Пикассод мартагдсан ч бүтээлд нь мөнхөрсөн бүсгүй

Парис дахь Пикассогийн нэрэмжит үндэсний музейд түүний мартагдсан гэргий Ольга Хохловагийн тухай үзэсгэлэн дэлгэжээ. Өнгөрсөн зууны алдарт зураачийн уран бүтээлд анхны эхнэр нь хэрхэн нөлөөлснийг эл үзэсгэлэнгээс тольдож болох аж. Пикассогийн зурсан Ольгагийн хөргүүд, хаана ч дэлгээгүй тэдний хувийн захидал, гэрэл зураг, дүрс бичлэгүүдийг ирэх есдүгээр сар хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэнд тавьсан байна.

Пикассо 1917 онд бүжгийн жагсаалын үеэр үзэсгэлэнт балетчин бүсгүйг харж ухаангүй дурласан нь Ольга Хохлова байжээ. Ийн Ольга түүний урлагийн охин тэнгэр болов. Анх Пикассо түүний гоо үзэсгэлэнг тодотгож, сонгодог хэлбэрээр зурдаг байсан ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Ольгаг гэх түүний дүрэлзсэн хүсэл тачаал унтарсныг хөргүүдээс нь харж болно.

1921 онд хүү Паоло нь төрөхөд түүний уран бүтээлд эх үрийн нандин холбоо зонхилох байр эзэлж байснаа Ольгаг гунигтай, ихэнхдээ ном уншиж, бодлогоширч буйгаар зурж эхлэв. Тэдний харилцаа гашилсан сүү шиг болмогц Ольгаг хэлбэр галбиргүй тахир муруй дүрсээр илэрхийлэх болсон байна. Удалгүй 17 настай “царайлаг” франц охин Мария Тереза Уолтер зураач эрийн сэтгэлийг татжээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр ач хүү Бернард Руиз Пикассо энд дэлгэсэн хөрөг, гэрэл зургуудын тухай “Түүний уран бүтээлд хувийн амьдрал нь шууд нөлөөлснийг харуулах уг баримтууд үнэхээр сонирхолтой судлагдахуун болно” гэжээ.

Хонин нүдэн цэцгийн дэлбээ таслангаа “Тэр надад хайртай, хайргүй” гэж шивнэж буй Ольгагийн дүрс бичлэг зэрэг Пикассо болон анхны эхнэрийнх нь нандин харилцааг харуулсан баримтууд ч энэ үзэсгэлэнд бий. “Пикассо Ольгад хайртай, түүнийг хүндэлдэг байжээ.

Энэ нөхцөл байдлыг өөрийгөө хоригдсон минотавраар (хагас хүн, хагас бух биетэй амьтан) зүйрлэж дүрсэлсэн байдаг.

Тэд 1935 онд салсан ч Ольга санхүүгийн хувьд түүнээс хараат байсан гэдэг. Их ганцаардаж, зовлон амссан. Дайны дараа Пикассо Францад суурьшихад Ольга түүнийг дагаж буудлаас буудлын хооронд нүүж амьдарчээ. Паоло аавынхаа жолоочоор ажиллах болсон байна. Ольга нөхөртөө ач нарынхаа зургийг ил захидалтай илгээсээр байсан ч Пикассо түүнд хариу бичиж байгаагүй” хэмээн үзэсгэлэн зохион байгуулагч Эмилиа Пилиппот ярьжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)