Р.Гончигдорж: Үгүйсгэл дээр суурилсан шинэчлэл гэж байдаггүй юм

УИХ-ын гишүүн асан, АН-ын ҮЗХ-ны гишүүн Р.Гончигдоржтой ярилцлаа.

-Ардчилсан намын шинэчлэлийн талаар өнөөдөр ид яригдаж байна. Гэхдээ шинэчлэл хийнэ гэхээр хаанаас, юунаас, юуг нь шинэчлэх ёстой юм бэ?

-Ардчилсан нам хүчтэй байх ёстой. Хүчтэй байхын тулд дотооддоо ардчилалтай, нээлттэй, гишүүдийнхээ оролцоог хангасан, шийдэлтэй, улс орны хөгжлийн бодлогоо төлөвлөдөг, бодлого гаргахдаа судалгаан дээр тулгуурладаг байх ёстой. Ардчилсан нам ард түмний хүлээлт, итгэл найдварыг тээж явдаг хүчтэй улс төрийн хүчин. Тэр утгаараа ардчилсан намын жижигхэн алдаа том болж харагддаг. “ард түмэн ардчилсан намд хайртай” гээд хэлчихэд буруудахгүй гэж боддог. Хүн хайртай хүнээ багахан алдаа гаргахад нь “Том алдаа байна” гэж хараад засахын төлөө явдаг. Харин хэнд ч хамаагүй хүн алдахад түүний алдааг анзаардаг хүн байдаггүй. Би өөдрөг хүн. Ардчилсан нам болохоо байлаа, нураад уначихлаа гэдэг уруу дорой байдлаар яавч шинэчлэлийг хийж чадахгүй. Энэ шинэчлэлийн эхлэл нь Ардчилсан намын даргыг нийт гишүүдээсээ сонгох сунгаа. Манай намын нийт гишүүдийн шударга оролцоог бүрэн хангахаас биш цаг зуурын оролцогчид битгий байгаасай. Намын даргад нэр дэвшсэн таван нэр дэвшигчийн эв нэгдлээр илэрхийлэгдсэн үйл ажиллагаа болж байгаа гэдгээ харуулж чадвал намын шинэчлэл эхэлчихлээ гэж бардам хэлж болох. Намын шинэчлэлийн нэг том алхам ингэж л харагдах учиртай юм. Тиймээс үр дүнгээсээ илүү процесс нь чухал.

-Жаахан тодруулахгүй юу?

-Хэн намын дарга болох вэ гэхээсээ илүүтэй намын даргын сунгаа хэрхэн зөв явагдав, сунгаа яаж намын жирийн гишүүдэд хамааралтай, хариуцлага хүлээсэн хүмүүсийн түвшинд эв нэгдлийг хэр хангаж байна вэ гэдэг нь хамгийн чухал. Ардчилсан нам шинэчлэлээ хийж чадах уу, үгүй юу гэдэг эргэлзээ байх хэрэггүй. Эхний алхмаа хийж чадах ёстой.

-Танай нам заавал сонгуульд ялагдсаны дараа шинэчлэл хийх ёстой байсан юм уу. Эрх мэдэлтэй байх үедээ хийж болоогүй юм уу. Эрх мэдлийн төлөөх тэмцэлдээ энэ бүхнийг сөхөөрч амжаагүй юу?

-Ардчилсан нам байнгын үйл ажиллагаатай байсан. Тухайлбал, “Монгол хүн-2020” хөтөлбөрийг боловсруулахын тулд 2008 оноос эхлэн ард түмнээ, гишүүдээ сонсох аянг эхлүүлсэн. Тухайн үед Н.Алтанхуяг намын дарга, Д.Эрдэнэбат намын ерөнхий нарийн бичгийн дарга байсан. Энэ хоёр хүн сайн ажилласан. Монгол Улсаа бүтэн тойрч 78 мянган км явсан. Ард түмэн, намын гишүүдийнхээ санаа оноог сонссоны дүнд “Монгол хүн-2020” хөтөлбөрөө боловсруулан 2008-2012, 2012-2016 он хүртэл хоёр том сонгуульд орох мөрийн хөтөлбөрөө гаргаж ирсэн юм. 2008-2012 оны хооронд мөрийн хөтөлбөрийн эхний үе шат хэрэгжиж, өнгөрөгч дөрвөн жилд хоёр дахь үе шат нь үргэлжилсэн. Ардчилсан нам нээлттэй, бодлого тодорхойлогч болохыг зорьж шинэчлэл хийгээд явж байсан. Харин ямар ч шинэчлэл байгаагүй юм шиг ярьж болохгүй. Үгүйсгэл дээр суурилсан шинэчлэл гэж байдаггүй юм. Заавал үргэлжлэл дээр суурилсан шинэчлэл гэж байдаг. Үргэлжлэл дээр суурилахдаа алдаагаа ухаарч түүнийгээ давтахгүй, юун дээр онов гээд түүнийгээ баталгаажуулдаг хоёр баганан дээр явдаг. Ингэж явж байсан л даа.

