Пхеньяны уулзах саналыг Сөүл хүлээн авчээ

БНАСАУ-ын урлагийн зүтгэлтнүүдийг Пёнчаны өвлийн олимпод оролцуулах асуудлаар ажил хэргийн уулзалт хийхээр тус улсаас тавьсан саналыг Сөүл хүлээж авсан бөгөөд уг уулзалт өнөөдөр болно. Энэ тухай “Yonhap” агентлаг уламжиллаа. Өнгөрсөн долоо хоногийн эхээр хоёр Солонгосын сайд нарын түвшний уулзалт болоход Умард Солонгос олимпод тамирчид, хөгжөөн дэмжигчдийн баг, Засгийн газрын төлөөлөгчдөө илгээхээр тохиролцсон юм.

БНАСАУ-ЫГ МӨШГӨХӨД 17 УЛС ТУСАЛНА

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2375, 2397 дугаартай тогтоолыг дэмжсэн 17 улсын төлөөлөгчдийн гарын үсэг бүхий мэдэгдлийг АНУ-ын Төрийн департамент нийтэлжээ. Уг баримт бичигт сэжигтэй хөлөг онгоцнуудыг саатуулан, Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээг зөрчсөн, эсэхийг шалгаж, тавьсан шаардлага биелүүлэхгүй бол энэ тухайгаа шуурхай мэдээлэхийг улсуудад уриалсан байна.

Мэдэгдэлд төлөөлөгч нь гарын үсэг зурсан улсууд дээрх уриалгыг дагаж мөрдөхөд бэлэн байгаа ч задгай далайд шалгахгүй, харин шаардлага тавих боломжтой боомтод орсон тохиолдолд холбоо тогтооно гэжээ. Үүний сацуу Вашингтон, түүний холбоотнууд Умард Солонгост нийлүүлэхийг хориглосон ачааг илрүүлэх замаар тогтоолуудыг биелүүлэх талаар илүү хүчин чармайлт гаргахаа амласан аж.

АНУ-ын Төрийн департаментын цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд тус улсаас гадна Европын далайн гарцтай Их Британи, Герман, Польш, Грек, Франц, Итали, Нидерланд, Дани, Норвеги, БНАСАУ-ын хөрш болох Өмнөд Солонгос, Япон, тэрчлэн Сингапур, Канад, Австрали, Шинэ Зеланд, Аргентин нэгдсэн байв.

Дээрх мэдэгдэл нийтлэгдсэн өдөр Канадын ГХЯ Умард Солонгост нэмж хориг арга хэмжээ авснаа мэдээлжээ. Солонгосын хойгийн байдлын талаар маргааш Ванкуверт хэлэлцээ болох бөгөөд үүнд АНУ, Канад тэргүүтэй хэд хэдэн улсын Гадаад хэргийн сайд нар оролцоно.

УМАРД СОЛОНГОСТОЙ ХИЙДЭГ ХЯТАДЫН ХУДАЛДАА БУУРСАНД БАЯР ХҮРГЭВ

Үүний сацуу Хятад улс БНАСАУ-тай хийдэг худалдаагаа эрс багасгасан нь Пхеньянд дээд зэргээр дарамт шахалт үзүүлэх талаарх дэлхий нийтийн хүчин чармайлтад нийцэж буйд талархаж буйгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп илэрхийлжээ. Цагаан ордны хэвлэлийн албаны мэдэгдэлд ийн дурдсан байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хятадаас БНАСАУ-тай хийсэн бараа эргэлт нь жилийн үзүүлэлттэй харьцуулахад 50.6 хувиар буурч, 314 сая ам.доллар болсон тухай БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын албан ёсны төлөөлөгч Хуан Сунпин мэдээлсэн билээ. Статистик мэдээллээс үзвэл өнгөрсөн сард БНАСАУ-аас Хятадад нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний хэмжээ 81.6 хувиар буурч, 54 сая ам.доллароор хэмжигджээ. Үүний адил Хятадын экспорт 23.4 хувиар багасаж, 260 сая ам.доллар болсон аж.

БНАСАУ 2017 онд 20 баллистик пуужин харваж, цөмийн нэг туршилт хийсэн. Мөн АНУ холбоотнуудын хамт тус бүс нутагт цэргийн өргөн хүрээг хамарсан сургуулилалт бараг тасралтгүй явуулжээ. Талууд харилцан хатуу мэдэгдэл хийж, тухайлбал, бие биенээ бүрмөсөн устгаж, цөмийн дайн дэгдээхээр сүрдүүлсэн билээ.

Одоо Умард Солонгост хамгийн хатуу арга хэмжээ үйлчилж байгаагийн дотор санхүүгийн, зэвсгийн, пуужингийн түлшний хориг тогтоосноос гадна давхар зориулалттай тоног төхөөрөмж нийлүүлэхгүй, тус улсаас нүүрс, төмөр, хар тугалга, далайн гаралтай болон өөр бусад бүтээгдэхүүн авах боломжгүй болсон юм.

ЦЭРГИЙН СУРГУУЛИЛАЛТАА ЗОГСООХЫГ ШААРДЖЭЭ

Жил тутмын цэргийн хамтарсан сургуулилалтаа бүрмөсөн зогсоохыг АНУ болон БНСУ-аас Умард Солонгос шаардсаныг NHK уламжлав. Өмнөд Солонгостой харилцах асуудал хариуцсан, Солонгосыг энх тайвнаар нэгтгэх хорооныхоо цахим хуудсанд уг мэдэгдлийг нийтэлсэн байна. Үүнд “АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилалтууд Солонгос хоорондын хэлэлцээг тасалдуулж болзошгүй.

Тиймээс Пёнчаны өвлийн олимптой холбоотойгоор хойшлуулсан цэргийн сургуулилалтуудаас тус хоёр улс бүрмөсөн татгалзах хэрэгтэй” гэжээ. Ирэх сард Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн олимпын наадам болон паралимпийн наадмын үеэр цэргийн хамтарсан сургуулилалт хийхгүй байхаар Вашингтон, Сөүл хоёр тохиролцсон юм. “Пёнчаны олимпын дараа хамтарсан цэргийн сургуулилалтаа хийнэ” гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жим Маттис саяхан мэдэгдсэн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)