​Регистрийн дугаараа нууцал


Техник, технологи хөгжиж, иргэд төрийн олон үйлчилгээг түргэн шуурхай авч эхэлсэн. Энэ нь нэг талаар бидний ажлыг хөнгөвчилж, цаг завыг хэмнэх давуу талтай. Гэсэн ч үүнээс шалтгаалан хувь хүний нууц мэдээллүүд алдагдах эрсдэлтэйг Харилцаа холбооны зохицуулах газраас анхаарууллаа. Засгийн газрын 2015 оны 254 дүгээр тогтоолд цахим системд холбох, төрийн үйлчилгээний жагсаалтад 167 төрлийн лавлагаа оруулсан. Үүнд иргэний үнэмлэхийн, төрсний бүртгэлийн, гэрлэлт цуцалсан тухай гэх зэргээс авхуулаад ТҮЦ машин болон сүүлийн үед цахимаар ч авах боломж бүрдсэн, хувийн нууцад хамаардаг нэлээд хэдэн төрлийн лавлагаа багтжээ.


Цахим сүлжээнд иргэн, хуулийн этгээдийн иймэрхүү мэдээллийг байршуулснаар кибер гэмт хэрэгтнүүд хаана, ямар мэдээлэл хадгалагдаж байгааг мэдэж, үүнээс үүдэн гэмт хэрэг гарч болзошгүй юм байна. Ялангуяа хувь хүний нууц мэдээллийг иргэний үнэмлэх, регистрийн дугаараар олж авах боломжтой гэнэ. Тиймээс та иргэний үнэмлэхээ бусдад дамжуулахгүй, шаардлагагүй тохиолдолд регистрийн дугаараа хүмүүст хэлэхгүй байх, олон хүний дунд зарлахаас зайлсхийхийг Харилцаа холбооны зохицуулах газраас санууллаа. Учир нь аж ахуйн нэгж, байгууллага төрийн албан тушаалтнууд бидний хувийн мэдээллийг хэрхэн хамгаалдаг нь тодорхойгүй. Нөгөө талаар байгууллага, аж ахуйн нэгжид хадгалагдаж буй хувийн нууц мэдээллийг олж авахыг санаархагчид олширсон гэдгийг ч сэрэмжлүүлсэн. Хувь хүний нууцын тухай хуульд “Хувь хүн нууцаа өөрөө хамгаална” гэж заасан тул иргэн та нууц мэдээллээ бусдад алдахгүйн тулд эрсдэлтэй алхам хийхгүй байхыг зөвлөлөө.


Бэлтгэсэн: М.Оч


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)