Р.ЦЭДЭН-ИШ: Ж.Батмөнх дарга “Нэг хүүхэд хамаг юм уугаад, хачин хачин юм ярьж дээрэлхээд” гэчихсэн сууж байж билээ

Хэдхэн хоногийн өмнө Ардын хэмээх эрхэм цолоор энгэрээ мялаасан Р.Цэдэн-Иш эмчтэй ярилцлаа.

-Шинэхэн Ардын эмчийн туулсан зам, бүтээсэн түүхийг уншигчидтайгаа хуваалцахаар таныг зорьж ирлээ.

-Би сумын бага эмчээс ажлын гараагаа эхэлсэн. Хүн эмнэлгийн техникум төгсөөд Төв аймгийн Баяндэлгэр сумд хуваарилагдаж байлаа. Долдугаар анги төгсөөд техникумд орсон гэхээр 20 дөнгөж гарч байхдаа сумын бага эмчээр очиж байж.

-Морьтой эмч гэдэг алдрыг тэнд ажиллаж байхдаа хүртсэн байлгүй. Мориор дуудлагад явдаг байж ээ дээ?

-Сумын эмнэлэг машин унаагүй, дуудлагад мориор явдаг байв. Намайг очиход нэгдлээс дөрвөн морь өгсөн. Морьдыг сумын захиргааны манаач адгуулж маллана. Би өөрөө эмээл, хазаартай. Дуудлага ирэхээр морио эмээллээд гараад өгнө дөө. Дунджаар 30-40 км, холдоо 70-аад км газарт дуудлагад явна шүү дээ. Нэгдлээс өгсөн морьдын нэг нь их догшин. Багадаа хурдны морь унаж өссөн, Улсын наадамд гуравт уралдсан унаач хүү байна даа, хэр баргийн булгианд тэсдэг байлаа, би. Ааштай морь өгсөн дээр нь морь сайн унадгаа хүмүүст харуулах хорхой гозолзоод болдоггүй. Нэг өглөө хүмүүс ажилдаа ирэх үеэр сумын захиргааны урт цагаан байшингийн ард морио эмээллэж, хүнээр чихдүүлж байгаад олмыг нь нэлээд сайн чангалж аваад мордлоо. Морь маань булгиад сүйд болов. Чагнуур хэрэгсэл, ойр зуурын зүйлсээ хийсэн эмчийн цүнхээ савчуулж, хэсэг булгиулаад давхиад явчихсан. Зүгээр л дуудлагандаа явахгүй, морины булгианд тогтдогоо гайхуулах гэж ажил болгож байдаг, залуугийн л өвчин дөө.

Баяндэлгэрт ажиллаж байхдаа би аймгийн аварга болсон юм. 1960-аад онд, тэр тусмаа Төв аймаг шиг 24-25 сум, сангийн аж ахуйтай, ажлаараа өрсөлдсөн үй олон хүнтэй аймагт аварга болно гэдэг над шиг муу бага эмчид хэр барагтай олдохгүй том үнэлгээ байлаа. Тэднээс шалгарсан болохоор ч тэр үү, саарал морь унаж, нэмэх тэмдэгтэй цүнх үүрсэн зураг минь “Үнэн” сонинд “Морьтой эмч” гэсэн тайлбартайгаар гарчээ. Ингээд л морьтой эмч гэгддэг болчихсон.

-Атар газар эзэмших хөдөлгөөн ид өрнөж байсан үед, тэр олон сум, сангийн аж ахуйн тариаланчдыг ардаа орхисон гэхээр сүрхий ажиллаж дээ?

-Би их сэнтэг эмч байлаа. Хүн эмнэлгийн техникумаа онц төгсөөд сумын бага эмчээр хуваарилагдахдаа гэр оронгүй, хаана, яаж амьдрахаа мэдэхгүй жаахан хүүхэд очсон. Эхнэр, хүүхэгүй юм чинь хаана ч толгой хоргодсон яах вэ гэсэн бодолтой. Сумын зочид буудлын тогооч надад хоол хийж өгөөд байж байтал сумын нягтлан залуу орж ирээд “Баян сумын хүн ирнэ гэсэн чи юү. Байх газаргүй бол манайд бай” гэснээр өөрийн гэсэн гэртэй болтлоо тэднийд жил гаруй болсон.

