П.ТҮШИГЦООДОЛ: Гэмгүй хүмүүсийг цээрлүүлсэн буруугаа төр, засаг хүлээх өдөр ирнэ гэж аав минь хэлдэг байсан

Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн Пэрэнлэйгүнхив овогтой Түшигцоодолын отгон хүүТ.Дашдэлэг гуайтай ярилцсанаа толилуулъя.

-Таны аав улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөн, үр хүүхдүүд нь “эсэргүүний” хэмээн нэрлэгдэн хүнд амьдрал туулсан гэсэн. Хэдийд, ямар хэргийн учир аавыг тань баривчилсан юм бэ?

-Доктор С.Ичинноров гуайн “Сүүдэр дайрсан жилүүд” номд бичсэнээс болон хайрт эх С.Цодол, эгч Т.Цэрэндолгор, Т.Нямдаш нарын хэлж ярьснаас үзвэл, Жанцансамбуу, Сүнгрэв нарын нөхөд, бидний эцэг П.Түшигцоодолыг П.Гэндэн, Г.Дэмидийн идэвхтэй хамсаатан, Японы тагнуулын төлөөлөгч гэж худал мэдүүлжээ. Тэрхүү мэдүүлгийг үндэслэн ДЯЯ-ны Өвөрхангайн хэлтсээс дарга Н.Хичээнгүй, Н.Магсаржав нар 1938 оны наймдугаар сард хилсээр баривчилж, эд хөрөнгийг нь хураан авсан байдаг. Яг л тэр жилийн намрын өдөр манайхыг хэлмэгдлийн хар үүл дайрч, бид “Эсэргүүнийхэн” гэдэг гунигт нэр, хаягтай болцгоосон юм билээ.Завхрал, хэлмэгдлийн энэ хүнд, хар жилүүдэд ээж минь эд хөрөнгөө хураалган, хэдэн балчир үртэйгээ үлдсэн. Үрс биднийгээ хүний дайтай хүн болгосон амин гавьяат ээжийгээ энэ ялдамд талархан дурсаж, хүндэтгэн мөргөмү.

-Баривчлах шалтгаан нь юу байв?

-Өвөрхангай аймгийн, Монголын эд хэрэглэгчдийн хоршоодын Төв холбооны дарга агсан Л.Өлзийбат, хоршоо, худалдааны ахмад ажилтан Ц.Өлзийт гуайн ярьснаас үзвэл, Ерөнхий сайд агсан П.Гэндэн гуайг нутаг хошуундаа амрахаар ирэхэд нь аав аймгийн орлогч дарга байсныхаа хувьд угтан авч, Зүүнбаян-Улаан сумын ой мод, ногоо, жимс, тэгширсэн Цагаан залаа, Битүүхэй гэдэг үзэсгэлэнтэй сайхан нутагт амраажээ. Ингэхдээ өөрөө П.Гэндэн гуайтай цөөн хоног хамт байсан бололтой. Энэ явдал л аавыг минь баривчлах гол шалтгаан болсон юм болов уу даа.

-“Эсэргүүний” гэж нэрлэгдсэн л бол тухайн үед төр, засаг, хүмүүс ихэд ад шоо үздэг байсан гэдэг.

-Хүмүүсийн олонх нь манайхыг П.Түшигцоодолынх гэхээсээ “Эсэргүүнийх” гэж хаяглаад, зай барьж эхэлсэн гэдэг. Айл саахалтынхан нүүж, манайх буудал сахиж, цасанд дарагдан, зутарч үлджээ. Бусдын адил нүүе гэтэл ДЯЯ-ныхан үнэт эд, хогшлыг нь хурааж, хоосолсон авдруудад нь сур татлага, буйл бурантаг, эмээл хазаарыг нь хийж, битүүмжлээд “Лацыг хөндөж болохгүй” гэсэн хатуу, чанга шийдвэр өгснийг нь тэр үед дагахаас өөр аргагүй байж. Тийнхүү хар буудалд өвлийн сартай учирч хүүхдүүд бид дэндүү даарч зутарсны уршгаар цөм л ханиад, хоолойн томуугаар өвчилж, манай тав дахь хүүхэд, миний хоёр дахь ах Т.Дашцэрэн минь гэртээ нас барж, зовлон дээр үхэл, хагацал нэмэгдсэн. Чухам л энэ хүнд үеийг ээж минь “Завхрал, хэлмэгдлийн хар өдрүүд” гэж нэрлээд, “Дахин бүү давтагдаг” хэмээн төрийн сүлдэндээ сүсэглэн залбирдаг байж билээ.

