“Рио-2016” олимпийн хөлбөмбөгийн тэмцээний тойм

Бразилийн Рио де Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын хөлбөмбөгийн тэмцээн тун сонирхолтой , дуулиан шуугианаар дүүрэн болж байна. Монголын тамирчдынхаа “дээлийн захыг” мушгин Рио руу нүд чихээ төдийгүй сэтгэл оюунаа чиглүүлэн байгаа та бүхний цаг завыг барахгүйн тулд товч тоймыг бичлээ.

Олимпийн хөлбөмбөг эрэгтэй ба эмэгтэй гэсэн хоёр төрлөөр явагддаг бөгөөд эрчүүд 1900 оноос анхлан олимпийн ногоон талбайд тоглож эхэлсэн бол бүсгүйчүүд 1996 оноос олимпод оролцох болсон. Эрэгтэйчүүдийн тэмцээнд 23 –аас доош насныхан(нэг багт гурван 23-аас дээш насныхан байж болдог) оролцдог бол эмэгтэйчүүдэд ямар нэгэн хязгаар шалгуур байхгүй , хамгийн шилдгүүд оролцдог билээ.
ЭМЭГТЭЙ: 
Урьдчилсан тоглолтод хэсэгтээ эхний хоёр байр эзэлсэн Бразил, БНХАУ, Канад, Герман, АНУ, Франц болон хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн багуудаас үзүүлэлтээрээ Швед, Австралийн багууд шөвгийн наймд шалгарсан. Дашрамд дурьдахад Олимпийн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн төрөлд 12 баг оролцдог бөгөөд зохион байгуулагч Бразилийн багаас бусад нь эрхээ авч орсон. 2011 оны Дэлхийн аварга , өмнөх олимпийн мөнгөн медальт Япон, 2000 оны олимпийн аварга Норвеги гээд мундаг багууд олимпийн эрхээ авч чадаагүй гэхээр л Риод ямар ширүүхэн тоглолтууд хүлээж байсан нь ойлгомжтой байлаа. Хэсгийн сүүлчийн тойргийн тоглолтод Бразил бүсгүйчүүд ӨАБНУ-тэй, АНУ-ын баг Колумбтэй тэнцсэн нь үүний нэг баталгаа болсон. Ингээд шөвгийн наймын буюу хасагдах шатны тоглолтууд ёстой л “гал гарч” эхэлсэн дээ.
АНУ-ШВЕД 1:1 ( т.ц 3:4)
Эмэгтэй хөлбөмбөг олимпод оролцох болсноос хойш алгасалгүй оролцсон гуравхан баг байдаг нь АНУ, Бразил, Швед. Эдний хоёр нь ийнхүү энэ удаа хоорондоо таарлаа. Америкийн бүсгүйчүүд бол тэмцээний гол фаворит. Өмнөх таван олимпод тавууланд нь финалд шалгарч, дөрвөн алт авсан “аймаар” баг. Дэлхийн аваргад 1999 оноос хойш түрүүлж чадахгүй байсан “хар цуврал”-аа өнгөрсөн жил зогсоож, дэлхийн гурван удаагийн аварга болсон. Дэлхийн аварга болсны дараахан Ерөнхийлөгч Обамаг хүлээн авахад “Бид дэлхийн аварга. Гэхдээ эрэгтэй хөлбөмбөгчдөөс хэд дахин бага цалин авдаг нь шударга бус байна” хэмээн “даварсан” хүсэлт гаргаж байсан ч удаатай. Ер нь Риод алт л авах ганцхан зорилготой, үүндээ ч нилээн итгэлтэй байсан байх. Дэлхийн аваргын дараа бүрэлдэхүүнд нь залуу тоглогчид нилээд орсон ч Алекс Морган, Хоуп Соло, өнгөрсөн оны дэлхийн шилдэг эмэгтэй хөлбөмбөгч Карли Ллойд нар нь бүгд л Риод ирсэн болохоор арга ч үгүй болов уу. 