Сумын эмнэлэг гэж хоёр өрөө шавар байшин. Нэгт нь эмч суудаг, нөгөөд нь хүнээ хэвтүүлдэг. Тэнд нь хэвтэх хүн бараг байхгүй дээ, амаржсан эмэгтэйчүүд л хэд хоноод гарна. Сууж байсан айлын эхнэр төрөөд, би эх барьж авлаа. Нөхөр нь намайг “арын хаалгадаж” эхнэр, хүүхэд дээрээ орох гэтэл би “Эмнэлгийн дэглэм зөрчиж болохгүй” гээд хавьтуулаагүй. Толгой хоргоддог айлынх нь эхнэр төрчихөөд байхад нөхрийг нь оруулаагүй гэхээр сэнтэг байгаа биз дээ.

Хүүхэд, хөгшид, төрөхийн эндэгдэлгүй ажилласныг минь үнэлж аймгийн аварга болгосон юм. Хүүхэд, хөгшид, төрөх эхчүүдийн төлөө их ч явсан. 1960-аад онд Монголын хөдөө тун бүдүүлэг байлаа. Айлууд их заваан. Хоймроороо л нэг муу дэвсгэртэй, тэр нь шороо бууцан дундаа л байх. Тэмээчин Батаа гэдэг айлын эхнэр төрөх гэж байна гэсэн дуудлагаар 40-өөд км шогшиж очтол тулгар эмэгтэй гэрийн хаяанд, араг түшээд бууцан дээр сууж байв. Цус их алдаад царай нь хувхай цайчихсан, эвшээгээд л, юу юугүй комд орох нь ээ. Надад бээлий байсангүй. Гараа угааж, иодоор баахан арчаад хүүхдээ эх барилаа. Эхэс нь гардаггүй, гардахаас аргагүй болов. Би оюутан байхаасаа эмнэлэгт гайгүй сайн дадлага хийж, эхэс гардаад үзчихсэн байсан юм. Эхэс гардана гэдэг чинь төрсөн хүний саванд гараа хийж, эхэсийг нь авна гэсэн үг шүү дээ. Эхэсээ атгаж аваад гараа таттал тэглээд гарддаггүй. Умай тэгж хурдан агшдаг байхгүй юу. “Одоо яана, гараа авч чадахгүй бол ингээд холбоотойгоо аймаг руу ачигдах хэрэг болно. Тэр хооронд энэ эх яах билээ” гээд л түмэн юм бодогдлоо. Арай гэж гараа аваад баярласан гэж жигтэйхэн. Ингэж бууцан дунд эхэс гардаж байлаа. Төрсөн ээж цус алдаад, даралт нь уначихсан, тун хүнд байсан ч илүү хүндэрч намайг айлгаагүй ээ хөөрхий. Тэр үеийн хүмүүс бие сайтай, амь бөхтэй байсан шиг санагддаг юм.

Эмч, эмнэлэг хоёул нэр хүндтэй, иргэд эмчийг их хүндэлдэг байж. Ямар сайндаа арьс өнгөний өвчний үзлэгт сумын даргаасаа эхлээд толгой дараалан орж байх вэ дээ. Тэр үед арьс өнгөний өвчин их байлаа. Аймгаас нэгдсэн арга хэмжээ зохиосон тул би сумынхаа бүх хүнийг дээр дооргүй үзлэгт хамруулсан юм. Сумд очоод нэлээд нэр хүндтэй болчихоод байсан тул үгнээс зөрөх хүн байхгүй. Сумын даргыг хүртэл “Өмдөө тайл, цаашаа хар, наашаа эргэ, тонгой, гэдий” гээд л үзсэн. Одоо тэгвэл “Битгий дэмийр” л гэх байх даа. Тэгж ажиллаж байгаад аймгийн аварга болсон нь тэр.

-Таныг Хоёрдугаар эмнэлгийн Цэдэн-Иш эмч гэдгээр тань хүмүүс илүү мэднэ. Морьтой эмч Сайд нарын гэх тодотголтой эмнэлэгтэй яаж холбогдов?