-Эцгийнхээ намтар, ажил үйлсээс товч дурдах уу?

-Миний эцэг Боржигон овогт Пэрэнлэйгүнхивийн Түшигцоодол нь Сайнноён хан аймгийн Үйзэнвангийн хошуу, одоогийн Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат. 1898 онд төрсөн, малчин гаралтай, халх хүн. Гэрийн сургалтаар бичиг үсэгтэй болж, хошууны Тамгын газрын бичээч, Арвайхээр уулын хошууны, Зүүнбаян-Улаан сумын, Өвөрхангай аймгийн орлогч даргаар ажилласан. Миний эцэг тухайн цаг үе, нам төр, шинэ нийгэмдээ итгэж, зүтгэж явсан, цаг, түүхийн зарц, өөрийн ажил үйл, үзэл бодлынхоо эзэн, гэрч нь байсан юм. Тэрбээр эх орноосоо урвалгүй, ард түмнээсээ тасралгүй, улс нийгэмдээ хор хүргэлгүй, нам төрдөө болон бусдадаа хар буруу огтхон ч саналгүй шударгаар зүтгэж явсан цагаан мөртэй, гэгээн үйлст сэхээлэг шинэчлэгчдийн нэгэн байжээ.

-Ямар шийтгэл оноосон юм бол?

-Эцэгтэй минь хамт хэлмэгдэн, хилсээр ял эдэлж явсан хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Л.Өлзийбат, Х.Аюур гуай нарын ярьснаар аав минь ДЯЯ-ны мөрдөн байцаагч нарын олон сар, жилийн мөрдөн хорио, хатуу ширүүн байцаалт, харгис хэрцгий авир, тамлан зовоолт зэрэгт сөгдөн нугарч, хэн нэгний нэрийг худлаар хэлж, хэрэгт холбогдуулаагүй. “Гэндэн, Дэмидийн хамсаатан байгаагүй, Японы тагнуул, ардын дайсан, хорлон сүйтгэгч эсэргүүн огт биш” гэдгээ тэдэнд зоримгоор мэдүүлж байжээ. ДЯЯ-ны, ташаандаа буу, гартаа гав, жад бүхий догшин хэрцгий байцаагч нарын “...нэр бүхий хүмүүсийг таньдаг. Тэдэнтэй нэг бүлэг хамсаатан гэдгээ хэлээд, оноож тулгасан хэргийг хүлээвэл ялыг чинь хөнгөлнө. Амийг чинь өршөөнө” гэсэн заль, мэхэнд автагдаж хууртаагүй юм билээ. Харин тэр үеийн харгис зандалчид болох байцаагчдын мөрдөн байцаалт, асуулт, тулгалт бүрт эцэг минь “Би эх орноосоо урваагүй. Ард түмнээсээ тасраагүй. Нам, төрдөө хар буруу санаагүй. Улс нийгэмдээ хор хүргээгүй” гэсэн дөрвөн өчгийг хоёр жилийн туршид олон таван үггүйгээр шударга, үнэн мэдүүлж өчсөөр цаазлагдаагүй амь аврагдаж, найман жилийн хорих ялд хилсээр шийтгүүлсэн. Үнэн үг үнэтэй, бас хүчтэй нь энэ.

-Хоригдох хугацаандаа өршөөл, уучлал үзсэн үү?

-Эцэг минь төрийн өршөөл, уучлал үзэлгүйгээр заагдсан хугацаат хилс ялаа биеэр эдэлж дуусгаад,1946 оны долдугаар сард суллагдсан. Шоронгоос ирэхдээ үнэхээр туйлдаж ядарсан, чийг бам мэтийн өвчин эмгэгт сүрхий нэрвэгдсэн байлаа. Эцэж тураад, танигдахгүй шахам болсон эцгийгээ хараад бид нулимс асгаруулж билээ. Бидний аав 1948 оны эхээр 50 насыг бүрэн насалж чадалгүй, цагаасаа өмнө хорвоогоос хальсан нь дээрх хилс ял, залхаан цээрлүүлэлт, шорон гяндангийн зовлон зүдэргээтэй холбоотой гэж боддог. Хилс хэрэгт тэгтлээ тарчилж зүдрээгүйсэн бол удмаа дагаад урт наслах л хүн байсан даа. Аав минь урт насалж, төрийн цагаатгал, шударга хүндэтгэлээ дуулж, эрх чөлөөгөө иргэний ёсоор эдлэн жаргаж чадаагүй нь даанч харамсалтай.

