ПОЛ БРЭГИЕЛ: Боломжийг эрэлхийлж, оролдож байж л амжилтад хүрдэг

АНУ-ын Silicon Valley буюу Цахиурын хөндийн хөрөнгө оруулагч Пол Брэгиелтэй ярилцлаа. Тэрбээр технологийн инновац нэвтрүүлэгч гарааны бизнест хөрөнгө оруулдаг “Bragiel brothers” компанийг үүсгэн байгуулсан, энтрепренер юм. Одоогоор 200 гаруй компанид хөрөнгө оруулсны дотор үнэлгээ нь тэрбум ам.доллар давсан “Unity”, “Zappos”, “Uber” багтдаг аж. Пол Брэгиел өнгөрсөн сарын 25- 27-нд манай улсад ирж, хөрөнгө оруулалтын орчинтой танилцан, гарааны бизнесийнхэнтэй уулзалт хийсэн юм.

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Би 1999 онд их сургууль дүүргэснийхээ дараа “Paradon 5” нэртэй анхны компаниа байгуулж, бизнесийн гараагаа эхэлсэн. Ингээд гарааны компанид хөрөнгө оруулах, бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгөх зорилготой “I/O Ventures” компаниа 2010 онд байгууллаа. Өнгөрсөн хугацаанд “YouTube”, “LinkedIn”, “Zynga”, “Bittorrent”, “WordPress”, “Yelp” зэрэг компанийг үндэслэгчидтэй хамтран ажиллаж байлаа. 2011 оноос технологид суурилсан гарааны бизнест хөрөнгө оруулах зорилготой хэд хэдэн сан бий болгож, одоогоор 1.5 орчим тэрбум ам.долларын хөрөнгө босгосон.

-Монголд та ямар төлөвлөгөөтэй ирэв?

-Одоогоор би хэд хэдэн шинэ төсөл, гарааны бизнесийн төслийг удирдан чиглүүлж байгаа. Ер нь 200 гаруй компанид хөрөнгө оруулсан. Цаашид шинэ зах зээлд нэвтрэхээр судалгаа хийж байна. Тухайлбал, Өмнөд Америк, Ази, Ойрхи Дорнодын гарааны бизнесийн экосистемийг сонирхож буй. Үүний хүрээнд Монголд ирж бизнесийн ямар боломж байна вэ гэдгийг мэдэх төлөвлөгөөтэй. Энд залуу энтрепренерүүд, амжилттай яваа гарааны бизнесийнхэнтэй танилцаж, залуу авьяастнуудыг нээх, тэдэнд боломж олгох зорилготой. Мөн гарааны бизнесийн экосистем хэрхэн хөгжиж байна вэ, төр, засгийн бодлого нь залуу энтрепренерүүдийг дэмжихэд чиглэж байгаа, эсэхийг судлах хүсэлтэй.

-Та хөрөнгө оруулалт хийж эхлэхээсээ өмнө гарааны хэд хэдэн бизнес эрхэлж, амжилт олсон юм билээ. Гараагаа ямар бизнесээс эхэлсэн бэ?

-Би багадаа видео тоглоом сонирхдог байсан. Тиймээс энэ сонирхлынхоо дагуу компьютерийн шинэ тоглоом бүтээхийг хүссэн. Гэхдээ их мөнгө олох нь миний зорилго байгаагүй. Шинэ зүйл хийж, бүтээе хэмээн хүсэж, бизнесийн гараагаа эхлүүлсэн.

-Компьютерын ямар тоглоом бүтээсэн юм бэ?

-Тухайн үед таван жилийн хугацаанд 50 орчим шинэ тоглоом бүтээсэн. Хөгжүүлдэг, оюун ухааны, стратегийн гэх мэт олон төрлийнх байсан.

-Гарааны 200 гаруй бизнест хөрөнгө оруулсан гэлээ. Энэ олон компаниас мэдээлэл авах, үйл ажиллагааг нь чиглүүлэх гээд ажил их байх. Үүнийг хэрхэн амжуулж байна вэ?

-Би олон чадварлаг хүнтэй хамтран ажилладаг. Сайн баг бүрдүүлсэн нь миний ажлыг хөнгөвчилж өгдөг. Бизнес эрхлэхэд нэг хүн биш, чадварлаг хамт олон чухал шүү дээ.

-Ирээдүйд өсөж дэвжих боломжтой бизнесийг хэрхэн олдог вэ?