-Хөдөө таван жил ажиллаад АУДС-д орсон. Тэгэхдээ бас хөгтэй. Дээд сургуульд арын хаалгаар орно гэж байх биш, элсэлтийн шалгалт өгнө. Хичээл номоос хөндийрч, хөдөө хэдэн жил болоод хамаг юмаа мартчихсан хүн сайн бэлдэх хэрэгтэй гээд хэрэндээ их чармайлаа. Хэрлэнгийн хөвөөнд очиж хичээл уншдаг баатар болоод явна. Айраг ууж, номоо харж хэвтэж байгаад унтчихна. Ингэж уншаад бүтэхгүй нь гэдгээ мэдээд хүнээр заалгахаар хот руу ирэв. Ерөөсөө л хичээл, бодлого гэхээр нойр хүрч үүрэглээд болохгүй. Хими, физикийн хичээл хэчнээн уншаад ойлгохоо байчихсан ийм нэг хүн шалгалт өгтөл тэнцчихсэн байсанд мөн их баярлаж билээ.

Би АУДС-д орохыг их хүсэж, зорьсон юм. Шалгалтаа өгөөгүй байж сангийн аж ахуйд явах бэлтгэлээ базааж, хөнжил пүүгээ, ажлын хувцас, боов боорцог гээд баахан юм бэлдчихсэн байсан гээд л бод. Үгүй мөн өвчин шүү.

Тэр үед би мотоциклтой болчихсон байсан юм. Баяндэлгэр ойрхон болохоор мотоциклоор хот руу хүрээд ирнэ. АУДС-д тэнцсэнээ аав, ээждээ дуулгах гэж их яарсан. Аав, ээж минь Баян сумд байлаа. Тийшээ явах гээд Сүрбаатарын талбайн урд, төв замаар давхиж явтал цагдаа шүгэлдэхээр нь зогссонгүй. Гэтэл 120 мянгатын тэнд цагдаа давхиж ирээд “Улаан гэрлээр явсан, арга хэмжээ авна” гэдэг юм байна. “Би АУДС-д тэнцсэнээ аав, ээждээ хэлэх гээд яарч явна” гээд учраа хэлтэл нөгөө цагдаа торгох бүү хэл сайн явахыг ерөөгөөд явуулж билээ. Аав, ээждээ очиж хэлчихээд, арван литр айраг ганзагалаад шөнөдөө Баяндэлгэр рүү гараад давхисан. Залуу насанд ядарна цуцна гэж байхгүй мөн сайхан шүү.

Элсэлтийн шалгалтад бэлдэх гэж л жаахан будилсан болохоос АУДС-ийг онц төгссөн. Ингээд Нэгдүгээр эмнэлэгт хуваарилагдаж мэс заслын эмч боллоо. Нэгдүгээр эмнэлэг бол миний багш эмнэлэг. Хамаг багш нар минь тэнд бий. Долгор, Гоош, Даваацэрэн, Нямхүү, Отгондалай гээд дандаа мундаг улстай ажилласан.

Тэнд арав шахам жил ажиллаад Хоёрдугаар эмнэлэг рүү очсон. Хоёрдугаар эмнэлэг рүү очих амаргүй шүү дээ. Улс төр, орос хэлний шалгалт авна. Ордонд очиж шалгалт өгдөг байлаа. Улсууд айгаад очихгүй. Би олон хүнд хагалгаа хийгээд, гайгүй эмч гэж яригдаж, нэрд гарах маягтай болсон байлаа. Хоёрдугаар эмнэлэгт эмч авна гэхээр нь “Үзээд алдъя” гээд шалгалт өгтөл тэнцчихсэн. Ингээд Хоёрдугаар эмнэлэгт очтол улс атаархаад жигтэйхэн байж билээ. Хоёрдугаар эмнэлгийн эмч нар цалин 15 хувийн нэмэгдэлтэй, хоол хүнсний мөнгөтэй, тусгай халаадтай, энэ салбарт ажиллаж буй хүний хувьд ажиллахыг хүсмээр орчин байлаа л даа.

-Таныг Хоёрдугаар эмнэлэгт тогтсон хэвшмэл байдалд салхи оруулсан гэдэг юм билээ. Яагаад тэгж үнэлэгдсэн бэ?

