Польш залуу “Зөвлөлтийн зэрлэгүүд”-д үзүүлээд өгчээ

Спортын түүхэнд тодоор бичигдэж үлдсэн, хэзээ ч мартагдахгүй дурсагддаг үйл явдал, түүхийг “Спортын тод түүх” булан хүргэдэг билээ.

1980 оны Москвагийн олимпын үеэр Польшийн тулгууртай харайлтын тамирчин Владислав Козакевич нэн таатай бус байдалтай байжээ. 1976 онд Монреальд болсон тоглолтод оролцож байхдаа Влад бусад орны тамирчидтай чөлөөтэй харилцаж, өмссөн хувцас, бэлэг дурсгалын зүйл солилцож сайхан байсан аж. Тэгвэл ЗХУ-ын нийслэлд түүнийг болон бусад тамирчныг байнга ажиглаж, мөрдөн мөшгөж байв. “Олимпын тосгонд 22.00 цаг гэхэд л хөл хорьчихно. Дуу бүжиг, зугаалга цэнгээн огт байхгүй, охид, хүүхнүүдтэй ойртох ямар ч аргагүй. Алтан медалиа аваад олимпын тосгонд 01.00 цагийн үед ирэхэд автомат буутай хоёр цэрэг намайг өрөөнд минь оруулсан” гэж В.Козакевич ярьсан байдаг.

Афганистанд Зөвлөлтийн цэрэг оруулснаас үүдэж, 1980 оны олимпод дэлхийн 50 гаруй улс хориг тавьсан ч энэ нь тулгууртай харайлтын тэмцээний үр дүнд ямар нэг нөлөө үзүүлээгүй. Тухайн үед шагналын төлөө Зөвлөлт, Польшийн тамирчид өрсөлдөж, хоёр талаас хамгийн шилдгүүдээ ирүүлсэн байна. В.Козакевичийн гол өрсөлдөгч нь нутаг нэгтэн, 1976 оны олимпын аварга Тадеуш Слюсарский, 1980 оны Европын аварга, Зөвлөлтийн тамирчин Константин Волков нар байлаа.

Владислав ширүүн зантай хүн байснаас дасгалжуулагч болон спортын холбооны түшмэлтэй хэл амаа ололцохгүй байж болзошгүй тул түүнийг Аюулаас хамгаалах хорооны нэг ажилтны мэдэлд өгчээ. Тусгай албад В.Козакевичийг ЗХУ-д ирэхээс хоёр жилийн өмнө Польшийн хөнгөн атлетикийн холбооны зөвшөөрөлгүйгээр өөрийн хувийн ивээн тэтгэгч ASICS-ын зохион байгуулсан тэмцээнд оролцсон түүхийг нь мэддэг тул мартаагүй аж.

Польшуудыг япончуудын өрсөлдөгч “Adidas” дэмждэг, тэгээд хэл ам дэгдээж, В.Козакевичийн олон улсын тэмцээнд оролцох эрхийг хагас жилээр хасжээ. Тэрбээр Монреальд л алтны төлөө “үзэлцсэн” ч гэмтсэнээс болж арваннэгдүгээр байр эзэлсэн юм. Тиймээс Москвад гол өрсөлдөөн Слюсарский, Волков хоёрын дунд болно гэж үзэж байтал үзэгчдийн зүгээс шүгэлдэж эсэргүүцэл үзүүлсэн нь польш залуугийн хор шарыг хөдөлгөжээ. “Спортын олон төрлийн тэмцээний үед, хөлбөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөг тоглож байхад үзэгчид хашхиран шүгэлдэх нь байдаг. Харин хөнгөн атлетикт ийм зүйл хэзээ ч болж байгаагүй” гэж В.Козакевич гайхсан байдаг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)