Р.БОЛД: Газрын мухарт байгаа орноо найдвартай, тасардаггүй шугамаар холбох бодлогыг Ерөнхий сайд эхлүүлсэн

Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болдтой хоёр улсын харилцааны асуудлаар ярилцлаа.

-Энэ онд Монгол, Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Хоёр орны харилцааны өнөөгийн байдлыг Та юу гэж дүгнэж байна вэ?

-БНМАУ-ыг Нэгдсэн үндэстний байгууллагын гишүүнээр 1961 онд элсэхэддэмжиж санал өгсөн Аюулгүйн зөвлөлийн байнгын бус есөн гишүүн орны нэг нь Турк улс. Тэр үед Туркийн төлөөлөгчөөс Д.Цэвэгмид гуайд хэлж байсан, дотнын үгс байдаг. Бид чинь 1995 онд найрамдал, хамтын ажиллагааны гэрээ байгуулж, улмаар стратегийн түншлэлийн харилцаа тогтоох чиглэлд ажиллахаар 2013 онд тохиролцсон, хэрэв тогтоож чадвал бүс нутгийн өндийж байгаа гүрэн, НАТО-гийн гишүүн хоёр дахь улстай ийм харилцаатай болно. Тэгэхээр энэ бүх ажлыг гүйцэлдүүлж ирсэн дипломатчиддаа талархах ёстой юм.

-Манай төр, засгийн удирдлага, Гадаад харилцааны яамныхан энэ ойд нэг их ач холбогдол өгсөнгүй, тэгэсхийгээд өнгөрч байх шиг санагдах юм?

-Хэмжээнд нь тохируулаад хийсэн зүйл бий бий. Яах вэ хэн хэн нь зүгээр суугаагүй, гэхдээ та зөв харсан байна, гаднын хүнд тэгэж санагдаж байгаа бол гадаад бодлого эзэнгүйдэж байгаагийнх юм болов уу.

-Олон улсын сүүлийн үеийн байдлаас харвал Таны суугаа нутагт юм юм л болж байгаа бололтой. Турк улс Сирид цэргээ оруулж байгааг Та юу гэж бодож байна вэ?

-Турк, Сирийн хооронд 1998 онд байгуулсан Аданагийн хэлэлцээрийн дагуу хэрэв Сирийн нутгаас террористууд заналхийлж байна гэж үзвэл тус улсын нутагт Туркийн тал 5-10 км цөмөрч, алан хядагчдыг мөрдөн хөөх эрхтэй юм. Тэгэхээр эрх зүйн үндэслэл байна гэсэн үг. Өмнөд хилийнх нь нөхцөл байдал ээдрээтэй болохоос биш Турк орон бол тогтвортой, гаднын хориг тавьсан саад тотгороос шалтгаалаад одоогоор эдийн засгийн өсөлт нь зогсонги болсон ч энэ нь түр зуурынх. Ер нь бол амаргүй үеийг туулж байна, үүнийг нь ойлгох хэрэгтэй.

-Турктэй харилцах нь Монголд ямар ач холбогдолтой вэ, бид Туркийг гуравдагч хөршөө гэж үздэг. Манай хоёр улс хэр идэвхтэй харилцаатай вэ, ямар салбарыг голловол зүйтэй бол?

...Уг нь бол Туркэд манай 2100 гаруй залуу их, дээд сургууль төгссөн, одоо 300 орчим оюутан суралцаж байна. Турк, Монголд манай хоёр орны эртний түүх, хэл шинжлэлийн чиглэлийн эрдэмтэн судлаач чамлахааргүй олон бий. Туркийн ашиг сонирхол ч үүнд төвлөрөөд цааш нэг их хальж өгөхгүй байх шиг. Тус улсад Монголын эдийн засгийг, Монголд Туркийн худалдааны бодлогыг судалдаг эрдэмтэн хайвал олдохгүй байж магад...