-Хоёрдугаар эмнэлэг сайд, дарга нарт үйлчилдэг гэдэг утгаараа их өндөр шаардлагатай, тэр хэмжээгээрээ илүү хөдөлгөөн хийж болохгүй, өөрийнхөөрөө ажиллах боломж хязгаарлагдмал. Нэг аймгийн даргад мухар олгойн мэс засал хийлээ гэхэд заавал зөвлөх эмч дуудна. Би зөрүүд ч гэмээр, тэнэг ч гэмээр зоригтой байж, зөвлөх эмч дуудахгүй хагалгаанд ороод буруудна. Нэг шөнө Вьетнамын Элчин сайд цус алдаад, их хүнд ирлээ. Зөвлөх эмч дуудаад, түүний ирэхийг хүлээвэл цаг алдах тул шууд яаралтай хагалгаанд орж, гэдсийг нь тайрч, ходоодыг нь оёод тавьчихлаа. Маргааш нь яамнаас хүмүүс ирж, эмнэлгийн дарга, зөвлөх эмч, биднийг хяргачих шахав. “Чи биеэ тоож, дураараа загнаж байна. Дураараа хагалгаа хийж болохгүй, тэр тусмаа гадаадын Элчин сайдад бүр болохгүй” гээд авч өглөө. “Энэ хүн хүнд ирсэн. Цаг алдвал аминд аюул учрахаар байсан учраас яаралтай хагалгаа хийсэн” гээд л тайлбарлалаа. Тэр хүн ямар нэг асуудалгүй эдгэсэн тулдаа толгой минь мөрөн дээрээ үлдсэн дээ.

Намайг очиход Хоёрдугаар эмнэлгийн Мэс заслын тасагт ердөө гуравхан эмч байлаа. Тасгийн эрхлэгч Нинжээ эмч, би, миний шавь Тогоот гэж залуу байсан. Цөөхүүлээ болохоор хоноод л жижүүр хийнэ. Ганц, хоёр шөнө нойргүй явах юу ч биш. Шөнө унтаж болохгүй, шалгалт ирнэ. Унтсан хүний углаашийг аваад өглөөний хурал дээр гардуулж өгдөг байж билээ. Ингэж арав гаруй жил ажилласан. Сүүлд 5-6 эмчтэй болж ажил арай хөнгөрсөн. Гэхдээ л өглөө 06.00 цагт босож, 07.00 гэж ажилдаа очоод, өдөржин хагалгаа хийнэ. Дуран байсан биш, бүгд зүсэлттэй. Өдөржин мэс засалчийн хэдэн давхар хувцас өмсөж, амны хаалт зүүж зогсоод, орой хөлсөндөө шалба норж, нүүр ам хувхай цайчихсан амьтан гарч ирнэ. Орой цамцаа мушгихад хөлс сархийтэл шавхардаг сан.

Ингэж ажилласны шагнал Хоёрдугаар эмнэлгээс Гавьяат, Ардын эмч цол хүртлээ. Олон сайхан шавьтай болсон. Тэд маань сайн ажиллаж байгаа.

Би үндсэндээ таван газар ажилласан. Эхлээд сумд, тэгээд Нэгдүгээр эмнэлэг, Хоёрдугаар эмнэлэг, “Номун” гэж хувийн эмнэлэгт ажилласан. Одоо “Номин” компанид зөвлөх эмчээр ажиллаж байна. “Номин” компани 5500 гаруй хүнтэй том байгууллага, ажилчдадаа анхаарал тавьдаг сайхан хамт олон. Тэдний эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, эмнэлгийн асуудлыг би хариуцдаг.

-Энэ олон жил ажиллахад хутганы ирэн дээрээс хүний амь аварсан тохиолдол бишгүй байгаа даа. Сэтгэлд тод үлдсэнээс нь хуваалцаач?

