П.И.Чайковскийг амилуулагчид

Зочин-сурвалжлагч Б.ЛХАГВАЖАВ


(МҮХАҮТ-ын ерөнхийлөгч)

Энэ онд тохиосон 20 жилийн ойн хүрээндээ нээсэн “Зочин-сурвалжлагч” хэмээх шинэ буландаа бид нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүндтэй эрхмүүдийг урьж, өөрийнх нь эрхэлдэг ажил, мэргэжлээс тэс өөр салбарын тогоонд “буцалгаж”, газар дээрээс нь сурвалжилга бэлтгүүлж буй билээ. Энэ удаагийн зочин маань Монголын шилдэг эрх зүйчдийн нэг, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав. Тэрбээр өнгөрсөн ням гаригт Дуурь, бүжгийн эрдмийн театрт томилогдон “Щелкунчик” бүжгэн жүжгээс сурвалжилга бэлтгэлээ.

Лхагважав угаас урлагийн торгон мэдрэмжтэй нэгэн. Үүн дээрээ аливааг олон өнцгөөс харж, илүү амттай болгохын тулд эрэлхийдэг нь энэ удаагийн ажлаас тодорхой харагдлаа.

Би өнөөдөр “Өнөөдөр” сонины сурвалжлагчийн хувиар ДБЭТ-т очлоо. Оросын алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Щелкунчик” балетаас сурвалжлах үүрэгтэй. Ер нь манай хэвлэл мэдээллийнхэн аливаа тоглолтыг үзээд, сэтгэгдлээ бичих маягаар голдуу сурвалжилдаг мэт санагддаг. Тиймээс би тэрхүү тогтсон хэв маягаас арай өөрөөр, тодруулбал, балет үзэгчдэд хүрч, тайзнаа амилтал ямар их хүч хөдөлмөр, тэсвэр тэвчээр, авьяас чадвараар бүтдэгийг харуулахыг зорилоо. Бүжигчид, хөгжимчдийн өрөөгөөр орж, тайзны ажилтнуудтай уулзаж, балетмейстер, удирдаачийг “байцааж”, басхүү онцгой нэгэн газарт нэвтэрсэн.

Миний “онилсон” эхний хүн бол балетмейстер Б.Жаргал. Тэрбээр П.И.Чайковскийн “сүнсийг” амилуулах их үйлсэд бүжигчдээ зангидсан хүн юм.

-Өнөөдөр манай балетын урлагт өрсөлдөөн бий болсон нь энэ бүтээлийг хоёр янзын тавилтаар толилуулж буйгаас харагдаж байна. Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг АНУ-ын “Бостон балет” компанийн дэглэлтээр “Цөмөөхэй”-г монгол үзэгчдэд хүргэж байгаа бол нөгөө талаас ДБЭТ маань урын сангаа уудлан, 1982 онд Зөвлөлтийн балетмейстрийн найруулан тоглуулснаар гарган тавилаа.

Энэ хоёр тоглолт үзэгчдэд төдийгүй уран бүтээлчдэд их шимтэй зүйл авчирсан гэж боддог. Та мэргэжлийн хүний хувьд сэтгэгдлээ хуваалцана уу?

-Манай театрын тавилт бол жинхэнэ сонгодог уламжлалт хэлбэрийнх. Энэ нь балетчдаас маш их ур чадвар, техник шаарддаг. 1982 онд энэ театр эл бүтээлийг анх Оросын балетмейстер Мариус Петипагийн цомнолоор В.Федонин найруулан тавьж, тоглосон тэр дэглэлтээрээ гэсэн үг. Тэр ч бүү хэл, тайзны засал, хөшиг зэрэг нь яг тухайн үеийнхээр буюу А.Морозовын бүтээснээр хадгалагдсан. Ингээд 30 гаруй жил тасралтгүй тоглосон “Щелкунчик”-ийг сүүлийн гурван жил урын сандаа хадгалж байгаад энэ онд гаргаж ирсэн юм.