Та харин сонгуульд ялагдсаныхаа дараа гэж байна. Би энэ сонгуульд ялагдсан шалтгааныг хэд хэдэн хүчин зүйлээс болсон гэж хардаг. Нам шинэчлэгдэж чадаагүй, хуучинсаг байсандаа ялагдчихсан гэж боддоггүй.

-Тэгээд юунаас болсон гэж?

-Хэд хэдэн шалтгааныг ярьдаг. Нэгдүгээрт, намд үүрэг хариуцлага хүлээсэн хүмүүсийн нэгдмэл байдал хангагдаж чадаагүй. Нэгдмэл байдал хангагдаж чадаагүй байхад түүн дээр дөрөөлж тодрох гэсэн улс төрийн тоглогчид олширсон.

-Нам дотроо юу?

-Нам дотроо. Бараг л намгүйгээр улс төр хийчих юм шиг байдал хэт газар авсан юм. Түүнчлэн нам хамаарахгүйгээр эрх ашгийн төлөөх бүлэглэлүүдийн тоглолтууд хүчээ авсан. Тиймээс бидний хүрэх зорилгод энэ бүхэн хамгийн том саад болсон. Намын шинэчлэл хийж байгаа бол үүнийг гаргахгүй байх арга хэмжээг авч, ийм байдлыг таслан зогсоох ёстой. Намынхаа дотоод зөрчил дээрээс ганцаарчилсан тоглолт хийж гарч ирэх гэсэн хүмүүс, эсвэл нам хооронд зөвшилцөж тэндээс нийтлэг улс төрийн эрх ашиг биш тодорхой улс төрийн эрх ашгийн төлөөх тэмцлээ дарж чаддаг болох хэрэгтэй юм. Үүнийг дарж чадах зоримог, нэгдмэл, хариуцлагатай үйл ажиллагаа руу орж чадвал Ардчилсан нам өөрийн хүчирхэг байдлаа сэргээж чадна. Миний хамгийн харамсдаг зүйл нь Засгийн газраа огцруулсан явдал. Огцруулах ямар шалтгаан байв, огцруулсныхаа дараа өөр улс төрийн тавцанд гол өрсөлддөг намтайгаа сонгууль угтсан он жилүүдэд хамтрахын төлөө явав гээд асуулт гарна.

-Танаас л асуучихмаар асуулт байна даа?

-Хамтарч засаг байгуулахын төлөө Ардчилсан намынхаа Засгийн газрыг унагасан. Түүнээс биш засаг уначихаад МАН-тай нэгдчихсэн зүйл огт биш. Энэ манай намын хамгийн буруу алхам болсон. Засгийн газар нь хэвээрээ, бид бүтээн байгуулалтаа үргэлжлүүлээд явсан бол үр дүн өөр байх ёстой байлаа. Гэсэн ч бид бүтээн байгуулалтаа улс төрөөрөө зөвтгөж чадаагүй юм. Тиймээс бидний хийсэн бүтээн байгуулалт ард түмэнд хамаагүй байлаа. Бүтээн байгуулалт иргэдэд хэдий өгөөжтэй байсан ч сонгууль гэдэг чинь улс төрийн харилцааны зүйл. Түүнээс бүтээн байгуулалтын сонгууль биш шүү дээ. Тэр цагаас хойш “Ардчилсан намынхан өөрсдийнхөө Засгийн газрыг унагаадаг”, “Өөр намтай нэгдэн албан тушаалын төлөө бүлэглэл болон явлаа” гэсэн бүхий л шүүмжлэл гарсан. Энэ үгийг нам дотроо хамгийн их ярьж байсан хүмүүс хувийн улс төрөө хийж чадсан. Сонгуулийн үр дүн ч үүнийг харуулсан. Миний юу гэж байгааг мэргэн уншигчид ухаад ойлгочихно.

Хоёрдугаарт, Сонгуулийн хуулийг өөрчилсөн нь манай намын том алдаа. Улс төрийн намууд сонгуульд орох “тоглоомын дүрэм”-ээ боловсруулан ордог. Гэтэл манай намынхан сонгуулиас хэдхэн хоногийн өмнө Сонгуулийн хуулиа өөрчилсөн. Та санаж байгаа бол “Үндсэн хууль зөрчсөн ийм зүйлд оролцохгүй” гээд чуулганы хуралдааныг би орхин гарч байсан. Жижиг тойргоор сонгуульд орно, ийм болгож чадна гэсэн улс төрийн намын мэхэнд л манайхан унасан байхгүй юу. Тухайн үеийн сөрөг хүчин үүнийг мэдэж байсан учраас нэг мандаттай тойргууд дээр МАН-ын бүх хүн дөрвөн жил ажилласан. Дөрвөн жил яаж ажилласан бэ гэдэг нь тодорхой. Тэдний хувьд ард түмний сайн сайхны төлөө хийсэн бүтээсэн бодлогоор оролцоогүй нь ойлгомжтой. Сонгуулиар АН-д санал өгсөн нийт сонгогчдын хувь 2012 оны сонгуулийг хувь хэмжээтэй ойролцоо байсан. Улс төрийн үнэлгээний үнэлэмжээр Ардчилсан нам 30 гаруй суудал авах л байлаа. Тиймээс ялагдсан гэдэг үгийг би гутранги хэлбэрээр хэлэхгүй. Сонгуулийн хуулийн гэнэтийн өөрчлөлтөөс болсон.

-Танай намын фракцуудын зөрчил, удирдах түвшний хүмүүсийн эрх ямбын төлөөх тэмцлээс болж ийм байдалд хүрсэн юм биш үү. Шинэчлэл эхэлж байна гээд байгаа ч сунгааны дараа байдал дээрдэх үү?

-Намын өмнө үүрэг хүлээсэн бид мэтийн хүмүүсийн ноцтой алдаа байхгүй юу. Үүнд намын жирийн гишүүдийн буруу байхгүй. Фракц эрх мэдлийн төлөө яваад эхлэхээрээ л бурууддаг.

-Өнгөрсөн он жилүүд ийм байдалд л үргэлжиллээ...

-Өнгөрсөн он жилүүд гэж урт хугацаанд ярьж болохгүй. 2012 оны сонгуулийн өмнө ч гэсэн фракцууд байсан. Тэд нийтлэг эрх ашгийн төлөө ойлголцоо бүрдүүлээд явж чадсан. Засгийн эрхийг бариад явж байхад “Бид болж байна” гэж бодохоосоо өмнө “Би болохгүй байна” гэж боддог хүмүүсийн үйл хөдлөл нь хурц болдог юм билээ. Үүнээс үүдэж фракц эрх мэдлийн төлөөх фракц болж хувирдаг юм байна лээ. Сүүлийн үеийн фракцууд нийтлэг эрх ашгийн төлөөх фракц биш. Фракцын өөрчлөлт нь эрх мэдлийн фракцын өөрчлөлт болж өөрчлөгдсөнтэй холбоотой. Ямар шинэ фракцууд, ямар шинэ нэр томьёонууд гарч ирсэн билээ. Эргээд санаарай. Одоохон бид үүнийгээ засах зайлшгүй шаардлагатай.

-АН-ын дарга бол танай намд үлдсэн цорын ганц албан тушаал гээд байгаа. Үүний төлөө фракцууд үхэн хатан тэмцэлдээд байгаа юм биш үү?

-Энэ бол албан тушаал биш. Албан тушаалын төлөөх фракцаас болж ийм байдалд хүрсэн. Түүнээс биш хамгийн том үүрэг хүлээсэн хүнээ л сонгох гэж байгаа процесс. Намын дарга нь Ерөнхий сайд байна гэдгээр дамжуулан Ерөнхий сайд болох хүслээр сунгаанд оролцож байгаа хүмүүс больчих хэрэгтэй. Харин намаа ялуулахын төлөө үүрэг хүлээсэн тийм л дарга ус агаар шиг хэрэгтэй байна. Ардчилсан намын дарга албан тушаал сонирхогчдоос биш үүрэг хүлээгчдээс багаа бүрдүүлэх ёстой. Энэ таван хүнээс хэн нь ч гарч ирсэн нөгөө дөрөв нь багийн бүрэлдэхүүнд байна л гэж бодож байгаа. Тэгж байх хүнээ голохгүй байх ёстой юм. Тэгж байх хүмүүс нь энэ марафонд оролцсон нь миний үүрэг гэж бод. Үнэхээр тийм сэтгэл харагдаж байгаа бол тэр хүнээ сонго. Тийм зүйл харагдахгүй байгаа бол манай намын гишүүд битгий сонго.

-Танд арай дөнгүүр нь хэн юм шиг санагдаж байна вэ?

-Шууд хэлэх боломжгүй. Миний энэ хүсээд байгааг хэн илүү хангаж байна вэ гэдгийг манай намын гишүүд уншаад шүүг л дээ. Бодоод хариугаа олог. Энэ нь чухал байхгүй юу. Шинэчлэл гэдэг чинь цоо шинэ зүйл биш. Шинэ зүйл гэдэг чинь сайтар мартагдсан хуучин зүйл шүү дээ. Сайн бодоорой. Манай намынхан сайтар мартагдсан тэр хуучин зүйлээ гаргаад ирээрэй.

-Залуучууд нь “Ахмадууд зайгаа тавь, зайлаад өг” гээд шууд ил цагаан хэлцгээх юм байна шүү дээ?

-Тэр залууст намын Их хурал хариуг нь өгчихсөн байх. Ингэдэггүй юм. Залуус гэдэг бол ахмадуудынхаа үргэлжлэл болон гарч ирдэг юм. Ахмадуудынхаа мэдэж байгаа, бодож буй түвшин рүү, сэтгэл рүү өөрсдөө хүрээд ир. Үүний дараа тэднийхээ залгамж болоод явдаг юм гэдгийг ойлгуулсан байх гэж бодож байгаа. Бүтээлч хүн юмыг засдаггүй. Шинээр хийдэг. Нэр дэвшигчид нь хөгшин залуу, шинэ хуучнаараа ялгараад бүтэхгүй шүү. Сунгаа эхэлснээс хойш “Хуучин торхонд шинэ дарс исгэдэггүй” гэдэг яриа сонссон. Харин би “Хагсаа нь гараагүй торхонд халбага айраг ч тогтдоггүй” гэж хэлмээр байгаа юм. Монголчууд эхлээд хагсааг нь гаргадаг байхгүй юу. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг байх аа. Ардчилсан намынхан саалиа хураахын тулд саваа зөв сонгох учиртай. Тиймээс тэдний хагсаа нь арилаагүй л байна.

-Энэ намд өнөөдөр амин чухал шаардлагатай шинэчлэл юу байх бол?

-Сэтгэлийн шинэчлэл хэрэгтэй. Хүний оюун санааг өөрчилнө гэдэг хэцүү. 1990 онд ардчилал ялж өмнөх үеийн бэлэнчлэх хэвшмэл сэтгэлгээг арилгаж, шударга тэгш боломжийг бий болгосноор би өөрөө өөрийнхөө амьдралыг авч явна гэдэг сэтгэхүйг суулгахад бэрх байсан. Гэхдээ хийж чадсан. Намаа шинэчилье гэж ярьж байгаа энэ үед манай гишүүдийн сэтгэлийн шинэчлэл хамгийн чухал. 1992, 1996, 2000 оны сонгуульд манай гишүүд ямар сэтгэлээр оролцдог байлаа. Тэр сэтгэл өнөөдөр үгүйлэгдэж байна. Түүнчлэн сонгогдсон бол хариуцлагаа хүлээдэг зарчим эргээд үйлчлэх ёстой. Энэ сэтгэлүүд хоорондоо маш сайхан уягддаг байсан юм. Ямар нэг өгөө авааны зүйл байсангүй. Бид ялуулчихлаа гэж байхад нөгөөх нь та нар намайг ялуулчихлаа гэдэг байв шүү дээ. Сэтгэлийн шинэтгэл хийгдсэн байхад энэ бүхэн хоёр талаасаа их сайхан уулзана.

-Зарим нэр дэвшигчид 20 мянган төгрөг өгье, надад саналаа өгөөрэй гээд яваа талаар мэдээлэл бий. Ийм нэг сэтгэхүй арилахгүй нь ээ?

-Ардчилсан намын энэ том шинэчлэлийг 20 мянган төгрөгөөр худалдаж авч болдоггүй юм. Хэрэв тийм хүн байгаа бол өөрөөсөө ичих хэрэгтэй. Нэрээ татах хэрэгтэй. Таны саналыг худалдаж авъя гээд ирж байгаа бол “Уучлаарай. Таны мөнгө надад хэрэггүй. Харин таныг ямар бодолтой хүн бэ гэдгийг мэдэж авлаа” гээд тэр мөнгийг нь буцааж өгөөд өөр сонголт хийх ёстой. Тийм болохоор л би сэтгэлийн шинэчлэл гэж дээр дурдсан юм шүү дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)