-П.Түшигцоодол гуай цагаатсан уу?

-Бидний эцэгт оноосон гэмт хэрэг гэгч нь хилс, зохиомол гүтгэлэг байсныг БНМАУ-ын Дээд шүүх 1964 оны арванхоёрдугаар сарын 31-ний 078 дугаар тогтоолоор нотлон тогтоож, аавд минь ногдуулсан ял, хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, нэр төрийг нь сэргээсэн. Энэ нь шударга, үнэн ямагт ялдгийн нотолгоо. Аав минь Монголд 1921 онд эхэлсэн хувьсгалт шинэчлэлийг талархан дэмжиж, түүнд бие, сэтгэлээ зориулан, орон нутгийн нам, төр захиргааны ажилд үнэнчээр зүтгэж явсан. Эцгийнхээ шударга үнэнч, ажилсаг хичээнгүй, хүмүүнлэг, тусч шинж чанараар бид бахархаж, зах зээлийн нийгмийн энэ үед үр хүүхэд, ач зээ нартаа өвлүүлэхээр ажиллаж, амьдарч явна.

-Танайхан олуулаа байв уу?

-Бид эхээс долуул төрсөн. Би нэг эгчийнхээ хамт Улаанбаатар хотын халамжийн тэтгэврийн настан буурлуудын данс бүртгэлд багтаж явна. Бид бүгдээрээ хэлмэгдүүлэлтийн хор уршиг, гай зовлонг өсөх наснаасаа хангалттай эдэлж, амсаж ирсэн. Тэглээ ч П.Түшигцоодолын удам угсааны хөвгүүд, охид, тэдний ач, жич, гуч, зээ, зээнцэр, зээлдэм нийлээд 100 гаруй хүн бөл ургийнх нь хэлхээнд багтан, хүй зузаарсныг цухас дурдъя. Миний хувьд гэвэл, Москва хотын Г.В.Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургууль (одоо академи болсон)-ийг хоол, хүнсний инженер технологич мэргэжлээр төгссөн. 1961 оноосон Худалдаа бэлтгэлийн яам, ГХЯ, Монголын эд хэрэглэгчдийн хоршооллын (МЭХХ) төв холбоо, МАХН-ын Төв Хороо зэрэг төв байгууллагад ажилласан. Ингэхдээ З.Ганжууржав, Д.Гомбожав, Т.Рагчаа, Д.Доржготов, Д.Моломжамц, Ч.Молом, Ц.Намсрай, Ё.Очир, П.Очирбат, М.Пэлжээ, Ш.Цагаандорж, Б.Шаравсамбуу, Ж.Дулмаа, Л.Энэбиш, Н.Энхбаяр, М.Энхболд, Ө.Энхтүвшин, Д.Идэвхтэн, С.Баяр, Ё.Отгонбаяр, С.Батболд, У.Хүрэлсүх, Ц.Сүхбаатар, Л.Амарсанаа, У.Барсболд, Л.Пүрэвдорж, Г.Мянганбаяр, Л.Лантуу, Ч.Дашдэмбэрэл нарын нэр хүндтэй, өргөн мэдлэг боловсролтой, сайн сайд, дарга нарын удирдлагад, олон сайхан хүн, хамт олонтой ажилласан. Тэднээсээ ихийг сурч, ажил амьдралдаа тусган хэрэгжүүлж явснаа эргэн санахад нэн таатай байна. Эдгээр эрхэм хүндэт удирдагч нараараа ямагт бахархаж явдгаа илэрхийлье.

-Аав тань сургаал, захиас бишгүй хэлж байсан биз?