“Бостон балет”-ын дэгээр тавьсан “Цөмөөхэй” тайз засал, хувцас, техник хэрэгслийн хувьд шинэлэг, тэгээд энтертайнмент талдаа. Тэр утгаараа бага бүрэлдэхүүнээр, хөнгөн, амархан бүтдэг. Мөн маркетинг нь илүү хүчтэй байх шиг. Гол ялгаа нь энэ. Таны хэлдгээр нэг бүтээлийг хоёр өөр улсын тавилтаар тоглох нь өрсөлдөөн бий болгож байгаа. Гэхдээ үүнд нэг зүйл онцлоход түүнд тоглож буй уран бүтээлчид бүгд манай театрынх.

-Та өмнө нь энэ тайзнаа “Щелкунчик”-т бүжиглэж байсан, одоо харин балетмейстрийн хувьд ажиллаж байна. Энэ хоорондын ялгааг хэр мэдэрч байна вэ?

-Өөрөө бүжиглэх, бүхэл бүтэн балетыг хариуцан тоглуулахын хооронд маш их ялгаа бий.

-Энэ онд тоглож буй “Щелкунчик”-ийг манай сонгодог урлагийн шинэ үеийнхэн авч яваа нь том онцлог гэж харж байна.

Балетмейстер, бүжигчдээс гадна удирдаач маань ч шинэ халаа болсон Т.Гэрэлцэцэг. Түүний аав ДБЭТ-ын удирдаач Н.Туулайхүү. 1982 оноос хойш энэ балетыг олонтаа дохисон хүн. Та аав, охин хоёрын ялгааг мэдрэв үү?

-Гэрэлцэцэг бол ДБЭТ-ын түүхэн дэх балетын концертмейстрээр бэлтгэгдэж буй анхны хүн. Ирэх хавар СУИС төгсөнө. “Хунт нуур” балетаар диплом хамгаална. Мөн анхны эмэгтэй удирдаач. Сүүлийн 15 жил яг балетын концертмейстрээр дагнан ажиллаж буй. Тиймээс бүжигчдийнхээ онцлог, бүтээлийнхээ хэмнэлүүдийг нэгбүрчлэн мэднэ.

“Өнөөдөр” сонины зочин-сурвалжлагч миний дараагийн “өртөө” ДБЭТ-ын хоёр давхарт байрлах балетчдын өрөө байлаа. Одоо 15.00 цаг болж байна. Тоглолт 17.00 цагт эхэлнэ. Бага үдэд биеэ халааж, бэлтгэлээ хийсэн бүжигчид нүүрээ будаж, хувиргах ажилд оржээ. Энэ бүтээлийн гол дүр Клара охин болсон ХБК-ийн долдугаар ангийн сурагч Б.Хулангийн нүүрэнд Гавьяат жүжигчин Ч.Ганчимэг багш нь энгэсэг түрхэж харагдана.

Тэрбээр Кларагийн дүрд бүжиглэж байсан туршлагатай балетчин. Харин энэ удаа хүүхдүүдийг бэлтгэж буй. Өөрөө хийж байсан зүйлээ бусдаар хийлгэх нь илүү ярвигтай, хариуцлагатай байдгийг хашир “Клара” онцолсон. Б.Хулан охины хувьд анхны дүрээ бүтээж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа хэлэв. Түүнд багш шигээ мундаг бүжигчин болохыг ерөөе.

Хонгилд “хархнууд” бужигналдана. Хажууд нь Монголын сор балетчин, Ардын жүжигчин О.Ганбаатар зарим хүүхдэд зөвлөгөө өгч, аль хэсэгт яаж хөдлөх, сэлмээ хэрхэн чирч, бас далайх вэ гээд л нарийвчлан зааж байлаа. Түүнд зорилгоо тайлбарлаад, хэдэн хором хөөрөлдлөө.

-Би 1985 онд сурагч байхдаа “Хунт нуур” балет үзэж, таны ур чадварыг биширч явсан хүн л дээ. Тэр цагаас хойш уг балетын алиа салбадайн дүрд тань шиг гайхалтай бүжиглэсэн хүнийг олж хараагүй гэдгээ хэлэхийг хүсэж байна. Миний хувьд та аль ч улсын балетчдаас шилдэг алиа салбадай байсан.

