Р.ТУЯА: Их эмчийн ангид суралцах урилга авсан ч сувилагчаараа үлдэхийг хүссэн

НЯМЫН ЗОЧИН

Жил бүрийн тавдугаар сарын 12-нд сувилагчдын баяр тохиодог. Манай улс 1995 оноос тэмдэглэж ирсэн энэ өдрийг тохиолдуулан ГССҮТ-ийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн ахлах сувилагч, Монгол Улсын зөвлөх Р.Туяатай ярилцлаа.

-Сувилагчийн ажил хүнд, цаг наргүй. Та яагаад сувилагч болохоор шийдэв?

-Бидний үед их, дээд сургуульд орохын тулд конкурс өгдөг байлаа. Хүүхэд байхаасаа л эмч болно гэж мөрөөдөж байсан ч конкурсээр их эмчийн ангид ороход 0.5 оноо дутсан юм. Тэгээд аав, ээжтэйгээ зөвлөхөд “Миний охин эмч болохоор зорьж байгаа юм чинь сувилагчийн сургуульд сур” гэсэн. Ингээд л сувилагч болох гараа минь эхэлсэн дээ. Гэхдээ эмч биш, сувилагч болсондоо харамсдаггүй. Сувилагч хүний мэдэх ёстой бүхнийг сурч яваадаа баярладаг. Мэргэжилдээ дурлаж, хайрлан, хоёргүй сэтгэлээр 36 жил зүтгэж, өдгөө зөвлөх зэрэгтэй сувилагч болсон. Би эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлт, мэс заслын сувилагч гэсэн хос мэргэжилтэй. Сувилахуйн сургууль төгсөөд, ажиллаж байхад надад их эмчийн ангид сурах урилга өгсөн ч би сураагүй. Учир нь энэ мэргэжилдээ дурласан байсан. Нөгөөтээгүүр, хоёр хүүхэдтэй болсон байсан учир хүүхдүүдийнхээ ирээдүйг бодоод татгалзсан.

-Таны ойр хавьд эмч хүн байв уу. Эмч болно гэдэг хүсэл хаанаас төрсөн юм бэ?

-Би найман хүүхэдтэй айлын хамгийн бага нь. Тиймээс аав, ээж, эмээ, ээжийн эгч нар гээд хэдэн сайхан буурлууд дунд өссөн юм. Тэднийгээ дандаа асардаг байв. Эмээгийнхээ хоол, цайг хийнэ. Бас чихийг нь ухах дуртай. Ээжийн эгч нар, эмээ маань “Миний охин уян, зөөлөн сэтгэлтэй, эмч болох увдистай” гэж байнга магтдаг байв. Тэгээд л эмч болох хүсэл төрсөн байх.

-Анх сургууль төгсөөд ажиллахад хэн хүнгүй л хэцүү байдаг. Ялангуяа ГССҮТ-д ажиллахад хэр их айдастай байв. Хамгийн анх өвчтөн хүлээж авахад ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Сургууль төгсөөд л ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хуваарилагдаж байв. Тухайн үед төгсөгч нарыг дүнгээр нь тасгууд руу хуваарилдаг байсан юм. Мэдээж эрчимт эмчилгээ бол хамгийн хүнд өвчтөнүүд ирдэг, хэцүү тасаг шүү дээ. Анхандаа маш их айж, нууцаар уйлдаг байв. Хамгийн анхны өвчтөн бол галт тэргэнд дайруулсан, залуухан хүүхэн байсан. Үнэхээр их харамсаж байснаа санадаг юм. Гэртээ хариад ээж, аавдаа ярьж, ер нь эмнэлэгт ажиллахгүй гэж ч бодож байлаа. Цэл залуухан охин өрөөсөн хөлөө галт тэргэнд дайруулсны улмаас тайруулж байгаа нь харамсмаар юм билээ.

-ГССҮТ-ийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн сувилагчийн онцлог юу вэ?

