“Персийн булан дээгүүр нисэхийг хориглоно”

Персийн булан дээгүүр нислэг үйлддэг арилжааны онгоцнууд эндүүрэгдэх эрсдэлтэйг Кувейт, Арабын Нэгдсэн Эмират Улс дахь Америкийн дипломатч нар сэрэмжлүүлэв. АНУ, Ираны харилцаа хурцадсан энэ үед ийм анхааруулга гарсныг “Associated press” агентлаг уламжилсан байна. Тодруулбал, цэргийн идэвхжил, улс төрийн түгшүүртэй байдал газар авсан талаарх АНУ-ын Иргэний агаарын тээврийн газраас гаргасан мэдэгдлийн дагуу Кувейт, АНЭУ дахь АНУ-ын төлөөлөгчид сэрэмжлүүлжээ. Үүний өмнө Америкийн Тэнгисийн цэргийн хүчний пуужин тээгч эскадрын хоёр хөлөг онгоц Ормузын хоолойгоор дамжин Персийн булангийн усанд орсон байна. 

Тэдгээр хөлөг онгоц Ираны Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын эсэргүүцэлгүйгээр тус хоолойгоор нэвтэрсэн аж. Энэ нь АНУ-ын хүчийг Тегеранд харуулах гэсэн цэргийн үйлдэл болсныг Америкийн Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон тэмдэглэсэн. Персийн булангийн ажиллагааг дагаад Америкийн хориг арга хэмжээ чангарна. Ингэснээр Ираны нефтийн худалдааг бүрэн хориглож, Тегеран Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн (МАГАТЭ) хяналт доор ч цөмийн хөтөлбөрөө хөгжүүлэх боломжгүй болно. Тегерантай байгуулсан цөмийн хэлэлцээрээс Вашингтон дангаар гарснаас хойш нэг жилийн дараа Иран нь АНУ-ын цэрэг, худалдаа, эдийн засгийн дарамт шахалтыг хамгийн их амсдаг улс болжээ.

Америкийн хүчийг Иранд харуулах шаардлагатай болсноо Жон Болтон Тегераны хор хөнөөлтэй ажиллагаанаас үүдэлтэй гэв. “Биднийг түгшээсэн олон мэдээлэл ирж, байдал хяналтаас гарах аюултай болсны хариуд АНУ нисэх онгоц тээгч “Авраам Линкольн” хөлөг онгоц тэргүүтэй цохилтын хэсэг, бөмбөгдөгч нисэх онгоцнуудын тактикийн бүлгээ Төв командлалынхаа хариуцдаг бүс рүү илгээж байна” хэмээн Ж.Болтон мэдэгдсэн байна. АНУ, эсвэл холбоотнуудынх нь эрх ашигт ямар нэг байдлаар халдвал хайр найргүй хүчтэй нүүр тулах тодорхой дохиог Ираны эрх баригч дэглэмд Вашингтон хэдийн өгснийг тэрбээр мөн хэлжээ.

Ерөнхийлөгч Д.Трампын багийн гол гишүүн, Тегераныг таашаадаггүйгээрээ эртнээс алдартай, Ерөнхийлөгч бага Ж.Бушийн үед 2007 оны тавдугаар сард Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулах санал дэвшүүлж байсан Жон Болтон Ираны удирдлагын чухам ямар үйл ажиллагаа Цагаан ордныг ийм эрс алхам хийхэд хүргэснийг тодруулаагүй аж.

Үүнд хамааруулж болох алхмуудын нэг нь Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани дөрөвдүгээр сарын 30-нд зарлиг гаргаж, АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалыг террорист байгууллагын тоонд оруулсан явдал байж магадгүй. Гэхдээ Тегераны шийдвэр нь АНУ-ын Ерөнхийлөгч Ираны шилмэл хүчин болох Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусыг террорист байгууллагын тоонд оруулсны хариу юм.

Цагаан ордны өмнөх нэг ч засаг захиргааны хийж зүрхлээгүй уг алхмыг одоо Вашингтоноос хийснээ тус корпус төрийн бодлогын арга хэрэгсэл хэлбэрээр терроризмыг санхүүжүүлэн, дэмжин тусалдаг гэсэн тайлбарыг эш үндэс болгосон байна.

