ПЕТЕР АКЕРЛИ: Шинэжинст, Баян-Өндөр сумынхан манай компанийн хувьцаа эзэмшигч болох санал гаргасан

Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, манай улсын Баянхонгор аймагт ашигт малтмалын хайгуулын “Баян хөндий”, “Алтан нар” төсөл хэрэгжүүлж байгаа “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” компани Монголын хөрөнгийн биржид нэмэлт хувьцаа гаргаж буй. Энэ нь гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй компани Монголын хөрөнгийн биржид давхар бүртгэл хийлгэж байгаа анхны тохиолдол юм.

Монголын хөрөнгийн зах зээлийн энэ түүхэн үйл явдлыг тохиолдуулан “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” компанийн ерөнхийлөгч Петер Акерли өчигдөр Монголын хөрөнгийн биржийн цанг цохиж, 5736 дахь арилжааг эхлүүллээ. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, нэмэлт хувьцаа гаргах андеррайтераар ажиллаж буй “БиДиСек” компанийн гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүн нар байлцсан юм. “Эрдэнэс ресурс девелопмент корпорэйшн” компани Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нэгж нь 640 төгрөгийн үнэтэй дөрвөн сая ширхэг хувьцаа арилжихаар захиалгаа эхлүүлсэн.

Захиалгын хугацаа ирэх 14-нд дуусах бөгөөд олон нийтээс 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө татан төвлөрүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Мөн энэ цаг үед тус компани Торонтогийн хөрөнгийн биржид хаалттай хүрээнд нэмж найман сая ширхэг хувьцаа арилжиж буй. Тэнд гаргасан хувьцаагаа нэгжийг нь 0.38 канад доллароор үнэлсэн байна. Энэ нь манай зах зээлд гаргаснаас даруй 10 хувиар өндөр үнэ гэнэ. Монголын хөрөнгийн биржийн арилжааны цанг цохисных нь дараа “Эрдэнэс ресурс девелопмент корпорэйшн” компанийн ерөнхийлөгч Петер Акерлитай ярилцлаа.


“Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” компанийн ерөнхийлөгч Петер Акерли Монголын хөрөнгийн биржийн арилжааны цанг цохив


-Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа давхар бүртгүүлж байгаа анхны компани болж, салхи хагаллаа. Танай компани энэ мөчид мөн Торонтогийн хөрөнгийн биржид нэмэлт хувьцаа гаргаж буй. Ямар шалтгаанаар Монголын хөрөнгийн биржээр дамжуулж нэмэлт хувьцааныхаа нэг хэсгийг арилжихаар шийдсэн бэ?

-Ашигт малтмалын хайгуул амжилттай болбол газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг монголчуудад хувьцаагаар дамжуулж хүргэнэ гэж бодсоор ирсэн. Зургаан жилийн өмнө Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргана гэсэн санаачилгыг дэвшүүлсэн юм. Тухайн үед Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа давхар бүртгүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй байв. УИХ-аас Үнэт цаасны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, улмаар Санхүүгийн зохицуулах хорооноос давхар бүртгэл хийх журам баталснаар эрх зүйн орчин бүрдэж, бодсон ажлаа гүйцэлдүүлж байна.

Хөрөнгийн биржид хувьцаа гаргаснаар тухайн компани хэрхэн ажиллаж, хөрөнгөө юунд зарцуулж байгааг хөрөнгө оруулагчид харах боломжтой болдог. Манайх олон улсын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй компани. Өдийг хүртэл гадаадын хөрөнгө оруулагчтай ажиллаж ирлээ. Монголын хөрөнгө оруулагч төдийлөн олон байсангүй. Монголчууд манай компанид хөрөнгө оруулснаар үйл ажиллагаа маань илүү ил тод, нээлттэй болно.

Зөвхөн манайхаар зогсохгүй уул уурхайн компаниудын талаар илүү ойлголттой болно гэж бодож байна. Ашигт малтмалын хайгуул ихээхэн эрсдэл дагуулдаг. Нэлээд хөрөнгө зарцуулж, хайгуул хийсний дараа ордын нөөц батлагдан, эдийн засгийн үр ашиг нь тодорхой болдог. Манай хайгуул хийсэн “Баян хөндий”, “Алтан нар” орд яг ийм үе шатандаа явж байна. Илрүүлсэн хүдрийн биет газрын гадаргуутай ойрхон бөгөөд алтны агуулга өндөр тогтоогдсон. Хөрөнгө оруулж, олборлож эхэлснээр эдийн засгийн үр ашигтай гэж урьдчилан тооцож байгаа.

