П.ЭНХЧИМЭГ: Мэргэшээгүй сэтгэлзүйч асуудлыг даамжруулж мэднэ

Монгол Улсад 100 000 хүн тутмын 28 нь амиа хорлодог. Энэ нь дэлхийд гуравдугаарт орох үзүүлэлт гэдгийг 2017 онд ДЭМБ-аас гаргасан баримт бичигт дурджээ. Сэтгэл зүйн асуудал нь амиа хорлоход хэрхэн нөлөөлдөг талаар “Хөөрхөн зүрх” ТББ-ыг үүсгэн байгуулагчдын нэг, сэтгэлзүйч П.Энхчимэгтэй ярилцлаа.

-Амиа хорлосон хүний тоогоор 2017 онд манай улс дэлхийд дээгүүр бичигджээ. Эл үзүүлэлт сүүлийн үед өөрчлөгдсөн болов уу?

-Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвөөс 2017 онд анх удаа энэ асуудлаар томоохон судалгаа хийсэн. 2018 онд СЭМҮТ-ийнхөн судалгаа гаргасан байна лээ. Тэнд дурдсанаар амиа хорлосон хүмүүсийн 70-80 хувь нь эрэгтэй бөгөөд ихэвчлэн 10-40 насныхан байсан.

-Амиа хорлоход хүйсийн ялгаа нөлөөлж байна уу. Өөрөөр хэлбэл, эрэгтэй, эмэгтэй хүний сэтгэл зүйн онцлогтой холбоотой юу?

-Амиа хорлох эрсдэл үүснэ гэдэг тухайн хүний сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой. Асуудлыг даван туулах, эсвэл зайлсхийх нэг аргаар амиа хорлохыг сонгодог байна. Магадгүй ийм сонголт хийж байгаа нь тухайн хүн сэтгэл зүйн, гэр бүлийн харилцааны асуудлаас шалтгаалж болно. Мөн ядууралтай холбоотой гэж үздэг. Эдгээр нь амиа хорлоход нөлөөлөх гол хүчин зүйл. Сэтгэл зүйн онцлог, асуудлыг даван туулах чадвар үүнд нөлөөлдөг. Эрчүүд яагаад олон байна вэ гэхээр нийгмийн тогтолцооны асуудал хөндөгдөнө. Тэдэнд сэтгэл хөдлөлөө илэрхийлэх боломж хязгаарлагдмал. Уйлж сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь тун ховор. Дарагдсан бухимдал, шаналал, зовлон нь хуримтлагдсаар сэтгэл зүйн тулгамдсан асуудал үүсэж, цаашлаад архи, хар тамхи зэрэг мансууруулах бодист автан, амиа хорлох эрсдэлд хүргэх аюултай. Хэн нэгэн амиа хорлох талаар ярих нь үйлдэх гэж буй хэрэг биш. Амиа хорлох, үхлийн тухай бодол хүмүүст төрдөг. Тухайн бодол хэр зэрэг давтамжтай, амьдралын бусад асуудал тулгарахад тэр нь оюун ухаанд нь яаж нөлөөлж байгаа зэргээр амиа хорлолт бодит болох, эсэх нь анзаарагддаг. Амиа хорлох шийдвэрийг гэнэт гаргах нь маш цөөн. АНУ-д хийсэн нэгэн судалгаанаас харахад амиа хорлох эрсдэлтэй хүмүүсийн 50 орчим хувь нь нас барахаасаа өмнө эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамрагдсан байжээ. Үүнээс харахад ийм алхам хийх гэж буй хүмүүс заавал өмнө нь тусламж хүсдэг, мэдэгддэг, өөрийгөө илчилдэг байна. Хэдийгээр “Би үхлээ” гэж шууд хэлэхгүй байж болох ч тусламж хүссэн үйлдлийг нь хүмүүс анзаараагүй байж болно. Дээр нь санхүүгийн дарамт, гэр бүлийн асуудал нөлөөлөхөөр тэр өвтгөж буй мэдрэмжээсээ зайлсхийх нэг арга нь амиа хорлолт болчихдог.