Шведийн эсрэг хийсэн тоглолтод ч АНУ-ын бүсгүйчүүд бүх талаар илүүрхэж байлаа. Бөмбөг эзэмшилт, хаалга руу хийсэн цохилт , гоолны момент, булангийн цохилт гээд л . Гэвч хөлбөмбөгт хэн илүү тоглосон нь бас хождоггүй билээ. Шведийн баг тун ч нягт хамгаалж, сөрөг довтолгоо хийх боломжийг яаралгүй хүлээж байлаа. Шведийн дасгалжуулагч бол өмнөх хоёр олимпод АНУ-ын багийг дасгалжуулж аварга болгосон, нэг үгээр АНУ-ын багийг маш сайн мэдэх хүн л дээ. Тиймээс ч хүчирхэг өрсөлдөгчөө зогсоож болох цорын ганц энэ тактикийг сонгосон биз. Үнэхээр ч тоглолтын 60 дахь минутад Шведийн сөрөг довтолгоо амжилттай болсон. Гэсэн хэдий ч нэг их удалгүй Америкийн багийн супер од Морган тооны харьцааг тэнцүүлэх нь тэр. 
Бразилийн домогт хөлбөмбөгч Манэ Гарринчагийн нэрэмжит Үндэсний цэнгэлдэхэд цугласан үзэгчид Шведийн багийг эргэлзэлгүй уухайлан дэмжих аж. Арга ч үгүй. Бразил хагас шигшээд шалгарвал энэ хоёрын хожсонтой таарах байсан юм. Шведийг талбайн эзэд хэсгийн тоглолтод 5:1-ээр хожсон болохоор хэнийг дэмжих нь ойлгомжтой. За ингээд 120 минутын дараа ялагч тодорсонгүй, хоёр багийн хувь заяа торгуулийн цохилтоор шийдэгдэх боллоо. 
АНУ-ын багийн цохилтыг Алекс Морган эхлүүлсэн ч шведийн хаалгач амжилттай хаалаа. Харин шведийн гуравдахь цохилтыг гүйцэтгэсэн Сембрант алдлаа. Сүүлчийн 5 дахь цохилтыг АНУ-ын Пресс хаалган дээгүүр “цөлсөн” бол Шведийн Дальквист “далийлгүй” хаалганд оновчтой цохисноор “Америк мөрөөдөл” хийсэн одох нь тэр.
Америкийн бүсгүйчүүд анх удаагаа олимпийн ногоон талбайг медальгүй орхиж байгаа бол Шведийн шаргал үстнүүд олимпийн анхны медалиа авахын төлөө үзэх нь.
ГЕРМАН-БНХАУ 1:0
Германы бүсгүйчүүд дэлхийн хошой аварга болж байсан ч Олимпоос бол гурван хүрэл авсан “даруухан” амжилттай. Харин Хятадын баг аль алинд нь үзүүрт үлдэж байсан түүхтэй ч сүүлийн үед төдийлөн өндөр амжилт гаргахгүй байгаа баг. 
Тоглолтын эхнээс Германы баг санаачилгыг өөртөө авч шургуу довтлон тоглосон. Гэвч тоглолтын 76 дахь минут хүртэл тэдний довтолгоог Хятадын хамгаалагчид, ялангуяа хаалгач нь маш сайн няцаасан. Германы биерхүү тоглогч Берингерийн 16-ийн гаднаас цохисон маш хүчтэй цохилтыг л яаж чадсангүй алдлаа. Тоглолт дуусахад 5-хан минут дутуу байхад Хятадын баг 11 метрийн торгуулийн цохилт хийх болж, тоог тэнцүүлэх сайхан боломжтой болсон юм. Гэвч 12 дугаартай Ван Шуаны цохилт хаалганы шон оносноор нэмэлт цаг сунгах шаардлага гарсангүй ээ.
КАНАД-ФРАНЦ 1:0
Ер нь бол тоглолтоор ч , амжилтаараа ч ойролцоо тэнцүү хоёр баг. Дэлхийн аваргаас медаль аль аль нь авч үзээгүй ч ямар ч багуудыг айлгадаг . Өмнөх Лондоны олимпод энэ хоёр хүрлийн төлөө үзээд Канад бүсгүйчүүд ялж байсан. Энэ удаа ч Канадын баг хожлоо. Франц уг нь гоё тоглолттой ч том тэмцээний од муутай юм даа.