-Амьд ахуйдаа аав минь үр хүүхэд бидэндээ хэлсэн олон сургаал, захиаснаас “Гэмгүй цагаан хүмүүсийг хилсээр гэсгээн цээрлүүлсэн буруугаа төр, засаг хүлээх цаг ирэхийг хойч үе, хүүхдүүд та нар үзнэ ээ” гэдэг байж билээ. Эл захиас өдгөө биеллээ олсныг нүдээр үзэн, биеэр эдэлж, хэлмэгдсэн буурлынхаа нөхөн олговрыг төрөөс хуулийн дагуу хүртсэн, одоо
дахин хүртэх гэж буйд зөвхөн би төдийгүй “Эсэргүүнийхэн” гэгдэж байсан хүн бүхэн талархан, төр, засагтаа баярласан сэтгэлээ илэрхийлцгээж байгаа нь лавтай. Мөн бурхны номд “Хорслыг энэрлээр, хармыг өглөгөөр, мунхгийг ухаанаар, худлыг үнэнээр ялж бай” гэж айлдсаныг хэзээ ямагт санаж, хэрэгжүүлж явахыг аав минь бидэнд нэг биш удаа захиж, эрдэм номд шамдан суралцаж, хүний зэрэгтэй хүн явахыг сануулан зөвлөж байсан нь санаанаас ер гардаггүй юм. Өргөсгүй сарнай, зовлонгүй амьдрал гэж үгүй учир бэрхшээлд бүү шантар. Жаргал, хялбарт бүү ташуур. Зовлон бүхэн шалтгаантай агаад шалтгааны эх сурвалж нь шунал гэдгийг бүү март гэсэн нь зах зээлийн энэ үед нэн сургамжтай. Бас хөгжил дэвшил хүнийг биш, хүний хөдөлмөр л хөгжил дэвшлийг цогцлоон бүрдүүлдэг. Тийм болохоор үр хүүхэд, хойч үе та бүхэн өнөөдрөө өчигдрөөс, маргаашаа өнөөдрөөс илүү бүтээлтэй байлгахаар зорьж, хичээ. Хичээсэн хүн сурна, бүтээнэ, залхуурсан хүн турна, ядуурна. Өөдлөхөд санах сэдэх, өсөхөд сурах дадах нэн чухал. Сурсан бүхэн эрдэм, хүн бүхэн эрхэм, юм бүхэн чухал гээд олон сургаал айлдаж байсныг үүгээр товчилъё.

-Улс төрийн хэлмэгдүүлэлтийг манай төр, засаг хийсэн гэхээсээ хойд хөршийн бодлого байсан гэдэг. Та юу гэж үздэг вэ?

-Монголд 1930-аад онд гарсан цуст хэлмэгдүүлэлтийн эзэн, хариуцагч нь МАХН биш гэдгийг МАХН-ын хэлмэгдэгч гишүүний хүү, өндөр настан би чанга, тодоор хэлэх байна. Харин МАХН өөрөө нэн хүндээр хэлмэгдсэн юм. Энэ бузар хэрэг, ноцтой завхарлыг ямартай ч МАХН биш, харин Монголын тухайн үеийн төр, засаг, эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалан авч үлдэхийн тулд арга буюу хийсэн болов уу гэж хувьдаа боддог. Тийм ч учраас төр маань энэ талаар ард түмнээсээ уучлал гуйж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль батлан, хэрэгжүүлж байна. Тэгэхдээ энэ жигшүүрт хэргийг Монголын төр, монголчууд дангаараа санаачлан зохион байгуулаагүй, гадаад, их гүрний бодлого, ЗХУ-ын Дотоодыг хамгаалах ардын комиссар (ДХАК)-аас Монголд тусгай үүрэгтэй ирж ажилласан М.Чибисов, В.Скоков нарын олон зөвлөхийн удирдамж, заавраар хийсэн болохыг архивын баримт, хэрэглэгдэхүүнээр нотолдог шүү дээ.

-Тухай үеийн төр, засаг хэлмэгдүүлэлтийг яагаад таслан зогсоож чадаагүй юм бол?

-Хүмүүсийг үй олноор хэлмэгдүүлэх явдлыг таслан зогсоох, нэг хүний ганцаар захиран дарангуйлах дэглэмийг эсэргүүцэх чадвартай улс төрийн хүчин тэр үед Монголд чухамдаа байсангүй гэж хэлж болох талтай. Яагаад гэвэл, тухайн үеийн улс төрийн ганц нам болох МАХН өөрөө ноцтойгоор хэлмэгдэж, улс ардын аж ахуй, соёлын салбарт ажиллаж байсан олон мянган шилдэг гишүүн, боловсон хүчин, сэхээлэг цогтой зүтгэлтнүүд нь бараг толгой дараалан баривчлагдсан. Дээр нь МАХН-ын IX их хурал (1934 онд хуралдсан)-аас сонгогдсон Намын төв хорооны нарийн бичгийн бүх дарга, Төв хорооны 51 гишүүний 83.6 хувь, тэргүүлэгч 11 хүний 10 нь хэлмэгдэж, олонх нь цаазлагдсан мэдээ, баримт бий. Чухам энэ л ноцтой байдлаас шалтгаан МАХН тухайн үед улс төрийн хүчний үүргээ зохих ёсоор биелүүлэх, цуст хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох, түүний нүгэлт гамшгаас ард түмнээ авран хамгаалах чадвар, боломжоо үнэн хэрэгтээ алдсан. Манай оронд 1930-аад онд гарсан энэ бузар хэлмэгдүүлэлт Монголын түүхийн нэгэн гунигт явдал болон үлдэж, цаашид бүү давтагдаг.

