П.И.Чайковскийн бүтээлүүдийг дахин тоглохоор болжээ

Улсын филармонийн симфони найрал хөгжимчид суут П.И.Чайковскийн бүтээлүүдээс дээжлэн хүргэснээ үзэгчдийн хүсэлтээр энэ сарын 24-нд дахин тоглох аж. Филармонийн концертын танхим нь 260 суудалтай бөгөөд энэ тоглолтын зарыг түгээсэн даруйд тасалбар дууссан байсан юм. Тухайн үед сэтгэл гонсойсон үзэгчдэд хөгжмийн зохиолчийн “Итали капричио” симфони уран сэтгэмж, хийл симфони найрал хөгжимд зориулсан ре мажорын концерт, “Рококо” морин хийл, найрал хөгжимд зориулсан хувилбарт аязууд, “1812” симфони удиртгал гэсэн бүтээлийг сонсох боломж олдох нь. Хийлийн концертыг хийлч, төгөлдөр хуурч О.Урангоо, харин хувилбарт аязуудыг хөгжимчин Ж.Доржсүрэн нар гоцолно. Хэдхэн хоногийн өмнө болсон анхны тоглолтыг хөтөлж, тайлбарласан урлаг судлаач, доктор Б.Батжаргал “Найрал хөгжмийн тоглолт жинхэнэ үйл явдал боллоо. Үйл явдал гэж онцолж хэлдэг нь байдаг л, ээлжит тоглолтоос ялгаатай, онцгой сайн гэж үнэлсэн хэрэг. Хийлч О.Урангоо гэдэг өндөр түвшний тоглоочтой болсон байна. Виолончельч Ж.Доржсүрэн ч маш сайн хөгжимчин юм. Гадаадад нэлээд хэдэн жил амьдраад ирэх хооронд эх оронд минь сонгодог хөгжмийн урлаг сэргэжээ” хэмээсэн билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)