БРАЗИЛ-АВСТРАЛИ 0:0 (т.ц 7:6)
Бразилийн бүсгүйчүүд Олимпийн хошой мөнгөн медальтай. Дэлхийд ч бас үзүүрлэж байсан баг. Олимпийн финалд хоёр шалгарч хоюуланд АНУ-ын багт, тэгэхдээ бүүр хоюуланд нь нэмэлт цагт хожигдож байсан юм. Тиймээс Шведийн баг АНУ-ыг хожсон нь тэдэнд өмнө нь ямар их боломж гарч буйг мэдрүүлсэн байх. Гэхдээ... гэхдээ тэд эхлээд Австралийн багийг ялж байж хагас шигшээ, цаашлаад аваргын төлөө тоглоно гэдгийг санах хэрэгтэй. Мэдээж Австрали хүүхнүүд олимп, дэлхийн аль алинд нь хагас шигшээд ч шалгарч үзээгүй баг. Гэвч өнгөрсөн жил Канадад болсон дэлхийн аваргын хасагдах шатанд Бразилийг 1:0-ээр хожиж байсан.
Брөкилчууд тоглолтын турш илүүрхээд цаг дуусахаас 10 минут хүрэхгүй хугацаанд гоол алдаад хожигдож байсан билээ. Харин энэ удаа яадаг бол?
Яг л жилийн өмнөх шиг Бразил дайраад, Австрали хамгаалаад тоглолт үргэлжилсээр. Бразил бүсгүйчүүд хаалга руу бараг 30 удаа цохиж, 20 шахам булангийн цохилт гүйцэтгээд ч гоол ордоггүй ээ. Дэлхийн шилдэг эмэгтэй хөлбөмбөгчнөөр 5 удаа шалгарч байсан “юбкатай Пеле” гэгддэг, Бразилийн багийн ахлагч Марта ёстой л бүхнээ хийсэн дээ. Хаалга руу хэд ч цохив, хэдэн ч дамжуулалт хаяв, хэдэн ч булан цохив, хэдэн ч хүн хуурав бүү мэд. Аугаа тоглогчийн, ахлагчийн нуруунд бүх ачаа ирдэг гэдэг юутай үнэн бэ. Бразилийн багаас өөр нэг заавал нэр цохон дурьдах хүн бол Формига. Эдүгээ 38 настай энэ бүсгүй талбайн дунд хамаг “хар ажлыг” хийдэг, үнэхээр сольшгүй тоглогч. Өдий насны тоглогч 120 минут өндөр темптэй тоглохдоо бараг л цуцсан шинжгүй гүйсээр байх нь үнэхээр гайхалтай. Бод л доо 20 жилийн өмнө энэ Формига Атлантын олимпод эмэгтэй хөлбөмбөг анх ороход тоглож байсан. Үүнээс хойш 6 олимпод тасралтгүй оролцсон цорын ганц хөлбөмбөгч. Дээр нь бас 6 дэлхийн аваргад тоосоо өргөсөн гэж байгаа. Энэ үзүүлэлтээр Японы Хомаре Сава л түүнтэй эн зэрэгцэнэ.
За ингээд тоглолтоор бол Бразил “бөмбөгдөөд л , бөмбөгдөөд л” байдаг харин бөмбөг хаалганд ордоггүй ээ. Австралийн чацархаг хамгаалагчид, хаалгач нь ёстой хана хэрэм мэт хаалгаа хааж байлаа. Харин сөрөг довтолгоо , ялангуяа стандарт цохилтыг үед Бразилийг ихэд сандаргана. Тоглолтын цаг явсаар л. 
