Путин Армени, Азербайжаны гадаад хэргийн сайд нарыг Москвад урив


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Армени, Азербайжаны Гадаад хэргийн сайд нарыг Москвад урьж, Уулын Карабахын мөргөлдөөний үеэр олзлогдсон цэргүүд болон амь үрэгдсэн хүмүүсийн шарилыг солилцох асуудлыг хэлэлцэхийг санал болгожээ. Энэ тухай  Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв.  “Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алив болон Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян нартай хэд хэдэн удаа утсаар ярьсны дараа ОХУ-ын Ерөнхийлөгч олзны цэргүүд болон амиа алдсан хүмүүсийн шарилыг солилцох хүмүүнлэгийн ажиллагааны үүднээс Уулын Карабахын мөргөлдөөний бүсэд байлдааны ажиллагаагаа зогсоохыг уриаллаа. Эдгээр асуудлыг ОХУ-ын Гадаад хэргийн сайдын зуучлалтайгаар хэлэлцэхийн тулд Азербайжан, Арменийн Гадаад хэргийн сайд нарыг 10 дугаар сарын 9-нд Москвад урьж байна” гэж мэдээнд дурджээ.

Уулын Карабахын байдал есдүгээр сарын 27-нд хурцадсан бөгөөд газар нутгийн маргаантай уг бүсэд байлдааны ажиллагаа үргэлжилсээр байгаа юм. Азербайжан болон Армен дайны онц байдал зарлаж, цэрэг  дайчилгаа явуулж байгаа билээ. Алагдсан, шархадсан, түүний дотор энгийн иргэд ч байгаа талаар хоёр тал  мэдэгдэж байна. 1988 оны 2-р сард Уулын Карабахын автономит муж Азербайжаны бүрээлдэхүүнээс гарч байгаагаа мэдэгдсэнээс хойш Баку, Ереваны хооронд  тус бүс нутгийн өмчлөлийн  талаар маргаан эхэлсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)