-Аливаа ажлын амжилт ганц хүнийх бус хамт олных байдаг. Манай хамт олон 18500 хүнд хагалгаа хийсэн гэсэн тоо гаргасан байна билээ. Олон ч хүнийг өвчин зовууриас салгаж, эрүүл саруул болгосон. Тэр болгоныг яаж дурдаж барах вэ. Сэтгэлд тод үлдсэн тохиолдол гэвэл муугүй эмч хүүтэй болсныг нь аавдаа мэдрүүлж, баярлуулсан явдал маань. АУДС төгсөөд таван жил орчим болж байсан болов уу. Нэгдүгээр эмнэлэгт л байсан, хагалгаа ч гайгүй хийдэг болчихсон үе юм даг. Аавын найз Дамбадаржаа гэж Төв аймгийн Баянбараатын өвгөн байлаа. Тэр хүн жирэмсэн юм шиг том гэдэстэй олон жил явсан. Аав найздаа “Миний хүүгээр хагалгаа хийлгэ” гэж. Намайг ч тэр хөгшинд хагалгаа хий гэлээ. Тэгэхэд аавын нас 80 гарчихсан байсан, би яаж үгнээс нь зөрөх вэ дээ. Хэнд, ямар хагалгаа хийхээ өөрөө шийдэх эрхгүй залуу эмч байсан учраас зөвлөх эмчээсээ гуйж байгаад хагалгааг нь хийлээ. Хэвлийг нь нээтэл элэгний учиргүй том бэтгэ байв. Түүнийг нь авч, найзыг нь эдгээж, аавыгаа баярлуулсан. Үүнийгээ би эмч мэргэжил эзэмшсэнийхээ хэргийг гаргасан явдал гэж боддог.

Сэтгэлээс гардаггүй өөр нэг тохиолдол нь, ДОХ-той хүнд хагалгаа хийгээд, өндөр эрсдэлтэй хавьтагч гэгдэн шинжилгээ өгч байлаа. Арваад жилийн өмнө, Наадам болох гэж байсан юм. Амралт эхэлчихсэн, баярын хүнс цуглуулах санаатай явтал “Яаралтай хагалгаа хийх хэрэгтэй байна” гэж дуудлаа. Манай нэг нэртэй компанийн шугамаар ирсэн тайланд хүний мухар олгой үрэвсчихэж. Хагалгаа хийхээр шаардлагатай шинжилгээнүүд хийтэл ДОХ илэрдэг байгаа. Эмч нар хуралдаад “Хагалгаа хийхээс өөр аргагүй, та ахалж хий” гэлээ. 2-3 давхар бээлий өмсөөд орсон. ДОХ цусаар дамждаг, тийм хүнд мэс засал хийнэ гэдэг өндөр эрсдэлтэй. Тэгээд ДОХ-той хүнтэй хавьталд орсон гээд шинжилгээ өгч байлаа. Тэр тайланд хүн манай нэр бүхий томоохон үйлчилгээний газарт тай массаж хийдэг байсан. Массаж хийнэ гэдэг чинь хүний бүх биед хүрнэ, арьс салст бүрэн бүтэн биш бол аюултай л гэсэн үг. Гадаадаас ажиллах хүч авчрахдаа эрүүл мэндийн наад захын үзлэг, шинжилгээ авч баймаар санагддаг шүү.

-Хоёрдугаар эмнэлгийг “Сайд нарын эмнэлэг” гэдэг шүү дээ. Төр, засгийн тэргүүнүүдэд үйлчилж байв уу?

-Хүмүүсийн анхаарлын төвд байдаг улс, сайд, дарга олон хүнд хагалгаа хийсэн. П.Очирбат, Н.Багабанди нар ч манайхаар үйлчлүүлж л байлаа. Хүний эрүүл мэндийн мэдээлэл нууц байх ёстой учраас хамаагүй ярьж болохгүй.

Социализмын үед, монгол эмч нарын чадварт итгэх итгэл сул байхад Ж.Батмөнх даргад хагалгаа хийсэн. Ж.Батмөнх дарга их дуугүй, битүү хүн. Дуртай байгаа, дургүй байгаа нь мэдэгдэхгүй. “Цөсний чулуу байна, мэс засал хийж авъя. Бид хийж чадна” гэтэл авгай нь “Гадагшаа явуулна” гээд зөвшөөрдөггүй. Гадагш нь явуулахаар цаг алдчих гээд байсан учраас эмч нарын зөвлөгөөн хийгээд эндээ авахаар шийдсэн. Хагалгаа амжилттай болж, сайхан эдгээд гарсан.

-Төрийн тэргүүн байхад нь уу?

-Тийм. Тэгэхэд нэг инээдэмтэй ч гэмээр явдал болж билээ. Хагалгаанд орсон хүн Сэхээн амьдруулах тасагт хоёр гурав хонодог юм. Тэнд байх хугацаанд нь би Тасгийн даргын хувиар өглөө бүр эргэнэ. Тэр үед шоронд байсан нөхөр манай эмнэлэгт хагалгаанд орж, ходоодоо тайрууллаа. Гэтэл нөгөөх чинь цагаан өнгөтэй юмаар бөөлжөөд болдоггүй. Юунаас болов, яав ийв гээд онош тогтоох гэж бид баахан сандрав. Нөгөө хүн бүр хүндэрч, дахин хагалгаанд орлоо.