Хэдийгээр өнөөдрийн сурвалжилгын маань агуулгатай дүйхгүй ч тантай уулзсаных нэг түүх яримаар байна. Тэр жил 48 дугаар сургуулийн хүүхдүүд “Хунт нуур” үзэж байгаад бүжигчид рүү рогаткаар харвачихсан юм. Тэгтэл нэг сум нь таны нүүрэн дээр туссаныг санаж байна уу. Тэгэхэд Б.Жамъяндагва багш тоглолтыг тэр даруй зогсоогоод, урд эгнээний хүүхдүүдийг тайзан дээр гаргаж, зэмлэсэн.

Дараа нь биднийг шийтгэж нэг сарын турш Дуурийн театрт тасралтгүй тоглолт үзүүлэх болсон л доо. Тэр нь эцэстээ шийтгэл биш, над мэтийн зарим хүнд завшаан болж, сонгодог урлагт шимтэн дурлуулсан юм. Далимд нь хэлэхэд, би харваагүй л дээ. Эзнийг нь олоогүй өнгөрсөн.

-Үнэхээр тийм явдал болсон шүү. Тэр төмөр сум миний нүдний дээх нь зовхин дээр оносон.

-Үүнээс улбаалаад нэг зүйл асууя. Тухайн үеийн хүүхдүүдийг өнөөгийнхөнтэй харьцуулбал ямар байна вэ. Үзэгчийн соёл талаас нь асуулаа?

-Ер нь таны сурагч үед бол тусгай бодлогоор сонгодог урлагийг сурталчлан таниулдаг байлаа шүү дээ. Тэр дундаа “Щелкунчик” бол хүүхдэд зориулсан балет учраас үе үеийн хүүхэд, багачуудын үзэх дуртай бүтээл байсаар ирсэн. Өнөөдрийн хувьд манай театрын тайзнаа энэ бүтээлийг хоёр улсын, хоёр янзын менежментээр хүргэж байгаа нь маш олзуурхууштай.

Хүүхдүүд маань аль алиныг нь сайхан хүлээж авч байна. Өнөөгийн хүүхдүүд сонгодог бүтээлийг хүлээж авах байдал нь их өндөр хэмжээнд төлөвшсөн байна. Энэ дашрамд, та бүхэнд талархал илэрхийлье. Учир юу вэ гэхээр, сүүлийн үед манай телевиз, сонин, сэтгүүлийнхэн сонгодог урлагийн талаар жаахан дулимаг мэдээлдэг болжээ. Товчхон мэдээлээд л, илээд орхиод байна уу гэж хардаг юм.

Харин та бүхэн ингэж халуун тогоонд нь орж, тайзны арын үйл явдлыг уудлан, бас харьцуулан гаргаж байгаа нь сайн хэрэг.

Энэ үдэш П.И.Чайковскийн “сүнсийг” амилуулах гол хүнтэй уулзахаар би театрын гуравдугаар давхарт гарлаа. Тэр бол Т.Гэрэлцэцэг.

-Би “Өнөөдөр” сонины сурвалжлагчийн онцгой даалгавартай явна. Та өнөө үдэш “Щелкунчик” балетыг удирдан залах онцгой даалгавартай хүн. Нөгөөтэйгүүр Та энэ бүтээлээр удирдаачийн гараагаа эхэллээ.

Удирдаач аавын удирдаач охин гэдэг утгаараа асар их хариуцлага мэдэрч байгаа нь лавтай. Чайковскийг амилуулах таны арга барил аавынхаасаа хэр зөрүүтэй, зөрчилтэй, эсвэл нийлэмжтэй байна вэ?

-Би энэ театрт 19 дэх жилдээ балетын концертмейстрээр ажиллаж байна. Тэр утгаараа дохихдоо балетаа ааваас илүү мэдэж байгаа болов уу. Удирдан тоглуулахын хувьд аав, би гэсэн хоёр хувь уран бүтээлч, мөн эрэгтэй эмэгтэй хүний мэдрэмж, сэтгэмж өөр л дөө. Өчигдөр жаахан сандарсан. Өнөөдөр харин сэтгэл тайван байна.

