Путин, Помпео нарын уулзалт боллоо


Өчигдөр буюу Мягмар гарагт Сочид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Төрийн нарийн бичиг Майк Помпео нарын уулзалт боллоо Цаг хагас үргэлжилсэн уг уулзалтыг хоёр тал эерэгээр үнэлж байна. Уулзалтын эхэнд Путин АНУ-ын Ерөнхийлөгч Трамптай утсаар ярьсныг дурдан Америкийн тал Оростой харилцаагаа  сэргээж нэгдмэл ашиг сонирхол бүхий асуудлыг  хамтдаа шийдвэрлэх эрмэлзэлтэй байгааг мэдэрсэн бөгөөд Оросын тал ч мөн адил  хамтын ажиллагаагаа сэргээх хүсэлтэй байгааг илэрхийлсэн байна. Мөн тэрээр 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Кремлийн зүгээс нөлөөлсөн эсэхийг шалгасан тусгай төлөөлөгч Роберт Мюллер дүгнэлт гарсныг “Орос-Америкийн харилцаа сэргэх нөхцөл” гэж тодорхойлжээ. Төрийн нарийн бичиг хоёр орны хооронд нэгдсэн ашиг сонирхол бүхий асуудлууд байгааг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг шийдэхийн тулд хамтран ажиллах хүсэлтэйгээ хариу илэрхийлсэн байна. “Бид манай хоёр орны ард түмэн  амжилтад хүрч, дэлхий  ертөнц  ерөнхийдөө хөгжин дэвжихийн тулд хамтран ажиллах боломжтой” гэж Помпео хэлжээ. Путин, Помпео хоёр олон улсын нөхцөл байдлын тухай ялангуяа стратегийн тогтвортой байдал болон  бүс нутгийн  тулгамдсан  асуудал тэр дундаа Сири, БНАСАУ, Афганистан, Ливи, Иран, Венесуэл дэх нөхцөл байдлын талаар   санал солилцжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков уг уулзалтын талаар “”Орос, АНУ хоёрын хоорондын харилцаа амжилтанд хүрсэн   гэж хэлэхгүй ч ажил хэрэгч хандлага гарлаа” гэж тодорхойлжээ. Майк Помпео Путинтай уулзахаас өмнө ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтай уулзаж гурван цаг орчим ярилцсан аж.   


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)