Рио 2016: Осолд орсон тамирчин түргэний тэрэг ирэхийг 40 минут хүлээжээ

Риогийн олимпод оролцогч Косовогийн тамирчин Кёндрим Гури хурдны замаар дугуйтай явж байгаад осолд орж, хүнд бэртэл авсан байна. Нүдээр үзсэн гэрч нарын мэдүүлснээр түүнийг Барра да Тижука хотын ойролцоох Виториа эмнэлэгт яаралтай хүргэсэн аж. Харамсалтай нь осол болсны дараа түргэнд дуудлага өгсөн. Харин түргэний машин дуудлага өгснөөс хойш 40 орчим минутын дараа ирсэн гэнэ. Одоогоор осолд орсон дугуйчны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс зайлсхийж байгаа юм.

Энэ явдал Бразилийн эрүүл мэндийн салбар ямар түвшинд байгааг тод харууллаа гэж иргэд нь бухимдаж байна. Тэд олимпийн ид ачаалалтай байгаа үед ингэж ажиллаж байгаа түргэнийнхэн энгийн үед хэрхэн ажиллахыг төсөөлөхгүй байна гэж бухимдлаа илэрхийлжээ.

К.Гури Косовогийн шилдэг дугуйчдын нэг. Тэрбээр тус улсын дугуйн холбооноос гурван жил дараалан шилдэг дугуйчны шагнал авсан нэгэн.

Харин бэлтгэлээ хийж яваад осолд өртсөн анхны дугуйчин нь тэр биш. Энэ сарын 2-нд БНСУ-ын дугуйчин Окчеол Ким мөн бэлтгэлээ хийж яваад осолд орсон ч азаар хүнд бэртэл аваагүй байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)