Пил Даннингтон: Салхины аяс даган, агаарын бөмбөлөгөөр хөөрөх нь миний амьдрал

 Англи, Франц, Швейцарь, Герман улсаас бүрдсэн олон улсын нисгэгчдийн баг уржигдар Монголд ирлээ. 24 хүний бүрэлдэхүүнтэй энэхүү багийнхан өнөөдөр Төв аймгийн Хустайн нурууг зорих юм. Тэд есдүгээр сар хүртэл манай орны байгалийн үзэсгэлэнт газруудаар агаарын бөмбөлгөөр аялан, монголчуудад эл спортыг сурталчилахаар ирсэн.

Аялал жуулчлалын “Панорамик Жернис” компани, МИАТ ХК-ийн дэргэдэх “Спорт” нийгэмлэг, Монголын аялал жуулчлалын холбоо, “Баянгол” ХХК, ОБЕГ, Монголын агаарын спортын холбоо, Аэронавигацийн үйлчилгээний газрын хамтран зохион байгуулж буй уг үзүүлбэр Монголын аялал жуулчлалын салбарт өндөр ач холбогдолтой төдийгүй энэ үйл явдал олон улсад баримтат кино болон цацагдах аж.

Английн “Gone with the wind” компанийн захирал, тус аяллыг санаачлагч Пил Даннингтонтой уулзаж ярилцлаа.

-Юуны өмнө та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Пил Даннингтон гэдэг. Английн “Gone with the wind” компанийн захирал. Танай сайхан оронд би дахин ирсэндээ баяртай байна. Би эхнэр Али болон 19 гишүүний хамт уржигдар ирлээ. Сэтгэл их өндөр байна.

Та урьд нь Монголд ирж байсан гэсэн. Энэ тухайгаа дурсаач?

-Би Монголд гурав дахь удаагаа ирж байна. Хамгийн анх 1980 онд Монголын нисэхийн салбарын үйл ажиллагаа, зохион байгуулалтад туслах зорилгоор ирсэн. Харин 1994 онд Монголын Олимпийн хорооны урилгаар ирээд, тэр үед халуун агаарын зур гаан бөмбөлгийг Сүхбаатарын талбай, хотын ойролцоох Богд уулын гэр баазуудад түшиглэн, анх хөөргөсөн. Тухайн үед нисэх зөвшөөрөл авч, нийт таван газар нислэг үйлдсэн юм.

-1994 оны Монголыг одоогийнхтой харьцуулахад ямар өөрчлөлт гарч вэ?

-Би 1980, 90-ээд оны Монголын аж байдал, монголчуудын амьдралыг тодхон санаж байна. Ирэх болгонд минь хөгжиж дэвшиж байгаа нь эрс мэдэгддэг шүү. Ялангуяа Улаанбаатар хотын хөгжлийг хэлмээр байна. Их хурдан хөгжжээ. Маш олон өндөр барилга сүндэрлэж, хотын зам сайхан болсон байна. Худалдаа, үйлчилгээний газрууд олноор нээгджээ. 16 жилийн өмнө Монгол Улс ардчиллыг сонгоод удаагүй байсан цаг. Дэлгүүр ховор бай лаа. Байгаа хэдэн дэлгүүрийн лангуу нь хоосон. Гэтэл өнөөдөр дэлгүүр дүүрэн бараа байна. Эдгээр бараа таваар нь бүр олон улсын хамгийн нэр хүнд бүхий брэнд, тансаг бүтээгдэхүүн байна. Тухайн үед гадуур гарч хооллох их хүндрэлтэй байсан. Надад зочид буудлын хоолноос өөр сонголт байгаагүй. Харин одоо гадаад, дотоодын зоогийн газар, ресторан, хоолны газрууд нүдний өмнө дүүрэн.

-Даннингтоны гэр бүл Монголд их элэгтэй хүмүүс юм аа.

