П.Баттулга: Дээд шүүхийн шүүгчийн тоог гурван сарын зайтай өөрчилсөн түүх бий

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх шүүх эрх мэдэлтэй холбоотой заалтуудын талаар “Оюуны-Инновац” ТББ-ын гүйцэтгэх захирал, “Кэй И партнерс” ХХН-ийн өмгөөлөгч П.Баттулгатай ярилцлаа.

-Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой хэд хэдэн тодорхой заалт энэ төслийн хүрээнд хөндөгдөж буй. Тэдгээр заалт нэг бүрийн талаар тантай тухайлан ярилцаж, байр суурийг тань сонсмоор байна. Тухайлбал, Дээд шүүх ерөнхий шүүгч, 21 шүүгчээс бүрдэхээр хуульчлах нь зөв үү?

-Одоо Үндсэн хуульд Дээд шүүх ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ гэсэн заалт бий. Дээд шүүхийн шүүгчийн тоог ингэж Үндсэн хуульдаа заасан улс төдийлөн байхгүй ч манайд Дээд шүүхийн шүүгчийн тоог ихэсгэх, цөөрүүлэх замаар хараат бус байдалд нь нөлөөлөхөөс сэргийлэхийн тулд ийм заалт тусгасан болов уу. Учир нь Дээд шүүхийн шүүгчийн тоог гурван сарын зайтай өөрчилсөн түүх бий. 

Тодруулбал, 1993 онд баталсан Шүүхийн тухай хуульд Дээд шүүх ерөнхий шүүгч, 16 шүүгчээс бүрдэхээр заасан байсан. Ингээд 2002 онд Шүүхийн тухай хуулийг шинэчлэн батлахдаа Дээд шүүх ерөнхий шүүгч, 10 шүүгчээс бүрдэхээр тусгасан юм. Энэ хуулийг 2002 оны долдугаар сарын 4-нд баталж, есдүгээр сарын 1-нээс мөрдсөн ч ердөө гурван сарын дараа буюу арванхоёрдугаар сарын 6-нд өөрчлөлт оруулж, өмнөх шигээ ерөнхий шүүгч, 16 шүүгчээс бүрдэхээр хуульчилсан байдаг. Ийм байдлаар шүүгчийн тоог ихэсгэж, багасгаж байгаа нь зохисгүй. 

Цаашид ийм зүйл гарч болзошгүй байгаа учраас Дээд шүүхийн бүрэлдэхүүнийг тодорхой заах нь зүйтэй. Ер нь шүүгчийн хараат бус байдалд халддаг арга сүүлийн үед нарийсаж, эрх зүйн орчноор нь дамжуулан шүүх эрх мэдэлд нөлөөлдөг болж байна. Өөрөөр хэлбэл, бүтэц, зохион байгуулалтыг нь өөрчлөх замаар шүүгчдийг өөр тийш нь томилох, орон тоог нь нэмж, хасах байдлаар хараат бусаар ажиллаж буй шүүгчдэд нөлөөлөх гэж оролдох болсон.

-Дээд шүүхийн шүүгчийг 12 жилийн хугацаагаар нэг удаа томилох заалт зарим талаар шүүмжлэл дагуулж буй. Энэ тухайд юу хэлэх вэ?

-Уг нь ихэнх тохиолдолд шат шатны шүүхэд ажилласан хүмүүс л Дээд шүүхэд томилогдож байгаа. Тэтгэвэрт гарах буюу эмэгтэй 60, эрэгтэй 65 нас хүртлээ ажиллаж байна шүү дээ. Нөгөө талаас хугацаа заалгүй томилох нь шүүгчийн хараат бус байдлын баталгаа болдог. Үнэндээ 12 жилээр томилсноор ямар давуу тал үүсэх вэ гэдэг нь тодорхой харагдахгүй байна. Одоогийнхоороо байхад болохгүй зүйлгүй.

-Одоо Дээд шүүхийнхээс бусад ерөнхий шүүгчийг сонгон шалгаруулалтаар томилж буй. Бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчийг тухайн шатны шүүхийн шүүгчид дотроосоо сонгодог болохоор төсөлд тусгасан байна. Энэ тохиолдолд ямар өөрчлөлт гарах бол?

