Парис хотын цагдаагийн ажилтан 4 хамтрагчаа хутгалж хөнөөсөн хэрэг гарав

Пүрэв гарагт /2019.10.03/ Парис хотын цагдаагийн газарт технологийн зохицуулагч хийдэг эрэгтэй хамт ажилладаг дөрвөн цагдааг хутгалж, амь насыг нь хөнөөсөн хэрэг өчигдөр гарсан тухай Reuters агентлаг мэдээлэв. Хэрэгтнийг цагдаагийн ажилчид буудаж хөнөөсөн байна. Гэмт хэргийн сэдэл одоогоор тодорхойгүй байгаа ч урьдчилсан дүгнэлтээр террорист үйлдэл биш ажээ. Гэрчүүдийн ярьж буйгаар алуурчин цагдаагийн хэсгийн хаалгаар чөлөөтэй нэвтрэн, албан тасалгаандаа орж, керамик хутга гаргаж ирээд хамран ажиллагсдыгаа бүлж эхэлсэн байна. Дараа нь өрөөнөөсөө гарч, байгууллагын гол танхимд очин тэндэх хүмүүсийг хутгалж байгаад буудуулжээ. Хохирогч дөрвөн цагдаагийн нэг нь эмэгтэй хүн байсан аж. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр алуурчин нь өөрийн шууд удирдлагатай маргаан зөрчилтэй байсан гэнэ. 45 настай халдлага үйлдэгч нь 2003 оноос хойш цагдаагийн байгууллагад ажилласан, ямар нэг хэрэг зөрчил гаргаж байгаагүйг Францын дотоод хэргийн сайд Кристоф Кастанер мэдээлжээ. Энэ хэрэг гарахаас нэг өдрийн өмнө Парисын төвд цагдаа нар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахдаа урт цагаар бага цалинтай ажилладаг, мэргэжил нэгтнүүдийнх нь дунд амиа хорлох явдал нэмэгдсэн зэрэг асуудлуудыг тавьж, засгийн газраас албан хаагчдын нийгмийн асуудалд анхаарал хандуулахыг шаардаж байв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)