Рио 2016: Неймарын содон амжилт

Бразилын хөлбөмбөгийн шигшээ багийн лидер Неймар 15 секундэд гоол оруулснаар олимпын түүхэнд хамгийн хурдан гоол оруулж, нэрээ мөнхөллөө. Алдарт "Маракана" цэнгэлдэхэд явагдсан хагас шигшээ тоглолтод Бразил, Гондурасын шигшээ баг учраа таарсан юм. Энэ тоглолтод талбайн эзэн бразилчууд өрсөлдөгчөө 6:0-ээр буулган авснаар Германы шигшээ багтай аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо.

Дэлхийн таван удаагийн аварга Бразилын хөлбөмбөгийн шигшээ баг түүхэндээ олимпын аварга болж үзээгүй. 

Германы шигшээ баг Нигерийг 2:0-ээр буулган авч, финалд шалгарсан билээ.

Сонирхуулахад, олимпод хамгийн богино хугацаанд гоол оруулсан тоглогч бол Мексикийн Ориб Пералта. Тэрбээр дөрвөн жилийн өмнө Бразилыг 2:1-ээр хожиход 29 секундэд гоол оруулж байв. Энэ олимпод Гондурасын довтлогч Алберт Елис хэсгийн шатанд Португалын эсрэг мөн 29 секундэд гоол оруулсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)