АНУ зэрэг дэлхийн зургаан том улс болон Тегераны хооронд 2015 оны зун гарын үсэг зурсан, Ираны цөмийн хэлэлцээрээс Вашингтон дангаар гарсны ойн өмнө Персийн булангийн байдал дахин хурцадсан нь ажиглагчдын анхаарлыг татаж буй. Өнгөрсөн оны тавдугаар сарын 8-нд Ерөнхийлөгч Д.Трампын хийсэн мэдэгдэл нь Исламын Бүгд Найрамдах Ираны Улсыг тогтоон барих шинэ хөтөлбөр болсон юм. Тэрбээр Иранд шинэ, илүү хатуу шаардлага тавьж, биелүүлэхийг шаардаад, эс бөгөөс олон улсын хориг арга хэмжээн доор хаалттай байдалд эргэн орохыг анхааруулсан.

АНУ-ын одоогийн засаг захиргаанаас Тегеранд тавьсан шаардлагын урт жагсаалтад тухайлбал, пуужингийн хөтөлбөрөө хөгжүүлэхээс татгалзах, тийм зэвсгийн технологио гуравдагч улсад шилжүүлэхийг шаардсан байв. Дональд Трампын мэдэгдсэнээр, дээрх шаардлагаас татгалзвал Иранд урьд нь нүүрлэж байгаагүй асуудал тулгарах гэнэ.

Тегераны эсрэг хориг арга хэмжээний дайн эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд Вашингтон Ираны зах зээлээс Өрнөдийн бизнесийн үлэмж хэсгийг гаргаж, тус улсын эдийн засгийн гол салбарууд, тухайлбал, эрчим хүч, нефть, хими болон санхүүгийн байгууллагуудад томоохон цохилт өгч чаджээ.

Өнгөрсөн сарын эцсээр Дональд Трамп Ираны нефтийн нийлүүлэлтийг бүрэн хорих талаар шийдвэрлэх алхмаа хийж, Хятад, Грек, Энэтхэг, Итали, Япон, БНСУ, Тайвань, Туркийг Ираны нефтийн хориг арга хэмжээнд хамрагдахаар болгосон билээ. Ташрамд сануулахад, Ирантай байгуулсан цөмийн хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа цуцалсан нефтийн хориг арга хэмжээгээ АНУ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард сэргээхдээ эдгээр найман импортлогчид зургаан сар нефть авахыг зөвшөөрсөн байснаа ийнхүү цуцалсан юм.

Үүний сацуу өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр АНУ-ын Төрийн департаментаас мэдэгдэл хийж, Ираны цөмийн салбарын эсрэг нэмж хориг арга хэмжээ авч магадгүйг анхааруулжээ. “Тавдугаар сарын 4-нөөс Ираны атомын цахилгаан “Бушер” станцыг өргөжүүлэхэд хөрөнгө оруулж эхэлсний эсрэг нэмж хориг арга хэмжээ авч магадгүй. Үүний зэрэгцээ баяжуулсан ураныг Иранаас ураны хүдрийн оронд нийлүүлж байгаа нь ч хоригт өртөж болзошгүй” хэмээн АНУ-ын Төрийн департаментаас мэдэгдсэн байна.

Ийм нөхцөлд Тегеран хүлээцтэй байх чадвараа харуулахыг хичээж, АНУ-ын хориг арга хэмжээнд өртөх орнуудтай эрчим хүч, атом, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх арга замыг хайх шийдвэр төгс гэдгээ мэдэгдэж буй.

“Бид, эдийн засаг, сэтгэл зүйн дайнд орсон учир сөрж, нэгдэж, ирээдүйдээ найдахаас өөр сонголт алга” хэмээн Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани мэдэгджээ. Харин Ираны парламентын дарга Али Ларижани мэдээлэхдээ, Тегеран дарамт шахалтад бууж өгөхгүй, Венад гарын үсэг зурсан, үйл ажиллагааны иж бүрэн хамтарсан төлөвлөгөөнд заасны дагуу уранаа баяжуулан, хүнд усаа үйлдвэрлэх гэнэ.

