Рэйвагийн тооллын шинэ эзэн хаан

Манай эриний өмнөх 660 онд Зиммү эзэн хааны бий болгосон Эзэн хааны ордны түүхэнд анх удаа буюу 2016 оны наймдугаар сард Акихито сэнтийнээсээ буухад бэлэн гэдгээ мэдэгдсэн билээ. Өөрөөр хэлбэл, эзэн хаан эсэн мэнд ахуйдаа хаан ширээгээ шилжүүлж буй анхны тохиолдол юм. 

Өдгөө 85 настай Акихито энэ сарын 30-нд сэнтийнээсээ бууж, том хүү, хунтайж Нарүхито халааг нь авна. Тийнхүү тавдугаар сарын 1-нээс шинэ Рэйвагийн тооллын эзэн хааны эрин үе эхлэх бөгөөд энэ өдрийг үндэсний баяр болгон тэмдэглэнэ. Японы 126 дахь эзэн хаанд өргөмжлөгдөх Нарүхито дэлхийн II дайнаас хойш мэндэлсэн, Японы анхны эзэн хаан болно.

УГСАА ЗАЛГАМЖЛАХ ХУНТАЙЖ

Хатан хаан Митико 1960 оны хоёрдугаар сарын 23-нд Токио дахь ордны хашаанд түр байгуулсан эмнэлэг буюу саравчинд угсаа залгамжлах хунтайжийг төрүүлжээ. Тус ордон дэлхийн II дайны үеэр холбоотнуудын хүчний бөмбөгдөлтөд өртөж, ихээхэн хохирол амссан учир тэр үед сэргээн засаж байсан аж. Өвөө, эзэн хаан Сёва 1989 оны нэгдүгээр сарын 7-нд таалал төгссөний дараа Нарүхито угсаа залгамжлах хунтайж болжээ.

Хунтайж багаасаа хөгжим, теннис, хаданд авиралт, морин спорт, бейсболоор хичээллэсэн байна. Мөн тээврийн хэрэгслийн түүхийг хүүхэд байхаасаа л сонирхжээ. 14 настайдаа Акихито Японы эзэн хааны ордны түүхэнд урьд байгаагүй алхам хийж, бизнес эрхлэгч Копин Харперынд нэг жил амьдрахаар Австралийг зорьсон байна. Угсаа залгамжлах хунтайж К.Харперын хүүхдүүдтэй хэл амаа түргэн олж, тэдний хамт Австралийн төвийн нутгийн Улуру хаданд гарчээ.

ГАКҮСЮИН ИХ СУРГУУЛЬ

Австралид өнгөрүүлсөн нэг жилийг эс тооцвол Нарүхито Эзэн хааны ордонд өсөж, хүмүүжсэн аж. Дөрвөн настайд нь Японы алдарт Гакүсюин их сургуульд сургахаар товлосон гэдэг. Тус сургууль 1847 оноос Нинко эзэн хааны үеэс дээдсийг сургадаг байжээ. Тэнд хунтайж бага ангиас түүхийн ухааны бакалаврын зэрэгтэй болтлоо нийт 18 жил сурсан гэнэ. Тэрбээр дундад зууны үеийн Японы усан тээврийн хэрэгслийн судалгаа хийж, диплом хамгаалсан байна.

1983-1986 онд Нарүхито Британийн Оскфордын их сургуулийн дэргэдэх Мёртон коллежид сурахдаа усан тээврийн хэрэгслийн түүх судалжээ. Улмаар угсаа залгамжлах хунтайж Англид амьдарч байсан тухайгаа “Темза ба би: Оксфордод өнгөрүүлсэн хоёр жил” номоо бичсэн. Эцэст нь, Нарүхито 1988 онд Гакүсюин их сургуульд түүхийн ухааны магистрын диплом хамгаалсан аж.

БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ

Тэрбээр дэлхийн усны экологийн системийн асуудлуудад онцгой анхаарч, энэ сэдвээр эрдэм шинжилгээний илтгэл цөөнгүй тавьжээ. Дэлхийн усны түншлэл байгууллагын хүндэт ерөнхийлөгчийн хувиар 2003 оны гуравдугаар сард Олон улсын усны гурав дахь удаагийн чуулганд “Киотог бусад бүс нутагтай холбосон усны зам” сэдэвт үгээ хэлсэн байна. 2006 онд Мексикт айлчлахдаа усны дөрөв дэх удаагийн чуулганд “Эдо ба усан тээвэр” сэдэвт үгээ хэлжээ. 

Мөн 2007 оны арванхоёрдугаар сард Ази, Номхон далайн усны дээд хэмжээний анхны уулзалтаар “Хүмүүс ба ус: Японоос Ази, Номхон далайн бүс нутаг” сэдвээр лекцээ тавьсан байна. Тэрчлэн буяны ажилд идэвхтэй оролцохын сацуу хунтайж Японы улаан загалмайн дэд ерөнхийлөгч гэсэн хүндтэй хэд хэдэн албан тушаал хавсран хашдаг.