“Баян хөндий”, “Алтан нар” ордод түшиглэн Торонтогийн хөрөнгийн биржид гаргасан нэмэлт хувьцааны захиалга дууссан. Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжиж байгаа хувьцааны үнийг түүнээс 10 хувийн хямд тогтоосон нь аль аль талдаа ашигтай байхыг бодолцсонтой холбоотой. Би 20 гаруй жил Монгол Улстай холбоотой ажиллаж байна. Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд уул уурхайн компанийн хувьцаа түлхэх хүч болно гэж боддог. Монголд хувьцаагаа арилжиж буй бас нэг шалтгаан нь энэ юм.


...Монголын хөрөнгийн биржид гаргасан нэмэлт хувьцаа амжилттай зарагдвал цаашид дахиад эндээс мөнгө босгох боломж бүрдэнэ гэж харж байгаа. Зөвхөн монголчууд гэлтгүй гадаадын хөрөнгө оруулагчид үндэсний брокер дилерийн компаниудаар дамжуулж манай хувьцааг авах нөхцөл бүрдэх болов уу гэж төсөөлж байна...


-Баянхонгор аймгийн иргэдэд компанийнхаа хувьцааг хүртээнэ гэсэн яриа сонссон. Тэгэхээр Баянхонгор аймгийн харьяат иргэн хувьцаа худалдаж авахыг хүсвэл саналыг нь тэргүүн ээлжинд биелүүлнэ гэсэн үг үү?

-Манай компанийнхан Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумынхантай хамтран ажилладаг. Тухайн нутгийн иргэдийн хүүхэд дээд боловсрол эзэмшихэд тэтгэлэг олгоод 10 орчим жил болж байна. Өнгөрсөн жил Шинэжинст суманд уст цэг байгуулахад хөрөнгө мөнгөөр тусалсан. Монголын хөрөнгийн биржээр дамжуулж хувьцаагаа худалдах гэж байгаагаа дуулгахад сумын удирдлага “Манай иргэд хувьцаа эзэмших сонирхолтой байдаг” гээд, тодорхой санал тавьсан юм. Манай компани тухайн хоёр сумын иргэдийн ажил, амьдралд дэмжлэг болох үүднээс жил бүр тодорхой хэмжээний мөнгө хандивладаг.

Сумын удирдлага жил бүр өгдөг хандивын хэмжээтэй тэнцэх үнийн дүнтэй хувьцаа олгох санал гаргасан. Ингэснээр Шинэжинст, Баян-Өндөр сумын иргэд манай компанийн хувьцаа эзэмшигч болох боломж бүрдэнэ. Сумын иргэд хувьцаа эзэмшигч болбол аль аль талдаа ашигтай сонголт байж болох юм гэж ярилцаж байна. Тэгэхээр энэ санал амьдрал дээр ажил хэрэг болох болов уу. Үүнээс гадна бид нутгийн залуусыг уул уурхайн мэргэжилтэй болгох сургалт зохион байгуулахаар төлөвлөлөө. Ингэвэл манай уурхай нээгдэхэд нутгийн иргэд ажлын байртай болно. Зөвхөн манай төсөл гэлтгүй өөр компанид ажиллах бололцоо нээгдэх юм.

-Нөөцийн үнэлгээ хийсэн, эсэх, хайгуулын ажил хэзээ дуусаж, уурхай нээхээр төлөвлөж байгаа гэх мэтээр “Баян хөндий”, “Алтан нар” төслийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.

-Алт, мөнгө, цайрын нөөцтэй “Алтан нар” орд гэж бий. Бид саяхан 20 тонн алтны нөөцтэй гэж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хайгуулынхаа үр дүнг батлуулсан. Баян хөндийн ордод өрөмдлөг хийж дууслаа. Одоо хараат бус компани бидний тогтоосон нөөцийг баталгаажуулах шатандаа явж байна. Баян хөндий бол 20-35 тонн алтны нөөцтэй орд гэж бид төсөөлж байгаа. Хоёр орд нийлээд 40-45 тонн алтны нөөцтэй байх боломжтой. Баян хөндийн нөөцийг энэ оны гуравдугаар улиралд багтаан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулна гэж төлөвлөж байна. Мөн уурхайн ашиглалтын төлөвлөгөөгөө гаргачих байх. Тэгээд ашиглалтын тусгай зөвшөөрлөө авна. Техник, эдийн засгийн үндэслэлээ 2019 онд гаргаад, дараа жилээс нь барилгын сууриа тавина. Ингээд 2021 оны сүүлчээс олборлолтоо эхлүүлнэ гэж төлөвлөж байгаа.