-Туркийг гуравдагч хөршийн нэг гэж үзэхээр тухайн үеийн Гадаад харилцааны яамны удирдлага 2011 онд гадаад бодлогын үзэл баримтлалдаа тусгуулсан нь маш зөв шийдвэр болсон гэж би хувьдаа үздэг. Манай энэ байр суурь эдүгээ тус улстай харилцах нүүр хуудас болж байна, үнэндээ. Өнөөдөр бидний гуравдагч хөрш гээд буй субъектүүдийн бараг тал нь нүүрээ бууруулсан нөхцөлд харилцааныхаа чиглэлийг тодорхой болгох юм бол Турк шиг жинхэнэ гуравдагч хөрш олдохгүй л гэж би хэлнэ. Харамсалтай нь, манай олон нийт, иргэд, улстөрчид Туркийн өнөөгийн байдлын талаар хангалтгүй мэдээлэлтэй байдаг юм билээ. Иймд хоёр талын харилцаа санасан хэмжээнд идэвхтэй байж чадахгүй байна. Манай экспортын бүтээгдэхүүний нэр төрөл туйлын хязгаарлагдмал тул хоёр талын худалдаа маш бага. Ач холбогдлын хувьд бол Туркийн газар зүй шиг ашигтай байрлал дэлхийд бараг байхгүй дээ. 

Иймд геополитикийн тоглолтыг их гүрнүүдтэй яаж хийж байгааг нь харах хэрэгтэй байх. Хоёрт, газар зүйн давуу байдлаа ашиглаад улс орноо, эдийн засгаа хэрхэн хөгжүүлсэн туршлагыг судлах нь чухал. Ялангуяа боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, чанар гээд бидний тулгамдсан асуудлыг хэрхэн амжилттай шийдэж байгаагаас нь суралцах гээд авах юм их бий. Турк бол 82 сая хүн амтай, жилдээ хүн амынхаа хагастай тэнцэх жуулчин гаднаас хүлээн авч байна, жилд 5-6 сая иргэн нь гадагшаа зорчдог, дэлхийн 17 дахь том эдийн засаг болж, хүнсний бүтээгдэхүүнээр түүний дотор цагаан идээгээ боловсруулж, дотооддоо хэрэгцээгээ үндсэнд нь хангасан. Турк хүн бүр өдөр алгасалгүй хоормог ууж байна шүү дээ. Бүх юмаа дотооддоо хийх зорилго, бодлоготой. Бид тус улстай хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт голлон харилцах нь зүйтэй юм билээ.

-Турк бол лалын шашинтай улс, Монголд бурхны шашин зонхилсон, энэ ялгаа харилцаанд нөлөөлдөг үү, ер нь Туркэд лалын шашны нөлөө хэр байдаг юм бэ?

-Туркийн хүн амын олонх нь лалын шашин шүтдэг хэмээдэг ч ийм шашинтай зарим нэг улстай харьцуулахад хэт хатуу ёс заншилгүй, харьцангуй либерал. Ер нь бол төр, шашныг албан ёсоор тусгаарласан улс. Туркийн нийгэм бол ерөнхийдөө Баруунжсан, Европын Холбооны гишүүн болно гэдэг зорилт нь тэр зүг рүү явна гэсэн үг. Сүүлийн үед лалын шашны нөлөө нэмэгдэх хандлагатай, гэхдээ энэ байдлыг нь миний ажигласнаар итгэл үнэмшил гэхийн зэрэгцээ даяарчлалын нөхцөлд уламжлал, ёс заншлаа шашныхаа хүчээр хадгалж, хослуулж, бас сахилга, дэгийг сахиулдаг ёс суртахууны чухал хүчин зүйл талаас нь харж байна уу даа гэж санагдсан. Дээр нь Туркийн геополитикийн нөхцөл байдал ч нөлөөлж байна лээ. Турктэй харилцахад шашны ялгаатай байдал нөлөөлдөггүй.