-Үнэхээр тийм шүү. Али маань бид хоёр танилцахаас өмнө 1993 онд Монголд ирж байсан. Манай эхнэр Бээжин гээр дамжиж, Улаанбаатар болон Москвагийн чиглэлд аялал хийсэн юм. Өвлийн улиралд аялсан болохоор их даарч байснаа дурсдаг. Маш их цастай, их хүйтэн үед ирсэн тул Монголын зун ямар байдаг бол гэх бодол байнга төрдөг байсан гэдэг. Али Монголд бүр дөрвөн сар амьдарсан шүү дээ. Монгол хэлний цагаан толгойн 35 үсгийг бүгдийг нь мэддэг. Уншиж ч чаддаг. Нэлээд сайн сурсан юм шиг санагддаг. 1993 онд хэвлэгдсэн Англи-Монгол ярианы өврийн дэвтрээ энэ удаагийн аялалдаа ч авчрахаа мартаагүй шүү.

-Энэ жил дахин ирж байгаа нь олон жилийн мө- рөөдлөө биелүүлэхийн тулд гэж сонссон. Монголын юунд нь ингэж их татагдав.

-Зуны улиралд Монголын үзэсгэлэнт нутгуудаар аялах гэж байгаа нь тохиолдлын зүйл биш ээ. Байгалийн сайханд аялах нь бидний нандин зорилго гэж хэлж болно. Бид жил хагасын өмнө Монгол руу явъя гэсэн шийдвэр гаргаад, хамтрах байгуул лагуудаа судалж эхэлсэн. Английн BBC телевизийн зөвлөснөөр “Панорамик Жернис” компанийг сонгосон юм. Энэ компанийн Монгол дахь салбартай холбогдож, явах бэлтгэлээ зэхсэн. Түүний үр дүнд өнөөдөр манай багийнхан агаарын бөмбөлгөө хөөргөх гээд ирчихсэн байгаа нь сайхан байна.

-Таны энэ удаагийн аяллын гол онцлог нь юу вэ?

Энэ удаагийнх их онцлогтой. Бид Германы үндэсний “ARTI” телевизийн багтай хамт ирсэн. Тэд Монголд зохион байгуулагдах бүх үйл ажиллагааны зургийг авах болно. Хэвлэлийн баг бичлэгээ бүрэн хэмжээний баримтат кино болгож, Германд цацна. Түүний үр дүнд дараагийн аяллыг ивээн тэтгэх байгууллагаа олох зарчимтай ажиллаж байна. Энэ нь Монголын аялал жуулчлалын салбарт нэлээдгүй хөрөнгө оруулалт болно. Нэг сайхан мэдээ дуулгахад, бид “Дэлхийг тойрон таван оронд аялсан нь” гэдэг цуврал баримтат киноны нэгдүгээр ангийг Монголд хийнэ гэж сонгосон шүү. Цуврал кино оны эцсээр бэлэн болно. Олон улсын кино маань эхлээд герман хэлээр цацагдаж, дараа нь англи хэлээр орчуулагдан гарна.

-Энэ киног монголчууд үзэх боломж бий болов уу?

-Тэгэлгүй яахав. Монголын нутаг дэвсгэрт бүтээсэн киног монголчууд үзэх бүрэн боломжтой. Монголын аль нэг те - левиз түүнийг орчуулаад цацна гэвэл чөлөөтэй. Телевизийнхэн маань Англи, Франц, Швейцарь, Герман улсын багийнхнаас яриа авч, сонирхолтой байдлаар уран бүтээл хийхээр төлөвлөөд байгаа. Өөрөөр хэлбэл, нэг өдөр нь Англи, нөгөө өдөр нь Швейцарийн агаарын бөмбөлөгт камераа суурилуулж, дөрвөн орны бөмбөлгөөс дөрвөн өөр хэлээр ярилцлага авч, байгалийн сайхныг шүтэн биширч явах болно.

-Таван орноор аялна гэлээ. Бусад дөрвөн орон нь ямар улс байгаа вэ?

-Үзэсгэлэнт бай гальтай орнуу дыг сонгож авсан. Европын Альпийн нуруу, Шриланка, Африкийн Гана, Өмнөд Америкийн Венесуэлийг илүү сонирхолтой байх болов уу гэж аяллын маршрутдаа багтаасан.