-Аав, охин хоёрыг харьцуулах гэсэнгүй, зөв ойлгоорой. Бүжиг, хөгжимтэйгөө зэрэг ажилладаг нь удирдаачийн зовлон, бас жаргал гэж боддог. Та бол балет талдаа түлхүү бэлтгэгдсэн.

Тэгэхээр өчигдөр хөгжмийн зэмсгүүд хэр өнгөтэй дуугарав. Мөн импрессионизмын оргил үед бүтээгдсэн балетыг анх удаа дохисон охиндоо аав тань юу гэж хэлж, зөвлөв?

-Таны хэлдгээр би бүжигчид рүү илүү анхаараад, хөгжмөө орхигдуулах вий гэж анхаарч, хичээсэн. Ямартай ч үүргээ гүйцэтгэсэн. Чадсан, үгүйг минь үзэгчид л дүгнэх байх даа. Аавын хувьд би охин нь, бас шавь нь. Тэр утгаараа багш маань шавиа дүгнэсэн байгаа. Цаашид сурах, янзлах зүйл зөндөө байгаа шүү гэсэн.

-Таны хувьд энэ бүтээлийн аль хэсгийн аялгуунд ухаанаа “алдан” дурладаг бол?

-Ер нь П.И.Чайковскийн балетууд их уянгалаг, дурлаж, уярахгүй байхын аргагүй дээ. “Щелкунчик”-ийн хувьд цасны бүжиг, ханхүүтэй хоршин бүждэг хэсгийн адажио үнэхээр гоё.

Аав, охин хоёр нэг театрт, тэгээд дэлхийн сонгодог бүтээлийг удирдан тоглуулна гэдэг ховор, бас азтай тохиолдол. Нөгөөтэйгүүр Монголын сонгодог урлагт удам дамжсан удирдаач төрсөн нь тун чухал явдал билээ. Хэдэн жилийн өмнө Ф.Шопены “Шопениана” бүтээлийг тус театрт амилуулахад би Т.Гэрэлцэцэгтэй хамтран ажиллаж байснаа дурсахад сайхан байна.

Удирдаачийн их үйлсэд нь өндөр амжилт хүсээд түүний өрөөг орхин “Өнөөдөр”-ийн сурвалжлах багийнхан ДБЭТ-ын алтан “хэвлий” рүү орлоо. Үзэгчдийн хувьд хамгийн хаалттай “нууц” тэр газар бол яма буюу найрал хөгжимчдийн эзэмшлийн хэсэг юм. Энэ хэсгийг би театрын “эхийн хэвлий” гэж онцолмоор байна.

Найрал хөгжимчид тоглолт эхлэхээс хоёр цагийн өмнө цуглажээ. Тэд биеэ халааж, зэмсгүүдээ “аргадан уярааж” бэлтгэлээ базаагаад орой үзэгчдээ хүлээн авна. Дэлхийн жишгээр энэ “эхийн хэвлий”-д хийл, төгөлдөр хуур, бүрээ, бөмбөрөөс эхлээд бүх хөгжмийн зэмсэг бий. Манай ДБЭТ-ын симфони оркестр 50 гаруй хөгжимчний бүрэлдэхүүнтэй. Энэ нь дэлхийн стандарт жишиг л дээ.

Тэднээс Гавьяат жүжигчин, хийлч Л.Мөнхцэцэгийг онцлон хэдэн хором ярилцав. Тэрбээр Монголын урдаа барьдаг хийлчдийн нэг бөгөөд 1971 оноос хойш энэ театртай холбогдож, үе үеийн удирдаачдын дохиурын дор энэ театрын бүхий л уран бүтээлийг амилуулахад оролцсон гарамгай нэгэн юм.

