Папиллома вирус умайн хүзүүний хорт хавдрыг “ТЭЖЭЭДЭГ”

Эх амьтны үрээ тээх савыг анагаах ухаанд умай гэж нэрийддэг. Нэг ёсондоо эмэгтэй хүний нандин, эмзэг эрхтний нэг. Эмзэг гэсний учир нь түүнд “дайсан” олон. Умайн хоолой, хөндий, хүзүү, хэвтэш (үр боловсрох хэсэг)-т нь хүртэл түмэн зовлон очоод “наалдчихдаг” аж. Эдгээрээс өвчинд хамгийн өртөмхий нь умайн хүзүү. Энэ нь эхийн савыг үтрээтэй холбох үүрэгтэй, нарийхан хөндийд нь элдэв эмгэг, хавдар амархан үрждэг тул эмэгтэйчүүдийн санааг хамгийн их зовоодог. Сүүлийн жилүүдэд нөхөн үржихүйн насны бүсгүйчүүдийн дунд умайн хүзүүний шарх, улайлт, хавдрын өвчлөл хурдацтай нэмэгдэх болсныг эмч нар хэлэв.

Умайн хүзүүний доторх хананы эс “ухаан жолоогүй” өсөж, үржсэнээр хорт хавдар үүсгэдэг байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхний хийсэн судалгаагаар, эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдох хорт хавдрын хоёрдугаарт умайн хүзүүнийх жагсаж байгаа аж. Уг өвчин Ази, Өмнөд Америк, Африкийн хөгжиж буй орнуудад илүүтэй оношлогддог гэнэ. Үүнд манай улс ч зонхилох байр эзэлж байна. Умайн хүзүүний хавдар тусах олон шалтгаан, нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл бий ч бараг бүх тохиолдолд нь хүний папиллома вирус (HPV)-ийн халдвар өвчтөнөөс илэрдгийг судалгаагаар нотолжээ.

10 эмэгтэй тутмын найм нь амьдралынхаа явцад бэлгийн замаар дамждаг HPV-ээр халдварласан байдаг тухай эмч нар хэлсэн. Тэгэхээр нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн олонх нь уг вирусийг тээгч байх магадлалтай гэсэн үг. Дархлааны систем нь сайн бол хүний бие 1-2 жилийн дотор уг вирусийг устгадаг. Тэгэхээр папиллома буюу хөхөнцөр вирусийн халдвартай бүх эмэгтэй хавдраар өвдөхгүй байх боломжтой. Гэсэн ч аюултай хүчин зүйлийн хамгийн нэгдүгээрт орсоор байна. Учир нь манай улсад жил бүр 16-18 мянган хүн “хормойн” өвчин тусдаг. HPV эхэн үедээ шинж тэмдэггүй, бэлгийн үү хэлбэрээр илэрч, аажимдаа архагшсаар хорт хавдар үүсгэдгийг анагаах ухаанд хэдийн баталжээ. Уг вирусийг тээж, дамжуулагч нь эрчүүд. Өөрсдөө өвчилдөггүй хэрнээ эмэгтэйчүүдийг үхэл рүү түлхэхэд хувь нэмрээ оруулсаар байгаа нь хатуу үнэн.

Умайн хүзүүг өвчлүүлдэг дараагийн эрсдэлт хүчин зүйл нь эмэгтэй хүний эстроген дааврын өөрчлөлт. Кофэйны хэт их хэрэглээ, жирэмснээс хамгаалах болон бусад дааврын эмийн нөлөөгөөр эстроген “мутацад” ордог байна. Эдгээрээс гадна хорт зуршил, хоол тэжээлийн дутагдал, үр хөндүүлэх, эмэгтэйчүүдийн бусад өвчний дараа умайн хүзүү улайж, шархалдаг гэнэ. Үүнийг эмчлүүлэхгүй удвал хавдар үүсгэх эрсдэлтэй.