Тэгсэн тэр золиг Ж.Батмөнх даргын өрөөнд ороод “Чиний дарга, миний ялтан адилхан. Үхвэл нэг л газар очно” гээд, хөргөгчийг нь уудалж, сүү таргийг нь уусан байгаа юм. Сэхээн амьдруулах тасагт шүү дээ. Ж.Батмөнх дарга “Нэг хүүхэд орж ирээд, хамаг юм уугаад, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хачин хачин юм яриад, дээрэлхээд байх юм” гэснээр түүний цагаан зүйлээр бөөлжсөн шалтгааныг олж билээ.

-Хоёрдугаар эмнэлэг хоригдлуудад үйлчилдэг байсан юм уу?

-Хүнд хагалгаа болохоор авчирсан хэрэг. Бусад төв эмнэлгүүдэд биш, Хоёрдугаар эмнэлэгт ирснийг бодвол танил талаар л ирээ биз.

-Танил тал гэснээс, сайд нарын эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ бусдаасаа илүү байж таарна гэсэн ойлголт хүмүүст байх шиг санагддаг. Тал тохой татсан, танай эмнэлэгт, танаар л эмчлүүлнэ гэсэн гуйлга их байдаг уу?

-Авлига авдаг уу гэх гээд байна уу. Намайг ид ажиллаж байхад тийм айхавтар юм байгаагүй дээ. Эмчлүүлсэн хүмүүс шил архи, чанасан мах, бууз, цай өгөх явдал бол байсан. Архийг нь цуглуулж байгаад хамт олны зугаалгаар тасгуудад хувааж өгдөг, манайхан ч бүр амташчихсан байлаа. Авлига гэмээр нэг явдал болсон. Нэгдүгээр эмнэлэгт байхад Хэнтий аймгийн Б.Цэрэндаш гэдэг, элэгний хавдартай хүн ирлээ. Элэг тайрах нь тэр үед ховор, хүнд мэс засалд тооцогддог байв. Б.Цэрэндаш гуайн элгийг тайрч, тэр эдгээд гарсан. Гэтэл Цагаан сарын өмнөхөн ажлаа тараад харьтал манайд бяруу шиг том эр хонины мах авчирч орхиод явсан байж билээ. Тэгж л нэг хахууль авч байлаа даа.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хорих ангид олон хоног өлсгөлөн зарлаж, амь нас нь эрсдэлд ороод байхад очиж үзсэн бүрэлдэхүүнд та явсан. Түүнийг Хоёрдугаар эмнэлэг рүү шилжүүлж эмчлэх ёстой гэдэг саналыг таныг гаргасан гэдэг юм билээ?

-Ажил тарах гэж байтал яаман дээр дуудан Н.Энхбаярыг үзэж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх үүрэг өгсөн. Тэр бүрэлдэхүүнд нарийн мэргэжлийн эмч нар, олон төрлийн оношилгооны аппарат, шинжилгээний хэрэгсэлтэй явсан юм. Эндээс явсаар 22.00 цагийн үед Төв аймгийн хорих ангид хүрсэн санагдана. Гэтэл оруулдаггүй. Сэтгүүлчид ам руу микрофоноо хийчих гээд янз янзын юм асуугаад байдаг, ганц ч үг ганхийж болохгүй гэж яаман дээр гарын үсэг зуруулчихсан байдаг. Тийм нөхцөлд толгойгоо дараад зугтаахаас өөр аргагүй, мөн хэцүү юм билээ.