Миний бие Бразилийн хөлбөмбөгийн багийг дэмждэг болохоор сүүлдээ ч ингэж байгаад ноднингийнх шиг юм болох вий дээ хэмээн хүртэл бодогдох. Ядаж байхад Бразилийн хаалгач Барбара нэртэй, бас “бараан” царайтай юм. Тээр 1950 онд Мараканад Бразил илт илүү мөртлөө Уругвайд хожигдоход хаалгач маань Барбоза нэртэй “бараан царайтай” хүн байсан гэдэг ч толгойд орж ирээд байх. Дээр нь тоглолт Бразилийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн “хар өдөр” болсон нөгөө хоёр жилийн өмнө Германд 1:7-оор хожигддог Белу Оризонте хотын “Минейро” цэнгэлдэхэд болоод байхдаа яахав дээ гээд л түмэн “түгшүүр” төрж байлаа. 
Нээрээ л тоглолт дуусахаас хэдхэн минутын өмнө Австралийн довтлогчийн холын цохилт хаалганы хөндлөвч онож “авраагүй” бол дээрх бодол бодит болох тун дөхсөн дөө. 
Үндсэн болон нэмэлт цаг 0:0 –ээр дуусаж , 11 метрийн торгуулийн цохилтоор ялагчийг тодруулах боллоо. Эхний дөрөв дөрвөн цохилтыг аль аль багийн тоглогчид алдалгүй гүйцэтгэв. Тав дахь хамгийн хариуцлагтай, цохилтыг багийн ахлагч, Бразилийн найдвар Марта гүйцэтгэх боллоо. Түүнийг алдалгүй оруулна гэж бүгд л хүлээж байсан ч дэлхийн бүх цаг үеийн шилдэг эмэгтэй хөлбөмбөгч маань цохилтоо хаалгах нь тэр ээ. Одоо Австралийн тав дахь цохилт. Хийвэл Бразил нутагтаа дахин нэг гутамшигт ялагдал хүлээх нь. Гэвч өнөө Барбара маань хэрэгтэй үед, хэрэгтэй цагт багаа аварч цохилтыг хаалаа. Марта өөрийн эрхгүй уйлж харагдана. Хамгийн шилдгүүд яагаад “пенальти” их алддаг юм бэ? Аргагүй тэд бусдаас илүү үүрэг хариуцлага хүлээдэг, бусдаас илүү их сэтгэл зүйн дарамтад байх. 
Дараа нь Австралийн багийн 8 дахь цохилтыг Барбара дахин хааж, багаа хагас шигшээд гаргалаа. “Хөлбөмбөгийн бурхан” Бразилийг энэ өдөр л лав “бодсон” бололтой.
Ийнхүү “Рио -2016” олимпийн хөлбөмбөгийн тэмцээний эмэгтэйчүүдийн хагас шигшээд Бразил-Швед, Канад-Германы баг учраа таарахаар боллоо.
ЭРЭГТЭЙ:
Урьдчилан таахад тун төвөгтэй хөлбөмбөгийн тэмцээний нэг нь Олимпийн хөлбөмбөгийн эрэгтэйчүүдийн тэмцээн. 23-аас доош насныхан ордог болохоор аль баг нь ямар бүрэлдэхүүнтэй болохыг тэр болгон мэдэх боломжгүй,” битүү морьд” олонтой тул нээлттэй, хэн хэнээсээ айж бэргэлгүй задгай тоглодог. Энэ цагийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Неймар ахлагчтай, “Габи –Гоол” хочит Габриэль, Габриэль Жезус нарын олон залуу ододтой Бразилийн баг гэхэд л эхний хоёр тоглолтод хожих нь бүү хэл ганц ч гоол оруулж чадаагүй бол Нигери-Японы тоглолт 5:4-өөр өндөрлөж, Аргентин, Мехсик гээд олимпийн аварга багууд хэсгээсээ ч гарч чадахгүй үлдэж, БНСУ нэгээр, Герман хоёроор гарч байх жишээтэй. Мөн ганц ч хожигдолгүй Иракын баг гурван тэнцээгээр тэмцээнийг орхих болсныг ч дурьдах ёстой .