АНУ хориг арга хэмжээ авсан ч нефтиэ бага хэмжээгээр ч болтугай үргэлжлүүлэн худалдах талаар Тегеран идэвхтэй ажиллаж байна. “Бид улс орныхоо бүх боломжийг ашиглан, түүхий эдийн зах зээлд нефть худалдана” хэмээн Ираны Нефтийн дэд сайд Амир-Хосейн Замани-Ния мэдэгдэхдээ хэрхэн ажиллахаа тодруулаагүй аж. “Энэ бол хууль бус наймаа биш. Шударга бус, хууль бус хэмээн бидний үзэж байгаа хориг арга хэмжээний эсрэг алхам” хэмээн Амир-Хосейн Замани-Ния мэдэгджээ. Энд сануулахад, нефтийн хориг арга хэмжээний үед урьд нь Иран төрийн бус компаниудад хямдарсан үнээр нефть худалдаж байсан туршлагатай.

Үүний сацуу Тегеранд үзүүлж буй дарамт шахалт хүчтэй болж буйг Вашингтоны Европ дахь холбоотнууд зэрэг дэлхийн том тоглогчид АНУ-ын үйл ажиллагааг таашаахгүй байгаа юм. Өнгөрсөн бямба гарагт Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан дээд төлөөлөгч Федерики Могерини болон Франц, Герман, Британийн Гадаад хэргийн сайд нар хамтарсан мэдэгдэл хийхдээ Ираны эсрэг хориг арга хэмжээг чангатгах талаар Вашингтоны хийж буй сүүлийн алхмуудад харамсаж байгаагаа илэрхийлжээ.

“Тийм арга хэмжээнүүд нь Ирантай хийж буй худалдаа, эдийн засгийн харилцаанд ноцтой хохирол учруулаад зогсохгүй тус улсын ард түмэнд нэмж хүндрэл учруулж байна” гэж уг мэдэгдэлд дурдсан аж. АНУ хориг арга хэмжээ авсан хэдий ч Европын орнууд хариу арга хэмжээ болгон Ирантай хийдэг худалдаагаа үргэлжлүүлэхээр INSTEX механизм хэрэгжүүлэхээр төлөвлөснөө Европын удирдагчид мэдэгдэлдээ тэмдэглэсэн байв. “Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх гэрээнд оролцогч Орос, Хятад зэрэг бүх улсад Ирантай хуулийн дагуу хийж буй худалдаагаа хамгаалах тодорхой алхам хийхийг бид уриалж байна” гэж Европын томоохон улсуудын Гадаад хэргийн сайд нар мэдэгдэлдээ дурджээ.

Нөгөөтээгүүр, Ираны байдал хурцдаж, газрын тосны үнэ өндөр байгаа энэ үед Нефть экспортлогч орнуудын байгууллагын (ОПЕК) төлөөлөгчид Саудын Араб улсад уулзаж, зах зээлд үүссэн тодорхойгүй байдлыг хэлэлцэж, олборлолтоо нэмэх, эсэхээ хэлэлцэж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард ОПЕК-ийн гишүүн орнууд нефтийн үнийг өсгөхийн тулд олборлолтоо зургаан сар бууруулахаар шийдвэрлэсэн нь дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсөхөд нөлөөлсөн юм. Саудын Араб, ОХУ тэргүүтэй дэлхийн нефть олборлогч томоохон орнуудын сайд нар ирэх долдугаар сараас олборлолтоо нэмэгдүүлэх, эсэхээ Жедда хотод шийдэх аж.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нефтийн олборлолтоо нэмэгдүүлж, үнийг нь бууруулахыг олборлогчдод уриалсан. Саудын Арабын эрх баригчид олборлолтоо нэмэгдүүлэх асуудлыг нухацтай хэлэлцэж, ямар ч шийдвэр гаргасан үүсэх үр дагаврыг тооцохыг эрмэлзэж байгаа гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)