Тэрбээр “Чайковскийн бүх бүтээл гайхалтай. Тэр нь, энэ нь гэж онцлон ялгах аргагүй. Тэр дундаас “Щелкунчик” шинэ жилийн сүлд болсон бүтээл” хэмээгээд сонгодог урлагийн ариун сүм болсон ягаан театрын найрал хөгжимчдийн залуу халаа алдагдахад хүрэх вий гэж санаа чилээж явдгаа мөн өгүүлсэн. Уран бүтээлчдийн хөдөлмөрийн үнэлгээ дэндүү доогуур байгаа нь тийнхүү боловсон хүчний хомсдолд оруулах гол шалтгаан юм байна.

“Монголын хамгийн гайхамшигт удирдаач, хөгжмийн зохиолч Ж.Чулуун бол дэлхийн хэмжээний чадвартай, жинхэнэ гарамгай хүн байсан” хэмээн дурссан Л.Мөнхцэцэг шиг олон сайхан уран бүтээлч ягаан сүмийг өргөж, үргэлжлүүлж явна гэдэгт итгэж байна.

Ингээд агуу хүн П.И.Чайковскийг өнөө үед “авчирч” үзэгчидтэй уулзуулах хамгийн чухал албаныхныг орхин, “хэвлий”-гээс гарч, тасалбар түгээгүүрийн хэсгийг зорилоо.

Дэлхийг Монголд “авчирдаг” энэ сайхан театр 500 суудалтай. Өнөөдөр үдшийн тоглолтын тасалбар хэд хоногийн өмнө дуусчээ. Харин ирэх бямба, ням гаригт тоглох “Бостон балет”-ын тавилтаар бүтсэн, бүр тодруулбал Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн найруулан дэглэсэн “Цөмөөхэй” балетын тасалбар цөөн үлдсэнийг үйлчилгээний ажилтан бүсгүй мэдээлэв.

Одоо 16.30 цаг болж байна. Хүсэн хүлээсэн жүжгээ үзэхээр үзэгчид эхнээсээ ирж байна. Зарим нь хэдийнэ суудлаа эзэлжээ. Хүүхдүүд олон харагдана. Мөн гадаадын хүн цөөнгүй байна. Тэд хүүхэд насныхаа дурсамжтай холбоотой сайхан балетыг Монголын уран бүтээлчдийн амилуулуулснаар үзээд бахархах биз ээ.

Ер нь театр гэдэг соёл түгээдэг газар. Тэр утгаараа тасалбар түгээдэг хэсэг, өлгүүр болон үүдний танхим бол үйлчилгээний гол фронт. Энд ирснээр бид сурвалжлах ажлаа түр завсарлаад, үзэгчийн “дүрд хувирна”. Түүний дараа эргээд үндсэн ажлаа үргэлжлүүлэн, үзэгчдийн сэтгэгдлийг хуваалцах болно.

“Щелкунчик” балет хоёр үзэгдэлтэй. Нэгдүгээр үзэгдэл сайхан өрнөлөө.

Хүүхэлдэй урлаач Дроссэлмейр ноён өөрийн “хүүхдүүдийг” ид шидээр амилуулан, бүжиглүүлж, багачуудыг хөгжөөлөө. Тэдгээр тоглоомоос хамгийн хачин царайтай, самар цөмөгч хүүхэлдэй Кларагаас бусдад таалагдсангүй. Тэр ч бүү хэл, ах Фриц нь түүний толгойг тасалчихсан. Дроссэлмейр хүүхэлдэйгээ засаж, янзлаад охинд бэлэглэв. Харин шөнө хархнууд хөөрхий хүүхэлдэйг хулгайлаад одов.

Энэ мэтээр үйл явдал өрнөж, удирдаач Т.Гэрэлцэцэг маань бүх нөхцөл байдлыг гартаа авлаа. Ингэснээр “П.И.Чайковский” амь орж эхэллээ. Хөгжим гайхалтай сонсголонтой байсныг дурдах хэрэгтэй. Үзэгчид, уран бүтээлчдийн амьсгал нэг хэмнэлд оржээ.