-Хөрөнгө оруулахаар сонирхож байгаа компанийн талаар мэдээлэл цуглуулах нь хамгийн үр дүнтэй арга. Тэдний амжилт, алдаа, оноо, туршлага гэх мэтээр бизнесийн түүхийг нь судлан, уулзаж ярилцан, таньж мэдэх шаардлагатай болно.

-Гарааны бизнес эрхлэгч олон залуутай уулзсан байна. Тэд бизнестээ хөрөнгө оруулах танд санал тавьж байна уу. Таны сонирхлыг татсан бизнес байв уу?

-Хэдэн монгол залуу надтай уулзаж, санал тавьсан. Би бизнесийн үйл ажиллагааг нь сайн судалдаг. Тэдний зарим нь бизнесийн гараагаа дөнгөж эхэлж байхад зарим нь хөл дээрээ босож, нэлээд туршлага хуримтлуулсан байдаг.

-Сүүлийн үед манайхан үндэсний өв соёл шингэсэн монгол брэндийг бий болгохоор чармайж байгаа. Тухайлбал, хэдэн залуу угсардаг тоглоомон гэр үйлдвэрлэн экспортолж эхэлсэн. Таны бодлоор ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл гадаад зах зээл гаргах боломжтой бол.

-Тоглоомон монгол гэр үйлдвэрлэж байгаа залуустай танилцсан. Ийм төрлийн бүтээгдэхүүн экспортлох нь сайхан санаа гэж бодож байна. Харин ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь амжилтад хүргэх вэ гэдгийг судалгаа хийж байж л хэлэх боломжтой.

-Олонд танигдсан брэнд бүр өөрсдийн онцлогтой байдаг. Ийм брэндийг бий болгохыг зорьж буй хүн ямар зарчим баримтлах ёстой вэ?

-Хамгийн түрүүнд маш сайн санаа олох ёстой. Мөн харилцаа холбоо сайтай, танил ихтэй байх ёстой. Чадварлаг ажилтан, сайн зөвлөгч, хөрөнгө оруулагч нараар багаа бүрдүүлэх нь чухал. Үүний дараа зүгээр л ажлаа эхэл. Хэт их бодож, сэтгэлээ чилээх хэрэггүй. Хийсэн нь л хождог. Алдаа гарвал түүнээсээ суралцсаар үр дүнд хүрэх болно.

-Гарааны бизнесийн сайн санааг хэрхэн олох вэ?

-Энэ нь тийм амар зүйл биш. Чиний эхний санаа тийм сайн биш байж болно. Гэхдээ туршиж, судалж үзсэний үр дүнд тэр чинь өөрчлөгдөн сайжрах замаар амжилтад хөтлөх санаа бий болдог. Магадгүй биелэх боломжгүй санаа ч байж болно шүү дээ. Тийм үед шинээр эхлэх хэрэгтэй.

-Манайх жижиг зах зээлтэй. Ийм орчинд бизнесээ өргөжүүлэх боломж хэр вэ. Өмнөд хөршийн зах зээлд олон бизнес хөл тавьсан ч төдийлөн үр дүнд амжилт олсон нь цөөн. Энэ том зах зээлд орон зайгаа хэрхэн тэлэх вэ?

-Монгол бол нүсэр эдийн засгийн дэргэд буй жижиг зах зээл. Гэхдээ энэ нь санаа зовох зүйл биш. Тиймээс энэ зах зээлд хүрээгээ тэлье гэвэл Хятад руу яв, боломжийг эрэлхийл, оролдож үзэх хэрэгтэй. Монголчуудын хувьд Хятад бол боломжийн далай юм. Тэндээс загас барих хэрэгтэй.

-Таны ажлын юу нь сайхан бэ?

-Би ажлаасаа цаг үргэлж таашаал авдаг. Учир нь ухаалаг, эрч хүчээр дүүрэн гайхалтай залуус мөрөөдлөө биелүүлэхээр надтай уулздаг. Харин би тэдэнд мөрөөдөлдөө хүрэхэд нь тусалдаг. Энэ л миний ажлын сайхан нь юм. Мөн би дэлхийн нэг захад амьдардаг шилдэг энтрепренерийг нөгөө захад буй сайн хөрөнгө оруулагчтай холбож өгдөг. Эндээс үргэлж шинэ боломж, шинэ авьяастан төрж, шинэ хамтын ажиллагаа эхэлдэг юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)