Райан Лохтегийн "ҮЛГЭР"

АНУ-ын усанд сэлэгч Райан Лохте тэргүүтэй дөрвөн тамирчин өнгөрсөн долоо хоногт дээрэмдүүлсэн хэмээн цагдаад мэдүүлэг өгч, дуулиан дэгдээсэн юм. Бразилын цагдаагийн газар албан ёсоор энэ хэргийг шалгаад худал мэдүүлэг болохыг нь тогтоож, америк тамирчдыг хил давахыг хориглосон билээ. Гэхдээ үүнээс өмнө Райан Лохте, Ганнер Бентц, Жак Конгер нар нутагтаа очсон юм. Харин Жимми Фейген хил даваагүй байхад нь Бразилын хууль сахиулагчид бичиг баримтыг нь хураан авсан.

Фейген бичиг баримтаа эргүүлж авахын тулд 10.8 мянган долларыг тус улсын шүүхэд төлөхийг зөвшөөрсөн байна.

 

Нэртэй тамирчид тэмцээнээ дуусгасны дараа шоудаж, нэгэн шатахуун түгээх станцын нийтийн бие засах газарт ороод багагүй юм эвдэж сүйтгэсэн бололтой. "Согтуу" тамирчид үүнээсээ санаа зовж, улмаар "буутай" дээрэмчний үлгэр зохиосон гэнэ. Тамирчид бие засах газарт эвдсэн зүйлсийнхээ төлөө 400 орчим ногоон төлсөн байна.

ХЭРЭГ ЯАЖ ЭХЛЭВ?

НЯМ ГАРИГТ:

Болсон явдлын талаар цухас дурдвал Лохте тэргүүтэй усанд сэлэгчдийг цагдаагийн хувцас өмссөн буутай хэсэг этгээд дээрэмдсэн гэх мэдээллийг анх Лохтегийн ээж нь "Fox" телевизийнхэнд мэдээлжээ. Дараа нь Лохте "Today" шоуны хөтлөгч Билли Бушд өөрийгөө таксинд сууж байхдаа дээрэмдүүлсэн гэж ярьсан юм. 

МЯГМАР ГАРИГТ:

Тамирчид дээрэмдүүлсэн талаар цагдаа дуудаагүй аж. Тэд энэ талаар Лохтегийн ээжийн яриа болон хэвлэлийнхэний дуулианаар л мэдэж, хавтаст хэрэг нээж шалгах болжээ. Тэд тамирчдаас мэдүүлэг авахад Лохте болон Жимми Фейген нарын мэдүүлэг зөрсөн байна. Түүнчлэн тамирчид яг ямар өнгөтэй таксинд сууж яваад дээрэмдүүлсэн талаар тодорхой юм хэлсэнгүй. Энэ өдөр Лохте нутаг буцсан байна.

ЛХАГВА ГАРИГТ: 

Лохте энэ өдөр 400 орчим доллароо дээрэмчдэд алдсан хэмээн сэтгүүлчдэд ярьж суув. Тэд бие засах газар орох зорилгоор шатахуун түгээх газарт зогссон аж. Бентз, Конгар нар энэ өдөр нутаг буцах байсан ч цагдаагийнхан хориг тавьсан юм.

ПҮРЭВ ГАРИГТ:

Английн "Daily Mail Online" цахим сайтын мэдээлснээр Бразилын цагдаагийн байгууллага дээрэм болоогүйг албан ёсоор тогтоосон байна. Харин нэртэй тамирчид шатахуун түгээх газрын нийтийн бие засах өрөөний хаалга, шингэн савангийн сав болон толь зэргийг эвдсэн байна. Тэд эвдсэн зүйлийнхээ төлөө 100 бразил реалс, 20 ам.доллар нийт 50 орчим ногоон төлсөн байна. Буутай дээрэмчний түүх үлгэр болохыг цагдаагийн байгууллага тогтоож, албан ёсоор хэвлэлийн бага хуралд энэ тухай мэдэгджээ.

БААСАН ГАРИГТ:

Лохте албан ёсоор уучлалт гуйж, Бентц, Конгар нар нутагтаа эргэн ирлээ. Тэднийг Бразилын нисэх онгоцны буудалд ирэхэд нутгийн иргэд эсэргүүцлээ илэрхийлж байв. Харин Фейген шүүхэд албан ёсоор 10.8 мянган долларын торгууль төлж, бичиг баримтаа эргүүлэн авчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)