-Агаарын бөмбөлгийн үзүүл бэрийн аюулгүй байдлыг хэрхэн хангадаг юм бэ?

-Халуун агаарын бөмбөлгөөр хөөрнө гэдэг бол байгалийн хамгийн хор багатай аялал шүү дээ. Бензин, тос гарздахгүй, мотор байхгүй тул дуу чимээ багатай. Хамгийн чухал нь салхины хурд байдаг. Тухайн өдрийн салхины хурд, агаарын урсгал ямар байгаагаас их шалтгаалдаг. Өндөрт гараад л салхины аясаар явчихна. Салхи тогтуун бол дуртай үедээ бууж амраад л аялдаг. Салхины чиглэлээс хамаардаг болохоор төлөвлөсөн газраа бууна гэж байдаггүй. Хэдийгээр бөмбөлгүүд салхины хурдаар явдаг ч агаарын аюулгүй хөлөг. Хэрэгтэй гэж үзвэл олсоо татаад л газардана. Үнэхээр тэнгэр бүрхэг, цаг агаарын байдал таагүй бол хөөрөхгүй. Аюулгүй байдлын хувьд эрсдэлгүй спорт.

-Бөмбөлгөөр хөөрөх боломжгүй газар гэж байдаг болов уу?

-Хэт их модтой, гол мөрөн элбэгтэй газар, өндөр уулс үргэлжилсэн талд агаарын бөмб өлөг хөөргөх тохиромжгүй л дээ. Гэхдээ бид хот суурин, өндөр барилгатай хотод хөөрч байсан.

-Таныг дэлхийн дээд амжилт тогтоосон гэх юм. Энэ амжилтаа ч өөрөө ахиулдаг гэж сонслоо. Чухам дэлхийн рекорд ямар байдлаар тогтоогддог юм бол?

-Би одоогоор 100 гаруй оронд халуун агаарын бөмбөлгөөр хөөрсөн байна. Нийт хэдэн орноор бөмбөлгийн аялал хийв гэдгээрээ дэлхийн дээд амжилтыг тогтоож байгаа юм. Янз бүрийн улс оронд, олон янзын хууль тогтоомжийн хүрээнд өөрсдийн нислэгээ гүйцэтгэсэндээ баяртай байдаг.

-Агаарын бөмбөлгөөр хөөрөхийн сайхан юундаа байдаг вэ?

-Газрын татах хүчнээс түр зуурхан салж, байгалийн дуу чимээ, шувуудын жиргээ, салхины исгэрээг хамгийн тааламжтай хэлбэрээр мэдэрнэ гэдэг ямар их аз жаргал гээч. Мянга орчим километрийн өндөрт хөөрчихөөд байгалийн сайхныг сэтгэл ханатал хараад явахыг юутай ч зүйрлэшгүй. Тэгээд л хүссэн газраа бууж, нутгийн ард иргэдтэй танилцаж, тэдэнтэй уулзаж, хөөрөлдөх нь сайхан аялал болдог. Энэ дур сонирхлоороо “Салхиар аялагч” хэмээх өөрийн компаниа байгуулсан. Салхины аяс даган, хөөрөх нь миний амьдрал. Манай компани хүмүүст явж үзээгүй газар нь халуун агаарын бөмбөлгийн аяллаар үйлчилдэг.

-Бөмбөлгийн талаар сонир хуулаач. Хаана үйлдвэрлэдэг вэ?

-Дэлхийд хамгийн анх агаарын бөмбөлөг хийсэн орон бол Франц. Миний бодлоор хамгийн сайн хийдэг нь Бристил хотын “Камерон Баллүнз” компанийг гэж бодож байна. Манай эхнэр тэр компанид 15 жил худалдааны менежер хийсэн л дээ. Бөмбөлгийн эвдрэл, гэмтэл гэхээр зүйл бараг байдаггүй. Дээд шүхэр муудсан тохиолдолд ямар нэгэн зүйл ашиглан, наахад л хангалттай. Харин доод сагсны хувьд 20-30 жил ашиглах бүрэн боломжтой

- Үүнийг жолоодох нисгэгч нь ямар хүмүүс байх ёстой вэ?