Ингээд нэгдүгээр хэсэг өндөрлөн, хөшиг хаагдлаа. Завсарлага 10 минут үргэлжилнэ. Энэ хооронд амжуулаад үүдний хэсэгт явуулж буй үйлчилгээтэй танилцлаа. Энд тоглоомон цөмөөхэй том, жижгээрээ өрөөстэй байна. Чихэр, амттанууд ч харагдлаа. Өөр нэгэн онцлох зүйл нь “Щелкунчик” балетыг үлгэр хэлбэрээр уншиж, хөгжим юутай нь багтаасан цомог юм. Энэхүү сонсдог цомгийг “Тайзу медиа” компанийнхан гаргажээ. Аливаа зүйл ноён нуруугаа босгочихвол түүнийг дагаад маш олон бизнес, бусад үйлчилгээ дагадгийн нэг том жишээ бол энэ юм. Хүүхэд, багачуудад зориулсан сайхан бүтээл болсон байна.

“Өнөөдөр” сонины “зараал” би үзэгчдийн танхимаас нэгэн хүнийг “олзолсон” нь энэ театрт 50 орчим жил ажилласан, гавьяат жүжигчин С.Отгонням байсан нь санамсаргүй тохиолдол. Түүний хүү Лхагвасүрэн өдгөө Токиогийн “Комаки балет” компанийн гоцлооч бөгөөд яг энэ цаг мөчид мөн л “Щелкунчик”-т тоглож буйг аав нь хэлэв. С.Отгонням “Би тайзнаасаа буугаад театрын үзэгчийн танхимд “уяатай” болсон. Өнөөдрийн тоглолт гайхалтай болж, ялангуяа хөгжим тун тансаг дуугарч байна. Үзэгчдийн соёл ч өндөр байна” гэлээ.

Х.Чойжилсүрэн хэмээх хүнийг би зориуд уншигчидтай уулзуулахыг хүслээ. Учир нь тэрбээр 1973 оноос энэ ягаан сүмтэй холбогдсон, Монголын уугуул хэдэн балетчны нэг юм. 1985 онд тэтгэвэрт гарсан ч, одоог хүртэл бүжиглэсээр. Сая нэгдүгээр үзэгдэлд ордны ноён болсон. Тэрбээр “Би 1982 онд энэ балетыг анх тавихад харх болж байлаа. Одоо өтөлсөн учраас ордны эзний дүрд тоглож байна.

Театр маань биднийг гэрээгээр ажиллуулдагт баярлаж явдаг шүү. Чайковскийн “Щелкунчик” хэмээх гайхалтай бүтээлд шинэ үеийн уран бүтээлчидтэйгээ оролцож байгаагаа туйлын их завшаан гэж бодож байна” хэмээв.

Энэ бүтээл угаас хүүхдэд зориулагдсан учраас мэдээж гол үзэгч нь тэд байдаг. Тэдний төлөөлөл болсон Б.Жавхлантөгс, түүний эгч Б.Болорхишиг, найз Мөнгөндөлгөөн нар “Бүжигчид нь үнэхээр гоё юм. Хөгжим нь ч сүртэй санагдлаа. Бас хархнууд аймаар ч гэсэн таалагдлаа” гэж ам уралдав.

Сонгодог урлагийн амин сүнсийг уран бүтээлчид бадруулан гаргадаг бол түүнийг улам өнгөлөн, амьсгалуулдаг хүч нь үзэгчид байдаг. Энэ утгаараа тэдний сэтгэгдлийг хүргэлээ.

Үзэгч хүүхдүүдийн ярьснаар үнэхээр гоё балетын хоёрдугаар үзэгдэл эхлэхэд хоёр минут үлджээ. Хөшигний ард юу болж байгааг харж амжих учир тийшээ жирийлгэлээ. Тэндээс Н.Туулайхүү гуайг “барьж” авах нь лавтай.

Таамагласан минь талаар болсонгүй. Тэрбээр охиныхоо дэргэд сэтгэл хангалуун харагдана.

-Өөрийн удмаас залгамж халаагаа бэлтгэсэн танд юуны өмнө баяр хүргэе. Чайковскийн гайхамшигт бүтээлийг таны шавь хэр амилуулж байна вэ?