-Үүнийг дэмжиж байгаа. Юуны түрүүнд тухайн шүүхийн ерөнхий шүүгч нь тэнд ажиллаж буй шүүгч нартаа хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Одоо бол тэс өөр газар ажиллаж байсан шүүгч ерөнхий шүүгчээр томилогдох жишээтэй. Нөгөө талаас ерөнхий шүүгч шүүгчдийнхээ хараат бус байдлыг хамгаалах учиртай. 

Ер нь аливаа нөлөөлөл дээрээс ирдэг. Тэр тохиолдолд ерөнхий шүүгч аливаа нөлөөллийг өөрөөсөө хэтрүүлэлгүй, бусад шүүгч рүү халдаалгүй, хараат бус байдлыг нь хамгаалах ёстой талаар олон улсад баримталдаг зөвлөмж ч бий.

-Үе үеийн Ерөнхийлөгч нар шүүх эрх мэдэлд нөлөөлж ирсэн гэх ойлголт хэдийн бий болчихож. Энэ удаа Ерөнхийлөгчөөс ирэх нөлөөллийг багасгах хөшүүрэг бүхий заалтууд тусгасан нь Төрийн тэргүүний эрхийг нэлээд хязгаарласан мэт харагдаж байгаа.

-Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргүүлдэг ч томилохоос татгалзах тохиолдол гардаг. Гэхдээ яагаад татгалзсан талаарх үндэслэл нь тодорхойгүй үлддэг. Ерөнхийлөгч татгалзсан тохиолдолд яах вэ гэдэг зохицуулалт нь ч Үндсэн хуульд тодорхойгүй. Тиймээс ч Ерөнхийлөгч ШЕЗ-ийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор батламжлах, татгалзсан бол үндэслэлээ нийтэд мэдээлэхээр энэ удаагийн төсөлд тусгасан байна. 

Уг нь шүүгчийн томилгоон дахь Ерөнхийлөгчийн оролцоо бэлэгдлийн шинжтэй юм. Өөрөөр хэлбэл, Төрийн тэргүүн томилгоог нь батламжилснаар шүүгчийн бүрэн эрх, хүлээн зөвшөөрөгдөх чанарыг нь илүү өндөрт гаргаж буй хэрэг. Гэвч бодит байдал дээр Ерөнхийлөгч нар шүүгчийг томилно, эсвэл томилохгүй гэх байдлаар хандаж ирсэн. Үнэндээ энэ бол Монголын л гэх туршлагаас урган гарч буй асуудал л даа.

-Ерөнхийлөгч Х.Баттулга 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлээд байна. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Юуны түрүүнд Ерөнхийлөгч шүүгчийн бүрэн эрхийг шууд түдгэлзүүлэх эрхгүйг хэлэх хэрэгтэй болов уу. Шүүгчийг ШЕЗ-ийн санал болгосноор томилдог учраас тус байгууллагын саналыг үндэслэн бүрэн эрхийг нь түдгэлзүүлдэг. 17 шүүгчийн тухайд ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг ШЕЗ хэлэлцээд, саналаа Ерөнхийлөгчид уламжилсныг ёсоор болгосон хэрэг. 

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу ҮАБЗ-ийн зөвлөмж нь шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэл болж, хараат бус байдалд нь халдах эрсдэл учруулж буй талаар тухайн үед яриад өнгөрсөн шүү дээ. Хэвлэлийн мэдээнээс харвал, 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх талаар ҮАБЗ хуралдаж зөвлөмж гаргасан, уг зөвлөмжийг ШЕЗ хуралдаанаар хэлэлцээд саналаа Ерөнхийлөгчид оруулсан, дагаж мөрдөж буй хуулийнхаа дагуу явсан гэж хэлэхээр байгаа юм. 

Гэхдээ Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулсан энэхүү нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн, эсэхтэй холбоотойгоор Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэчихээд байгаа юм билээ.

