Плей-оффын “шижир алт”

 “Лос-Анжелес клипперс” багийн эсрэг долоо дахь тоглолтын өмнө “Денвер наггетс” багийн (nugget англиар шижир алт гэсэн утгатай) лидер Н.Йокич төрсөн өдөр нь тохиосон дасгалжуулагч М.Мэлоунд ямар бэлэг өгөх гэж буйгаа хэлжээ.

“Дасгалжуулагч аа, би танд өнөөдөр гоё бэлэг бэлдсэн. Та нэг бол гэртээ харина, эсвэл “Өрнөд” бүсийн финалд шалгарна” гэсэн байна. Улмаар шийдвэрлэх тулаанд “Денвер” 104:89-ийн харьцаатай ялснаар М.Мэлоун хоёр дахь бэлгийг нь авчээ. Үүндээ ч тэрбээр баяртай байсан юм. “Үнэхээр бахархаж байна. Залуус маань урам зоригоо алдалгүй, бие биедээ итгэж тоглолоо. Бидэнд боломж байхгүй гэж хүмүүс ярьцгааж байлаа. Харин бид тун сайн багийг гурван удаа яллаа. Надад үнэхээр хэлэх үг алга” гэж М.Мэлоун ярьжээ.

Түүний удирдсан баг эхний шатанд “Юта жааз” багт 1:3-ын харьцаатай хожигдож байгаад “барьсан” бол “Лос-Анжелес клипперс”-ийг мөн л гурав дараалан хожиж бүсийнхээ финалд шалгарсан. “Elias sports bureau”-гийн мэдээлж буйгаар “Денвер” бол плей-оффт хасагдах аюултай гурван тоглолтод 10-аас дээш онооны зөрүүг “барьж” хожсон анхны баг аж.

М.Мэлоун дөрөв дэх тоглолтын дараа багийнхандаа тун товч захиас хэлсэн нь “Зөвхөн дараагийн тоглолтдоо л анхаарлаа хандуул”. Багийн хувь заяа дээсэн дөрөөн дээр ирсэн үед сайн тоглодог нь түүний багийн нэг онцлог болоод байна. Хүнд нөхцөлд барьц алддаггүй, чанга сэтгэл зүйтэй баг гэдгийг нь плей-оффын сүүлийн дөрвөн цуврал нь тус бүр долоо дахь тоглолт (гурав хожиж, нэг хожигдсон) хүртэл сунаж байснаас харж болно.

Ийнхүү “Денвер” 2009 оноос хойш анх удаа бүсийн аваргын төлөө тоглох эрхтэй боллоо. 11 жилийн өмнө К.Энтони тэргүүтэй “Денвер наггетс” мөн л “Лейкерс”-тэй тааран тоглож байсан түүхтэй. “Өрнөд” бүсийн аваргын төлөө эхний тоглолт бямба гаргийн өглөө болох бөгөөд цувралын гол фаворит нь мэдээж “Лейкерс”. Гэвч олонхын таамгийг

эвдэж, сайн багийг буулган авч чадна гэдгээ энэ жил “Денвер наггетс” хангалттай нотлоод байна.

ОНЦЛОХ АМЖИЛТ

Нэг удаагийн плейоффт 1:3 харьцаанаас хоёр удаа эргэн ирж, цувралд ялсан лигийн түүхэн дэх анхны баг нь “Денвер наггетс”. Мөн тэд цувралд ялагдах аюултай зургаан тоглолтод дараалж хожсон анхны баг.

Төвийн тоглогч Н.Йокич 22 удаа самбараас бөмбөг авч, трипл-дабль гүйцэтгэсэн. Лигийн түүхэнд түүнийхтэй (16 оноо, 22 самбар, 13 дамжуулалт) ижил амжилт үзүүлсэн тоглогч бол У.Чэмберлэн. Түүнээс гадна Н.Йокич плей-оффын долоо дахь тоглолтын эхний гурван үед трипл-дабль хийсэн анхны тоглогч болов.

“Денвер”-ийн Ж.Мюррэй, Н.Йокич плей-оффын долоо дахь тоглолтод гурван удаа ялалт байгуулав. Ийнхүү тэд хоёр удаа долоо дахь тоглолтод ялсан домогт М.Жорданы амжилтаас илүү гарлаа.

“Лос-Анжелес клипперс” АНУ-ын спортын том дөрвөн лиг болох NBA, NHL, MLB, NFL-ийн багуудаас бүсийн финалд шалгарч чадаагүй хамгийн “олон жил болсон” хар амжилтаа дахин шинэчиллээ. Тодруулбал, тэд бүсийн финалд 50 жилийн турш шалгарч чадалгүй өдий хүрээд байна.

 “Лос-Анжелес клипперс”-ийн дасгалжуулагч Д.Риверс плей-оффын цувралд 3:1-ээр тэргүүлж байсан ч гурван удаа хожигдсон тааруу амжилттай NBA-ийн цорын ганц дасгалжуулагч болов. Тэрбээр 2003 онд “Мэжик”, 2015 онд “Лос-Анжелес клипперс” багийг удирдаж байхдаа эсрэг багтаа ялагдаж байсан юм.

“Өрнөд” бүсийн финал

“Лейкерс”-“Денвер”

(XI.19 Улаанбаатарын цагаар 09.00)

“Дорнод” бүсийн финал

“Бостон”-“Майами” 01.00

Бэлтгэсэн: Н.Энх 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)