Улсын хэмжээнд 2017 онд умайн хүзүүний хорт хавдрын 356 шинэ тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн онд энэ тоо 372 болж нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, 100 мянган эмэгтэй тутмын 23.2-т нь уг өвчин оношлогдож байгаа нь өндөр үзүүлэлт аж. Монголд хавдрын өвчлөл өндөр байгаа тул Засгийн газар, ЭМЯ хамтран “Хорт хавдраас сэргийлэх, хянах дэд хөтөлбөр”-ийг 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Үүний хүрээнд зорилтот насны эмэгтэйчүүдийг умайн хүзүү, хөхний өмөнгийн илрүүлэг үзлэгт хамруулснаар өвчнийг эрт үед нь оношилж, эмчлэх болсон. Тухайлбал, 2015 оноос эхлэн 30, 33, 36... 54, 57, 60 насны эмэгтэйчүүдийг гурван жил тутамд үзлэгт хамруулж байна. Тус онд умайн хүзүү, хөхний хавдрын шинжилгээг 72 851 эмэгтэй хийлгэснээс 10 296 нь зөвхөн умайн хүзүүний эсийн түвшинд өөрчлөлттэй гарч байж.

...Манай хойд хөрш болон Австрали улс 12-оос дээш насны охид, хөвгүүд, эмэгтэйчүүдээ HPV-ээс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулж эхэлсэн нь дэлхийд үр дүнтэй аргад тооцогдож байна. Харин бид өвчнөө эрт үед нь оношлуулж, эмчлүүлэхдээ хойрго хандсаар. “Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаач” гэж урьж, залуулаад ч очдоггүй...

Сүүлийн таван жилд үзлэгт хамрагдах эмэгтэйчүүдийн тоо 75-85 мянгад хүрч, нэмэгдсэн ч энэ нь зорилтот бүлгийнхний 50 хувьд ч хүрэхгүй байгааг албаныхан хэллээ. Улсын хэмжээнд хорт хавдрын улмаас 20 мянга орчим хүн эмчийн хяналтад байдгийн 60 гаруй хувь нь эмэгтэй. Тэдний 19 хувь нь умайн хүзүүний хавдартай аж. Дээрх үзлэгийн ачаар хавдартай хүмүүсийн 50 орчим хувийг өвчний I, II шатанд нь оношилж, эмчилж байгаа. Одоогоор манай улсад хавдрын нийт тохиолдлын 35 орчим хувь нь л таваас дээш жил амьдардаг. Тэдний 51.7 хувь нь умайн хүзүүний өмөнтэй. Энэ нь бусад хавдартай өвчтөнүүдийг бодвол амьдрах чадвар илүү гэсэн үг.

Гэсэн ч умайн хүзүүний хорт хавдартай хүмүүсийн 40 гаруй хувь нь өвчнийхөө III, IV шатанд оношлогдож, үүний улмаас жил бүр 100 гаруй хүн хорвоог орхисоор байгаа нь харамсалтай. Тиймээс уг өвчний наад захын шинж тэмдгийг таньж, эмчид хандах нь чухал болжээ. Эмч нарын хэлснээр, умайн хүзүү өвчилсөн тохиолдолд эхэндээ зовиур шаналгаагүй, онцын дохио өгдөггүй юм байна. Харин архагшсан үед сарын тэмдгийн мөчлөг хооронд, ердийн үеийнхээс олон хоног, их хэмжээгээр цус алдах шинж тэмдэг ажиглагддаг аж. Мөн бэлгийн харьцаанд орсны дараа болон цэвэршсэн хойно цус гарах, зовиурлах, үтрээний ялгадас ихсэх, шалтгаангүйгээр ядрах, хөлөөр хавагнах, ууц, нуруугаар өвдөх нь умайн хүзүүний хавдрын үед илэрдэг нийтлэг шинж.