-Монгол, Туркийн түүх соёлын хэлхээ холбооны тухай бид их ярьдаг, энэ нь хоёр талын харилцааг урагшуулах нэг хөшүүрэг болдог уу?

-Мэдээж, эртний энэ хэлхээ холбоо нь туркүүдээс бидэнд найрсаг хандахын нэг үндэс болдог. Тийм ч учраас ТИКА нь эцэг, өвгөдийнхөө түүх, соёлын өвийг хадгалж хамгаалах талаар бидний хийх ажлыг өмнөөс маань хийж ирсэн. Бид ч гэсэн өөрсдөө эцэг, өвгөдийнхөө энд, тэнд үлдээсэн өв, түүхийг мөнгөө гаргаад хадгалж, хамгаалах асуудлыг ярих цаг ирэх л байх. Гэхдээ өнөөдөр хоёр талын харилцааг урагшлуулахын тулд Туркийн орчин үеийн хөгжил, амьдрал, өнөөгийн өрнөлийг таньж мэдэх хэрэгтэй юм. Уг нь бол Туркэд манай 2100 гаруй залуу их, дээд сургууль төгссөн, одоо 300 орчим оюутан суралцаж байна. Турк, Монголд манай хоёр орны эртний түүх, хэл шинжлэлийн чиглэлийн эрдэмтэн судлаач чамлахааргүй олон бий. Туркийн ашиг сонирхол ч үүнд төвлөрөөд цааш нэг их хальж өгөхгүй байх шиг. Тус улсад Монголын эдийн засгийг, Монголд Туркийн худалдааны бодлогыг судалдаг эрдэмтэн хайвал олдохгүй байж магад. Харин Туркийн орчин үеийн судалгаанд анхаарал хандуулахад манай Удирдлагын академи идэвхтэй ажилладагийг тэмдэглэх хэрэгтэй.

-Сая манай ИНЕГ-аас Улаанбаатар, Истанбулын хооронд шууд нислэг хийхээр Туркийн талтай хэлэлцээр байгуулсан байсан, Бишкекээр дайрч нисэх нь үнэхээр төвөгтэй юм билээ, ингэснээр манай хоёр талын харилцаанд нааштай нөлөөлөх үү?

-Мэдээж, тэгнэ. Зөвхөн Турктэй биш, Европ ч Монголд илүү ойртоно. Дээр нь шинэ нисэх буудал ашиглалтад орвол дамжин өнгөрөх зорчигч нэмэгдэх боломж бий. Улаанбаатар, Истанбулын хооронд одоо Бишкекээр дамжин нисэхэд бараг 9-10 цаг зарцуулж байна, шууд нисвэл 6-7 цаг. Нэгэнт хугацаа багасах тул ирэх зорчигч ч нэмэгдэнэ. Энэ шууд нислэгийг ирэх оны гуравдугаар сараас эхлэх юм. Манайд жилдээ ирдэг жуулчны тоотой тэнцэх зөвхөн Хятадын жуулчид Туркэд онгоцоор ирж байна. Олон улсын агаарын тээврийг Монголд идэвхжүүлэх нь гадаад бодлогоос гадна аялал жуулчлалаа дэмжих үүднээс анхааралд нь байх ёстой шүү дээ. Ер нь ч тийм л байдаг, техникийн асуудлыг нь мэргэжлийн байгууллага хариуцна биз. Бид аль болох олон улсаас, аль болох олон л нислэг хүлээн авах хэрэгтэй л гэж хэлэх байна.

-Энэ нь агаарын тээврийг либералчлах Ерөнхий сайдын явуулж байгаа бодлогын нэг хэсэг үү?