Өдөржин ажилтай байгаад хоол идэж амжаагүй явсныг ч хэлэх үү, “Бид өөрийнхөө хүслээр яваа биш, үүрэг хүлээгээд ажлаа хийж явна. Оруул” гэж шаардлаа. Ямар ч нэмэргүй, хар цагаан дуугүй. Хуулийн байгууллагынхан чинь хачин улс билээ. Тэгж тэгж биднийг 03.00 цагийн үед оруулсан. Ороод Н.Энхбаярыг таниагүй. Үстэй амьтныг усанд дүрээд гаргахад шалчийдаг шиг шолбойчихсон, хэл нь хатаад, нүд нь ногоорчихсон байсан. Үзэхэд даралт нь унаад, элэг нь томорчихсон, өлсгөлөнгөө цааш үргэлжлүүлбэл үхмээр болчихсон байлаа. Эмч нар зөвлөлдөхөд би Н.Энхбаярыг эмнэлэгт шилжүүлж, эмчилье гэсэн санал гаргасан. Гэтэл эмч нарын зарим нь “Үлдээчихье, гайгүй юм биш үү” гээд шилжүүлж эмчлэх саналыг маань зөвшөөрсөнгүй. “Энэ хүн үхэхэд ойрхон байна. Төрийн тэргүүн байсан, төрийн тусгай хамгаалалттай хүний эрүүл мэнд, амь насыг бид хамгаалах ёстой. Ямар нэг зүйл болбол биднээс хариуцлага нэхнэ шүү” гээд дахин санал хураахад 75 хувь нь дэмжсэнээр түүнийг эмнэлэгт шилжүүлж эмчилсэн.

-Та Төв аймгийн хүн юм байна. Бага нас тань нутагтаа өнгөрсөн үү?

-Би 1942 онд төрсөн. Эцэг, эхээс арвуулаа. Эх орны дайны дараа юм ховор зэвэр, амаргүй цаг үед бага нас минь өнгөрсөн. Арван хүүхэдтэй айлын хоол хүнс нүсэр шүү дээ. Манайх подхийсэн хэдэн малтай, өвөлд нэгээр тогтохгүй бод, өчнөөн бог иднэ. Талх тариа байсан биш, гол хүнс нь мах, гурил. Мал гаргаад гэдэс чанахад “Надад их хувь ногдоосой” гэж залбираад суудаг байж билээ.

Би ер нь их нямбай, харамч гэмээр хүүхэд байсан. Цагаан сараар хөдөөний хүүхдүүд хэрэг болгож морь унаж, уут ганзагалаад айл хэсэж, боов, бэлэг цуглуулахаар гарна. Айлуудын өгсөн боовнууд ганзагалаанд үйрч, бяцарчихсан ирэхээр ах, дүү нар тэр дор нь идэхийг нь идэж, хүн амьтанд өгч найрлаад дуусгана. Харин би боовоо авдрын хөндийд хадгалж байгаад сүүлд нь цувуулж гаргаж иднэ. Нөгөө хэддээ өгнө.

Сургууль соёлд сурахдаа би дандаа айлд суусан. Арван нас дөхөж байж сумын бага сургуульд ороод, хамаатныхаа айлд байлаа. Тэр айлынхан намайг “Энэ их нямбай юм. Сүрхий хүн болох байх” гэнэ. Тэгэхээр нь улам сүрхий хүн болох гэж тэрүүхэндээ их хичээнэ. Тав, зургадугаар ангидаа аймгийн, долдугаар ангидаа нийслэлийн 20 дугаар сургуульд сурсан. Тэгэхдээ бас айлд суусан. Долдугаар ангидаа хотод сурахад аав, ээж намайг намар айлд авчирч орхиод, өвлийн эхэн сар болтол хувцас хунар ч үгүй хаячихаж билээ. Гандангаас Төмөр зам руу, сургууль хүртлээ явган явна. Даарна, өлсөнө. Айлд сууж байгаа хүүхэд хэцүү шүү дээ. Айлын хоол хоол болохгүй. Өлслөө гээд хамаагүй идээд байж болохгүй. Мөнгө төгрөг муутай болохоор олигтой юм авч идэж чадахгүй. Хичээлд явах замдаа 50 мөнгөний талх авч иднэ. Явуут дундаа, уух юмгүй, хуурай талх идэх ямар олиг байх вэ. Хахчих гээд л жигтэйхэн юм явдаг сан.

Аав, ээжийн минь зав зай л тэгж таарсан байлгүй, арваннэгдүгээр сард хоол хүнс, хувцас хунар авчирч өгсөн. Багаасаа айлд суусан хүүхэд эрт биеэ даадаг юм. Би хөдөөнөөс ирсэн хэрнээ ангийн дарга болсон. Ангийнхан дотроо биерхүү, волейбол, шатар, теннис тоглоно, сурлага ч гайгүйтэйд тооцогддог хүү байлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (26)