургуулиа төгссөнөөс хойш долоон кино бие даан найруулсан. Нэг уран бүтээлийн ард гарах бүртээ шинэ зүйл сурч байна. Харин мөн чанар, хүсэл мөрөөдөл минь хэвээрээ. Яагаад л юм миний бодсон, хүссэн зүйл хэдхэн жилийн дараа биелдэг. Мөрөөдлийнхөө өөдөөс гүйдэггүй юм гэхэд аажмаар алхаж буй болохоор тэр байх.

-Тэр мөрөөдөл тань юу вэ?

-Нэг том тайз бий. Хэлэхэд ичмээр л юм. Гэхдээ кино урлагтай амьдралаа холбосон уран бүтээлч бүр тэр тайзан дээр гарч, шагнал авахыг мөрөөддөг байх. Тэр бол “Оскар”.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)