-Ачаалал их л гэж хэлнэ. Учир нь энэ сар гарснаас хойш 24 цагт дунджаар 420 хүн, үүний 140 нь хүүхэд үзүүлж байна. Харин согтуу хүний тоо өдөр бүр 100 хүрдэг. Энэ бол монголчууд архинд живж байгаагийн илрэл болов уу. Одоо өдөр ирэх тусам л хүний тоо нэмэгдэнэ. Долоо, наймдугаар сард 24 цагт 500 гаруй хүн үзүүлдэг. Энэ бол дулааны улирал эхэлж, эцэг, эхчүүд хүүхдээ анхаарахгүй, хүүхдүүд тэдний хяналтгүйгээр гадаа тоглодогтой холбоотой. Тиймээс энэ сарын 1-нээс хүүхдийн тасагт нэмэлт хүч гаргасан. Энэ их ачааллын хажуугаар агсарсан, ёолсон, уй гашууд автсан төрөл бүрийн араншинтай хүмүүс ирнэ. Тэр бүхэн нь стресс болдог. Гэрээсээ инээж гараад л, ажил дээрээ ирээд хормын дотор стресст автдаг. Энэ тасгийн эмч, сувилагч нар үүнийг л ялан дийлж, мэргэжилдээ үнэнчээр зүтгэж буй хүмүүс.

-Гамшгийн сургуулилалтын үеэр архи зарахыг хориглосон гурван хоногт хүний тоо эрс багассан гэсэн. Үнэн үү?

-Өдөрт 400 даваад байсан өвчтөний тоо 300 болж буурсан. Энэ бол манай тасгийн хувьд маш бага тоо. Гэхдээ огт согтуу хүн ирээгүй гэж хэлэхгүй. Мэр сэр ирсэн. Гэсэн ч эрс багассанд бид баярласан шүү.

-36 жил ажиллахад хамгийн хүнд хэцүү санагдаж байсан дуудлага, эсвэл санаанаас гарахгүй үлдсэн тохиолдол бий юү?

-Мэдээж энэ олон жил ажиллахад хүнд бэрх зүйлтэй олон л учирлаа. Энэ дунд сэтгэлээс гарахгүй үлдсэн хэд хэдэн үйл явдал бий. Эхнийх нь 1981 онд Улаанбаатар хотод болсон үер. Тэр үед би дөнгөж сургууль төгссөн, шинэхэн сувилагч байлаа. Ээлжид гарч байхад үерт автсан олон зуун хүн ар араасаа орж ирээд л байсан. Тухайн үед 100 гаруй хүн үерт автаж, манайд хүргэгдэж ирснээс гурав нь л амьсгаатай. Бусад нь бүгд өөд болчихсон байж билээ. Амьсгаатай ирсэн гурван хүн манай эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад, хоёр нь өөд болж, нэг нь л амьд үлдсэн. Өөрөөр хэлбэл, тэр үед үерт автсан 100 гаруй хүнээс нэг нь л амьд үлдсэн гэсэн үг. Эрчимт эмчилгээний тасагт ирсэн гурван охин сүүний үйлдвэрт ажилладаг байсан юм билээ. Ээлжээс хамт буугаад, нэгнийдээ очиж, амарч байгаад үерт автсан байсан. Тэр олон хүний ганцаас бусад нь амьсгалахгүй байна гэдэг аймшигтай санагдаж билээ. Мөн Хөвсгөл аймагт болсон онгоцны осол, 2007 оны Сэлэнгэ аймгийн Мандал сумд болсон “МИ-8”-ын ослын үеэр сувилагч нараа ахалж ажилласан. Олныг хамарсан осол, эндэл харуусал төрүүлж, хэцүү байдаг юм.

-Тийм айхтар уй гашууд автсан халуун цэг дээр очиход юу бодогддог юм бэ. Айж, эмээх үү?

-“МИ-8”-ын ослын үед сувилагч нараа ахалж явах үүрэг аваад, хамгийн түрүүнд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ёстой гэж бодсон. Сувилагч нартаа ч “Тэнд үрэгдсэн, гэмтсэн хүмүүс дунд та бүгдийн хэнийх нь ч найз нөхөд, хамаатан садан байж болно. Ах дүү, төрөл төрөгсөд чинь ч байж мэднэ. Тиймээс сэтгэлийн бэлтгэлтэй байх ёстой” гэж анхааруулж байлаа. Өөрийгөө ч тайвшруулж явав. Гэтэл тэнд очиход нас барсан хүмүүсийн дунд дэд хурандаа Д.Батбаатар гэдэг нэр байв. Манай арван жилийн ангийн хүүхэд юм л даа. Түүнийгээ юм болов уу гэж бодсон ч, ОХУ руу сургуульд явсан гэж бодож итгээгүй. Гэтэл нас барсан хүмүүс дунд цогцос нь байхыг хараад маш их уйлсан. Найз минь ОХУ-аас ирэнгүүтээ ажиллагаанд явсан нь тэр юм билээ л дээ. Сувилагч нартаа сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай гээд захиад, ахлаад явж байгаа хүн чинь тэнд өөрөө уйлж, унжаад байж болохгүй. Тиймээс хүмүүсээс нуугдаж уйлчихаад, арван жилийн найзууд руугаа утасдаж хэлчихээд л, хүмүүсийн хажууд юу ч болоогүй юм шиг ажлаа үргэлжлүүлэн хийсэн. Тухайн ослоос амьд мэнд үлдсэн хүмүүсийг хараад найз, нөхөд, төрөл саднаа харж буй мэт л баярлаж байлаа.

