П.БАТТУЛГА: 13 настайдаа их насны морь уяж, наадамд түрүүлүүлсэн

 Фотог: Ч.Ганболд

Хүлгийн угшил, хурд, хүчийг шинжин таньж, уяж хурдлуулах эрдмийг хүссэн бүхэн эзэмшдэггүй. П.Баттулга энэ гайхамшигт эрдмийг өвөө, ааваасаа өвлөн суралцжээ. Морины тухай түүний яриа гүүний зэлэн дээр өрнөхөд намрын жихүүн салхи хүртэл “аашаа” өөрчлөн, бүлээн болох шиг мэдрэмж төрүүлсэн. Тэрбээр ухаан орсон цагаасаа л моринд хорхойсож, хүлгийн нуруун дээр хүүхэд насаа өнгөрүүлжээ. Хотын амьдралд хөл тавьж, их сургуулийн оюутан болсон ч түүний сэтгэл хөдөө нутгаас, мориноос холдсонгүй. Сургуулиа төгссөнийхөө бараг маргааш нь адууныхаа дэргэд зогсож байсан тэрбээр улс, аймаг, сумын наадамд морьдоо торгон жолоо өргүүлж олон айраг, түрүү авчээ. Нийслэлийн шилдэг уяач болсон түүнийг “Залуус” буландаа урилаа.

-Та хэдэн настайгаасаа морь уяж эхлэв. Багадаа хурдан морь унадаг байв уу. Морь уях эрдэм, ухааныг хэрхэн өвлөв?

-Би Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Сонгинохайрхан дүүргийн XXI хороонд өссөн. Миний мэдэхийн гурван үеэрээ морь уяж, хурдлуулж байна, манайхан. Миний өвөө, аав төрийн наадамд хурдан хүлгээ уяж, түрүүлүүлсэн түүхтэй. Дуучны хүүхэд дуу, оёдолчны хүүхэд оёдол сурдагтай адил аавыгаа дагасаар моринд хорхойсож, эрдмийг нь өвлөж авсан. Намайг таван настай байхад аав эмээлийн ганзагаар даруулан, морь унуулж сургасныг сайн санадаг юм. Дараа нь хурдны морь унаж, наадамд уралдахад ээж нулимсаа арчаад л үлддэг байж билээ. 12-той байхад аав минь бурхан болж, морьдынхоо уяа сойлгыг би тааруулдаг болсон. 13 настайдаа их насны морио сумын наадамд түрүүлүүлж, улсын наадамд 38-д хурдлуулж байв. Үүнээс хойш 18 жил морь уяж байна.

-Улсын наадамд ямар морь хурдлуулж байв?

-Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас их насны буурал морь авсан юм. Тухайн үед төрийн наадамд морь айрагдуулж үзээгүй байлаа. Тэр хүлгийг худалдаж авахдаа улсын наадамд айрагдуулчих юм шиг мэдрэмж төрсөн. Монгол Улсын тод манлай уяачдад “Айрагдах морь шүү” гээд ам бардам хэлчихлээ. Тэд “Хүн бүхэн морио хөтөлж авчраад айрагдуулчихдаг бол бид уяач гээд яах вэ” гэж билээ. Тэр жилээ зургаан настай буурал морио уяж, төрийн наадамд айрагдуулсан. Уяач болгон их насны морио улсын наадамд түрүүлүүлчих юм сан гэж хүсдэг. Гэтэл би тэр мөрөөдлийг зүгээр л зүүдэлж явсан. Гэхдээ хичээж, хөдөлмөрлөсний дүнд нэг л өдөр биелсэн дээ.

-Аймаг, сум, улс, бүсээс авсан айраг, түрүүгээ тоолж байв уу?

-Аймаг, сумын наадмын түрүү авсан олон хүлэгтэй ч тоолж байгаагүй. Засгийн газрын тогтоолтой уралдаанд арав гаруй морио айрагдуулсан. Үүнээс тав нь төрийн их баяр наадмынх. Тухайлбал, 2017 онд их насны буурал морь маань гурав, өнгөрсөн жил хар азарга минь айргийн тав, энэ жил гуравт давхисан. Хүрэн хязаалан, эрлийз дунд морь тус тус айргийн тавд орсон. Өвөө улсын наадамд 1978 онд хул, аав 1985 онд бор шүдлэнгээ түрүүлүүлж байв. Би энэ жил эрлийз дунд гэх хязаалан, шүдлэн нийлж уралддаг төрөлд шүдлэнгээ айрагдуулсан. Үүнийгээ өвөө, аавынхаа амжилтыг давтлаа гэж бодож бахархдаг.

-Та морийг хэрхэн шинждэг вэ?

-Морь эх талаа дагадаг. Гэхдээ буурал хүлгийнхээ удмыг нэг их асуугаагүй. Бүрэнхий болох үед тэр айлын хашаанд хоёр буурал морь байлаа. Миний авна гэж бодож байсан морийг эзэн нь заав. Толгой нь том, жижиг, хүзүү, сээр гэж нэг их шинжээгүй зүгээр л хурдлах юм шиг харагдахаар нь авсан. Уяачид морь сонгохдоо ийнхүү мэдрэмжээрээ хандсан тохиолдол цөөнгүй. Морь шинжихдээ биеийнх нь ерөнхий байдлыг ажигладаг. Ахар сүүлний хатгаас дээд талдаа бол хурдан. Морины хамгийн гол шинж нь толгойдоо бий. Хамар том бол уушги сайн. Толгой нь том байвал таван цул эрхтэн адилхан гэх зэргээр шинждэг юм.

