Р.БАТМӨНХ: Тусгай хэрэгсэл дээр суугаад баярлаж буй хүүхдүүдийг харах хамгийн сайхан

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн биеийн онцлог, оношинд нь тохируулж тусгай хэрэгсэл зохион бүтээсэн “Отгонтанхил” компанийн захирал Р.Батмөнхтэй ярилцлаа. Тэрбээр 2019 оны нийслэлийн “Шинийг санаачлагч шилдэг залуу”-гаар шалгарсан юм. Түүний бүтээсэн төхөөрөмжийн тусламжтайгаар алхаж, хооллож, инээж, баярлаж буй хүүхдүүдийн гэрэл зургууд тэдний ажлын байрных нь ханыг дүүргэсэн байлаа.

-Тусгай хэрэгсэл зохион бүтээх санаа хэрхэн эхлэв?

-Би цахилгаанчин, электроникийн мэргэжлээр 18 жил ажилласан. Сүүлийн гурван жил мэргэжлээ орхин, тусгай хэрэгсэл хийж байна. Би гурван хүү, нэг охинтой. Төрөлхийн шарлалт нь хүндэрсний улмаас охин минь тархины саажилттай болсон. Тухайн үед охиныхоо онцлогт тохирсон тусгай хэрэгсэл хайсан боловч Монголоос олоогүй. Импортоор оруулж ирдэг тусгай хэрэгслүүд хүүхдийн онош, биеийн онцлог, хэмжээнд тэр бүр таардаггүй, бас өртөг өндөртэй. Жишээлбэл, хөлд оруулагчийг есөн сая төгрөгөөр худалддаг юм билээ. Эмнэлэг, тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэгүүдээр явж байхад охинтой минь ижил оноштой хүүхэд олон байсан. Тэнд ч гэсэн ийм хэрэгсэл дутагдаж байгааг анзаарсан юм. Тиймээс охиндоо, тусгай хэрэгцээт бусад хүүхдэд туслахаар шийдсэн. Энэ зорилго минь амжилттай болж, одоогоор хот, хөдөөгийн 200 гаруй хүүхдэд төхөөрөмж хийж өглөө.

-Тусгай хэрэгслийн загварыг хэрхэн судалж, гаргасан бэ?

-Анх цалингаараа материал авч, хийсэн. Өдгөө гурван хүнд ажил олгож, дөрвүүлээ хамтарч тусгай хэрэгслээ бүтээж байна. Хийсэн хэрэгсэл бүрийг эхлээд охин минь туршдаг. Тухайн хүүхдийн онцлогийг нь мэдэхгүй бол тохируулж, хийж чаддаггүй. Интернэтээс судалж, гадуур худалдаж буй төхөөрөмжүүдийг харж, хэмжээ, стандартын дагуу хийдэг. Үеэл дүү минь сэргээн засах, мэдрэлийн их эмч. Дүүтэйгээ төхөөрөмжийн талаар ярилцаж, хийцээ тодорхойлдог. Мөн үйлчлүүлэгчдээс тусгай хэрэгслийн талаар саналаа хэлэхийг хүсдэг. Учир нь хэрэглэгчдийн санал, шүүмжлэлийн тусламжтайгаар илүү сайныг хийнэ шүү дээ.

-Та хүүхдүүдэд тусгай хэрэгслээ хандивласан гэж сонссон. Цэцэрлэгийн багш нар, эцэг, эхчүүд таныг сайн таньдаг юм билээ.

-Охин минь “Тэмүүжингийн андууд” цэцэрлэгт суралцдаг. Тэр олон хүүхэд шалаар нэг хэвтэх нь өрөвдөлтэй. Тус цэцэрлэгт долоон тусгай хэрэгсэл хандивласан. Импортын төхөөрөмжүүд үнэтэй учир хүмүүс худалдаж авахад бэрхшээлтэй. Амжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүдэд мэр сэр бэлэглэдэг. Нэг хүүхэд ч гэсэн алхаж байвал сайхан. Цаашид Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай хамтарч ажилламаар байна. Тусгай хэрэгслийнхээ үнийг хөнгөлүүлж, илүү олон хүүхдэд өгч, тэднийг хөгжүүлж, ээж, аавыг нь ч баярлуулахыг хүсдэг. Саяхан нэг компани байгуулсан. Учир нь энэ оны эхээр тусгай хэрэгсэл нийлүүлэх, холбон зуучлах компаниудыг сонгон шалгаруулах тендер зарласан. Гэтэл тендерийн шалгуурт үйлдвэрлэгч бус компани оролцох ёстой гэж заасан байна лээ. Үүнд шаардлагатай материалаа бүрдүүлж өгнө.