-Үнэндээ шүүгч нарыг шилж, сонгодог ШЕЗ-д хэнийг байршуулах вэ гэдэг нь Ерөнхийлөгчийн бүрэн эрх болчихсон. Энэ байгууллагыг хараат бусаар ажиллуулах, зарчмын гэмээр өөрчлөлт тусгаж уу?

-Үндсэн хуульд ШЕЗ төдөн гишүүнтэй байна гэсэн зохицуулалт байхгүй. Гагцхүү шүүхийн бие даасан, шүүгчдийн хараат бус байдлыг хамгаалах зорилготой байгууллага байх талаар л тусгасан. 1992 онд Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байхад олон улсын шинжээчид шүүгч нарын эрх ашгийг хамгаалдаг, шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангах үүрэгтэй ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг хэрхэн, яаж бүрдүүлэхээ тодорхой заах талаар зөвлөмж хүргүүлж байсан юм билээ. Гэвч тухайн үед үүнийг зохицуулаагүй, ерөнхий томьёолсон.

Ингээд 1993 онд Шүүхийн тухай хууль баталж, ШЕЗ-ийг 12 гишүүнтэй, бүрэлдэхүүнд нь хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, улсын ерөнхий прокурор гэх мэт албан тушаалтан, шат шатны шүүгч нарыг багтаахаар хуульчилсан. Гишүүд нь олонхын саналаар даргаа сонгож байв. Удалгүй 1996 оны долдугаар сард хуулиа өөрчлөн, ШЕЗ-ийн дарга нь хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байхаар тусгасан байгаа юм. Энэ хэвээрээ 2002 он хүртэл явсан ч ШЕЗ-д улс төрийн нөлөөлөл их байна хэмээн шүүмжилж эхэлсэн байдаг. 

Тиймээс 2002 онд Шүүхийн тухай хуулиар Дээд шүүхийн ерөнхий шүүгчид ШЕЗ-ийн даргын албыг давхар хариуцуулсан юм билээ. Ингэхдээ гишүүний тоог нь 14 болгож, 2013 он хүртэл мөрдсөн. Бас л шүүмжлэлтэй тулгарсан байгаа юм. Шүүх босоо тогтолцоотой болчихлоо, дотоод хараат бус байдал нь алдагдлаа гэх болсон. Хэдийгээр шүүх, анхан, давж заалдах, хяналтын шаттай ч хэрэг маргааныг бие биеэсээ хараат бусаар шийдвэрлэх ёстой. Үндсэндээ энэ байдал нь алдагдаж, Дээд шүүхээс бусад шүүхэд нөлөөлөх нь нэмэгдлээ гэцгээх болсон. 

Улмаар 2012 онд Шүүхийн захиргааны тухай хууль баталж, гишүүдийнх нь тоог тав болгосон байдаг. Ингээд таван газраас нэр дэвшүүлсэн гишүүдийг Ерөнхийлөгч томилдог болчихов. Цаашлаад таван гишүүн дундаасаа даргаа нэр дэвшүүлснийг Ерөнхийлөгч томилж байна. 1992 оноос хойш ШЕЗ-ийн бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдсөнийг анзаараарай. Бүрэлдэхүүнийг нь өөрчлөх замаар тус зөвлөлийг бужигнуулж, бүр сүүлдээ Ерөнхийлөгчийг томилгоонд оролцуулж, нөлөөллийг нь нэмэгдүүлсэн талаар одоо шүүмжилж байна. Хэдэн жилийн өмнө ч үүнийг хэлж л байсан. Энэ байдал нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ийм заалт тусгахаас аргагүйд хүргэсэн байх. 

Үндсэн хуульдаа бүрэлдэхүүнийг нь ингэж зааснаараа олон улсын жишгээс гажих зүйлгүй. 10 гишүүнтэй байхаар тусгаж, тавыг нь гурван шатны шүүх, тавыг нь УИХ-ын холбогдох байнгын хороо нэр дэвшүүлж нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилохоор боловсруулсан байна лээ. Үүнийг ердийн хуульд өөрчлөлт оруулан шийдэж болох ч УИХ одоог хүртэл хийгээгүй л байна шүү дээ. 