ГҮНЖ АЙКОГИЙН ААВ

Угсаа залгамжлах хунтайж дипломатч бөгөөд НҮБ-ын Олон улсын шүүхийн дарга асны охин, Японы ГХЯ-ны ажилтан Масако Овадатай 1993 онд гэрлэжээ. Тэд Токио дахь эзэн хааны Синтоис сүмд уригдсан 800 зочин, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан үзсэн дэлхийн 500 сая хүний өмнө гэрлэх ёслолоо хийсэн байна. Эл хуримд Европын хаадын олонх болон дэлхийн төр, засгийн тэргүүн нарын дийлэнх нь уригдан оролцсон. Залуу хос Токио дахь Тогу ордонд амьдрах болжээ.

Масако хүүхэд насаа ОХУ-ын нийслэлд өнгөрүүлж, Британи, АНУ-д боловсрол эзэмшсэн. Хунтайжийнх 2001 онд охинтой болсон нь гүнж Айко (хайрын хүүхэд гэсэн утгатай) аж. Түүнийг мэндэлснээс хойш гүнжид угсаа залгамжлах эрх олгох асуудал хөндөгдөж, 2006 оны нэгдүгээр сарын 26-нд Ерөнхий сайд Зюнъитиро Коизүми жил тутмын үгээ хэлэхдээ эмэгтэй хүнд хаан ширээ загламжлах эрх олгох тухай хуулийн төслийг парламентад өргөн барихыг үүрэг болгосон юм. 

Гэхдээ тэрбээр тийм хууль өргөн барих хугацааг заагаагүй. Хэрэв уг хууль баталсан бол Айко Японы анхны угсаа залгамжлах гүнж болох байжээ. Харин хунтайж Нарүхитогийн дүү Фүмихито 2006 онд гурав дахь удаагаа аав болсон аж. Түүний хүү хаан ширээ залгамжлах магадлал гүнж Айкогоос илүү байгаа юм.

МАСАКОГИЙН БАЙДАЛ

Хунтайж Нарүхито 2008 оны долдугаар сарын 11-нд олон нийтэд хандаж үг хэлэхдээ эхнэрийнх нь биеийн байдлыг ойлгож, хүлээн авахыг хүсжээ. Гүнж Масако дасан зохицох чадваргүй буюу сэтгэл гутралын хүнд хэлбэрийн өвчтэй учир олны өмнө ховорхон гардаг.

Англи, орос, герман, франц хэлтэй, ирээдүйтэй дипломатч болж болох байсан тэрбээр эзэн хааны гэр бүлийн гишүүн болсноор тогтсон ёс жаягаас гадна угсаа залгамжлагч төрүүлэх ёстой гэсэн үүрэг, хариуцлагын улмаас ийм өвчтэй болсон гэдэг. Түүнийг япон Диана гэх нь ч бий.

ГАДААД АЙЛЧЛАЛ

1990-ээд оноос Нарүхито хилийн чанадад улсаа төлөөлөн албан ёсны айлчлал хийж эхэлсэн байна. Тухайлбал, 1997 онд Бутанд эхлээд хамгийн сүүлд 2014 онд Швейцарт албан ёсны айлчлалаа хийжээ. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан 2009 оны хоёрдугаар сарын 9-нд Вьетнамд долоо хоногийн хугацаатай айлчилсан байна.

ЯПОН УЛС РЭЙВА ЭРИНТЭЙ ЗОЛГОНО

Дэлхийд ганц, Японы эзэн хаант засаглалын нөлөө дайны дараах Америкийн түрэмгийллийн үеэр эрс хязгаарлагджээ. Гэсэн ч өнөөг хүртэл Японы эзэн хаан нь ард түмнийхээ эв нэгдлийн бэлгэ тэмдэг болж, эрх барих үе нь дуусахаар тус улсад шинэ эриний тоолол эхэлдэг. 

Угсаа залгамжлах хунтайж Нарүхито Японы шинэ эзэн хаан болж, төр барих эринийг Рэйва гэж нэрлэнэ. Тус улсын Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга шинэ эринийг нэрлэх хоёр дүрс үсэг харуулсны утгыг үгчлэн буулгавал “энх тайван, нийцэл” гэсэн утгатай.

Харин Ерөнхий сайд Шинзо Абэгийн тайлбарласнаар, шинэ эриний урианы гол утга нь дүрс үсгэндээ бус, шүлгэнд бий. Учир нь Японы VII-VIII зууны үеийн “Манъёсю” гэдэг яруу найргаас рэйва гэдэг үгийг сонгожээ. Уг бүтээл дэх “рэй” гэдэг дүрс үсэг нь рэйгэцү буюу ямар нэг зүйлийг эхлэхэд сайн сар, “ва” нь явараги буюу салхи намжиж байна гэсэн утгатай аж. Одоогийн эринийг Хэйсэй буюу энх тайван тогтох эрин гэдэг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)