Р.МӨНХТӨР: Орлого олж болох бараа, бүтээгдэхүүн бүрээ экспортлох шаардлагатай

Эдийн засагч Р.Мөнхтөртэй цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Коронавирус дэлхий дахинд тархлаа. Иргэдээ энэ вирусийн халдвараас сэргийлэхээр улс орнууд хөл хорио тогтоосноор дэлхийн эдийн засгийн идэвх суларсан. Эдийн засгийн идэвх үлэмж суларсан орнуудын нэг нь манайх. Монголд эдийн засгийн ямар нөхцөл үүссэн гэж дүгнэж байна вэ?

-Манай улсын эдийн засгийг улирлын шинж чанартай гэж эдийн засагчид таамаглан хэлдэг. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлснээр улсын төсвийн орлого оны эхний улиралд тасарсан байна. Үүнээс манай улсын эдийн засаг зогсоход бэлэн болсон, хүндрэлүүд нь хаана хаанаа илэрчихсэн гэж дүгнэж болно. Санхүүгийн байгууллагуудаар ч дамжин эдийн засгийн хүндрэл илрэх нь ч тодорхой байна. Иргэд гэртээ сууж байгаа учраас нарийн мэдрэхгүй байж магадгүй. Жижиг аж ахуйн нэгжүүд үүдээ барилаа. Зээл олгох нь хумигдаж байна. Ийм нөхцөлтэй удвал төвөгтэй байдал улам хүндэрнэ. Коронавирус тархсан цаг хугацаа манай эдийн засгийн идэвх сул байдаг нэгдүгээр улиралтай давхцаж буй нь үүссэн нөхцөлийг хөнгөн юм шиг харагдуулж магадгүй. Гэвч бодит байдал дээр тооцож, төлөвлөснөөс гүнзгий шок үзүүлж мэднэ.

-Та эдийн засгийн хүндрэл санхүүгийн байгууллагуудаараа дамжин илрэх нь тодорхой боллоо гэж онцолсон. Санхүүгийн байгууллагуудад ямар нөхцөл үүссэн бэ?

-Санхүүгийн байгууллагууд зээл олголтоо хумьсан, байдлыг харзнасан, хүлээсэн шинжтэй байна. Санаагаар болдог бол санхүүгийн байгууллагуудаараа дамжуулаад, бизнес эрхлэгчдээ дэмжих хэрэгтэй. Ингэвэл бизнес эрхлэгчид ажлын байраа хадгалж үлдэнэ. Гэтэл ийм шийдлийг өдий хүртэл олж харсангүй. Харин ч эсрэгээр нь зээлийн хүүгийн төлбөрийг хойшлуулах гэж байгаа юм шиг ойлголт өгсөн нь буруу. Зээлийн төлбөрийг хөнгөлөхийг тал талаас шахаж байна. Давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан эдийн засгийн хүндрэл улс төрийн сонгуулийн өмнө тохиосон тул Засгийн газар популист, эдийн засгаа хорлосон шийдвэр гаргах магадлал өндөр. Эрсдэлтэй шийдвэр гаргах вий гэж санаа зовж байгаа.

-Монголбанк бодлогын хүүгээ нэг хувиар бууруулж, 10 болгосон. Мөн банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг хоёр хувиар бууруулж, найм болголоо. Энэ шийдвэрийн үр дүн хэр хугацаанд гарах бол, эдийн засагт бодитой нөлөө үзүүлэх болов уу?

