Р.Раш: Төр бол гэрийн тооно, улс төрийн нам багана нь юм

Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн асан Р.Рашийг “Хоймор”-тоо урьж ярилцлаа.

-Та сайхан хаваржиж байна уу. Одоо ямар алба хашиж байна вэ. УБТЗ-ын даргын зөвлөх хэвээрээ юү?

-Сайхан хаваржиж байна. Та сайхан хаваржиж байна уу. УИХ-ын гишүүн байхаа болиод, төрхөмдөө буцна гэгчээр төмөр замдаа эргэж ирээд, даргын зөвлөхөөр ажиллаж байна. Нэг л их ажил хэрэгч амьтан, цүнхээ бариад л гэрээсээ эртлэн гарч, бор хоногтоо харьдаг маань төдийлөн өөрчлөгдөөгүй ээ. Илжиг модон хударгандаа гэдэг байх аа. Зарим үед гэр бүлийн хүн маань “Чи одоо Улсын баатар болох гээд байгаа юм уу” гэдэг юм.

-Саяхан та Вьетнамд ажилласан тэмдэглэл, төрийн яам, Тамгын газар ямар байх ёстой талаарх нийтлэлээ өдөр тутмын сонинд хэвлүүлсэн харагдана лээ. Бичиг, цааснаас холдож чадахгүй сууна уу?

-Ердөө л дөрвөн хананы дунд дөрвөлжин ширээ тэврээд суухгүй ээ. Төмөр замаа дагаж хөндлөн гулд явах, олон байгууллагын хүмүүстэй уулзах гээд албаны ажил зөндөө ундардаг. Тэд ч намайг чамлахгүй урьдаг юм, мундаг амьтан биш ч гэлээ УИХ-д байхаас эхлээд сурвалжлагч нар ам “ухаж”, үг, бодлыг минь сонсох үе бас гарна. Энд ирснээс хойш сонин, хэвлэлд өгсөн ярилцлага, өөрөө тэрлэсэн ухаантай нийтлэл гээд уут хэрийн юм байгаа шүү. 

Одоо сонины хүмүүс тэр бүр уншихгүй, хэрэгтэй гэснээ интернэтээр харчихдаг бололтой юм. Уг нь телевиз, радио, цахим хуудас бол нэг удаагийн маягтай л эд шүү дээ. Харин гал ноцоочихдоггүй л юм бол сонины шарласан хуудас л үлддэг. “Хөдөлмөрийн хамт олны төлөвшил” гэсэн өгүүлэл “Ган зам” сониндоо бичсэнийг нэлээд нэр хүндтэй нэгэн сэтгүүлч олж хараад ярихад нь “Улс, амьтан хардаг л юм байна” гэж бодож суусан. Ер нь сахилга, хариуцлага суларсан, ажил гэхээс ам панз яриа ихэсчихсэн, хов жив хөөцөлддөг, хийсвэр талын ойлголтууд давамгайлсан энэ цагт хамт олны хүмүүжил, төлөвшил чухал гэдэгт тогтож, тав, гурван үг сийрүүлсэн хэрэг. 

Төмөр замын сониныхоо хэвлэл, редакцын бодлого, уншигчдын эрэлт, хэрэгцээнд нийцүүлж, чамбайруулъя гэж боддог. Хөдөөгийн өнчин зөрлөг дээр ажиллаж байгаа замчид тэндээс л мэдээ авч, юм уншина шүү дээ. Манай сониныг Архангай, Баянхонгор, Дундговьд хүртэл захиалдаг юм билээ.

-Ингэхэд “Ган зам” нэрийг сониндоо та хайрласан гэл үү?

-Манай сонин “Найрамдлын зам” нэртэй байсан. Ноднин 60 жилийн ойгоо тэмдэглэсэн. 1990-ээд оныг хүртэл нэг хэсэг “Өдтэй бичиг” нэртэй болж үзсэн ч олны дэмжлэг олигтой аваагүй. Тэр цаг нь миний бие төмөр замдаа эргэж ирэх үетэй таарсан юм. Тэгээд сониныхоо нэрийг өөрчилж, одоо тэтгэвэртээ гарсан, сэтгүүлч Ж.Нямдашийг урьж, томилж ажиллуулсан. Үүний дараа цэцэрлэг, зочид буудал, бүр галт тэргэнд мэндэлсэн хүүхдэд хүртэл “Ган зам” нэр өгч, түгээмэл хэрэглэх болсон.

