Рио 2016: ОУОХ-ны гишүүн саатуулагджээ

Олон улсын олимпын хорооны гүйцэтгэх хорооны гишүүнийг олимпын тоглолтын тасалбарыг шагласан хэрэгт буруутгаж, баривчиллаа хэмээн орон нутгийн хэвлэл мэдээллээ. Энэ хэрэгт 71 настай Патрик Хикей холбогдож, Рио хотын зочид буудлаас баривчлагдаж, төд удалгүй бие нь өвдсөн тул Барра дүүргийн эмнэлэг рүү хүргэгдсэн байна. Бразилын цагдаагийн газраас түүнийг албаны тасалбарыг илүү өндөр үнээр борлуулсан, хууль бус наймаа хийсэн хэмээн буруутгаж байгаа юм. Хэрвээ Хикей буруутай нь тогтоогдвол дээд тал нь долоон жилийн ял авах болно.

Хикей Ирландын олимпын хорооны тэргүүн. Одоогоор тус холбооны цахим хуудсаар хэргийн үнэн зөв шийдэгдэх эсэхийг хүлээж буйг мэдэгдсэн байна. Тэрбээр 2012 оноос ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн сонгогдон ажиллаж байгаа нэгэн юм. Гэхдээ тасалбар хууль бусаар борлуулсан хэрэгт Хикей ганцаараа холбогдоогүй. Түүнтэй хамт зургаан хүнийг энэ хэрэгт холбогдуулан саатуулсан гэнэ.

 Хууль сахиулагчдын үзэж байгаагаар 1000 орчим тасалбарыг хууль бусаар борлуулсан гэж таамаглаж байна. Түүнчлэн Олимпын паркийн гадаа тасалбар хууль бусаар борлуулж байсан 40 орчим хүнийг баривчилжээ.

Патрик Хикей гэж хэн бэ?

Патрик 1945 онд төрсөн. Тэрбээр үл хөдлөх хөрөнгийн бизнесээр гараагаа эхэлж, жүдогийн хар бүстэй байсан тул их спортод элэгтэй хүн болжээ. Улмаар Ирландын жүдо бөхийн холбоог 1979 оноос хойш тэргүүлж, 1989 онд хүндэт ерөнхийлөгчөөр томилогдсон. Харин 1981 оноос Ирландын олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажиллаж, 1989 оноос олимпын хороог тэргүүлэх болжээ. Харин 2006 оноос Европын олимпын хороог удирдаж, Европын наадмыг зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэж байв. Улмаар 2012 оноос ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажиллаж буй юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)