П.Нямлхагва: Хүүхэлдэйн улсын уралдаан зарлаж, монгол баатар шалгаруулна

Хүүхэлдэйн театрынхан ирэх онд монгол хүүхэлдэйн дүр сонгон шалгаруулахаар болжээ. Тус театрын дарга П.Нямлхагваас зарим зүйлийг тодрууллаа.

-Шинэ дүр төрх бүхий монгол хүүхэлдэйн дүрийг хэрхэн тодруулах юм бэ?

-Монгол төрхтэй буюу монгол хүүхэлдэйг тодруулах үүднээс он гарангуут хүүхэлдэйн улсын уралдаан зарлана. Барималч, зураач, зохион бүтээгчдийн дунд өндөр шагналтай уралдаан зарлаж, жинхэнэ монгол хүүхэлдэйг шалгаруулахаар төлөвлөлөө. Үүний дараа тухайн дүрд зориулсан жүжиг бүтээнэ. Уралдаанд ирсэн бүх бүтээл хүүхэлдэйн театрын өмч болох бөгөөд үзэгч хүүхдүүдэд ээлж дараатай хүргэнэ.

Миша баавгай, Маша охины тухай хүүхэлдэйн кино Орос орныг “сурталчилж”, тухайн орны онцлог, аж амьдралыг харуулдаг. Түүн шиг бидний шалгаруулах хүүхэлдэйг харахад л Монгол орон бүхэлдээ харагдах ёстой юм. Энэ ажлынхаа үр дүнд бид жинхэнэ үндэсний гэх тодотголтой контент бүтээх төлөвлөгөөтэй.

-Хүүхдүүд дуу, дүрсний өндөр үзүүлэлттэй, техникийн хөгжил, хурд шаардсан бүтээлийг илүү сонирхох болсон. Энэ эрэлтэд тулгуурласан бүтээл туурвих уу?

-Урлаг үзэгчээсээ түрүүлж хөгжих ёстой. Хүүхдүүдийн сэтгэлгээ өөрчлөгдсөн, түүнд нь тохирох уран бүтээл хийнэ. Сургамжит хүүхэлдэйн жүжгүүдээ гар утасны аппликэйшн хэлбэрээр үзэгч багачуудад хүргэж эхэлсэн. Гар утсандаа “Янз” аппликэйшнийг үнэгүй татахад хангалттай. Цаашид бид он гарангуут 3-10 насны хүүхдэд зориулсан “Бүлтээхэй, дэлдээхэй” сургамжит жүжиг толилуулна. VIII-XII ангийнхныг томчууд хүүхэд, хүүхдүүд болохоор том хүн гэж хардаг.

Тэдэнд чөлөөт цагаа өнгөрөөх газар хомс, PC тоглоомын газарт л өнжиж байна. Тиймээс манай уран бүтээлчид өсвөр насныханд зориулж, хүн байх тухай, аливааг хайрлахын мөн чанарыг харуулсан жүжгийг тавдугаар сард тавихаар төлөвлөсөн. Дараа нь “Торгон замын тоодоохой” нэртэй танин мэдэхүй, түүхэн ач холбогдолтой жүжиг тавина. 2018 оны төгсгөлд Хүүхэлдэйн театрыг үндэслэгч агуу их Аброзов суурийг тавьсан ОХУ-ын Үлгэр театрынхны уран бүтээл толилуулахаар зэхээд буй.

Манай театр 1948 онд “Гайхамшигт хайрцаг” жүжгээр хөшгөө нээж байсан. Ирэх онд тохиох 70 жилийн ойг тохиолдуулан хуучин оны босгон дээр “Гайхамшигт хайрцаг” тоглолтоор эхлүүлнэ. Үүний тулд театрын ахмад уран бүтээлчид, залуу жүжигчид, найруулагчид ОХУ-ын Санкт-Петербургийн Хүүхэлдэйн театрын зөвлөх зураачидтай хамтран ажиллаж байна. МҮЭСТО-д энэ сарын 29, 30-нд тоглох “Гайхамшигт хайрцаг” жүжгийн бэлтгэлээ эртнээс эхэлсэн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)