-Бичиг, цаасны талаар ярьсных аавын тань тухай асуумаар санагдлаа. Таны аав төрийн хүн, тэр дундаа бичээч байсан юм билээ. Бийр янтай нь хүртэл одоо танд бий талаар дурссан байсан.

-Манай аавын эцэг өөрийн гараар “Жадамба” судрыг бичиж, үр хүүхэд бидэнд өвлүүлж үлдээсэн байдаг. Одоо гал голомтод маань бий. Түүнийг бусдад хүртээл болгоход ч анхаарна гэж бодож байгаа. Манайхны бичиг үсэгт нэвт тайлагдсан байдал дээр үеэс улбаатай байх аа. Ахмад үеэсээ байнга суралцаж, эргэж харах хэрэгтэй юм гэж бодогддог. 

Ц.Балхаажав дарга ёстой бийр шиг хуруутай, бичиг шиг ухаантай хүн. 1987 онд агаарын тээврийн байгууллагыг цэргийнхээс иргэнийх болгосонтой холбогдуулан дүрэмт хувцасны талаар Улс төрийн товчооны тогтоол гарсан юм. Тэр үед би Намын төв хороонд зааварлагчаар ажиллаж байлаа. Тогтоолын төслийг нь боловсруулаад, даргаараа дамжуулан Улс төрийн товчооны гишүүдэд тараахад Д.Моломжамц дарга төсөл дээр минь ёстой үг хайрлахгүй эрээчсэн байж билээ. 

Тэгж л төрийн бичиг баримтыг боловсруулж, гүйцэлдүүдэг юм байна гэдгийг ойлгосон. Л.Түдэв гуай төмөр замын намын бага хурлыг удирдаж, гайхамшигтай үг хэлсэн. Энэ том хүнд мэргэжлийнхээ үүднээс зарим санаа хэлж, үг, өгүүлбэр бичиж өгч байсан нь миний хувьд том завшаан байв.

-Хөдөлмөрийн хамт олон, түүний хариуцлага, сахилга батын талаар та түрүүнд хөндлөө. Та хоёр ч удаа сонгогдсон УИХ-ын нэр хүнд, тэнд байгаа хүмүүсийн үнэлэмж унаад байна. Нэг бус УИХ-д сууж явсан тулхтай эрхмүүдтэй ярилцаж байхад “Бидний үеийн УИХ арай ч ийм байгаагүй. Нам, намаараа талцаж, муудах үе гарах ч улс, эх орны эрх ашгийн төлөө нэгэн зүгт харж чаддаг байсан” гэж ярих юм билээ. Сонгууль өнгөрөх тусам муу, муухай нь бүрдсэн хүмүүс УИХ-д ороод байна уу. Эсвэл ямар нэг шалтгаан тэнд сонгогдсон хүмүүсийг муухай харагдуулаад байна уу?

-Ер нь хэн ч, ялангуяа миний насны хүмүүс ажиллаж байсан газраа муулах маягтай хэлээд явах нь зохимж муутай юм шүү дээ. Социалист нийгмээс авсан бидний хүмүүжилд дэг жаяг, ёс суртахуун өндөрт тавигддаг. Би далай шиг эрчүүдийн дунд найман жил суусан. Улс орны хэмжээний багагүй юмыг гадарлах болсон. 

Гэхдээ сүүлийн үед УИХ олны дунд сүрхий муу хэлэгдэх боллоо. Энэ бол хортой. Төрөө хүндэтгэж, итгэж, сүлдэнд нь залбирч явдаг монголчууд шүү дээ, бид. Ялангуяа хувийнхаа юмыг тэндээс хожиж, базаах гэдэг болсон нь олиггүй харагдаж байна, тун муу зүйл. Гэхдээ цөмөөрөө биш л дээ. Уг нь хүний зэрэг зиндаа, албан тушаал дээшлэх тусам оюун санаа нь нийгэмшдэг. Гэтэл заримынх нь харин ч төрөөс юм хумсалчих санаатай байдаг бололтой дог оо. 