Цаашид ШЕЗ-ийг хэдэн ч гишүүнтэй болгож өөрчлөхийг хэлж мэдэхгүй. Гэтэл эл байгууллага шүүгчийг сонгон шалгаруулахад голлох үүрэгтэй, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх, эсэх талаар шийдвэр гаргаж, Ерөнхийлөгчид уламжилдаг шүү дээ.

-Шүүгчийн хариуцлагын зөвлөл гэх бүтэц бий болгохоор тусгасан байна. Энэ одоогийн Шүүхийн ёс зүйн хороог хэлж байна уу?

-Тийм. Гэхдээ одоогийн Шүүхийн ёс зүйн хороо шүүгчид сануулах, цалинг нь тодорхой хувиар бууруулах, огцруулах зэрэг сахилгын шийтгэл ногдуулах, эсэхийг шийдвэрлэж буй. Харин төсөлд тусгасны дагуу Шүүгчийн хариуцлагын зөвлөл болгон шүүгчид сахилгын шийтгэл ногдуулахаас гадна шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, чөлөөлөх хүртэл эрхтэй болохоор байгаа юм. 

Одоогийн зохицуулалтаар шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх саналыг Ерөнхийлөгчид тавих эрх хэмжээ нь ШЕЗ-д байгаа. Одоогийн манай ШЕЗ хэт өргөн чиг үүргийг хэрэгжүүлж байна гэх шүүмжлэл бий. Өөрөөр хэлбэл, шүүгчийг сонгон шалгаруулах, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, огцруулахаас гадна шүүхийн төсвийн төслийг боловсруулах, шүүхийн захиргааны менежментээс авхуулаад өдөр тутмын аж ахуйн ажлыг хүртэл хариуцаж байна. Шүүхийн захиргааны эрх мэдэл нэг байгууллагад төвлөрөх тусам энэ байгууллага нь эргээд шүүх эрх мэдлийн хараат бус байдалд нөлөөлөх эрсдэлтэй. 

Шүүхийн хараат бус байдлын индекс өндөртэй улсуудад эдгээр чиг үүргийг хэд хэдэн байгууллагад хуваарилсан байдаг. Шүүгчийн хариуцлагын зөвлөлийг Үндсэн хуулийн түвшинд хуульчилж, ШЕЗ-ийн зарим эрх мэдлийг шилжүүлэх нь зөв гэж бодож байгаа.

-Шүүхийн ёс зүйн хорооны үйл ажиллагааг эргэж харахад хүргэсэн шалтгаан юу юм бол?

-Шүүгчийн ёс зүйн зөрчлийг шийдвэрлэдэг уг хорооны бүрэлдэхүүнийг нь тодорхой газруудаас нэр дэвшүүлснээр Ерөнхийлөгч томилдог. Нэр дэвшүүлсэн хүнийг нь Ерөнхийлөгч томилохгүй байх нь ч бий. Нөгөө талаас ШЕЗ-ийн ажлын албанд тус хорооны ажлын алба харьяалагдах жишээтэй. ШЕЗ-өөс бүрэн хараат бусаар үйл ажиллагаа явуулж чадахгүй байна.

-Үндсэн хуулийн шүүх гэгддэг Цэцийн бүрэлдэхүүн, гишүүдийнх нь бүрэн эрхийн хугацааг хөндөж байгаа. Тухайлбал, зургаан жилээр томилж буй гишүүнийг нэг удаа есөн жилийн хугацаагаар томилох талаар янз бүрийн л байр суурь илэрч байна. Ер нь Цэцэд байгаа асуудлыг засах хэмжээний өөрчлөлт тусгаж чадсан болов уу?

-Цэцийн хувьд бүрэн засах хэмжээний өөрчлөлт бол алга. Одоо Цэцийн гишүүн болох хүнд хууль зүйн болон улс төрийн өндөр мэргэшилтэй байх шаардлага тавьж буй. Гэсэн хэдий ч хуульч биш, мэргэжлээрээ ажиллаагүй хүмүүс тэнд томилогдож байгаа нь үнэн. Тиймээс Цэцийн гишүүн болох хүнээс улс төрийн өндөр мэргэшил шаардахгүй байхаар тусгасан байна лээ. Өөрөөр хэлбэл, хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан, Монгол Улсын, 40 нас хүрсэн иргэнийг Цэцийн гишүүнээр томилж болох нь. Энэ нь улстөрч, хуульч биш хүмүүс Цэцийн гишүүнээр томилогдохгүй гэсэн үг. Үүгээр Цэцэд тулгамдаж буй асуудлуудын заримыг нь шийдэх талтай.

