Ренчинлхүмбэд хоёр см зузаан цас орлоо

Бороотой өдрүүд үргэлжилж, ихэнх нутгаар сэрүүслээ. Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх талаар Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтэн Ч.Сарангэрэлээс тодрууллаа.

-Сүүлийн тав хоног бороотой байлаа. Ойрын өдрүүдэд дахин борооших уу?

-Төв, зүүн зүгийн нутгаар ойрын хоёр хоног бороо орж, сэрүүснэ. Мөн 24, 27-нд дээрх аймгуудын нутгаар бага зэргийн бороотой. Говийн аймгуудын нутгаар салхи 12-14 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Нэг үгээр хэлбэл, ойрын хоёр хоногт ихэнх нутгаар сэрүүхэн байх нь. 25, 26-нд өдөртөө бага зэрэг дулаарах боловч 27-нд нутгийн зүүн хагаст дахин бороо орж, хүйтэрнэ. Харин 28-наас хойш ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

-Хөвсгөл аймагт уржигдар цас орсон гэв үү?

-Тийм. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд 21-ний үүрээр бага зэргийн хур тунадас орж, шөнөдөө хасах градустай хонолоо. Гэвч энэ нь бороотой холилдон орсон учраас нойтон цас болон хувирчээ. Борооны хэмжээ 14 мм-т хүрсэн байна лээ. Түүнчлэн Алтайн нуруу, Баян-Өлгий, Хөвсгөлийн хойд талын сумдаар шөнөдөө 0-4 градус хүрч хүйтэрсэн. Өнөө маргаашдаа уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна.

Хөвсгөл аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний албаны Урьдчилан мэдээлэх хэлтсийн мэргэжилтэнтэй холбогдоход “Манай алба сумын төвдөө ажиглалт хийдэг, уулаараа орсон цасыг мэдээлдэггүй. Ренчинлхүмбэ сумын төвд орсон цасны зузааныг хэмжихэд хоёр см байсан. Харин Баянзүрх зэрэг суманд уулаараа цастай байна гэсэн аман мэдээ хүлээж авлаа” гэв.

Хэд хоног орсон бороо Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хэнтийн нурууны зүүн хажуугийн Балж голын түвшинг 35 см-ээр нэмж, үерлүүлжээ. Тиймээс дээрх голуудын сав дагуу суурьшсан малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг үер усны аюулаас сэрэмжлэхийг Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтсээс анхаарууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)