Дээрх нь суудлаа олохгүй бол доорх нь гүйдлээ олохгүй гэдэг. Сонгогч олны итгэлийг дутуу үнэлж, бүр хатуу хэлбэл, хөсөрдүүлж байгаа хэрэг. Нөгөө талаар сонгогч бид ч нэр дэвшигчийн нэрийн өмнөх тоог дугуйлахдаа урьд орой нь 20 мянган төгрөг өгснийг нь л сонгочихоод, дараа нь зүхээд байх шиг. Иргэдийн улс төрийн боловсрол ядмаг байна.

Улмаар улс төр гэдэг ухагдахуун, ойлголтын нэр хүнд сүрхий унаж байна даа. Уг нь улс төр гэдэг чинь агуу том эд шүү дээ. Улс төрийг эдийн засгийн төвлөрсөн илэрхийлэл гэдэг. Ард түмэн нь нийтээрээ хүндэтгэн биширдэг Сингапурын Ерөнхийлөгч Ли Куан Юг жинхэнэ улстөрч гэж хэлж болно. Дайны хөлд нэрвэгдсэн Япон орныг хэрхэн богино хугацаанд хөгжүүлэх вэ гэдгийг бодож, толгойгоо гашилгаж, энд, тэндээс судалсан тэр улсын удирдлагын бодлого бол жинхэнэ улс төр. 

Төрийн өндөр албанд очсон болгоныг улстөрч гэхгүй л дээ. Угтаа тэр бол улс төр сонирхогч юм. Сэтгүүлч Б.Лигдэн гуай 1980-аад онд үүнийг политик, политикан гэж хэлж байсан удаатай. Политик гэдэг нь улстөрч, политикан гэдэг нь улс төр сонирхогчийг хэлж байгаа юм. Улс төр, санхүүгийн олигархийн шинж тэмдэг манайд нэлээд тод илэрч байгаа. 

Сонгодгуудын бүтээлүүдэд ч энэ талаар бий. Ам нээхээр уушиг нээ гэдэг. Бизнес эрхэлдэг голдуу хүмүүс мөнгөөр зодож, улс төрийн тавцанд гарч ирээд “бүжиглэх” гээд байх шиг. Уг нь бизнес эрхэлж, уран сийлдэг ухаанаа улс орныг удирдахад хэрэглэмээр байгаа юм.

-Үүний шалтгаан нь юу юм бол?

-Намууд төлөвшөөгүй байна. Манай нам улс төрийн ууган хүчин гэхэд л далбилзаад байна. Ер нь улс төрийн аливаа нам сонгогчдын саналыг мөнгөөр худалдаж авах гэдэг утгаар биш, олон түмнийг бодлого, зорилтдоо итгүүлэх, хүсэл эрмэлзлийг нь эзэмдэж байж хойноосоо дагуулах ёстой. 

Зоосны нүхээр бүхнийг харах гэвэл бишиднэ. Олон намын системтэй манай улсад шүүлтүүр ч муу байна. Дээд шүүхэд тэднийг бүртгэх босго өндөр байх учиртай. Тоо биш, чанар гэж ярьдаг даа. Би улс төр, нам судлаач биш. Тэгээд ч мэдээллээс холдсон хүн. Төр бол монгол гэрийн тооно. Нам бол багана нь юм. Багана муу бол тэр гэр ширүүхэн салхинд юу болох билээ. Тиймээс ч төр төмбөгөр, ёс ёмбогор гэж ярьдаг. Нам сайн байх ёстой. Гэхдээ үүнийг зөв эрэмбэлэх учиртай. Эхлээд улсаа, дараа нь төрөө, тэгээд нам, дараа нь компани, сүүлд нь хувь хүн өөрийгөө тавих ёстой шүү дээ. 

Аминыхаа юмыг урд нь тавьж, албаныхыг ард нь тавьдаг тохиолдол байх шиг байна. Намуудын мөрийн хөтөлбөр маш нарийн тооцоо, судалгаан дээр үндэслэсэн, чамбай байх учиртай. Мөрийн хөтөлбөр бол мундаг чухал эд л дээ. Энэ бичиг баримтуудыг сонгогчид харьцуулж сайн судлах ёстой. Ер нь бусдыг муулах амархан. Хүн хүний мууд дуртай. Худал үгүүд нийлчихээр сонгуулиар хийсвэр маягийн оноонууд сүрхий дээшээ явдаг л даа. 

Удирдлагын хөгжлийн институтийн багш Я.Долгоржав “Улс төрхтэй төлөв байдлыг төлөвшүүлэх хэрэгтэй” гэж ярьж байсан. Энэ мундаг үг шүү. Нам нь улс төрд орох хүмүүсийн арга хэрэгсэл, гишгүүр төдий зүйл байж таарахгүй.

-Тэр эрэмбэ ч бүр эсрэгээрээ, төр, улсынх нь хамгийн адагт оччихсон юм биш үү. Танай намынхан УИХ-д 32:33 болж хуваагдахад “Юун улс орон, намын эрх ашиг ч гэж байдаггүй юм байна” гэж бодож байлаа.

-Тухайн үед олон хүн “Арай ч дээ” гэж шүүрс алдаж, амаа барьж байсан байх. Би тэр таван залууг арай ч увайгүй загнаад байна гэж харж байлаа. Одоо харах нь ээ, бугласан идээ, бээрийг шахахад тэдний яриад байсан нь зөв талдаа юм шиг.

М.Энхболд хуулиа тэврээд, түрүүлгээ хараад хэвтээд байсныг ч нэг их буруутгах хэрэггүй. Юм дандаа өөрчлөгддөг. Үндсэн хууль ч гуутай бурхан биш шүү дээ. Цаг үеийнхээ шаардлагаар гарч ирж байгаа асуудал, асуултуудыг шийдэж л байх хэрэгтэй. Хариуцлагатай, хуулийн чиглэлийн албан тушаалтнуудыг зургаан жилээр хатуу тогтоож, томилох нь өндөр хөгжсөн улс орнуудад байдаг жишиг юм шиг байна. 1980-аад онд намайг төмөр замын Толгойт өртөөнд ажиллаж байхад манай дарга “уруул” Ганбаатар гэж сайхан хүн байсан. Тэрбээр “Хууль, шүүхийн байгууллага, эмнэлэг хоёр эрүүл байвал нийгэм цэвэрхэн, сайхан явна” гэж хэлж байж билээ. Өнөөдрийн амьдралыг яг л хэлсэн байгаа биз.

-Гишүүн байхдаа та лоббидох оролдлоготой тулгарч байв уу?

-Батлуулах гэж байгаа хууль, тогтоолын төслөө бусдаар дэмжүүлэх гэж юм ярина шүү дээ. Гэхдээ тэдгээр нь хувийн зорилго нэг ч агуулаагүй байх ёстой.

-Та аав, ээжээс олуулаа. Олонх нь хөдөө аж төрдөг бололтой юм. Эрх мэдэл, албан тушаалаа ашиглан эгч, дүү, хамаатан саднаа татаж явсан үе танд бий юү. ЖДҮХС-гаас хүртэл мөнгө “цохьсон” одоогийн эрх мэдэлтнүүдэд эгч, дүүгээ татах нь энүүхэнд юм шиг ээ.

-Эгч дүү нар Дундговийн Эрдэнэдалай сумдаа амьдардаг. Бид аав, ээжээс уг нь 14-үүл юм билээ. Би дөрвийг нь мэдэхгүй. Надаас өмнө байхгүй болсон гэдэг. 10-аас одоо тав нь байна. Дөрөв нь хөдөө, сумдаа мал маллаж байгаа. Өөрийн ах, дүүг томоохон албан тушаалтай болгоё гэж бодох нь бүү хэл, зүүдлээ ч үгүй. Ач, зээ нараас миний мэргэжлийг сонгосон хүмүүс бий. Тэдэндээ ч ажлыг багаас нь л эхэл гэж захидаг.

Гэхдээ өнөөгийн амьдралд ажлыг доороос нь эхэлж явсан хүнийг мартчих гээд байх зовлон байдаг бололтой. Үүнийг анхаарах ёстой. 1978 онд би Ленинградын Төмөр замын сургууль төгсөөд Чойр өртөөнд холбогч найруулагчаар ажиллаж байлаа. 1990 онд төмөр замын нэгдүгээр орлогч, 1991 онд дарга нь болсон. Багаас нь эхэлж, мацаж амьдрах зарчмыг амьдралынхаа улаан шугам болгож явлаа.

-“Үндсэн хууль гуутай бурхан биш” гэлээ. Өөрчилье гэвэл юуг нь түрүүнд барьж авах ёстой бол?