Нөгөө талаас Цэцийн гишүүнийг есөн жилийн хугацаатайгаар нэг л удаа томилохоор тусгасан. ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхийн гишүүнийг нэг удаа 12 жилээр томилдог. Үүгээр хараат бус байдлыг нь баталгаажуулдаг. Өөрөөр хэлбэл, дахин томилогдохын тулд томилсон этгээддээ тал зассан шийдвэр гаргахаас урьдчилан сэргийлж буй хэрэг. Гэтэл Цэцийн гишүүнээр 20 гаруй жил ажилласан хүн ч бий шүү дээ. Тиймээс ингэж өөрчлөх нь зүйтэй. Түүнчлэн Цэц, Дээд шүүх, ШЕЗ-ийн гишүүдийг томилгооны сонсгол хийх замаар томилохоор тусгасныг дэмжиж байна.

Харин иргэний үндсэн эрхийн маргааныг Үндсэн хуулийн шүүх нь шийдвэрлэдэг байхаар хуульчлах нь зүйтэй. Гурван шатны шүүхээр маргаан шийдвэрлүүлэх явцад иргэн үндсэн эрх нь зөрчигдсөн гэж үзвэл Цэцэд гомдол гаргах эрх зүйн орчин бүрдүүлэх ёстой. Жишээ нь, С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт холбоотойгоор эрүү шүүлтэд өртсөн гэгдэж буй хүмүүс Цэцэд гомдол гарган шийдвэрлүүлэх боломжтой байх ёстой. Цэц зөвхөн хийсвэр хяналт буюу зөвхөн хууль, тогтоол Үндсэн хуульд нийцэж буй, эсэх талаар иргэн мэдээлэл гаргасан тохиолдолд хэлэлцэж байна. Бусад улсад үндсэн эрхийн маргаан Үндсэн хуулийн шүүхээр орж буй нийт тохиолдлын бараг 95 хувийг эзэлж байна.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж буй энэ үед шүүхийн тогтолцоог харлуулах гэсэн зорилготой гэмээр үйл явдлууд болж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Шүүхтэй холбоотой бүх зүйлийг сайн, сайхнаар хэлэх хүн гарахгүй байх. Засаж, сайжруулах зүйлүүд бий. Бүгдийг нь харлуулж байгаад шүүгч, хуульчид эмзэг хандаж байгаа. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг. Шинэчлэлийн үйл явц байнга өрнөж байдаг. Шүүгч гэмт хэрэгт холбогдсон, авлига авсан бол хуулийн хариуцлага хүлээх нь зүй ёсны хэрэг.

-Сүүлчийн асуулт. Шүүгчийн сонгон шалгаруулалтын талаар таны байр суурь ямар байдаг юм бол?

-Дэвшилттэй зүйл бий. Жишээ нь, 2013 оноос өмнө шүүгчийн ёс зүй, зан төлөвийг шалгадаггүй байсан. Засаж, залруулах зүйл ч байна. Тухайлбал, Мэргэшлийн хорооноос тодорхой оноо, Хуульчийн мэргэжлийн холбооноосоо дүгнэлт авч эрэмбэлэгдсэн хүмүүсээс ШЕЗ чухам ямар шалгуур, үндэслэлээр шилж, сонгон, Ерөнхийлөгчид уламжилж буй талаар тодорхойгүй зүйл ажиглагддаг. Хамгийн өндөр оноо авсан хүнийг хүртэл нэр дэвшүүлэхгүй байна гэж ярьж байгаа шүү дээ. Сонгон шалгаруулалт шударга болдог гэх итгэл үнэмшил төрүүлэх шаардлагатай. Тэгж чадвал шүүхэд итгэх итгэл нэмэгдэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)