-Морь айрагдуулж, түрүү авахад унаач хүүхэд чухал үүрэгтэй гэдэг. Тухайн хүүхдийн ямар зан чанарыг хардаг вэ?

-Уяачид хурдан морины удам, угшлыг судалдаг. Түүнээс биш хүүхдийг морь шиг шинждэггүй. Хурдан хөдөлгөөнтэй, моринд хөнгөн, өөрөө уралдах сонирхолтой, хүний хэлснийг сайн тогтоодог байхад болно.

-Та зургаан насны морь уядаг. Аль насных нь шандас гаргаж, урамтай хурдалдаг вэ?

-Арван насны шигшээ унага гэж уяачид ярьдаг. Энэ утгаараа их насны морины уралдаан монгол наадмын хамгийн үзүүштэй нь. Зургаан наснаас дээш эр адууны 70-80 хувь нь их нас, үлдсэн нь азарга болно. Тиймээс их насны морины уралдаанаас уяачийн авьяас, ухаан, мэдрэмж харагддаг.

-Сэтгэлийг тань морь юугаараа тэгтэл татдаг вэ. Хурдан хүлгээ улсад түрүүлүүлэх нь ойрын тань зорилго байх. Тэгвэл хэтийн зорилгоосоо хуваалцаач?

-Намайг ухаан орох үеэс морь амьдралд минь холбоотой байсаар ирсэн. Адуунд хүний хийморь сэргэдэг. Тиймдээ ч өөртөө татаж, дасгадаг увдистай. Үнэр нь хүртэл ариун, яг л цэвэр агаар шиг. Монгол хүний хувьд би эртнээс уламжилж ирсэн ахуй соёлоо хойч үедээ өвлүүлэхийг эрхэмлэдэг. Үүнд хамгийн их үүрэг гүйцэтгэх хүмүүс бол уяачид.

-Туршлагатай уяачид хүлэгтэйгээ харцаараа ойлголцдог гэх юм билээ. Та ч бас морьтойгоо “ярилцдаг” биз?

-Уяач хүний давуу тал нь ерөөсөө энэ шүү дээ. Тухайлбал, улсын наадамд айрагдсан азаргаа дараа жил нь уралдуулах гэтэл өндөр амьсгаатай болсон байв. Хурдлаад ирсэн хүлгийн амьсгаа 10-15 минутад намддаг бол азарганых маань 40 гаруй минут болсон ч хэвээр байгааг анзаарсан. Тэгээд шөнө, өдөргүй мориныхоо тухай бодсоор байлаа. Тэр үед “Ханиад хүрэх ёсгүй, хурд, тамир тэнхээгээр дутахгүй дээ” гээд л морио харж, нэлээд ажиглав. Тэгээд идэш, хоолыг нь солиод үзтэл амьсгаа нь гайгүй болсон. Үүнийг л морьтойгоо ойлголцох гэж хэлээд байгаа юм шүү дээ .

-Морь уях ухаанаасаа сонирхуулж яриач. Уяа сойлгыг нь хэзээнээс тааруулдаг вэ?

-Тамирчид жилийн дөрвөн улиралд бэлтгэл хийдэг. Уяачийн хөдөлмөр ч бас үүнтэй адил. Миний хувьд арванхоёрдугаар сараас л ажил ундарч эхэлдэг. Их эртнээс морь уях бэлтгэлдээ орно. Уяач жилийн 365 хоногийн 60-д нь л амардаг. Үлдсэн 300 гаруй хоногт нь нойр, хоолоо хасаж, ар гэрийнхээ амьдралыг мартан, зөвхөн мориндоо л сэтгэл зүрх, цаг хугацаа, хөдөлмөрөө зориулдаг. Наадам дөхөхөөр гэрийн бараа харахгүй. Гэтэл олны дунд уяачдыг мөнгөтэй хэдэн нөхөр мал зовоож зугаацдаг гэх ташаа ойлголт байдаг. Энэ бол хамгийн буруу. Морь уях их ажлын ард унаач хүүхэд, туслах уяач гээд олон хүний хүч, хөдөлмөр байдгийг мартаж болохгүй.

-Танд мориноос өөр сонирхдог зүйл бий юү?

-Адууг амьдралынхаа гол зорилго болгосон. Надад үүнээс өөр сонирхдог зүйл байхгүй. Унтаж, сэрэх, босож, суухдаа ч морио л боддог. Хүлгийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг. Баянгол дүүргийн 46 дугаар сургуульд суралцаж, дараа нь ХААИС-ийг Гаалийн удирдлагын мэргэжлээр төгссөн. Дипломоо аваад л бараг маргааш нь мориныхоо дэргэд зогсож байлаа. Би моринд хайртай, монгол хүний хувьд өвөг, дээдсийнхээ үйл хэргийг өвлөж, түүх, уламжлалаа хойч үедээ үлдээхийг боддог.

-Амьдралынхаа 20 шахам жилийг морь уях, уяачийн хөдөлмөрт зориулжээ. Хичээл зүтгэл тань танд юу өгөв?

-Морь надад амжилт, алдар нэр, сайхан дурсамж гээд хүний амьдралд байж болох бүхнийг өгсөн. Адуу амьдрах эрч хүч, итгэл, найдвар хайрладаг юм.

Бэлтгэсэн: У.Түвшинбаяр 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)