-Чайковскийн сэтгэлгээ монгол хүнийхтэй их дөхүү. Ер нь оросуудын сэтгэлгээг халуун буюу “горячий” гэдэг дээ. Бид ч тийм халуун, хөөрүү улс шүү дээ. Энэ утгаараа Чайковскийн сэтгэлийг манайхан бусад орны уран бүтээлчдээс хамаагүй илүү гаргадаг. Охин маань балетаа сайн мэддэг нь давуу тал. Тиймээс түүнд би эргэлзэхгүй байгаа шүү. Халаа боловсон хүчнээ бэлдсэн минь Монголын сонгодог урлагт өргөж буй том хандив гэж бахархаж байна.

Хөшиг нээгдлээ. Дараагийн үзэгдэл эхэлсэн тул би үзэгчийн суудалдаа тухлан, амирлан буй Чайковскийтой уулзахаар явлаа.

За, “Щелкунчик” балет аз жаргалтайгаар төгслөө. Мэдээж, уран бүтээлчид цэцгийн баглаа, алга ташилтаар булуулсан. Тэгэхээс ч аргагүй. Үнэхээр ур чадвартай, нийлэмжтэй байж Оросын суут хүний бүтээлийг амилууллаа. Энэ хүрээд сурвалжилгаа өндөрлөе.

Бүтэн өдрийн турш сонгодог урлагийн сүмээр аялж, “хориотой” бүсэд нь нэвтэрч ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгсөн театрын захирал Ч.Мөнхзулд талархах учиртай. Мөн биднийг дэлхийн сонгодог урлагаар бялхааж байдаг ДБЭТ-ын бүх ажилтан, ажилчин, уран бүтээлчдэд маш их баярлалаа.

“Өнөөдөр” сонины сэтгүүлч Ж.Эрдэнэцэцэг, фото сурвалжлагч Э.Харцага нар энэ өдөр зочин-сурвалжлагч Б.Лхагважавын туслахаар ажиллах том үүрэг хүлээсэн юм. Тиймээс түүний сурвалжилгад нь бяцхан “шигтгээ” хийхийг зорив.

“Урбанек”-ийн хэмээх нэмэлт тодотголтой энэ эрхэм угаас урлагийн торгон мэдрэмжтэй нэгэн. Үүн дээрээ аливааг олон өнцгөөс харж, илүү амттай болгохын тулд эрэлхийдэг нь энэ удаагийн ажлаас тодорхой харагдсаныг онцолъё. Тэрбээр сурвалжлах үүргийнхээ хажуугаар уншигчдад түлхүү мэдээлэл хүргэж, ДБЭТ хэмээх том гал тогооны жаргал, зовлонг уудлахыг зорьсон нь талархууштай. Бүжигчдийн сургуулилалтын үеэр тэрбээр балетын чиг хандлага, арга техникийн талаар тун сүрхий яриа дэлгэж, мөн О.Ганбаатар гуайтай хөөрөлдсөн зэргээс нь харахад жирийн нэгэн үзэгч биш, мэргэжлийн хүн шиг санагдав.

Дараа нь мэдэх нь ээ, тэрбээр хүүхэд ахуйдаа гимнастикийн спортоор таван жил хичээллэсэн, Бүх ард түмний спартакиад болон Улсын аварга шалгаруулах гимнастикийн тэмцээний мөнгөн медальтай шаггүй тамирчин байж. Тиймээс л балетын техникүүд, тэр дундаа ур чадвар шаардсан үсрэлт, эргэлтийн элементийг тун гярхай хардаг мэт санагдлаа.

Юутай ч, түүнтэй хамтран ажиллах сайхан байлаа. Уншигчдыг маань амттай сурвалжилгаар дайлахын тулд өглөөнөөс эхлэн цахимаар олон улсын том театруудад тавьсан “Цөмөөхэй”-г харьцуулан үзэж, өдөржин цаг харамлалгүй бидэнд үйлчилсэн зочиндоо талархъя.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)