-Агаарын бөмбөлгийн жолооч нар маань тусгай зөвшөөрөл авсан мэргэжлийн хүмүүс байдаг. Маш өндөр шалгуур, сорилтын дараа жолоодох эрх авдаг. Онгоцны нисгэгчтэй яг адил. Тэгэхээр мэргэжлийн өндөр түвшний шилдэг нисгэгчид байдаг тул айх юм үгүй.

-Энэ олон орноор аялсан хүний хувьд хамгийн хамгийн гэж онцлох аялал бий юү?

-Үнэндээ дэлхийн улс бүрт үзэх зүйл их. Бүгд л сайхан сэтгэгдэл үлдээсэн болохоор тэр болгоноос хамгийн гэж тодотгоход хэцүү. Өнгөрсөн жил бид Венесуэлд хөөрсөн. Үнэхээр сайхан. Миний энэ амьдралын хамгийн аз жаргалтай он цагууд яах аргагүй мөн. Бид уулан дээгүүр нислэг хийж, хүн болгоны хараад байдаггүй эрт дээр үеийн динозаврын яс, олдворуудыг нэг дороос харсан. Мөн энэ оны гуравдугаар сард Африкийн Ливид аялсан аялал минь бас их таалагдсан. Маш урт үргэлжлэх элсэн манхан дээгүүр ниссэн. Хэзээ ч дуусахгүй юм шиг тэр их элсийг хараад дуу алдаж байлаа. Дэлхийн газар бүхэн үзэж харах зүйлээр дүүрэн. Үнэхээр гайхалтай биш гэж үү.

-Та хамгийн сүүлд хаана хөөрсөн бэ?

-Монголд ирэхээс нэг хоногийн өмнө эх орондоо хөөрсөн. Өдөр болгон нислэгтэй байдаг гэж хэлж болно. Энэ бол миний ажлын онцлог.

-Сүхбаатарын талбайгаас хөөрөх байсан ч харамсалтай нь бүтсэнгүй. Монголын Иргэний нисэхийн ерөнхий газраас татгалзсан явдлыг хэрхэн хүлээн авсан бэ?

-Сүхбаатарын талбайгаас хөөрнө гэж догдолж байснаа нуухгүй ээ. Бид хагас жилийн өмнөөс бэлтгэсэн. Хамгийн сүүлд бидэнд Монголын иргэний нисэхийн ерөнхий газраас татгалзсан хариу явуулахад сэтгэлээр их унасан. 1994 онд Монголын Иргэний агаарын хууль батлагдаж гараагүй үе байсан болохоор Олимпийн хорооны зөвшөөрлийн дагуу Монголд хөөрч байсан туршлага бидэнд бий. Харин одоо Монголын хууль, зохицуулалтын дагуу дахин энэ талбайгаас бөмбөлөг хөөргөх боломжгүй болчихлоо. Бүрэн хэмжээний кино бүтээхэд Сүхбаатарын талбайд болох байсан нислэг дутсанд их харамсаж байна. Магадгүй, дараа жил ирэхэд бөмбөлөг хөөргөх боломж олдох байх. Монголчууд агаарын спортыг дэмжиж, олон улсад нээлттэй хандана гэж найдаж байна.

Наймдугаар сарын 31- нийг дуустал Монголын хөдөө, орон нутгаар аялна. Бэлтгэл бүрэн хангагдсан уу? -Бид үргэлж бэлэн явдаг. Монголын үзэсгэлэнт байгальтай, аялал жуулчлалын бүс нутгуудаар аялна гэж бодохоор таатай байгаа. Ер нь нислэг бүр шинэ, дахин давтагдашгүй. Өвөрхангай, Архангай, Дундговь, Өмнөговь, Төв аймгийн хамгийн тохиромжтой газруудад агаарын бөмбөлгөөр хөөрнө. Агаарт нэг гарсан бол цаг гаруй болдог. Энэ хугацаанд Германы телевиз маань киноны зургаа авна. Монголын талаас хэдэн хүн хөөргөх бодол байгаа. Хөөрөх л үлдээд байна даа.

 

Г.ТӨГӨЛДӨР


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)