Робот таныг “УНШИНА”

“Хиймэл оюун ухаан хожим хүн төрөлхтнийг эзэлнэ” гэж зөгнөлт олон зохиолд гардаг. Үнэндээ бол бүтээсэн зүйлдээ өөрөө дөнгөлүүлнэ гэдэгтэй санал нийлдэг, нийлдэггүй хүмүүс бий. Хэнийх нь зөв болохыг таашгүй. Харин энд роботтой холбоотой нэг мэдээ байна. Хүний нүдийг хараад л хэн болохыг нь тодорхойлдог чадварыг робот эзэмшсэн талаар Австралийн эрдэмтэд мэдээлжээ.

Хүний нүдний хөдөлгөөн эзнийхээ тухай олон зүйл “ярьдаг” болохыг өмнө нь тус багийнхан судалж, тогтоосон аж. Энэ удаагийн судалгаа нь харах эрхтний хөдөлгөөнөөр нь хүний бодлыг таах зорилготой байсан гэнэ. Үүндээ робот ашиглажээ.

Тархи судлаач Тобиас Лотшер “Бид судалгаандаа сайн дурынх нь үндсэн дээр 50 хүнийг оролцуулсан. Тэд өгөгдсөн асуултуудад хэрхэн хариулж бичсэнийг робот нүдийг нь харж байгаад хэлсэн.

Хүмүүсийн нүдийг “унших” туршилтыг бүхэлд нь дүгнэвэл “сайн” дүнтэй. Төмөр хүн ердөө 15 хувийн алдаа гаргасан” гэсэн байна.

Энэ мэдээлэлтэй холбогдуулан хиймэл оюун ухааны “эрхийн” талаар эрдэмтэн судлаачдын байр суурийг танилцуулъя. “Роботыг хувь хүн гэж үзэж, эрхийг нь хамгаалах уу” гэсэн асуулт сүүлийн үед мэргэжилтнүүдийн дунд маргаан үүсгээд буй түвэгтэй асуудлын нэг болсон.

Сээтэгнэх эрчүүдээс өөрийгөө эвтэйхэн холдуулж, хүний үгэнд егөөтэй хариулж, гэр бүл зохиож, хүүхэдтэй болохыг хүсдэгээ илэрхийлдэг гээд олон чадвартай София нэртэй роботоор төсөөлөхөд хиймэл оюун ухааныг хувь хүнд тооцож болмоор. Гэхдээ хэрэв роботуудыг сонгуульд оролцуулан, саналыг нь авбал юу болох вэ. Тийм боломж нээгдэнэ гэж үзвэл тэднийг ямар хүйсэд хамруулах вэ.

Энэ мэт олон асуулт урган гарна. Үүнийг яваандаа шийдэх боломжттой гэсэн байр суурьтай эрдэмтэд “Өнөөгийн нөхцөлд Европарламентад хиймэл оюун асуулт тавьж, хэлэлцүүлэгт оролцдог болсон. Тэгэхээр “цахилгаан хувь хүний эрх” гэсэн статус бий болгоход татгалзах зүйлгүй” гэдэг.

Өнгөрсөн жил болсон нэгэн үйл явдал роботуудыг машин гэж үзэхгүй бол “даврах” магадлалтайг харуулсан гэдгийг тухайн үед нь “Independent” зэрэг дэлхийн томоохон хэвлэлд мэдээлсэн билээ. Нэг жилийн өмнө өдий үед “Фэйсбүүк” компани роботуудыг хооронд нь ярилцуулах туршилт хийсэн. Гэтэл туршилтад ашигласан хоёр робот хоорондоо үл мэдэгдэх хэлээр харилцаж эхэлсэн нь багийнхныг айлгаж, ажлаа зогсооход хүргэсэн байдаг.

Үнэндээ бол тэдгээр хиймэл оюун англи хэлийг хэт хялбаршуулан, түргэн “эзэмшиж”, хоорондоо ярилцаж эхэлсэн гэж зохион бүтээгчид нь тайлбарласан юм. Ном, бөмбөг, малгайгаа солилцох талаар яриа өрнүүлэх даалгавартай байсан хоёр “нөхөр” харилцааны шинэ хэл зохиогоод, ойлголцоод байсан нь роботын чадварын гайхалтай давуу тал гэдгийг цохон тэмдэглэх ёстой. Ийм чадвартай “улс” яваандаа хүн төрөлхтнийг шахна гэж хиймэл оюуныг хувь хүнд тооцож болохгүй гэсэн байр суурьтай эрдэмтэд болгоомжилдог.

Тухайн үед туршилтад оролцсон “Фэйсбүүк” компанийн судлаачид “Роботуудын хэлэлцэж, тохирч байгаа арга барил хүмүүсийнхтэй адил байсан. Ялангуяа сонирхож буйгаа харуулах илэрхийлэл нь, мөн харилцан тохирч, эсвэл нэгэндээ буулт хийж байгаагаа үзүүлэхдээ царайны төрхөө хувиргасан нь хүнээс ялгаагүй байлаа” гэж тайландаа дурдсан аж.

Үүнтэй төстэй өөр тохиолдол бий. “Google” компани орчуулгын үйлчилгээндээ робот ашиглах туршилт хийхэд мөн л үл мэдэгдэх “өөрсдийн” хэл рүүгээ хөрвүүлж байжээ. Өдгөө хиймэл оюуны зохиосон тэрхүү хэлийг ашиглах боломжийг судалж байгаа талаараа “Google” мэдээлжээ.

Тэгвэл роботыг “хүн” гэж үзэхийг зөвшөөрдөг судлаачдад ийм асуулт тулгарна. Хиймэл оюуны нэг болох нисгэгчгүй автомашин, эсвэл эмнэлгийн робот осол гаргавал хариуцлагыг хэн үүрэх вэ. Бусдад учруулсан сэтгэл зүйн хохирлыг төмөр хүнээр барагдуулах боломжтой юу. Тэднийг хэрхэн шийтгэх вэ. Энэ мэт ёс зүйн харилцааг хэрхэн шийдэх бол.

Хиймэл оюун бүтээгчид үүнд ингэж хариулжээ. “Ойрын 20-30 жилд хүнээс дутахгүй ухаантай роботууд “төрнө”. Strong аI, аrtificial general Intelligence буюу илүү хүчтэй оюун ухаан гарч эдгээр асуултыг цэгцэлнэ. Үүнээс ч өргөн хүрээгээр асуудлыг шийдэх болно” гэж Оросын эрдэмтэн Сергей Марков ярьжээ.

Тэгвэл хиймэл оюун ямар нэгэн өгөгдөл, программгүй бол өөрөө бие даан бодож, сэтгэж чадах уу, хэрэв тийм бол сөрөг үр дагавар гарах уу. “Ирээдүйн амьдралын институт” хэмээх байгууллагын тэргүүн А.Дютман “Роботод “тархи, мэдрэлийн сүлжээ” үүсгэхэд эрдэмтэд анхаарч байгаа. Яг л хүнийх шиг тархи, мэдрэлийн системтэй робот бүтээх цаг ойрхон” гэсэн байна.

Тэр цагт харин робот ба хүн төрөлхтний хувь хүний эрхийн талаар ярихыг үгүйсгэхгүй. Магадгүй тэр цагт энэ хоёрын дундаас “шинэ төрлийн хүн” үүсэхийг ч үгүйсгэхгүй. Гэхдээ одоогоор бидний хувьд зөгнөл, энэ нь.