-Үүнийг гэр бүлийнхэн нь сайн анзаарч, тусламж хүссэн үед нь санаа тавих хэрэгтэй юм байна.

-Тийм ээ. Сэтгэл гутралтай, түгшүүртэй үедээ амиа хорлох эрсдэлтэй. Мөн бие, махбодын эмгэг, гэр бүлийн болон бусад төрлийн хүчирхийлэл, сэтгэцийн гэмтэл, мансууруулах бодисын донтолттой холбоотой байж болно. Сэтгэл зүйн тулгамдсан асуудал тухайн хүнд яаж үүсэж болохыг гэр бүлийн гишүүд нь сайн анзаарах хэрэгтэй. Манай гэр бүлийн харилцаа, санхүү ямар билээ, хүүхдүүд минь яаж өсөж байгаа, ойр дотнынхноосоо өөрийгөө тусгаарлах, ганцаараа байхыг илүүд үздэг үү, амиа хорлох тухай үг, өгүүлбэр хэлсэн, эсэхийг анзаарах нь чухал.“Би төрөөгүй нь дээр байж, яах гэж амьдарч байгаа юм” гэх мэт үг хэлэх нь амиа хорлох талаар бодсоныг илэрхийлж болно.

-Залуусын дунд амиа хорлох явдал өсөх хандлагатай байгааг та юутай холбож тайлбарлах вэ?

-Cэтгэл зүйн эрүүл мэндийн суурь мэдлэг эзэмшээгүйтэй холбоотой. Залуус сэтгэл зүйн боловсролоо сайжруулах, илэрхийлэх боломж хэр байгаа билээ. Гэр бүл, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдүүд бэрхшээлүүдээ яаж даван туулж байна. Ид хийж бүтээх насандаа амиа хорлохыг сонгож буй нь сэтгэл зүйн боловсролгүй, асуудлыг даван туулах чадваргүйтэй холбоотой.

-Хүүхдүүд амиа хорлосон тохиолдол мөн цөөнгүй юм билээ. Балчир үрс ийм сонголт хийхэд юу нөлөөлж байна вэ?

-Хүүхэд насанд хүрэгчдээс шууд хамраалтай. Бага насны хүүхдүүд амиа хорлоход нэгдүгээрт, гэр бүлийн орчин нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, тэднийг асран хамгаалж буй томчуудын сэтгэл зүйн боловсролоос шалтгаалдаг. Гэр бүлд нь архины хамааралтай хүн, хүчирхийлэгч байна уу, сургууль дээрээ, найз нөхдөдөө гадуурхагддаг уу зэргээр дахиад л хувь хүний сэтгэл зүйн асуудал яригдана. Сэтгэл гутралд удаан өртсөнөөс амиа хорлох эрсдэл бий болдог.

-Сэтгэл зүйн тулгамдсан асуудал гэж юуг хэлдэг вэ. Үүнээс яаж ангижирч болох бол?

-Сэтгэл зүйн тулгамдсан асуудал гэдэг нь сэтгэцийн өвчин биш. Сэтгэл зүйн хувьд эрүүл, тулгамдсан асуудалтай, сэтгэцийн өвчинтэй байна уу гэсэн гурван түвшинд авч үздэг. Бусдын болон өөрийн эрүүл мэндэд аюул учруулдаг, биеэ авч явах чадваргүй хүнийг сэтгэцийн өвчинтэй гэж хэлдэг. Тийм хүнд сэтгэцийн эмч, эмнэлэг хэрэгтэй. Бүх төрлийн стресс үүсгэж буй асуудал нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалд оруулдаг. Үүнийг эдгээж болно. Сэтгэлзүйчид хандаж, амьдралын хэв маягаа өөрчлөхөөс эхэлнэ. Үхэл, хагацал нь сэтгэл зүйн тулгамдсан асуудал мөн үүсгэнэ.