-Баянхонгор аймгийн өмнөд бүсэд дэд бүтэц муу. Тиймээс уурхай нээхэд бэрхшээл дагуулахаар харагддаг. Дэд бүтцээ шийдвэрлэх ямар хувилбар дэвшүүлсэн бэ?

-Алт олборлох төсөл зэс болон нүүрснийхтэй харьцуулахад төдийлөн их хүдэр тээвэрлэхгүйгээрээ давуу талтай. Уурхайд ашиглах хүнд оврын техник, тоног төхөөрөмжийг БНХАУ-аас импортолно. Манай компанийн уурхай нээх газраас 200 орчим км зайд төмөр болон авто замтай, нүүрсний уурхайнууд ажиллаж байгаа. Тэдгээр уурхайд тээврийн үйлчилгээ үзүүлдэг компани олон бий. Усны орд илрүүлэхэд одоогоор нэг сая ам.долларын хөрөнгө оруулчихлаа. Нарны эрчим хүч болон дизель станцаар цахилгаанаа шийдвэрлэхээр төлөвлөсөн. Баян-Өндөрт байгуулах уурхайд хүдрээ баяжуулаад, харьцангуй овор хэмжээ багатай алтыг Улаанбаатар руу тээвэрлэн, Монголбанкинд тушаана. Овор багатай учраас алт тээвэрлэхэд хүндрэл үүсэхгүй, өндөр зардал гарахгүй гэж бодож байна.

-Уурхай нээж, хүдэр баяжуулах үйлдвэр барихад хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай вэ?

-Хэр хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай нь үйл ажиллагаагаа ямар цар хүрээтэй явуулахаас хамаарна. Эдийн засгийн тооцоо, судалгаа хийсний дараа хэр их хөрөнгө оруулалт шаардлагатай нь тодорхой болно. Одоогоор 40-120 сая ам.доллар шаардлагатай болов уу гэсэн таамаг бий. Жилд 50-100 мянган унци алт олборлох хүчин чадалтай уурхай байгуулахад ийм хөрөнгө шаардлагатай юм. Судалгаа хийсний дараа нарийн тооцоо гарна.

-Хөрөнгөө ямар эх үүсвэрээс татах вэ. Дахиад нэмэлт хувьцаа гаргах уу?

-Монголын хөрөнгийн биржид гаргасан нэмэлт хувьцаа амжилттай зарагдвал цаашид дахиад эндээс мөнгө босгох боломж бүрдэнэ гэж харж байгаа. Зөвхөн монголчууд гэлтгүй гадаадын хөрөнгө оруулагчид үндэсний брокер дилерийн компаниудаар дамжуулж манай хувьцааг авах нөхцөл бүрдэх болов уу гэж төсөөлж байна. Бүтээн байгуулалт хийхдээ компани тодорхой хэмжээний хөрөнгө гаргах нь ойлгомжтой. Гэхдээ шаардлагатай хөрөнгийн дийлэнхийг хөрөнгийн зах зээлээс татна гэж төлөвлөсөн.

-Хүмүүс өгөөж хүртэхийн тулд хөрөнгө оруулдаг. Та Монголын хөрөнгө оруулагчдад хэдий хэмжээний өгөөж амлаж чадах вэ?

-Амлалт өгөхөд үнэхээр хэцүү. Ордын нөөц хэр их байх нь компаниас хүртэх өгөөж өсөхөд нэлээд нөлөөлдөг. Олон улсын зах зээлд нэг унци алтыг 1300 ам.доллароор зарлаа гэхэд компанид үлдэх ашиг нь 30-150 “ногоон” байдаг юм. Эндээс манай компанийн хувьцааг эзэмшсэнээр ямар өгөөж хүртэх вэ гэдгээ дүгнэж болно. Манай компани нэг унци алтнаас дунджаар 50 ам.долларын ашиг олно гэж үзье.

Ингэвэл 35 тонн алтыг 1300 ам.доллароор зарахад 75 сая ам.долларын ашиг олох юм. Энэ бол хувьцаа эзэмшигчийн хүртэх өгөөж. Манай компани Канадын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа арилждаг. Тэнд компанийн зах зээлийн үнэлгээ 50 сая ам.долларт хүрээд байна. Хөрөнгө оруулагч манай компанийн мэдээллийг сайтар нягталж байж хөрөнгө оруулах, эсэх шийдвэрээ гаргах нь мэдээж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)