-1992 оны Үндсэн хуулийг би батлалцсан ухаантай. Тэр үед их ч судалсан. Б.Чимид гуай гэж мундаг хууль ч байлаа. Улсын бага хурал ч сайн ажилласан. Цоо шинэ зүйл бий болгосон. 30-аад жилийн нүүр үзлээ. Бөөнөөр нь өөрчилнө гэвэл Үндсэн хуулийн бус зам руу халтирч магадгүй. Тиймээс хэсэгчилж, бага багаар хийх ёстой болов уу.

Жишээ нь, “дордуулсан долоо”-гоос аль болохгүйг нь засаад явбал илүү оновчтой байж мэднэ. Өрх татаж байгаа юм шиг бүгдийг өөрчилнө гэвэл яах бол доо. Бид 2009 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль баталсан. Тэр хуулийн үзэл баримтлал нь Үндсэн хуулийн араг ясыг нь хэвээр үлдээгээд, бусдаас нь гоочилж болно гэсэн утгатай. Гайгүй бичиг баримт болсон.

Харамсалтай нь, Монгол Улсын түүх, соёлын уламжлал, нүүдлийн соёл иргэншлийг тээгч мал, мал аж ахуйн тухай үг, өгүүлбэрийг хассан. Миний бие их эгдүүцсэн ч үгийг минь тоогоогүй юм даг.

-Д.Балдан-Очир гишүүн та хоёрын нэлээд хөөцөлдөж байж батлуулсан “Монгол мал” хөтөлбөрийн хэрэгжилтэд та хэр сэтгэл хангалуун байдаг вэ?

-Байхгүй ээ, тийм хөтөлбөр байдгийг ч мартсан байх. Дурсаж байгаа амьтан ч алга. Юундаа байдаг юм, бүү мэд. Хөдөөнөөс сонгогдсон гишүүд ч бас цөөхөн биш шүү дээ.

-Танай намаас 65-уулаа УИХ-д сонгогдчихоод, томилгоо хийж, улстөржсөөр байгаад таарлаа. “Монгол мал” байтугай олон зүйлийг орхигдууллаа даа.

-Манай муу намыг л муулаад байх юм (инээв). 65 суудал авсны дараа нэлээд учир мэдэх нөхөртөө “Ингэж өм цөм ялах ч бас ямар л бол доо” гэж хэлж байж билээ.

-Та яагаад тэгж бодсон юм бэ?

-Тэгж л бодогдоод байсан даа.

-Саяхан Засгийн газраас төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой цогц шийдвэр гаргалаа. Ер нь төмөр замаа аль чиглэлд түрүүлж тавих нь эдийн засгийн хувьд илүү үр өгөөжтэй вэ?

-Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод ч бий. Шинээр төмөр зам тавих чиглэлийг тогтоохдоо дотоод, гадаадын зах зээлийн маш нарийн тооцоо, судалгаанд тулгуурлах ёстой. Өнөөдөр урагшаа нүүрс ачсан автомашины цуваа өдөр, шөнөгүй хөвөрч байна. Үүнийг шийдэж, хэдэн бор төгрөгөө нэмэгдүүлье гэвэл урагшаа тавих нь чухал. 

Гэхдээ Тавантолгойг Зүүнбаян руу холбохоор болж байгаа нь цаашид улсын хөгжлийн ирээдүйг бодоход өмнийн бүс нутаг Орхон, Дархан-Уул, Улаанбаатар гээд улсын хөгжлийн гол төвүүдтэйгөө төмөр замаар холбогдох нь зүйтэй. Улмаар Улаан-Үдээр дамжиж далайд гарах боломж ч бүрдэнэ. Зүүнбаян-Ханги-Мандалын төмөр зам тавигдаад, бас Тавантолгойгоос төмөр зам холбогдвол Зүүнбаян нь тээврийн том зангилаа болно. Ингэх нь Цагаансуварга гээд ойрхон байгааг нь хамруулаад бодоход буруу ч биш юм. 

Гашуунсухайтаас Бугат, наагуур буюу Зүүнбаянгаар дамжаад Бугат хүрэх зайг бодолцоход эцсийн эцэст манай нүүрс гадаадын зах зээлд үнэ хийгээд чанарын хувьд өрсөлдөх чадвартай л байх ёстой. Цаана нь Хятад руу Австралиас ирж буй нүүрс бий. Энэ бүхнийг бодолцоод Зүүнбаянгаа зангилаа болгож, мундаг судалгаа хийж, төсөл боловсруулж, төмөр зам барьж байгуулахад болохгүй юмгүй ээ. 