-Амиа хорлоход юу хамгийн их нөлөөлдөг гэж та сэтгэлзүйч хүний хувьд үзэж байна вэ?

-Салбар болгонд ажиллаж буй сэтгэлзүйчид өөр өөр зүйл ярих байх. Амиа хорлох хэмжээнд очуулахгүйгээр суурь шалтгааныг үгүй болгох, харилцан ярилцах нь урьдчилан сэргийлэх энгийн арга. Эцэг, эхчүүд хүүхдүүддээ сэтгэл хөдлөл, үзэл бодлоо илэрхийлэх боломж олгож байна уу гэдгээ анзаараарай. Ингэхийн тулд насанд хүрэгчид өөрийн сэтгэл зүйдээ анхаарах хэрэгтэй. Юунд дуртай, юу таатай, сайхан байгаагаа мэдэхгүй хүн маш олон. Өөрийгөө анзаарахгүй, мэдэхгүй хүн эргэн тойрондоо үр дүнтэй, эерэг харилцаа бий болгож чадах, эсэх нь эргэлзээтэй. Өөрийн сэтгэл хөдлөлийг байгаагаар нь таньж, эрүүлээр илэрхийлж сурах нь стресстэхээс сэргийлэх арга юм.

-Амиа хорлосон хүмүүс гэрээслэл бичиж үлдээх нь түгээмэл. Энэ хүртэл маш олон зүйл төлөвлөж, бодож, цаг хугацаа туулсныг харуулж байгаа болов уу?

-Ийм алхам хийтлээ тухайн хүн дэмжлэг хүссэн, ямар нэгэн байдлаар илэрхийлсэн байдаг. Гэнэт гаргасан шийдвэр бус, удаан хугацаанд бодож, төлөвлөж үйлддэг. Тиймээс гэр бүлийн гишүүдээ анзаарч, сэтгэцийн эрүүл мэндэд нь анхаарснаар сэргийлэх боломжтой.

-Хүний зан төлөв амиа хорлоход нөлөөлөх үү. Тухайлбал, нээлттэй биш зожиг хүмүүс ийм алхам хийх нь цөөнгүй гэсэн мэдээлэл бий.

-Хувь хүний зан төрх нөлөө үзүүлэх хэдий ч орчин тойрон нь илүү чухал нөлөөтэй. Эцэг, эх нь хэр нээлттэй харилцаж байна, хүүхдээ байгаагаар нь хүлээн авч, үзэл бодлыг нь сонсдог уу. Амиа хорлох эрсдэл өөрт тань бий, эсэхийг таних боломжтой. Энэ талаар бага хэмжээнд бодогдоно, гэхдээ ямар нэг төлөвлөгөө байхгүй. Амиа хорлоё гэсэн бодол давтамжтай бодогдоно, төлөвлөнө, гэхдээ энэ нь нарийн биш. Бодогдоно, төлөвлөнө, гэвч энэ алхмыг хиймээргүй байна гэсэн шийдвэр сэтгэлийн мухарт байдаг. Эл үедээ бусдаас тусламж хүсдэг. Амиа хорлох талаар маш их бодно, цаг, минут, үйлдэлтэй нь төлөвлөж, “үүнийг хиймээр байна” гэж дотроос нь “хатгаж” байвал маш өндөр эрсдэлтэй гэж үздэг. Үүнээс бага эрсдэлийн үед өөрийгөө хөнгөн хэлбэрээр зүсэх, гэмтээх, өвтгөх үйлдэл гаргадаг.

-Стрессээ эрүүл аргаар тайлахгүй бол эмгэг үүсдэг гэж үнэн үү?

