Прокурор Х.Тамирт таван жил хорих ял оноов

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн даваа гарагт Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын дөрвөн хүнд холбогдох хар тамхи, авлигын хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нийслэлийн прокурорын газраас Б.Сүхбаатар, Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Х.Тамир нарыг хилээр хар тамхи хууль бусаар их хэмжээгээр оруулж ирсэн, мөн уг хэргээс гадна Х.Тамирыг мансууруулах бодис хэрэглэсэн, хахууль авсан хэмээн буруутгасан. Дээрх хүмүүсийг Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид Говьсүмбэр аймагт саатуулах үед прокурор Х.Тамирын машины тээшнээс олон хавтаст хэрэг гарсан нь хахуулийн хэргийн нотлох баримт болсон билээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Х.Тамирыг хахууль авсан буруутайд тооцож, таван жил нээлттэй хорих ангид, Б.Сүхбаатарыг хар тамхи хилээр оруулсан гэм буруутай гэж мөн хугацаагаар хаалттай дэглэмд хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэв. Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат нарыг нээлттэй хорих ангид дөрвөн жил хорих болжээ.

Уг хэргийг анх 2017 оны нэгдүгээр сард тус шүүх хэлэлцэж, Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат нарыг хар тамхи хилээр оруулсан, Х.Тамирыг 15.8 сая төгрөгийн хахууль авсан буруутайд тооцсон. Улмаар Х.Тамираас дээрх мөнгийг гаргуулж улсын орлого болгох, 500 мянган төгрөгийн эд хөрөнгө хураан, таван жил нэг сар хорих ял оноосон бол Б.Сүхбаатарыг хилээр мансууруулах бодис нэвтрүүлсэн, борлуулах зорилгоор олж авсан нь тогтоогдсон гэж зургаан жил хорих ял шийтгэж байсан юм.


Г.Орчлон


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)