-Бодитой нөлөө, дэмжлэг болно. Гэхдээ үр дүн нь шууд гарахгүй. Эдийн засагт 2-3 сарын дараа л үр дүн нь гарна. Монголбанк шийдвэр гаргасан. Одоо банк зээл олголтын бодлогоо өөрчлөх ч юм уу, ямар нэг хариу үйлдэл үзүүлнэ. Тэр нь аж ахуйн нэгжүүдэд нөлөөлнө. Компаниуд бизнесийн шийдвэр гаргана. Ингээд эдийн засгийн гинжин хэлхээгээр дамжин явсаар байтал нэлээд хугацааны дараа эдийн засагт үр дүнгээ үзүүлэх юм. Засгийн газар нь зээлийн баталгаа гаргана гэж Францын Ерөнхийлөгч хэлсэн. Японы Төвбанк бодлогын хүүгээ тэглэж, жижиг, дунд үйлдвэрээ дэмжинэ гэлээ. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эдийн засгаа 1.2 их наяд ам.доллароор дэмжихэд бэлэн гэдгээ зарласан. Нөөцтэй, боломжтой эдийн засагтай орнууд ийм арга хэмжээ авч байна. Энэ арга хэмжээ нь ажлын байраа хадгалах, үүссэн шокоос гарах үр нөлөөг бууруулах зорилготой. Бидэнд санхүүжилт гаргаад, эдийн засгаа дэмжих боломж алга. Тиймээс Монголбанк өөрт байгаа боломжит, зөв арга хэмжээгээ авсан. Энэ үед Төвбанкныхаас илүүтэй Засгийн газрын шийдвэр эдийн засагт чухал нөлөөтэй. Улсын онцгой комиссоос нүүрсний экспортыг зогсоосон. Ийм шийдвэр гаргах хэрэггүй байсан юм. Үүнээс шалтгаалаад төсвийн орлого тасарлаа. Төсвийн орлого тасарчихаад байхад зарим нь тодотгол хий, зардлаа бууруул гэж Сангийн яамыг шахаад байдаг. МҮХАҮТ-аас ийм санал гаргаж, идэвхтэй шаардаж харагдсан. Угаас орлого нь тасарчихсан төсвийг танах нь маш буруу шийдвэр. Эдийн засагт нийлүүлэх мөнгийг улам хумина гэсэн үг. Ингэсэн тохиолдолд эдийн засаг өсөхгүй, дийлэнх ажлын байрыг бий болгож буй хувийн секторт маш том ачаа болно. Үүнээс гадна Засгийн газар зээлийн төлбөрийг тэглэх, хойшлуулах гэх мэтээр бизнесийнхэнд буруу хүлээлт бий болгож байна. Тэд хүлээлтийг тооцож шийдвэр гаргадаг. Зарим зээлийг тэглэж, төлбөрийг нь хойшлуулж магадгүй гэж иргэд бодож байгаа. Хүмүүс хөрөнгөө эргэлтэд оруулахгүй байлгаад байвал үнэ цэн нь улам алдагдана. Эдийн засгийн эмзэг салбарууд унахад нөлөөлнө. Энэ үед хаах, тэглэх, хойшлуулах биш, боломжтой салбаруудаа дэмжиж, тэтгэх арга хэмжээ авах нь зөв. Эмч нартаа найдаад, эдийн засгаа эргэлтэд оруулах талаас нь бодох ёстой. Хэрэв цаад улс нь зөвшөөрвөл нислэгийн зарим орон зайгаа ч нээх хэрэгтэй. Засгийн газар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаас зөв арга хэмжээ авч байна. Гэвч эдийн засгаа хамгаалах бэлэн төлөвлөгөө байсангүй. Эрсдэлийн төлөвлөгөөтэй байх боломж ч манайд хомс байх. Монгол Улс валютын нөөц багатай, гадаад нөхцөл ч ярвигтай байна. Дээрээс нь Засгийн газар Олон улсын валютын сангийнханд “Уучлаарай” гээд хэлчихсэн.

-Хэрэв ОУВС-тай хамтраад Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөө үргэлжлүүлж байсан бол мөнгө авах боломж байж дээ.

-Эдийн засагт хэрэв гэсэн зүйл байдаггүй. Бодит нөхцөлдөө тулгуурлаад ирээдүйгээ тодорхойлох хэрэгтэй. Өнгөрсөн цаг бол өнгөрсөн.