-Хэдэн төрлийн тусгай хэрэгсэл хийж байна вэ. Ямар өртөгтэй юм бол?

-Тухайн хүүхдийн нас, өндөр, онош, гар, хөл нь яаж, хаашаа мурийж, татдаг зэргийг харгалзан тусгай хэрэгслийн шийдлийг гаргадаг. Нэг төхөөрөмжийг аль болох олон төрөл, хэмжээ, хийцтэйгээр хийдэг. Тухайлбал, сунадаг, тухайн хүүхэд эдгэсэн тохиолдолд өөр нэгэн нь хэрэглэх боломжтой. Одоогоор таван төрлийн, нэг, хоёр, гурван үйлдэлт тусгай хэрэгсэл хийж байна. Хэрэгсэл тус бүрийг өндөр үнэтэй авснаас олон үйлдэлтэй нэг төхөөрөмж авах нь хамаагүй хэмнэлттэй шүү дээ. Тиймээс зогсоогч, алхуулагч, сандал, хэвтүүлэгч, ширээ гээд олон бүрдэл хэсэгтэй төхөөрөмж зохион бүтээдэг. Жишээлбэл, нэг үйлдэлтэй нь зөвхөн алхуулагч, эсвэл сандал юм. Хоёр үйлдэлтэй нь зогсоогчтой сандал болон зогсоогчтой алхуулагч гэсэн төрөлтэй. Харин гурван үйлдэлтэй нь ор, бас зогсоогч, сандал болчихдог гэсэн үг. Гурван үйлдэлтэйг нь 500 000 төгрөгөөр худалдаж байна.

-Тусгай хэрэгслийн ачаар хүүхдийн биед ямар эерэг өөрчлөлтүүд гардаг вэ?

-Хэвтрийн хүүхдэд зогсоогч маш чухал. Хүн голдуу зогсож байвал хоол сайн шингэж, цусны эргэлт эрчимжин, түнхний буруу хөгжил зэргээс сэргийлдэг. Хөлөө зөөж чаддаг хүүхэд алхуулагч дээр бусдын тусламжгүйгээр явах боломжтой. Эдгээр хэрэгслийн тусламжтайгаар хүүхэд алхаж, сууж, тоглон, сэтгэл санаа нь ч өөдрөг болж, үеийнхэнтэйгээ чөлөөтэй харилцаж чадна. Тархины саажилттай хүүхдийг тэвэрч буй хүний гар, хөл ямар их өвддөг билээ. Байнгын таталт, булчингийн чангарал, эсэргүүцэлтэй тулгардаг. Тусгай хэрэгсэлтэй бол байнга тэврэх шаардлага гарахгүй. Өдгөө гурван дугуйтай тусгай хэрэгсэл хийгээд, туршиж байна. Уг хэрэгсэл хүүхдийн хөлийг жийлгэдэг. Ингэснээр хүүхдийн алхах дадал сайжирч, түнхний булчин, өвдөгний түгжрэл болон бусад хүндрэл үүсэхгүй. Охин минь үүнийг ашиглаж, туршихад булчин нь буларсан. Хөшингө байсан учраас тэр. Хэдхэн хоног ашиглахад бие нь сайжирсан. Таазаараа ганхдаг хүүхэд тусгай хэрэгслийн тусламжтайгаар зогсож байна. Бид бас хүүхдийн шат, алхалтын зам, тэнцвэрийн хавтан хийж эхэлсэн. Хэрэглэгчдийн сэтгэл ханамж маш өндөр байгаа. Хүүхдүүд тусгай хэрэгсэл дээр суугаад инээхийг хараад баярлаж, урам авдаг. Нэг хүүхдэд тусгай хэрэгсэл хийж өгөхөд гараа хүчээр захирч байгаад, зүрхэн хэлбэр үүсгэж билээ. Ээж нь “Ахдаа хайртай шүү” гэж байна хэмээн тайлбарласан.

-Та бараг тусгай хэрэгцээт хүүхдүүдийн “эмч” болжээ?