-Оюун санаа, бие махбодын холбоос ухамсартайгаар бодож буйгаас илүү их мэдээллийг бидэнд дамжуулдаг. Өөрөөр хэлбэл, нэг л юм болохгүй байгааг бие махбодоос тархи руу өгдөг гэсэн үг. Бухимдал, амарч чадахгүй байна гэх мэт дохио нь дотроос оюун санаа, сэтгэл зүрхэнд асуудал үүсгэж буйг тархинд мэдээлж байгаа хэлбэр. Үүнийг түр зуур аргалаад өнгөрдөг. Ийм шинж тэмдэг нэг сарын турш илэрвэл сэтгэл зүйн асуудал үүсгэж болно. Таны оюун ухаан одоо цагт төвлөрөхгүй, өнгөрсөн амьдралын асуудлыг байнга бодсоноос тэр нь өөртөө итгэх итгэл, амьдралын зорилгод сөргөөр нөлөөлдөг. Айдас, түгшүүр нойргүйдэл нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай байгааг илтгэх нэг шинж тэмдэг. Мөн уур бухимдал. Тодорхойгүй шалтгаанаар уурлах. Бодит нөхцөлд асуудал нь жижиг байхад гаргаж буй илэрхийлэл нь маш их байх жишээтэй.

-Өөрийгөө егүүтгэсэн хүний ар гэрийнхэн маш хүнд байдалд орох нь ойлгомжтой. Тэдний сэтгэл зүйд өөрчлөлт гарах магадлалтай юу?

-Өвчинтэй хүнийг удаан хугацаанд асарч, тойлж, сэтгэл санаагаа бэлдээд явуулах, хайртай нэгнээ гэнэт алдах өөр шүү дээ. Үүнийг хэрхэн хүлээн авч буйгаас шалтгаалан тухайн хүний сэтгэл зүй гэмтэж болно. Улмаар энэ нь сэтгэл зүйн шинэ асуудал үүсгэх нь бий. Хагацлыг даван туулах чадвар хүн бүрт харилцан адилгүй.

-Ямар ч гарцгүй болсон үед хүнд амиа хорлох бодол төрж болох юм. Гэхдээ хэсэг хугацааны дараа өөр гарц байгааг олж харж магадгүй. Амиа хорлох бодлоос салах ямар арга байна вэ?

-Ямар ч гарцгүй, амьдрал утгагүй болсон мэт мэдрэмж төрөх үед мэргэжлийн хүнд хандаарай. Таныг шүүмжлэхгүйгээр сонсдог, ойлгодог хүнтэй аль болох ойр байж, ганцаараа үлдэх хэрэггүй. Бодит байдалд болон оюун санаанд тань юу тохиолдож буйг анзаарах хэрэгтэй. Бодлоос гарахгүй байгаа үйл явдал өнгөрсөнд болсон уу, эсвэл одоо цагт уу. Бодлоо үнэн, эсэхийг нягтлахын тулд эргэн тойрноо ажигла. Аль гудамжаар, ямар замаар алхаж байгаагаа анзааран, хажуугаар тань цагаан өнгийн машин хэд өнгөрч буйг тоолох гэх мэт. Энэ нь бие махбодоо одоо цагт буйг мэдэрч буй хэрэг юм. Амиа хорлох бодлыг зогсоох хэрэгтэй. Үүний тулд одоо цагт байгаагаа анзаарах дасгалыг автоматаар хийх нь тодорхой хэмжээгээр дэмжлэг болдог. Юунаас зугтахын тулд амиа хорлохыг сонгосон гэдгийг илрүүлж, асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Ингэхдээ бусдаас дэмжлэг авах юм уу, мэргэжлийн байгууллагад хандаарай. Бүх мэдрэмж түр зуурынх гэдгийг мартаж болохгүй.

-Өндрөөс үсэрч, амиа егүүтгэхийг завдсан хүмүүстэй аврагчид ярилцаж, ятгаснаар амийг нь аварсан тохиолдол цөөнгүй. Үүнээс харахад ярилцаж, ойлгох нь чухал санагдаж байна. Энэ алхам буруу гэдгийг ойлгуулах хэрэгтэй болов уу. Амиа хорлох нь сэтгэцийн өвчин гэдэгтэй санал нийлэх үү?

