“Приус”-ийн татварыг нэмсэн шийдвэрээ буцаах нь

Сангийн сайд Б.Чойжилсүрэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-д өргөн мэдүүлэв. Энэ оны төсвийг тодотгохтой хамт Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлөхөөр зохицуулсан бөгөөд уг заалтыг энэ сарын 1-нээс мөрдөж буй.

Ингэснээр онцгой албан татвар төлдөггүй байсан эдгээр автомашинд 375 мянгаас 6.6 сая төгрөг хүртэл татвар ногдохоор болсон нь манай улсад хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаа хос тэжээлт буюу “Приус” машины хэрэглэгч, борлуулагчдад эдийн засгийн урьдчилан тооцоолоогүй, огцом дарамт болж байгаа талаар иргэд, аж ахуйн нэгжээс гомдол, шүүмжлэл ирүүлэх болсон.

Түүнчлэн татвар нэмэхээс өмнө захиалсан болон лизингээр авсан “Пруис” автомашины захиалсан, борлуулсан, худалдан авагч нарын дунд үл ойлголцол бий болох, гааль дээр хугацаандаа автомашинаа авч чадахгүй бөөгнөрөл үүсэх зэрэг асуудал үүсэж буй. Тиймээс эдгээр санал, хүсэлтийг үндэслэн дээрх автомашинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг хуульд заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтоох зохицуулалтыг бий болгох зорилгоор уг төслийг боловсруулжээ.

Улмаар энэ төрлийн автомашинд ногдуулах онцгой албан татварыг Засгийн газар тогтоох боломжтой болох тул тавдугаар сарын 1-нээс авахуулаад уг хуулийг батлах хүртэл хугацаанд ногдуулсан албан татварыг татвар төлөгчид буцаан олгох гэнэ.

Үүнийг Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьсан бөгөөд өчигдөр ажлын цаг дуусахтай хамт Төсвийн байнгын хороо хуралдаж, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжлээ. Уг төслийг өнөөдөр нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм. Мөн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Өчигдөр уг төслийг харьяалах салбар, чиглэлийн дагуу долоон Байнгын хороо хэлэлцсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)