-Тийм шүү. Үйлчлүүлэгчид надаас зөвлөгөө авдаг. Охиныхоо биеийн байдлыг маш сайн мэддэг болохоор тэр. Тухайлбал, хазгай гишгэдэг, эсвэл өлмий дээрээ зогсдог бол тусгай хэрэгсэлд нь аргамжаа байршуулна. Мөн хөлд нь хүндрүүлэгч хийж өгөхөд зөв алхаж чаддаг. Буруу зогсож, алхаад сурчихсан хүүхдийн шагай нь эргэчихдэг. Хэрвээ эргэчихсэн бол шагай нь яагаад ч тэгширдэггүй. Охиноо хоёр сартайгаас нь авхуулаад авч яваагүй газар гэж үгүй. Энэ бүхэнд юу эс үзэж, харж сонсох вэ. Энэ жилээс охиноо 67 дугаар сургуульд суралцуулсан. Бага зэрэг ядардаг ч биеэ цэгнээд ахиц гарч байна. Сургуулийнх захирал, багш нарын хандлага үнэхээр сайхан. Цахилгаанчнаас нэлээд хол мэргэжил шүү дээ, тусгай хэрэгсэл хийнэ гэдэг. Гэхдээ хүүхдүүдийн төлөө, сонирхлоо дагаад хийсэн, бас чадсан. “Монгол Хьюндай автоматив” компани, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт мэргэжлээрээ ажиллахаас гадна хувиараа зурагт, хөргөгч, угаалгын машин ч засаж байсан.

-Таны ажлын өрөөнд янз бүрийн л багаж, төхөөрөмж байна. Энэ олон зүйлийг хаанаас авдаг юм бэ?

-Нэг үеэ бодвол манайд худалддаг материалын нэр, төрөл харьцангуй олширсон. Ганцхан цэцгэн толгойтой чангалагч боолтыг олдоггүй учир БНХАУ-ын Гуанжоу хотоос 1000 ширхгээс доошгүйг захиалж авчруулдаг. Бусдыг нь дотоодоос худалдан авдаг. Би коллежэд сурдаг байхдаа л хувцсаа өөрөө оёод өмсчихдөг байсан. Гагнуур, мужаан хийх гээд юм юманд их сонирхолтой хүүхэд байлаа. Төмрөөр эд зүйл хийх бүр ч дуртай. Миний нэг давуу тал нь өрсөлдөгч цөөхөн. Одоогоор надтай ижил үйлдвэрлэгч Монголд байхгүй. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн цэцэрлэгт төхөөрөмжөө хандивлаж, охиноо сургаж байсан болохоор намайг эцэг, эхчүүд, багш нар нь танина. Тэд бүгд дэмжиж, захиалагч олонтой болсон. Мөн фэйсбүүкт тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн тусгай групп бий. Тэнд миний тусгай хэрэгслийн тухай мэдээллийг байршуулж, санал бодлоо хуваалцдаг.

-Цаашид тусгай үйлдвэрлэлээ хэрхэн хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна вэ?

-Би зогсоогчтой алхуулагчийг интернэтээс хайгаад олоогүй. Дан зогсоогч, эсвэл зөвхөн алхуулагч байдаг юм билээ. Тэгэхээр үүнийг би өөрөө зохион бүтээж, гардаж хийсэн гэсэн үг. Бүтээгдэхүүнээ цаашид хөгжүүлнэ, үүнийг дагаад үйлдвэрлэл ч өргөжих байх. Тухайлбал, хөдөлгөөн засал, сувиллын хоёр эмч тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхдийг тулж, алхуулдаг. Польшид ийм хүүхэд хэн нэгний тусламжгүйгээр алхаж, хөдөлж чадах цахилгаан төхөөрөмж бий. Түүн шиг тусгай хэрэгсэл бүтээхээр туршиж байна.

-Таны үйлдвэрлэлийг дэмжих, хөрөнгө оруулах ямар нэг санал ирсэн үү?

-Эхний тусгай хэрэгслээ хийхэд тав хонож байлаа. Одоо бол нэг алхуулагчийг гурван цагийн дотор л хийдэг. Цаашид үйлдвэрлэлээ хөгжүүлбэл үүнээс ч богино хугацаанд хийх боломжтой. “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, “Энэрэл” хүүхэд хөгжлийн төвийнхөн бидэнд дэмжлэг үзүүлдэг. Төрийн бус ганц, хоёр байгууллагаас хамтарч ажиллах санал ирсэн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)