-Шантармаар үе байсан гэж ярилаа. Юу танд цаашид ажиллах урам өгсөн бэ?

-Надаар сувилуулаад, одоо амьд сэрүүн байгаа хүмүүсийг хараад баярладаг. ГССҮТ-д ажиллаад удаагүй байхад минь Гавьяат жүжигчин Ш.Цогцэцэг бэртэж, ирж байлаа. Бүсэлхийнээс доош мэдээгүй болсон түүнийг тухайн үед Батнасан эмч хүлээн авч, эмчилсэн. Гэтэл Гавьяат жүжигчин Ш.Цогцэцэг шинэхэн сувилагч, намайг тоож, “Туяа гэдэг сувилагчаар тариагаа хийлгэмээр байна” хэмээн дуудахад нь баярласан. Тэр олон сувилагч байхад яагаад заавал намайг онцолж, тариагаа хийлгэдэг байсан юм бол гэж одоо ч боддог. Хаяа нэг зурагтаар гарч байхыг нь хараад бахархдаг. Энэ мэт үйлчлүүлэгч, өвчтөнүүдийнхээ эдгээд, баярлаад гарч байгаа нь урам, зориг өгдөг. Одоо миний шавь байсан долоон хүүхэд их эмч болоод, манай эмнэлэгт ажиллаж байна. Энэ ч бас миний бахархал.

-Ар гэрийн амьдрал, ажлын ачаалал хоёроо хэрхэн зохицуулдаг байв?

-Миний хань офицер хүн. Аав минь ч цэргийн хүн байсан. Анх ханьтайгаа учраад, үерхэж байхад аав минь их дургүй байсан. “Чи өөрөө хүнд нөхцөлд ажилладаг. Дээрээс нь офицер хүний эхнэр болчихвол амьдралаа өөрөө л авч явах ёстой” гэж дургүйцсэн. Тухайн үед миний хань Дорноговь аймгийн Зүүнбаянгийн цэргийн ангид алба хааж байсан. Тэндээс ирэхээр нь хуримаа хийж, гэр бүл болсон доо. Үнэхээр л аавын минь хэлдгээр хоёр хүүхэдтэй, хоёр зэрэг ажилтай байна гэдэг хэцүү. Гэсэн ч сайхан аав, ээжүүдийнхээ буянаар ажлаа ч, амьдралаа ч зохицуулсан.

-Улаанбаатарт, тэр дундаа цаг наргүй ажилладаг эмнэлгийн хүн Дорноговийн цэргийн ангийн офицертой яаж танилцсан юм бэ?

-Залуу байхад манай сэхээн амьдруулах тасгийн сувилагч нар олонх нь залуухан, ганц бие охидууд байлаа. Манай эмч нар биднийг “Амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлээрэй. Энэ их ачаалал дунд амралтынхаа цагийг сайхан өнгөрүүлж байж л ажил урагштай байна” гэж захидаг байв. Тэр зөвлөгөөг нь дагаж, ээлжээс буугаад нэгнийгээ хүлээж байгаад “Ард” кинотеатрт кино үзнэ. Нэг өдөр мөн л кино үзэхээр явж байгаад хэдэн офицертой таарч, танилцаад, хамт кино үзээд салсан юм. Түүнээс хойш Зүүнбаянгийн цэргийн ангиас манай эмнэлгийн хаягаар захиа ирдэг болов. Аав минь хэдий эсэргүүцсэн ч амьдралаа зохиож, хоёр сайхан хүүхдийн эцэг, эх болон амьдарч байна даа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)