П.Баярцэнгэл: “For you” тоглолт гэнэтийн бэлгээр дүүрэн байна

Дуучин П.Баярцэнгэл “For you” бие даасан анхны тоглолтоо ирэх сарын 2-нд “Крокус ивент холл”-д хийхээр зэхэж буй. Түүнээс эл тоглолтынх нь талаар тодрууллаа.

-Бие даасан тоглолтоо яагаад одоо хийхээр шийдэв?

-Уран бүтээлээ хүргээд нэлээд хэдэн жил болсон ч бие даасан тоглолт хийх талаар бодож түвддэггүй байлаа. Тоглолт хийхийн тулд уран бүтээлээ хүмүүст мэдүүлсэн байх ёстой шүү дээ. 

Тиймээс цаг хугацаа зарцуулж, уран бүтээлээ хүргэх хэрэгтэй. Тэгээд л энэ жил зориглолоо. Аль нэг баяр давхцуулан тоглохыг хүссэнгүй. Өнгөрсөн нэгдүгээр сараас бэлтгэлээ базааж эхэлсэн. Үзэгчдэд хүргэхэд бэлэн.

-Хүмүүс хэрхэн хүлээж авах бол гэж эмээж байна уу. Олон уран бүтээлч “Анхны тоглолтоо хийхийн өмнө маш их сандарч, түгшсэн” гэдэг юм билээ.

-Бусдын зохион байгуулсан тоглолтод оролцож, зөвхөн уран бүтээлээ хүргэчихээд гарах, өөрөө бие даан бүрэн хэмжээний тоглолт хийнэ гэдэг мэдээж өөр. Хэцүү гэж төсөөлж байсан л даа. Тоглолтын баг, хамт олон зангидаж ажиллах нь бодсоноос ч илүү хариуцлагатай юм. Нөгөө талаас хөрөнгө санхүүгийн хувьд ч бэрхшээл тулгардаг юм байна.

-“For you” тоглолтод хэчнээн уран бүтээл хүргэх вэ. Ямар гэнэтийн бэлгээр үзэгчдийг баярлуулах бол?

-25 дууг дижей болон амьд хөгжмийн хамтлагтай дуулна. Хамтран уран бүтээл туурвиж байсан дуучид урилгаар оролцоно. Жишээ нь, “Камертон” хамтлагийн Л.Ган-Эрдэнэ ахтай хамтран хүмүүсийн сайн мэддэг дууг шинэчлэн дуулснаа хүргэнэ. 

Мөн удахгүй гарах шинэ цомогт багтсан дуунуудаа сонирхуулна. Би “Боловсрол суваг” телевизийн “Яг түүн шиг” шоуны эхний улирлын ялагч болсон. Тус шоуны хоёр, гуравдугаар улирлын ялагч жүжигчин Т.Бархүү, дуучин Б.Нацагдорж нартай шинэ уран бүтээл хийснээ мөн толилуулна. Энэ мэтчилэн гэнэтийн бэлэг олон бий.

-2013 онд “Ёодол”-оос хойш цомог гаргасангүй. Шинэ цомгоо хэзээ гаргах вэ?

-“For you” нэртэй хоёр дахь цомгоо ирэх гуравдугаар сард сонсогчдод хүргэж, баяраа тэмдэглэхээр төлөвлөсөн. Би “For you”-г дунд сургуулийн сурагч байхдаа дуулдаг байлаа. Сонсогчдод намайг илүү таниулсан уран бүтээл минь. Тиймээс анхны тоглолт, анхны поп цомгоо энэ дуугаараа нэрлэхийг хүссэн юм.

-Шинэ уран бүтээлүүдийн тань өнгө аяс өмнөхөөс хэр өөрчлөгдөж буй вэ?

-Өнгөрсөн хугацаанд поп дуунууд л дуулсан. Цаашдаа ч тэгнэ. Сонсогчдод 10-аад шинэ дууг хүргэхэд бэлэн болгочихсон. Өнгөрсөн сард “Хөгжим л намайг” гэж дуугаа “цацсан”. Энэ сард “Вансэмбэрүү цэцэг” дуугаа хүргэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)