“Реал Мадрид”-д тоглох мөрөөдөлтэй хөлбөмбөгчин

Өнөө цагийн хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй, нөлөө бүхий спорт аль нь вэ гэвэл эргэлзэлгүй хөлбөмбөг хэмээн хариулах нь гарцаагүй. Дэлхий даяар олон сая хүн хөлбөмбөгийн тоглолтыг шөнө, өдөргүй нойроо хагаслан, хоолоо умартан үзэж, тамирчдын солилцоо, наймааг чих тавин хүлээдэг. Энэ гайхамшигтай спортод монгол тамирчин хэзээ алдраа дуурсгаж, монголчууд бид хэзээ өөрийн гэсэн “од”-той болох вэ. Гадны томоохон лигт хүчин зүтгэж буй монгол хөлбөмбөгчнийхөө өмсгөлийг өмсөн, тоглолтыг нь цэнхэр дэлгэцээр шимтэн үзвэл хэчнээн сайхан билээ.

Энэ мөч ойртсоор байгаа гэвэл уншигч та итгэх үү. Өнгөрсөн жил Монголын дөрвөн хөлбөмбөгчин Унгар улсыг зорьж, алдарт тамирчин, Аваргуудын лигийн гурван удаагийн аварга Ф.Пушкашийн нэрэмжит академид жилийн хугацаанд суралцаад саяхан эх орондоо ирсэн нь үүнд хүрэхэд ташуур болсон нь гарцаагүй. Тэдний нэг Ганболдын Ганбаяр “Пушкашийн академи”-д тэнцэж, тэр ч бүү хэл багийнхныхаа хамт олон улсын “Сузуки цом” тэмцээнд оролцон, хүрэл медаль хүртэж, анхны гэх тодотгол бүхий олон амжилтын эзэн болов.

Тэрбээр Европ тивийн тэмцээнд өрсөлдсөн төдийгүй медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсон юм. Түүгээр ч үл барам хүрэл медалийн төлөөх тоглолтод торгуулийн цохилтоос гоол оруулж, багаа хожилд хөтөлсөн нь яахын аргагүй бахдам амжилт. Тэгэхдээ бүр дэлхийн алдарт “Реал Мадрид, “Спортинг”, “Бавари Мюнхен”-ий хүүхдийн багийг хожсоныг нь онцлохгүй байхын аргагүй.

Г.Ганбаяр медаль хүртэх, эсэхийг нь шийдэх чухал мөч (торгуулийн цохилт)-ийн өмнө юу бодож байсан талаараа “Хэр баргийн зүйлд сандарч, тэвддэггүй нь миний давуу тал юм болов уу. “Би чадна” гээд л зүтгэдэг. Хэрвээ гоол оруулж чадахгүй бол багийнхаа амжилтаас хойш нь татах тул алдах эрх надад байгаагүй. Өрсөлдөгчийнхөө хаалганы аль хэсэг рүү өшиглөх вэ гэж эргэлзэж, бодоогүй ээ. Гоол оруулах мөчид үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрсөн. Хөгжөөн дэмжигчид, багийнхныхаа баярлаж буйг харах сайхан юм билээ. Хүрэл медалиа энгэртээ гялалзуулан шагналын тавцанд зогсож байхад “Монгол хөлбөмбөгчний ур чадварыг дэлхийд таниулах мөрөөдөл минь биелэхэд нэг алхам ойртлоо” гэж бодсон” хэмээв.

Багаасаа хөлбөмбөгт хорхойсож, дурласан тэрбээр долоон настайдаа буюу 2007 онд Сэлэнгэ аймгийн дасгалжуулагч Т.Ганхуягаар энэ спортын А үсгийг заалгаж, амьдралаа холбожээ. Тэр жилээ өсвөрийн үеийн УАШТ-д өөрөөсөө таван насаар ах тамирчидтай өрсөлдөн, түүгээр ч үл барам гоол оруулж, хөлбөмбөгийн хорхойтнуудын хайрыг татаж, хараанд нь өртөж эхэлсэн юм.

Үеийнхнээсээ хавьгүй өсгөлүүн биетэй тэрбээр багаасаа дээд насныхаа ангилалд, өөрөөсөө ах тамирчидтай өрсөлдсөн нь ур чадвар, амжилт нь хурдан ахихад нөлөөлсөн нь мэдээж. УАШТ тэргүүтэй дотоодын томоохон тэмцээнээс хэчнээн медаль хүртэж, хэдэн удаа шилдгээр шалгарсныг нь түүнээс тодруулахад “Үнэнийг хэлэхэд яг тэд гэж тоолж байгаагүй. Тоог нь алдсан. Лав 2010 оноос хойш оролцсон тэмцээнээсээ медалиас мултарч байгаагүй, ихэнхэд нь шилдэг тамирчнаар шалгарсан. Ах минь “Хоромхон” клубт тоглодог байсан нь намайг хөлбөмбөгчин болох, “Хоромхон”-д зүтгэхэд их нөлөөлсөн. Бүх байрлалд хурдан дасаж, тоглож чаддаг нь миний давуу тал” хэмээн инээмсэглэв.