-Тусчих л юм бол үхдэг өвчин гэж ойлгож болохгүй. Сэтгэл зүйн тулгамдсан асуудал, бие махбодын өвчин нь нөлөөлөх хүчин зүйл. Хэн нэгэн танд амиа хорлох гэж байгаагаа мэдэгдсэн бол шууд буруу гэж тулгаж болохгүй. Тухайн хүнийг өөрийнхөө оронд тавьж, сонсож, ярилцах хэрэгтэй. Буруу гэж бодсон хүн нь тэр биш, та. Тиймээс үзэл бодлоо тулгаснаас “Юу нь чамд хэцүү байна, чи надтай хуваалцаж болох уу” гэх мэтээр ярилцан, ийм үйдэл хийхэд нь юу нөлөөлж буйг шүүмжлэхгүйгээр сонсох нь чухал. Тэгвэл цааш ярилцах боломж бүрдэнэ.

-Саяхан ГССҮТ-өөс нэг залуу үсэрч нас барсан. Амиа хорлохыг өмнө нь хэд хэдэн удаа завдсан байжээ. Нэг удаа оролдлого хийсэн бол давтах тохиолдол түгээмэл үү?

-Давтах магадлал өндөр гэж үздэг. Гэхдээ энэ нь хүн бүр адилхан гэсэн үг биш шүү. Асуудлыг яаж даван туулж, шийдвэрлэж буйг харах нь чухал. Магадгүй амиа хорлохыг оролдсоны дараа гэр бүлийнхэн нь асуудлыг хамтдаа шийдвэрлэсэн болов уу. Эсвэл асуудал бүр дордсон байж болно. “Биднийг бодсонгүй, хэрэггүй амьтан” гэх мэтээр ойлгох биш, шүүмжилсэн бол нөгөө хүнд үхсэн нь дээр байж гэх бодол улам гүн “сууж” мэдэх юм. Тэгэхээр ойр тойрных нь хүмүүс хэр зэрэг дэмжлэг үзүүлсэн, мэргэжилтэнд хандсан, сэтгэл зүйн суурь асуудалтайгаа нүүр тулж, шийдвэрлэж чадсан, эсэхээс шалтгаална.

-Эргэн тойронд нь ийм асуудалтай хүн анзаарагдвал яаж хандах ёстой вэ?

-Ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэлзүйч хэрэгтэйг ойлгож, ажиллуулж эхэлсэн. Төрийн бус байгууллага, эмнэлэгт сэтгэлзүйчид бий. Гэхдээ салбар бүрт сэтгэлзүйч хангалттай юу гэдэг нь эргэлзээтэй. Нөгөө талаас сэтгэлзүйч болгон бүх асуудлыг шийдвэрлэж чадна гэсэн үг биш. Тэд ч мөн эмчтэй адил мэргэших ёстой. Нүдний эмч дотор эрхтний мэс засал хийдэггүй биз дээ. Тиймээс зөвлөгөө авах гэж буй хүнийхээ боловсрол, туршлагыг сайн судалсны дараа хандах хэрэгтэй. Зөвлөгч итгэл үнэмшил төрүүлж байж үр дүнд хүрнэ. Харин мэргэшээгүй сэтгэлзүйч асуудлыг даамжруулах аюултай. Бүр хоёрдогч асуудал үүсгэж ч мэдэх юм. Хэн нэгэн “Би яах гэж төрөв өө, хэнд ч хэрэггүй юм байна” гэх мэт үгийг олон удаа хэлж, зан ааш нь өөрчлөгдөн, тусгаарлагдах, ганцаардах, архи, мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх, давтамж нь ихсэх, амьдрах итгэл найдвараа алдвал эрсдэлтэй гэж үздэг. Ийм асуудалтай тулгарвал СЭМҮТ-ийн 1800-2000 гэсэн тусгай утсаар сэтгэл зүйн зөвлөгөө авч болно. Мөн Хүүхдийн тусламжийн 108 дугаар утас, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандаарай.