Рашааны ундарга, соёлын өвийн үнэ цэн барилгын компаниудад чухал биш бололтой

Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Чоймбол тэртээ 1943 онд зургийг нь зурж бүтээсэн, 77 жилийн түүхтэй жанжин Д.Сүхбаатарын зогсож буй хөшөө сүндэрлэж байгаа эл газарт архины шил, ус, ундааны сав хаа сайгүй хөглөрчээ. Мөн “Оргил” рашааны эх ундарга ч Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг орших эл газрын доогуур урсдаг. Хөшөөнөөс нэг метр хүрэхгүй зайд барилга барихаар шон суулган, хашаа хатгаж, газрыг нь сэндийлэн, рашааны ундаргыг ухаж, хөрсийг нь орвонгоор эргүүлжээ. Рашааны ундаргын ойр орчимд барилга барихыг эсэргүүцсэн зарим иргэн цахим хуудсаараа дамжуулан бухимдлаа илэрхийлсээр байгаа билээ. Барилгын ажлын явц, хууль зөрчсөн, эсэхийг сурвалжиллаа.

Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт байрлах, жанжин Д.Сүхбаатарын хөшөөтэй 3962 ам метр талбай бүхий дээрх газрыг 2010 онд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаярын А/329, 2012 оны А/262 тоот захирамжийн дагуу “Билиг” компанид орон сууц, сургалтын барилга барих зориулалтаар олгожээ. Эл зөвшөөрлийг авснаас хойш хэдхэн жилийн дараа буюу 2015 оны дөрөвдүгээр сард “Билиг” компанийнхан Усны тухай хуулийн “Рашааны эх ундаргаас 100 метр, эрүүл ахуйн бүс, тэндээс гадагш 200 метр газарт хамгаалалтын бүсийг тогтоож, барилга байгууламж барихыг хориглоно” гэх заалтыг зөрчиж, “Оргил” бүрэн дунд сургуулийн барилгыг барьсан юм. Рашааны ундаргын ойр орчимд барилга барихыг олон нийт эсэргүүцэж, нийслэлийн Өмчийн харилцааны, Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, тухайн үеийн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас арга хэмээг авна гэж удаа дараа мэдэгдэж байсан ч үр дүнд хүрэлгүй байсаар асуудал намжсан билээ. “Билиг” компанийнхан тэр үед олгосон газрын тал хэсэгт нь уг бүрэн дунд сургуулийг барьсан бол өдгөө үлдсэнд нь 891 ам метр бүхий худалдааны талбай, 48 машины зогсоол, 250 суудалтай ресторан, хурлын танхимтай сургалт, үйлчилгээний төв барихаар ажлаа эхлүүлж, газар сэндийчиж байгаа нь энэ. Дээрх компанийнхан өнгөрсөн удаа рашааны ойр орчмыг ухсан байсан бол энэ удаа түүх, соёлын өвийг сүйтгэхээр шийдсэн бололтой.

Барилгын ажил хийгдэж буй талбайд Д.Сүхбаатар жанжны зогсож буй “Эрдэмд шамдахуй” нэртэй хөшөө бий. Уг хөшөөг 1964 онд Удирдлагын академийн өмнө байрлуулж, нийслэлийн ИТХ-ын 2007 оны шийдвэрээр хадгалалт, хамгаалалтыг тус академийн мэдэлд шилжүүлсэн байна. Үүний дараа 2010 онд хөшөөний ойр орчмын газрыг “Билиг” компанийнхан эзэмших болж, дээрх академийн захиралд хөшөөг холдуулах албан бичиг, сануулга удаа дараа хүргүүлсэн гэнэ. Харин өнгөрсөн оны есдүгээр сард нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан С.Амарсайханд Удирдлагын академийнхан шаардлага хүргүүлж, хөшөөний ойр орчмын 1400 ам метр талбайг нийтийн эзэмшилд шилжүүлсэн аж. Гэвч “Билиг” компанийн мэдэлд буй газартай хаяа нийлэн орших эл хөшөө барилгын ажилд саад болсон учир 2016 оноос өөр газарт, эсвэл хуучин байсан Удирдлагын академийн хашаанд байрлуулахыг дээрх компанийнхан сануулжээ. Хоёр тал тодорхой шийдэлд хүрэлгүй өнөөдөртөй золгосон бөгөөд Удирдлагын академийн дэд захирал Б.Баясгалан “Хөшөөг энгийн шавраар урласан учир эвдэрч, гэмтэх нь элбэг. Өмнө нь хөшөөний толгой салж унасан удаатай. Эл хөшөө нийслэлийн Соёл, урлагийн газарт харьяалагддаг. Харин манайх хадгалалт, хамгаалалтыг нь хариуцдаг юм. Манай байгууллагад хөшөөг сэргээн засварлах хөрөнгө байхгүй. 

Тиймээс “Билиг” компанийнхны саналыг хүлээн авахаас аргагүйд хүрсэн. Тус компанийнхан “Эрдэмд шамдахуй” хөшөөг хүрлээр цутгаж, ойр орчмынх нь нийтийн эзэмшлийн газар, ногоон байгууламжийг сэргээн засахаар болсон юм. Бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн зургадугаар сараас эхлүүлсэн” гэв. Харамсалтай нь, “Билиг” компанийнхан хөшөөг сэргээн засварлах нь битгий хэл, хашааны гадна орхижээ. Тодруулбал, хөшөөг засах нэрээр ойр орчмынх нь нийтийн эзэмшлийн талбайг барилга барих газартай нийлүүлж, гадуур нь хашсан байв. Хэрэв “Билиг” ХХК-ийнхан уг соёлын өвийг сэргээн засварлах байсан бол хашааны гадна үлдээж, хогонд даруулахгүй л байсан болов уу. “Билиг” компанийнхан дан ганц соёлын өвийг үл тоогоод барахгүй рашааны ундаргыг ч хөндөөд амжжээ. Хэдийгээр газар эзэмших эрх нь “Билиг” компанийн мэдэлд бий ч рашааны ундарга орчимд барилга, байгууламж барих нь Усны тухай хууль зөрчиж буй үйлдэл. Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Д.Нямдаваагаас тодруулахад “Газар ашиглах зөвшөөрлийг 10-аад жилийн өмнө “Билиг” компанид өгсөн байдаг. Тухайн үед рашааны ундарга орчимд хяналт, шалгалт хийсний үндсэн дээр тус компанид зөвшөөрөл олгосон. Харин соёлын өв буюу Д.Сүхбаатар жанжны хөшөө дээрх газарт бий ч түүх, соёлын дурсгалт газрын ангиллаар бүртгээгүй учир барилга барихад ямар нэг асуудалгүй” гэв. Тэгвэл барилгын талбайгаас 50 хүрэхгүй метрийн зайд “Оргил” рашааны эх байсаар атал эрх бүхий ямар байгууллага хяналт, шалгалт хийж 2010 онд “Билиг” компанийн мэдэлд тус газрыг өгсөн юм бол. Мөн хяналт, шалгаж хийж байж олгосон гэх дээрх газраас нь “Оргил” рашаан ундарч буйг юу гэж тайлбарлах вэ.

“Билиг” компанийн захиалгаар дээрх барилгын ажлыг “Шинэ их холхолт” компанийнхан гүйцэтгэж байгаа аж. Тус компанийн талбайн инженер А.Гансүх “Манайх зөвшөөрөлтэй газарт барилга барьж байна. Газрын гүнээс ус ундарч байгаа ч барилгын ажлаа зогсоохгүй. Холбогдох байгууллагуудаас ямар нэг шаардлага өгөөгүй” гэв. Харин барилгын талбайн харуул “Газрын гүнээс гарсан усыг соруулсан боловч дахиад л ундарч байгаа. Одоогоор соруул нь эвдэрчихсэн учир бүтээн байгуулалтын ажил зогссон. Сургалтын танхим байгуулна гэж байгаа ч худалдааны төв барина гэсэн. Ус соруулж дууссаны дараа барилгын ажлаа үргэлжлүүлнэ” гэв. Ямартай ч дээрх компанийнхан рашааны ундаргыг үл хайхран барилгын ажлаа үргэлжлүүлэх нь тодорхой байна.

Түүх, соёлын дурсгалыг сүйтгэн байж барилга барихаар улайрч буй эл компанид хэн зөвшөөрөл олгосон талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын Усны нөөцийн хэлтсийн дарга Ч.Мөнзулаас тодруулахад “Одоогоор манай байгууллагад рашааны ундаргын ойр орчимд барилга барьж буй гэх мэдээлэл ирүүлээгүй. Мөн 11 жилийн өмнө зөвшөөрлийг нь олгосон учир холбогдох албаныхан нь юу гэж дүгнэснийг мэдэхгүй. Энэ талаарх асуудлыг Усны агентлаг хариуцдаг” гэв. Харин Усны агентлагийн дарга Ш.Мягмар дээрх асуултад мөн л “Мэдэхгүй” гэсэн хариулт өглөө. Харин Туул голын сав газрын захиргааны Мэдээлэл, хяналт үнэлгээний албаны дарга Б.Оюунболд “Удирдлагын академийн ойр орчимд “Оргил” рашааны ундарга байдаг нь үнэн. Мөн барилгын ажил эхлүүлэх гэж буй газраас гүний ус биш, рашаан ундарч байгаа болов уу. Энэ талаар хариуцагч компанийнхан нь бидэнд мэдээлээгүй учир шалгаагүй. Ер нь Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг, “Оргил” рашааны ойр орчмын газарт өндөр барилгууд сүндэрлээд удаж байгаа. Тэр хавийн газар доройтож, хөрс нь эвдэрсэн. Гэвч эрх бүхий байгууллагууд рашааны эхэд барилга барих зөвшөөрөл олгоод байна” хэмээв.

Үүссэн нөхцөл байдалтай хамгийн түрүүнд танилцаж, арга хэмжээ авах эрх, үүрэгтэй байгууллага бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Тус газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч А.Даваажав “Тухайн газарт хяналт, шалгалт сүүлийн жилүүдэд хийгээгүй. Манай байгууллага иргэн, аж ахуйн нэгжийн гомдлын дагуу шалгадаг. Одоогоор дээрх газарт хууль бусаар барилга барьж байгаа, эсвэл рашааны ундаргыг сэндийлсэн гэх гомдол, дуудлага ирээгүй тул шалгаагүй” гэлээ. Энэ мэтчилэн холбогдох байгууллагууд нь хяналт, шалгалт хийх нь битгий хэл, үүссэн нөхцөл байдлыг ч мэдэхгүй байгаа учир барилгын компаниуд хууль зөрчсөн үйлдлээ зөвшөөрөл гэх “бамбайгаар” халхалж, барилгын ажлаа үргэлжлүүлнэ гэж том дуугарах нь аргагүй биз.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)