Эдгээр төслийг боловсруулж хэрэгжүүлэхдээ эдийн засгийн шалгуураас гадна нийгэм, хүн амын суурьшил, байгаль экологийн тэнцвэрт байдал гэдэг гурван тулгуур зарчмыг сайтар бодолцвол зохилтой.

-Гадаадын туршлага, энээ тэрээ гээд их гүйцгээх юм. Үр дүн нь ямар байна гэж та боддог вэ?

-Ер нь манайд юм л бол гадаадын туршлага гээд хэтэрхий гүйгээд байгаа нь үнэн. Доллар яриад уул, хярын оройгоор давхиад байдаг. Жаахан доошоо, бэл рүү бууж, аргалаа түүх нь бас чухал биш үү. Гадаадын, аятайхан юмыг монгол хөрсөн дээрээ ургуулж, соёолуулж бололгүй яах вэ. Тэгэх ч хэрэгтэй. Ер нь туршлага судалж эзэмшинэ гэдэг чухал эд л дээ.

Тэр жил манай төмөр замын хэсэг ажилтан нэлээд орны төмөр замын бүтэц, зохион байгуулалттай танилцсан юм билээ. Тэгээд Германд тийм байдаг, Францад ийм гээд л яриад байв. Талын Монголын годгор төмөр зам, хангай, говь, хосолсон нутагт тавьсан, явж явж нэг зөрлөгтэй байдгийг нь харгалзахгүй тэгж ярьж болохгүй л дээ. Ялангуяа төмөр замчдын нийгмийн асуудлыг орхигдуулж болохгүй.

-Таны төрсөн нутаг Дундговь хөгжлөөрөө сүүл мушгиж байна. Та тэндээс хоёр ч удаа УИХ-д сонгогдсон. Сүүлд нь таныг тойргоо солих гэж байгаад нэр дэвшээгүй гэдэг.

-Манай аймаг хөгжлийн түвшний хувьд Дархан, Сэлэнгийн бүс, Өмнөговь, Дорноговьтой харьцуулахад хоцрогдонгуй. Гэхдээ дундговийнхон ажилсаг, хөдөлмөрч. Эдийн засгийн гол үндэс нь мал аж ахуй. Өнөөдөртөө ил гарсан, улсын чанартай уурхай алга. Давуу талууд бас бий. Төрөлх аймгаасаа хоёр ч удаа сонгогдохдоо боломжоороо л тийшээ шогшиж байлаа.

Ганц хүн том юм хийнэ гэж юу байх вэ. Гэхдээ санаачилж, хөөцөлдсөн зүйл гэвэл Улаанбаатар-Дундговь-Өмнөговийг холбосон авто зам тавиулахаар хөөцөлдсөн. Үүнийг барихад сүүлийн үед нь гишүүн Ц.Баярсайхан бид хоёр элбээд зүтгүүлж байж билээ. Тэгсний үр дүнд миний үед Дундговийн зам аймгийн хойд толгойн ард очсон юм даг. Өөр нэг зүйл нь, малчны гэрт төрж, малын захад өссөн хүний хувьд “Монголын төр мал, малчин хоёр луугаа нүүрээ харуулах цаг болсон юм биш үү” гэдэг асуултыг намын болон улсын удирдлагад нухацтай тавьж байж 2007 онд Төрөөс хөдөөгийн талаар баримтлах бодлогын тухай УИХ-ын тогтоол батлуулсан. Хэрэгжилт нь ямар байна вэ гэвэл өөр асуудал. 

Цааш нь 2007 онд Төмөр замын тээврийн тухай хууль санаачилж, 2008 онд “Транзит Монгол” хөтөлбөр, “Монголын төмөр зам” компанийг үүсгэн байгуулах тухай Засгийн газрын тогтоолуудыг гардан боловсруулж, 2010 онд Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын талаарх УИХ-ын ажлын хэсгийг ахалж байлаа. Төмөр зам дагасан амьдралтай хүний хувьд олон жил энэ замаар явган болоод вагонтой зөндөө л холхисон. 

Тиймээс 2012 онд энэ хонхроосоо нэр дэвшээд, нуруугаа үүрээд алхахад болох юм гэх бодол төрж байв. Тэгээд бүтээгүй л дээ. Харин олон нөхөд намайг энд, тэндээс нэр дэвшүүлэх санал тавьсан ч “Юм хугацаатай нь дээр” гэж бодоод татгалзсан. Татгалзаад хохироогүй. Дадсан, дассан газрын даавуу нь хүртэл зөөлөн гэдэг дээ. Ингээд л явж байна.

