Пуэрто-Рико арлыг АНУ-ын бүрэлдэхүүнд оруулах тухай бүх нийтийн санал асуулга явуулна


Пуэрто-Рико арлыг АНУ-ын муж улс болгох талаар бүх нийтийн санал асуулга явуулах талаар тус арлын захирагч Ванда Васкес мэдэгджээ. Түүний мэдэгдсэнээр бол санал асуулгыг 11 дүгээр сарын 3-нд бүх нийтийн сонгуультай хамт нэгэн зэрэг явуулах аж. “La nacion” сонинд мэдээлснээр, санал асуулгад оролцогчдод Пуэрто-Риког АНУ-ын бүрэлдэхүүнд нэн даруй оруулах шаардлагатай юу гэсэн ганцхан асуулт тавих аж Арлыг АНУ-ын нутаг дэвсгэр болгохын тулд санал асуулгын дүнг Конгресс батлах ёстойг тус сонинд тэмдэглэжээ. Өмнө нь Пуэрто-Рико арлын өнөөгийн статусын талаар таван удаа санал асуулга явуулж байжээ. 1898 оны Испани-Америкийн дайны үеэр АНУ-ын бүрэлдэхүүнд орсон Пуэрто-Рикогийн олон улсын эрх зүйн өнөөгийн статус нэлээд маргаантай. Арлын оршин суугчид АНУ-ын иргэнд тооцогддог боловч холбооны улсын төсөвт татвар төлдөггүй, мөн ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхгүй аж. Арлын хууль тогтоох дээд эрх мэдэл нь АНУ-ын Конгрессод харьяалагддаг боловч Төлөөлөгчдийн танхимд Пуэрто-Рикогийн ашиг сонирхлыг санал өгөх эрхгүй тусгай эрхт төлөөлөгч төлөөлдөг байна. Арлын гүйцэтгэх засаглалыг амбан захирагч нар барьдаг аж. АНУ-ын Хууль зүйн яам Пуэрто-Рикогийн эрх баригчдын арлыг тус улстай нэгтгэх боломжтой талаар дахин санал асуулга явуулах шийдвэрийг тайлбарлахаас татгалзсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)