Пентагоныг удирдахаар мэргэшсэн хүн

АНУ-ын Конгрессын Сенатын танхим Батлан хамгаалахын сайдад нэр дэвшсэн Марк Эсперийг олонхын саналаар дэмжсэний дараа тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын оролцоотойгоор тангараг өргөв. М.Эсперийн нэрийг дэвшүүлэхдээ Д.Трамп “Пентагоныг удирдахаар Марк Эспер шиг мэргэшсэн хүн байхгүй” хэмээн онцлон тэмдэглэжээ. Түүний өмнөх сайд Жеймс Мэттис Д.Трампын гадаад болон ялангуяа батлан хамгаалах бодлоготой санал нийлээгүйн улмаас огцорсноор АНУ-ын Батлан хамгаалахын сайдын алба тушаал долоон сарын хугацаанд сул байсан юм. 70 жилийн түүхэнд ийм удаан хугацаагаар сул байсан удаагүй гэнэ.

Иракт эзлэгдсэн Кувейтийг АНУ тэргүүтэй олон улсын эвсэл чөлөөлсөн Персийн булангийн эхний дайнд Марк Эспер оролцжээ. Пентагонтой олон гэрээ байгуулдаг, батлан хамгаалахын салбарт ажиллаж буй “Raytheon” компанийн лоббичин байсныг нь М.Эсперийг шүүмжлэгчид тэмдэглэдэг. Ийн шүүмжилдэг ч түүнийг сенатчдын 90 хувь нь дэмжиж, ердөө найм хүн л нь эсэргүүцсэнээс үзвэл тэрбээр хоёр намын дэмжлэг авсныг илтгэнэ. Чухал шийдвэр гаргах үйл явцад жинхэнэ сайдгүйн улмаас хүндрэл учирч буй талаар Пентагоны ажилтнууд сүүлийн хэдэн сар гомдоллосон юм.

Сенатад санал асуулгын үеэр өөрийнх нь эсрэг чиглэсэн мэдэгдэл хийсэн хүн бүрийн эмзэг цэгийг хөндөж, зарим шинжээчийн тодорхойлсноор, “галзуу нохой” шиг байсан М.Эспер АНУ-ын Зэвсэгт хүчин шинэчлэгдэх, их гүрнүүд хоорондын өрсөлдөөний шинэ эрин үед бэлэн байх, террорист байгууллагууд хийгээд муу муухайгийн үүр уурхай болсон орнуудтай тэмцэх чадалтай байх, тэрчлэн Америкийн холбоотнуудтай нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэх гэсэн зорилгод хүрэх ёстойг онцлон тэмдэглэжээ.

АНУ-ын БХЯ-ны “Албаа гарамгай хаасны төлөө” медаль, Хүрэл од, Хүндэт легион одон, “Хуурай замын дайчин цэрэг” тэмдэг болон Саудын Арабын “Кувейтээс чөлөөлсний төлөө” медалиар М.Эспер тус тус шагнуулжээ. 1989 онд эхнэр Лиятай гэрлэн, гурван хүүхэд өсгөн хүмүүжүүлсэн байна.

ДОКТОРЫН ЗЭРЭГТЭЙ ЦЭРЭГ

Марк Томас Эспер 1964 оны дөрөвдүгээр сарын 26-нд АНУ-ын Пенсильван муж улсын Юнионтаун хотод мэндэлжээ. 1986 онд АНУ-ын Цэргийн академи дүүргээд, Агаар, десантын 101 дүгээр дивизэд алба хааж байхдаа 1990-1991 оны Персийн булангийн дайны үеэр Иракийн нутаг дэвсгэрт болсон байлдааны ажиллагаанд оролцжээ. Дараа нь Италийн Виченца хот дахь агаар, десантын 82 дугаар дивизийн 325 дугаар хорооны гуравдугаар батальонд рот командлав. 1994 онд Үндэсний гвардад шилжиж, дараа нь бэлтгэл цэргийн тоонд шилжсэн байна. Дэд хурандаа цолтой чөлөөнд гарсан тэрбээр 2007 он хүртэл албаа сургууль, үндсэн ажилтайгаа хослуулан хаажээ.

1995 онд М.Эспер Харвардын их сургуулийн дэргэдэх Жон Кеннедийн нэрэмжит удирдлагын сургуульд магистрын зэрэг хамгаалсан бол 2008 онд Жорж Вашингтоны их сургуульд “АНУ-ын стратегийн цөмийн хүчнийг хөгжүүлэхэд Конгрессын гүйцэтгэсэн үүрэг, 1947-1968 он” сэдвээр докторын диссертац хамгаалсан байна.