-Бусад хүн таныг бодсоноос доогуур үнэлэхэд ямар мэдрэмж төрдөг вэ?

-Хэн намайг муугаар, юу гээд хэлчихэв гэж хардаж гүйгээд байх нь муухай. Сайн, муу хэлүүлж л таарна. Ялангуяа алба хашиж байхад. Гэхдээ Хүн нэрээ, тогос өдөө гэдэг. Ер нь нэр сэвтэй байх нь ялангуяа өндөр албан тушаал хашиж байх үед туйлын зохимжгүй зүйлийн нэг. Ерөөсөө хувь хүний хийгээд албан тушаалын нэр хүнд гэдэг хоёр зүйлийг туухай дээр тавихад хувийнх нь жин дарж байх ёстой. Бүр ядахдаа тэнцэж байх нь чухал.

Тэгж байж л олон түмний дэмжлэг авч, ажил урагшилна. Ингээд харахад хувийн нэр хүнд нь албан тушаалынхдаа дүүжлэгдээд явж байгаа нь цөөнгүй байна. Манайхан ч албан тушаалтанд сөгдөх нь холгүй болчихож. Албан тушаалыг хүндлэлгүй яах вэ. Энэ ташрамд хэлэхэд, өнөөгийн нийгэмд үг зөөдөг, энд тэнд очоод дэлүү шиг наалдчихдаг амьтан олон байна. Энэ бол ажилд саад болж байгаа багагүй хүчин зүйл. Нэр хугарахаар яс хугар гэж мундаг үг шүү.

-Өнгөрснийг эргэж авчрах боломж гарвал та амьдралынхаа ямар үед буцаж очих вэ?

-“Нэг голын уснаас хоёр уудаггүй” гэж эртний Грекийн эрдэмтэн Гераклитийн үг байдаг. Хүүхэд байхад ээждээ туслаад, араг үүрээд, аргал түүж, хүрэн морио унаад Эрдэнэдалай сумын сургуульд орохоор мордож байсан, 28 дугаар сургуулийн ангийн нөхөдтэйгөө бужигнаж, үзэсгэлэнт Нева мөрний эрэг дээр оюутан ахуй цагаа өнгөрөөж, тоо бодож, томьёо бичихийг эрдэмтэн багш нараараа заалгасан, төмөр замчдынхаа эгнээнд багтан алхаж, төрийн эрхийг барих УИХ-ын танхимд үг хэлж, товчлуур дарж, ЗТАЖЯ-ны ажилсаг, зарчимч, хамт олонтой санал бодлоо хуваалцаж явсан, одоо төрхөмдөө буцаж ирсэн үе цөм сайхан.

Бид хоёр сөрөг голдуу юм зөндөө ярилаа. Эцэст нь хэлэхэд, манай нийгэмд бас гялайж харагдах, сайн, сайхан зүйл зөндөө байгаа. Тухайлбал, МУИС-ийн эрдэмтэн залуучууд “Мазаалай” хиймэл дагуул зохион бүтээж, сансарт хөөргөв. Монголчууд тролейбус угсарч, гадаадын зах зээлд хүртэл гаргаж амжлаа. Нарны эрчим хүчийг ашиглаж зохиосон технологи нь Японы газар тариалангийн тодорхой хэрэгцээг хангаж, ашиглагдаж байна. 

Монгол хүүхдүүд тоо бодох, шатар тоглох, сэтгэн бодох чадвараараа дэлхийд дээгүүр түвшинд өрсөлдөж буй. Урлаг, спортын чиглэлээр бараг очсон газар бүрээсээ алт, мөнгө, хүрэл медалиудыг цуглуулан эх орондоо авчирч байгаа. Энэ бүгд бидний болоод ялангуяа манай залуу үеийнхний улс орныхоо хөгжилд оруулж буй хувь нэмэр, улсынхаа тугийг өндөрт өргөж яваа бахархал юм даа. Антропологич залуучуудын телевизээр гарсан мэтгэлцээнийг хараад “Ашгүй дээ” гэх бодолд автаж суулаа. Эх оронч үзэл сэрвийж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)