-Монголын агаарын тээврийн салбарт урьд өмнө байгаагүй ахиц гарсаныг хэлэх ёстой. Жилийн өмнө л Монгол руу гадаадын дөрвөн авиа компани нислэг үйлддэг байсан бол одоо долоо боллоо. Ингэснээр сонголт олшрох, өрсөлдөх, өрсөлдүүлэх, үйлчилгээний чанар сайжирах гээд нааштай зүйл олон. Наад зах нь манайд ирдэг гадаадын жуулчид нэмэгдэнэ. Төрөөс агаарын тээврийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлсэний эдийн засаг, геополитик, стратегийн чухал үр дагавар авчирах Ерөнхий сайд С.Хүрэлсүхийн энэ алхамыг манай олон нийт нэг их анзаарахгүй байх шиг. Газрын мухарт байгаа улс орноо гадаад ертөнцтэй найдвартай, тасардаггүй шугамаар холбох бодлогыг Ерөнхий сайд эхлүүлсэн гэж хэлж болно.

-Хоёр улсын хооронд хийж буй худалдаа маш бага гэлээ, худалдааг нэмэгдүүлэх ямар боломж байна вэ?

-Мэдээж, Туркийн хэрэгцээг хангах экспортын бүтээгдэхүүн манайд бий юү гэдгээс эхэлнэ дээ, хариулт нь хэнд ч ойлгомжтой. Иймд хоёр тал худалдаагаа нэмэгдүүлэхийг бодлогын хувьд дэмжье гээд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судалж, эхний алхам хийгээд байна. Турк нь худалдааны либерал бодлоготой, 24 улстай ийм хэлэлцээртэй. Нөгөө нь тээврийн асуудал. Туркийн тал бас ачаа тээвэрлэх нислэг хийе гэсэн санал тавьдаг, хэрэв үүнийг шийдвэл хоёр талын худалдааг өсгөх боломж нэмэгдэнэ. Дээр нь Хятадаас гарсан, Европыг зорьсон ачааны галт тэрэгний анхны цуваа Туркэд удахгүй ирэх гэж байна. Энэ бол “Нэг бүс, нэг зам” төсөлд Турк оролцож буйн жишээ. Уг нь манай хоёр улсад төмөр замаар холбогдох боломж байгаа юм.

-Нэгэнт Тантай холбогдсоных цаг үеийн нэг зүйл асууья, Монгол Улс саарал жагсаалтад орсон нь техникийн асуудал, гадаад харилцаанд нөлөөлөхгүй гэж Д.Цогтбаатар сайд хэлсэн. Та энэ мэдэгдэлтэй санал нэг байна уу?

-Улс хоорондын харилцаанд нөлөөлөхгүй л дээ, харин бизнес эрхэлдэг манай хувь, хувьсгалын байгууллагуудад, тэр ч байтугай гадаад шилжүүлэг хийх хүний үйл ажиллагаанд нийтэд нь биш гэхэд хэсэг хэсгээр нөлөөлнөө. Гаднын банк санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчдын зүгээс болгоомжлол нэмэгдэж, тэдний зүгээс шаардлагатай гэж үзвэл илүү олон зүйлийг шаардах болж, үл ялих шалтаг, шалтгаанаар манайхтай харилцахаас хойргоших магадлалтай. Хэрэв гадаад бодлого нь дотоод бодлогын үргэлжлэл гэж үздэг зарчим хэвээр байгаа бол хөрөнгө оруулалтыг татах, өөрийнхөө хувь, хувьсгалын банк санхүүгийн үйл ажиллагааг дэмжих нь нэн тэргүүлэх үүрэг. Энэ утгаараа саарал жагсаалтын асуудал тухайн улстай харилцдаг гадаад харилцаанд биш гэхэд бүхэлдээ эдийн засгийн гадаад бодлогын, бас ҮАБЗ-ийн анхааралд байх ёстой л байсан. Тэгэж чадсангүй. Саарал жагсаалт нь гадаад бодлого эрхлэгчдийн хувьд техникийн асуудал биш ээ, уг нь жинхэнэ хариуцах ажил нь мөн. Харин банк, санхүүгийнхний хувьд бол ёстой техникийн асуудал байх шүү. Дээр хэлсэн дээ, гадаад бодлого эзэнгүй байгаагийн л нэг шинж.