Шөвгийн наймын тоглолтод Германы баг Португалыг илүүрхэн 4:0-ээр хожсон. Энэ тоглолтод Германы довтлогч Гнабри “Рио-2016” –ийн зургаа дахь гоолоо оруулж, “мэргэн буучдын” жагсаалтыг итгэлтэй тэргүүлж эхэллээ.
Нигерийн баг Данийн багийг 2:0-ээр хожин хагас шигшээд Германтай таарлаа. Нигерийн багийн ахлагч, “Челси”-ийн Оби Микель тоглолтын эхний гоолыг оруулсан.
Азийн төлөөлөл болон үлдсэн Өмнөд Солонгосын баг Хондурасын багт 0:1-ээр хожигдлоо. Хэдийгээр довтолгооны олон хувилбар хийж, үзүүштэй тоглож байсан ч сөрөг довтолгоогоор Хондурасын баг гоол оруулан хагас шигшээд тоглох эрхээ авсан. Солонгосын багт ур чадвар, техник өндөр олон залуу тоглогч байгаа нь энэ олимпоор харагдлаа.
Тэмцээний зохион байгуулагч орон Бразилийн баг энэ Олимпод түрүүлэх ганцхан зорилготой. Алтнаас өөр ямар ч медаль Бразилийн ард түмний санаанд хүрэхгүй. Бразилийн хөлбөмбөгийн шигшээ багт түрүүлж үзээгүй тэмцээн хэд байдаг бол?
Дэлхийн аварга, Өмнөд Америкийн аварга, Хойд Америкийн аварга, Холбоодын цомын аварга, залуучуудын дэлхийн аварга, идэрчүүдийн дэлхийн аварга, футзалын дэлхийн аварга, элсний хөлбөмбөгийн дэлхийн аварга гээд хөлбөмбөгт байж болох бараг бүх тэмцээнд тэд түрүүлж, тэгэхдээ бүүр олон удаа түрүүлж. 
Харин ганцхан Олимпийн наадамд л хөлбөмбөгөөр түрүүлж үзээгүй ажээ. Олимпоос гурван удаа мөнгө, хоёр удаа хүрэл медаль зүүсэн бөгөөд 1984 онд Дунгатай, 1988 онд Ромарио, Бебето, 2012 онд Неймар , Тиагу Сильва, Оскар, Пату, Марсело нартай байсан ч түрүүлж чадаагүй билээ.
Тэгвэл энэ удаа эх орондоо олимп болж байхад л түрүүлэхгүй бол өөр хэзээ, өөр хаана гэж?
Тэгээд ч 2014 онд нутагтаа болсон дэлхийн аваргын “гунигт түүхийг” бразил хүн болгон хурдхан мартахыг хүсч буй нь лав. Тиймээс ч Неймарыг Олимпийн шигшээдээ тоглуулж байна. Цэнгэлдэхэд ч пиг пүүрэн үзэгчид цуглаж багаа дэмжиж байна.
Хэсгийн тоглолтод муугүй тоглосон хэдий ч гоолын аз харьж гэхээр байв. ӨАБНУ, Ирактай 0:0 тэнцэж, сүүлчийн тоглолтод хожигдвол бүүр хэсгээсээ ч шалгарахгүй хасагдал аюулд хүрсэн. Гэвч Данийн багийг 4:0-ээр ялан шөвгийн наймд Колумбын багтай учраа таарлаа.
Гурван тоглолтод гоол оруулж амжаагүй байсан Неймар энэ тоглолтын “салхийг хагалан” чөлөөт цохилтоос маш гоё гоол оруулсан. Супер одууд хэрэгтэй цагт л “гарч” ирдэгээрээ бусдаас ялгардаг ажээ. Тоглолт хурц ширүүн, хортой шартай болсон. Оон ч тоглогч шар “жавтий” хүртсэн. Хоёрдугаар үеийн төгсгөлд Луан бас нэг гоё гоол оруулснаар Бразил хагас шигшээд шалгарлаа. 
Хагас шигшээд тэд Хондурасын багтай алдарт “Маракана”-даа тоглох юм.

“Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)