Тэрбээр 2014 оны 13 хүртэлх насны Азийн АШТ-ий урьдчилсан шатны тэмцээнд Макаотой хийсэн тоглолтоо дурсах дуртай, санаанаас нь ер гардаггүй гэнэ. Учир нь Г.Ганбаяр тус тоглолтод таван гоол оруулж, ирээдүйд их юм дуулгах хүү гэдгээ баталсан юм.

Ахынхаа тоглодог байсан “Хоромхон” клубт тоглож, 2016 оноос хойш “Хүрхрээ” үндэсний лигт өрсөлдөж буй тэрбээр “Хүрхрээ”, “Пэпси” лигээс хүрэл медаль хүртээд байна.

Ур чадвар, амжилт нь өдрөөс өдөрт өсөж буй түүнийг өнгөрсөн жил үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаасан ч хүндэтгэх шалтгааны улмаас хүчин зүтгэж чадаагүй.

Г.Ганбаяр “АС Милан” багт 2011, “Bar­net FC”-д өнгөрсөн жил шалгуулж, анхны шанг нь татсан. Хоёуланд нь тэнцсэн ч насанд хүрээгүй, гэр бүлээрээ тус улсад амьдрах ёстой гэсэн шаардлагын улмаас эх орондоо буцахаас өөр аргагүй болсон гэнэ. Энэ тухайгаа “Би “АС Милан” багийнхантай хамт нэг фестивальд оролцож түрүүлсэн. Тоглолт болсон цэнгэлдэхэд Төрийн далбаагаа бариад орох мөчид сэтгэл их догдолсон шүү. Өнгөрсөн жил “Barnet FC-д шалгуулж байх үеэр болсон бас нэг тэмцээнд алдарт дасгалжуулагч Жозе Моуриньогийн хүүхдийн хаалганд гоол оруулсандаа их урамшсан. Гэхдээ түүнийг Ж.Моуриньогийн хүү гэдгийг тоглолтын дараа “Daily mail” сониныхон ярилцлага авах үеэр л мэдсэн. Би тэр тоглолтод хоёр гоол оруулж, нэг оновчтой дамжуулалт өгсөн” гэлээ.

Харин “Пушкашийн академи”-д өнгөрүүлсэн нэг жил, цаашдын зорилгынхоо тухай “Унгарт очсоныхоо дараа ганцаардаж, гэрээ их санасан. Би уяхан. Монгол дуу сонсохоороо, гэр бүлийнхнийхээ зургийг хараад л уйлчихна. Гэр орноо аль болох санахгүй, бусдад мэдэгдэхгүйн тулд бэлтгэл дууссаны дараа үргэлжлүүлээд л хийнэ. Заримдаа бэлтгэлээ хэтрүүлээд, ядарчихна.

Биднийг хорват хүн дасгалжуулдаг. “Пушкаш”-т миний насны 20-25 хүүхэд тогтмол бэлтгэл хийдэг. Бэлтгэл тасалдаг, муу зуршилтай 3-4 хүүхдийг хасна гэнэ лээ. Унгарыг зорихдоо тактикийн тоглолт, мэдрэмжээ бүр сайн хөгжүүлье гэж зорьсон. Үүндээ 100 хувь хүрч чадлаа. Унгарчууд монголчуудад их элэгтэй. “Чингисийн Монгол” гээд л элгэмсэг хандана.

Миний зорилго “Пушкашийн академи”-тай гэрээ байгуулснаар хэмжигдэхгүй. Английн Прьемер лигт тогловол гоё доо. Гэхдээ “Реал мадрид” клубт тоглох нь миний хамгийн том мөрөөдөл. Багаасаа энэ клубийг, К.Роналдуг дэмждэг байсан. Би наймдугаар сарын дундуур юм уу, есдүгээр сарын эхээр Унгарт очиж, “Пушкаш”-тай албан ёсоор гэрээ байгуулна.

Ойролцоогоор 3-4 жилийн гэрээ байгуулах болов уу. Энэ дашрамд, намайг үргэлж дэмждэг Монголын хөлбөмбөгийн холбоо, “Хоромхон” клуб, Сэлэнгэ аймгийн IV сургуулийн хамт олон, гэр бүлийнхэндээ баярлаж явдгаа илэрхийлье” гэлээ. Тэрбээр ирэх сард болох залуучуудын Азийн АШТ-д оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан, амжилтын төлөө зүтгэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)