ТӨРИЙН ИДЭВХТЭЙ ЗҮТГЭЛТЭН

1996-1998 онд тэрбээр олон улсын бодлого судалдаг, консерватив дүн шинжилгээний “Heritage foundation” төвийн газрын дарга, 1998-2002 онд Сенатын Олон улсын харилцаа болон Засгийн газрын хэрэг эрхэлсэн хорооны ажилтан, Бүгд найрамдах намын гишүүн, сенатч Чак Хейгелийн улс төрийн ахлах зөвлөхөөр ажиллаж байв.

2002-2004 онд бага Жорж Буш Ерөнхийлөгчийн засаг захиргаанд М.Эспер Батлан хамгаалахын сайдын туслахын орлогчоор ажиллаж, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэглэл болон олон улсын аюулгүй байдалд хяналт тавих асуудал хариуцаж байлаа.

2004-2006 онд тэрбээр Сенатын Бүгд найрамдах намын олонхын удирдагч Билл Фристийн үндэсний аюулгүй байдал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад, 2006-2007 онд Агаар, сансрын аж үйлдвэрийн холбооны батлан хамгаалах, олон улсын харилцааны дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлын албан тушаал хашжээ.

2008-2010 онд Дэлхийн инновацын бодлогын төвийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч, АНУ-ын Худалдааны танхимд Европ, Евразийн хэрэг эрхэлсэн дэд ерөнхийлөгчөөр ажилласан байна.

2010-2017 онд АНУ болон түүний холбоотон орнуудын Зэвсэгт хүчинд зэвсэг, цэргийн техник нийлүүлэгч томоохон компаниудын нэг болон цэрэг, аж үйлдвэрийн “Raytheon” компани дахь Засгийн газартай холбоо барих асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч байв. Виржини муж улсын Фэрфакс хот дахь Миссури муж улсын Улсын их сургуулийн Батлан хамгаалах, стратегийн судалгааны факультетэд хэсэг хугацаанд багшилжээ.

ПЕНТАГОНД ХҮРСЭН ЗАМНАЛ

2017 оны долдугаар сарын 19-нд Ерөнхийлөгч Д.Трамп АНУ-ын Армийн сайдад (БХЯ-нд захирагддаг иргэний албан тушаал, хуурай замын цэргийн тухайлбал, цэргийн дэд бүтэц болон харилцаа холбооны хангамж, ажилтан хөлслөх, зэвсэг худалдаж авах, цэргийн объектуудыг хамгаалах асуудал хариуцдаг) Марк Эсперийн нэрийг дэвшүүлсэн байна. Сенат баталсны дараа арваннэгдүгээр сарын 20-нд ажилдаа оржээ.

Харин 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан хувийн шалтгаанаар огцорсонтой холбоотойгоор өнгөрсөн зургадугаар сарын 24-нөөс М.Эспер Пентагоны тэргүүний үүрэг гүйцэтгэгч болов. Энэ сарын 15-нд Д.Трамп Сенатад хэлэлцүүлэхээр М.Эсперийн нэрийг Батлан хамгаалахын сайдын албан тушаалд нэр дэвшүүлжээ. Дараагийн өдөр нь М.Эспер журмын дагуу Пентагоны тэргүүний үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалаас огцорсон байна. Америкийн хэвлэлүүдэд бичсэнээр М.Эсперийн нэрийг дэвшүүлэхэд Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон (тэд бага Ж.Бушийн засаг захиргаанд хамт ажилласан), Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео (Вест-Пойнт академид цуг сурч байсан) нар лоббиджээ.

ҮЗЭЛ БОДОЛ

Марк Эспер дэлхийн улс төрийн байдлын тухай үзэл бодлоо нэг бус удаа илэрхийлж, ирээдүйд гарах зэвсэгт мөргөлдөөнүүдийн талаарх байр сууриа хэлсэн байдаг. Тодруулбал, тэрбээр Хятад болон Оросыг хэтдээ АНУ-ын стратегийн өрсөлдөгч болно гэдэг. Нэг ярилцлагадаа “Бид их гүрнүүдийн өрсөлдөөний эрин үед аж төрж байна. Хятад болон Орос манай гол асуудал. Тиймээс бид тэдэнтэй өндөр эрчтэй тэмцэхэд бэлэн байх ёстой” хэмээн мэдэгдэж байв. Америкийн армийн батлан хамгаалах чадавхыг цаашид өргөжүүлэх, холбоотнуудтайгаа харилцаагаа бэхжүүлэх, БХЯ-ыг шинэчлэхийг Пентагоны үндсэн зорилгоор нэрлэжээ. 2028 он гэхэд АНУ бусад улсаас ирэх дарамт шахалтыг тогтоон барих замаар аль ч улсын ямар ч дайнд ялдаг болно гэдэг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)