Р.ДАРХАНБАЯР: Томьёо цээжлэх бус, бодож буй зүйлийнхээ утгыг ойлгосон байх хэрэгтэй

Та Монгол Улсын хэд дэх иргэн бэ, “Монгол Улсын хүн амын нас хүйсийн суварга”, “Монгол Улсын хамгийн урт болон түгээмэл нэртэй хүмүүстэй танилц” зэрэг сонирхолтой тоон мэдээлэл олон нийтийн сүлжээнд цөөнгүй харагддаг. Статистик бол тоог мэдээлэл болгон хувиргадаг арга. Сүүлийн жилүүдэд актуарч, санхүүгийн инженерчлэл зэрэг нарийн мэргэжлийн эрэлт, хэрэгцээ өсөн нэмэгдэж буй. Нийгмийн эл хэрэгцээг хангах үүднээс оюутан, залуусын дунд статистикийн улсын олимпиад зохион байгуулдаг болжээ. Статистикийн улсын III олимпиадын тэргүүн байрын шагналт, МУИС-ийн Бизнесийн салбар сургуулийн санхүүгийн менежментийн ангийн дөрөвдүгээр түвшний оюутан Р.Дарханбаяртай ярилцлаа 

-Статистикийн олимпиадад амжилт гаргасан туршлагаасаа хуваалцаач. 

-Багаасаа л банк санхүүгийн чиглэлийн мэргэжил эзэмших хүсэлтэй байсан. Тиймээс математикийн хичээлээ бусдаас илүү сайн хийж, элсэлтийн ерөнхий шалгалтдаа 800 оноо авч, мэргэжлээ сонгосон. Нэгдүгээр түвшний оюутан байхдаа “Экономиксийн цагаан толгойг хэн сайн мэдэх вэ” улсын XIV олимпиадад оролцож, багаараа түрүүлсэн. Манай ангийнхан бизнесийн статистик гэдэг хичээлийг судалдаг. Тухайн үед сурахын зэрэгцээ ажил хийж байсан болохоор би олигтой төвлөрч чадахгүй, уг хичээлийг сайн сурч чадаагүй. Харин өвлийн амралтын үеэр хичээлээ бие даан судалж, дараагийн олимпиадад бэлдэж эхэлсэн. Гэртээ “Statistics for business and economics-4”, “Understanding business statistics”, Д.Бямбажавын “Магадлалын онол, математик статистик”, Т.Элдэв- Очирын “Бизнесийн статистик” зэрэг статистикийн англи, монгол хэлээр гаргасан зургаан номыг бие даан судалсан. Хүндрэлтэй, ойлгохгүй зүйл тааралдахад багш нарынхаа заасан хичээлүүдийг сэргээн санаж, статистикийн талаар сайн ойлгосон. Хоёрдугаар улирлын хичээл эхлэхэд дээд ангийнхны судалдаг онолын математик, магадлал, статистикийн чиглэлийн хоёр ч хичээлийг бие даан үзсэн. Энэ мэтээр олон талаас нь судалж өөрийгөө бэлдсэн. Б.Мягмарс үрэн багшаасаа зөвл өгөө их авсан. “Мандах” их сургууль болон Үндэсний статистикийн хорооныхны хамтран зохион байгуулсан тус олимпиадад 10 их, дээд сургуулийн 90 гаруй оюутан оролцсон.

-Статистик, тоо баримтыг бид амьдралд төдийлөн ашиглаж чаддаггүй. Тэдгээрийг ойлгож, ашиглахын давуу тал нь юу вэ? 

-Бид өдөр тутмын амьдралдаа статистикийн цөөхөн боловсруулалтыг л ашигладаг. Жишээ нь, дундаж наслалт, цалингийн хэмжээ, хүн амын тоо гэх мэт. Эдгээр тоо, баримт тухайн мэдээллийг баталгаатай болгодог. Хүн ам өслөө, эсвэл буурлаа гэхэд хэдэн хувиар, юунаас болов гэдгийг ялгаж, салгаж ойлгох нь чухал. Мөн бусдад мэдээлэл түгээхдээ ч харьцуулж, энгийнээр тайлбарлах хэрэгтэй. Миний хувьд ямар нэгэн шийдвэр гаргахдаа тоон мэдээллийг боловсруулж, шинжлэх шаардлагатай болдог. Тоог мэдээлэл болгон хувиргах, ашиглах олон шинж үүр байдаг. Тоогоор “нүдэж”, томьёо цээжлэх бус, бодож буй зүйлийнхээ утгыг ойлгосон байх хэрэгтэй.

-Статистикийн олимпиад гэхээр их сонирхолтой санагдлаа. Хими, математикийн олимпиад гэвэл олонх хүн ерөнхий ойлголттой байдаг. Харин статистикийн олимпиадад ямар даалгавар ирдэг, оролцогчдод хэр үр өгөөжтэй вэ? 

-Олимпиадын даалгаварт онолын асуулт цөөнг үй байсан. Тэмцээний дараа аливааг судлахдаа илүү нарийн уншиж, жижиг зүйлд ч анхаарал хандуулах хэрэгтэйг ойлгосон. Статистикийн улсын II олимпиадад Х.Амарт үвшин найз минь түрүүлсэн. Тиймээс дараа дараагийн уралдаан, тэмцээнд бид хамтарч бэлдэн, туршлага солилцох болсон. Миний голч оноо гурван улирал дараалан 3.5-аас дээш гарсан учир МУИС-иас 50 хувийн тэтгэлэг олгосон. Улсын чанартай уралдаан, тэмцээнд амжилттай оролцсоноор сургуулиас 40 хувийн тэтгэлэг бас өгдөг. Гэхдээ уг тэтгэлгийг хамт авах боломжгүй. Тиймээс голч онооны л тэтгэлгээ авч байна. Сургуулийнхаас гадна бусад тэтгэлэгт, хөтөлбөрт ч хамрагдсан. Зорьсондоо зүтгэж, бие дааж сурах нь хамгийн үр дүнтэй юм шиг санагдсан. Өөрийнхөө сурах арга барилыг эрт олж нээснээр хүрэх үр дүнгээ тооцоолох боломжтой.

-Энэ жил оролцохоор төлөвлөсөн уралдаан, тэмцээн бий юү? 

-Уг нь байсан. Гэвч цар тахлын улмаас бүгд хойшлогдсон. Гэхдээ эл боломжийг ашиглан англи хэлний мэдлэгээ дээшлүүлж байгаа. Мөн сургуулиа төгсөх дөхсөн учраас олон улсад мэргэжлээ дээшлүүлэх, хаана ажиллах талаар судалж байна.

Бэлтгэсэн: Б.Лхагва


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)