Парламентийн ордон барих санхүүжилтээр Түлэнхийн төв барих санал гаргалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халед Иатим Аль Фадлийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Элчин сайд Кувейт Улсын Ерөнхий сайдын халуун дотно мэндчилгээг уламжилж, Монгол Улсын  Засгийн газрын тэргүүний албанд томилогдсонд нь баяр хүргэлээ. Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улсын хөгжилд чухал нөлөө үзүүлэх салбаруудад Кувейтийн хөгжлийн сан чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлоод, цаашид хөрөнгө оруулалтаа нэмэх байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн санхүүжилтээр Монгол Улсад Парламентын ордон барихад зориулж 12 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх шийдвэр 2006 онд гаргасан. Энэ буцалтгүй тусламжийг эрүүл мэндийн салбарт, тэр дундаа Түлэнхийн төвийн барилга барихад зарцуулах  саналтай байгаагаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ. Кувейтийн тал Хэнтий аймгийн Өндөрхаан нисэх онгоцны буудлыг өргөтгөн шинэчлэхэд тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа дахин илэрхийлсэн. Иймээс ТЭЗҮ-ийг бэлтгэн, Кувейтийн сангаар дамжуулан тус улсын Засгийн газарт уламжлах ажлыг түргэвчлүүлэхээр болов.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)