-Та намын ахмад ажилтан. Улс орны өнөөгийн өнгө төрхийг хэрхэн үнэлдэг вэ?

-Төр, засаг хүн төвт хүмүүнлэг энэрэнгүй, ардчилсан бодлого хэрэгжүүлэхдээ эв нэгдэл, шударга ёсыг дээр, дооргүй бүх шатанд, ялангуяа шүүх засаглалд тууштай хэвшүүлж, төрт ёс, хуулиа дээдлэн, шударга бус явдлыг их, бага аливаа хэргийг бүх шатандаа гаргуулахгүй байх нь төр, ард түмний харилцан итгэлцлийг бэхжүүлж, ард иргэд төрдөө, ирээдүйдээ итгэх итгэлийг бий болгоно. Үүнийг л Монголын төр, Засгийн газар онцлон анхаараасай гэж боддог. Ер нь аль ч төр, нийгмийн үед ард түмнийхээ итгэл, сонголтоор төрийн өндөр алба хашигч улстөрчид эх орон, хүн ардынхаа эрх ашгийн төлөө хоёргүй сэтгэлээр, чин шударга ажилласан нөхцөлд л өсөж, төр, нийгэмд танигдаж тодрохын хамт улс орноо урагш эрчимтэй хөгжүүлэхэд хувь нэмрээ бодитойгоор оруулж чадах юм. 

Гэтэл эдүгээ манай улстөрчдийн зарим нь хувийнхаа эрх ашгийг чухалчлах, албан тушаалын төлөө улс төрийн хор найруулгаар бие биенээ унагаах, өс хонзон санах, хий хардах, элдвээр гүтгэн доромжлох, заналхийлэх оролдлого гаргаж байгаа нь сайны шинж биш, муугийн цондон, хэлмэгдүүлэлт гээчийг давтаж мэдэхийг үгүйсгэх аргагүй. Мөн зарим сэтгүүлч, чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөө гэдгээр түрээ барьж, нам, төр, засгийн зөв бодлого, сайн үйлс, бүтээн байгуулалтыг харлуулан үгүйсгэх, үнэнийг худал, сайныг муу, сайхныг муухай болгон бичих, нэрд гарч буй улстөрч, нийгмийн зүтгэлтнүүдээ элдвээр гутаан муучлах, гүтгэн доромжлох хандлага гаргасаар байгаад хууль хяналтын байгууллагууд, ёс зүйт сэтгүүлчид дүгнэлт хийж, хууль, төрөө дээдлэн хүн чанар, сэтгүүлчийн ёс зүйг чанд сахиж ажиллах нь нэн чухал байгааг өвгөн ах нь хэлье, тунгаан бодох биз ээ. Төр, засаг минь нийтийг хамарсан амралтын өдрүүдийг аль болохоор цөөлж, бямба гаргийг ажлын өдөр болгох замаар хавтгай архидалтыг зогсоож засууштай. Үүний тулд архи, спиртийн үйлдвэрүүд болон архи, дарс, согтууруулах ундаа худалддаг цэг, нэгжүүдийг цөөлж журамлахаас гадна ням гарагт орон даяар архи, дарс, согтууруулах ундаа худалддаггүй байх журамтай болууштай санагддаг.

Эцэст нь тэмдэглэж хэлэх нэг зүйл бол унаган нутаг Өвөрхангай аймгийн болон Зүүнбаян-Улаан сумын ИТХ, ЗДТГ эцгийн минь дурсгалын чулуун самбарыг тус тусын Тамгын газрынхаа гадаа хананд хүндэтгэлтэйгээр байрлуулан, мөнхөлсөн явдалд гүнээ баярлан талархаж явдгаа илэрхийлж, ажил үйлсэд нь амжилт, сайн сайхныг ерөөе.

Бэлтгэсэн: З.Аз


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)