-МҮХАҮТ-аас төсвөө тана гэж шахаагүй гэж ойлгосон. Сумд соёлын төв, захиргааны оффис барих зэрэг шаардлагагүй хөрөнгө оруулалтаа “царцаагаад”, түүгээр эдийн засгийн бодит секторт дэмжлэг үзүүлээч гэж санал гаргасан байна лээ. Тэдний тооцоогоор 200 тэрбум төгрөг сулрах юм билээ.

-Төсөвт мөнгө байгаа болов уу. Төсвийн орлого тасарчихсан тохиолдолд ийм дэмжлэг үзүүлж чадахгүй гэж бодож байна. Ярихад амархан байж болох ч төсвийн тодотгол хийхэд урт хугацаа зарцуулна. Төсөв батлуулахад ямар урт процесс туулдгийг бид мэднэ. Төсвөө тодотгох гэсээр байтал сонгууль нь тулчих биз. Бизнесийнхэнд зөв хүлээлт үүсгэх, эдийн засагт хурдтай нөлөөлөх шийдвэр л чухал.

-Энэ үед эдийн засгийг идэвхжүүлэх ямар шийдэл байна вэ?

-Зээлийг тэглэхгүй, популист ямар нэг амлалт өгөхгүй, хэрэгжүүлэхгүй, уриалахгүй гэдгээ Засгийн газар нэн түрүүнд хэлчих хэрэгтэй. Хүмүүс тэглэж, хойшлуулж магадгүй гэж хүлээгээд боломжтой ч зээлээ төлөхгүй байвал санхүүгийн байгууллагуудаа хүнд байдалд оруулна. Энэ нь нэгэнт үүссэн хүнд нөхцөлд нэрмээс болох юм. Төвбанкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр нөлөөг ч бууруулах магадлалтай. Харин Засгийн газар боомтуудаа нээгээд, ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн нөхцөлийг нь сайн хангаад нүүрсний экспортоо нэмэгдүүлэх бодлого баримтлах хэрэгтэй. Орлого олж болох бараа, бүтээгдэхүүн бүрээ экспортлох шаардлагатай байна.

-Ноолуураа экспортлоод хэрэггүй гээд ниймгийн сүлжээгээр уриалаад байгааг харсан уу. Таны эсрэг бодолтой эдийн засагчид бий шүү.

-Ноолуураа хадгаллаа гээд үнэ цэн нь хаачих вэ. Монголд бүх ноолуураа боловсруулах хүчин чадал байхгүй. Тэгэхээр үнэ цэн нь улам унана. Малчдыг зориуд хохироох утопи уриалга байна. Харин ч экспортлох хэрэгтэй.

-Эдийн засгийг мөнгөөр дэмжих гарцуудыг санхүүчид хайж, бодол санаагаа уралдуулж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 200 тэрбум төгрөгийн ногдол ашгийг шуурхай тараах хэрэгтэй гэсэн санал гаргасан. Ингэвэл эдийн засагт хэр үр нөлөө гарах бол?

-Ногдол ашиг тараах нь эдийн засгийг тэтгэх нэг арга мөн. Гэхдээ үр нөлөө багатай. Манай төр, засаг мөнгө тараах популизмыг олон удаа хийсэн. Уг нь өвдөхөд нь эм өгөх ёстой. Гэтэл манай төр, засаг эдийн засаг эрүүл байхад иргэдэд мөнгө тараах гэх мэт нийгмийн халамжийн шинжтэй популист бодлого хэрэгжүүлчихсэн. Одоо монголчууд ийм эмд дасал болсон. Тиймээс дасал болсон нөхөрт эм өгөхөөр эдийн засгийг тэтгэх хариу үйлдэл үзүүлэх боломж бага. Өмнө нь мөнгө тараагаагүй байсан бол өнөөдөр ийм арга хэмжээ авбал эдийн засагт илүү хүчтэй нөлөөлнө гэж бодож байна.

-Монголбанк мөнгө хэвлэж, эдийн засгаа дэмжих хэрэгтэй гэсэн санаачилга гарч байгаа. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Бүр буруу. Мөнгө хэвлээд нийлүүлэлтийг нь нэмэхээр инфляц өсөж, төгрөгийн үнэ цэн унана. Ийм бодлогын арга хэмжээ авч болох ч эдийн засагт хортой. Төвбанкны ерөнхийлөгч ингэх шаардлагагүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна лээ. Бараа, бүтээгдэхүүний үнэ өсөхөөр цалин нэмэхээс өөр аргагүй. Ингэхээр эдийн засгийн бодит секторт дарамт болно. Аж ахуйн нэгжүүдэд цалин нэмэх боломж байхгүй. Хувийн хэвшлийнхэн ажлын байрыг хадгалахад илүү төвөгтэй нөхцөл үүснэ. Би энэ талаас нь харж, хортой гэж хэлж байгаа юм. Төгрөг хэвлэлээ гэхэд ханшийн шок үүсэж магадгүй. Ийм тохиолдолд бидэнд туслах санхүүгийн байгууллага байхгүй. ОУВС-тай байгуулсан гэрээгээ бид зөрчөөд, харилцаа муутай байгаа. Одоо экспортоо нэмэгдүүлэх, төсвийн орлогын тасалдлаа нөхөхөд анхаарах хэрэгтэй. Эдийн засгийн талаас нь харж ийм дүгнэлт хийж буйг ойлгоорой. Улс төрийн өнцгийг нь нэмбэл өөр дүгнэлт гарч магадгүй.

-ОУВС-гаас нэг их наяд орчим ам.долларын санхүүжилт гишүүн орнууддаа олгоход бэлэн гэдгээ зарласан. Энэ мөнгөнөөс авах нүүр бидэнд байхгүй юу?

-ОУВС-тай хэлцэл хийгээд гэрээ байгуулж болно. Нэлээд хугацаа орох болов уу. ОУВС-гийн гишүүн орнуудын хаврын уулзалт ирэх сард болох товтой. Энэ уулзалтаас нэлээд зүйл тодорхой болно гэж хүлээж байгаа. Гэвч коронавирусийн тархалтаас шалтгаалаад хаврын уулзалт нь болох нь уу, үгүй юү гэдэг нь тодорхойгүй. Нислэгүүдийг зогсоосон учраас манайхаас төлөөлөл оролцох, эсэх нь эргэлзээтэй. ОУВС-гийнхан бидэнд мөнгө өгөхөд бэлэн гэх болов уу. Энэ бол үнэтэй л олдох мөнгө. Өндөр дүнтэй өр дээрээ өр нэмнэ л гэсэн үг.

-Таны ярианаас эдийн засгийг тэтгэх боломж тун хомс юм байна гэсэн дүгнэлт хийлээ.

-Тийм. Бидэнд боломж тун хомс байна. Хэлэлцээр хийлээ гэхэд ОУВС-гаас хэзээ мөнгө орж ирэх юм, бүү мэд. Эдийн засгийн нөхцөл энэ хэвээр гурван сар үргэлжилбэл байдал улам ярвигтай болно. Засгийн газар одоо “саалийн ганц үнээ”-гээ алж идчих гээд ч байгаа юм шиг царайтай сууж байна.

-“Саалийн ганц үнээ” нь юу вэ?

-Экспорт, хувийн хэвшил.

-Алаад идчихвэл ч бүр ярвигтай болох байх даа.

-Ганц үнээгээ алаад идчихсэн айл ямар болох билээ, яг тийм нөхцөл үүснэ. Гэхдээ арай ч ийм арга хэмжээ авахгүй гэдэгт итгэж байна. Эдийн засгийн нөхцөл улам хүндэрвэл боломжуудаа тооцож байгаад мөнгө босгох арга хэмжээ авах хэрэгтэй. Том төслүүдээ хөдөлгөх нь нэг гарц болно гэж хардаг. Эдийн засагчид том төслүүдээ хөдөлгөөч гэж яриад л байсан. Шийдэгдсэн асуудал нэг ч алга. Энэ тал дээр төр, засаг маш хөшүүн байгаа. Нэг үеэ бодвол манайд том төсөл хэрэгжүүлэх чадвартай хүний нөөц бүрдсэн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)