Тиймээс энэ төрлийн хавдрыг эрт илрүүлэх үзлэгт 18-70 насныхныг тогтмол хамруулах шаардлагатай. Тэр дундаа пап (эсийн шинжилгээ) сорилыг 18-20 наснаас эхлэн 1-3 жил тутамд, HPV-ийн шинжилгээг 27 наснаас эхлэн таван жил тутамд өгөхийг эмч нар зөвлөсөн. Умайн хүзүүний хорт хавдрыг оношлох энгийн арга нь үтрээг дурандах гэнэ. Үүгээр умайн хүзүүний хаана “хорчин” эсүүд байрлаж байгааг эхлэн тогтоодог байна. Дараа нь өөрчлөлттэй хэсгээс эд тайрч, лабораторид шинжлэн, өвчний үе шатыг тодорхойлдог. Ингэхдээ умайн хүзүүний гадна давхаргад эс тархаагүй бол тэг, давсаг, шулуун гэдэс болон ойр байрлах бусад эрхтэнд хавдар үсэрхийлсэн бол IV зэрэг гэхчлэн үе шатыг нь тогтоодог аж. Үүний дараа тохирох эмчилгээг эмчийн хяналтад хийлгэнэ. Өвчний эхэн үед буюу хавдрын хэмжээ дөрвөн см-ээс бага бол мэс засал хийх, зарим тохиолдолд эмчилгээг үргэлжлүүлэн хими, туяагаар шардаг. Үүнээс том ургацаг байвал умайг тэр чигт нь тайрч авдаг нь харамсалтай. Өвчин даамжирсан тохиолдолд химийн болон хөнгөвчлөх эмчилгээг хослуулан хийдэг талаар хавдар судлаач эмч нар хэлсэн юм. Харин хавдрын эс бусад эрхтэнд үсэрхийлсэн үед дээрх эмчилгээний аль нэгийг сонгоно.

Хавдар бол маш аюултай, үхлийн өвчин. Оношлогдсоноос нь хойш тухайн хүнийг хэр удаан амьдрахыг хэн ч таамаглахгүй. Зөвхөн эмч л өвчтөний эрүүл мэндийн байдал, нас, өвчний үе шат, хавдрын төрөл, өсөлт, шинжилгээний хариу зэргийг үндэслэн, болзошгүй эрсдэлийг хэлж, эмчилгээг удирдах эрхтэй. Мэдээж аливаа өвчнийг эрт үед нь илрүүлэх тусам эдгэрэх хувь нь нэмэгдэнэ. 1990 оноос өмнө австрали эмэгтэйчүүдийн дунд уг өвчин нэлээд газар авч байжээ. Тус улсын Засгийн газар 1991 оноос уг өвчний эсрэг үндэсний хөтөлбөр боловсруулан, үр дүнтэй хэрэгжүүлснээр энэ шалтгаанаар нас барагсдын тоог хоёр дахин цөөлж чаджээ. Өдгөө умайн хүзүүний хорт хавдрын нийт тохиолдлынх нь 72 хувь таваас дээш жил амьдрах болжээ.

Түүгээр ч зогсохгүй манай хойд хөрш болон Австрали улс 12-оос дээш насны охид, хөвгүүд, эмэгтэйчүүдээ HPV-ээс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулж эхэлсэн нь дэлхийд үр дүнтэй аргад тооцогдож байна. Харин бид өвчнөө эрт үед нь оношлуулж, эмчлүүлэхдээ хойрго хандсаар. “Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаач” гэж урьж, залуулаад ч очдоггүй. Хэрэв эмэгтэй та бэлгийн харьцаанд эрт орсон, олон хамтрагчтай бол, амьжиргааны боломж тааруу нөхцөлд амьдарч, шаардлага хангаагүй орчинд эмнэлгийн тусламж авдаг бол эрсдэлт бүлэгт хамаарна. Түүнээс гадна олон удаа төрсөн эхчүүд, эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагддаггүй бол умайн хүзүүний хорт хавдар таныг “отож” байхыг үгүйсгэхгүй.

Олон улсад уг өвчин 50-иас дээш насныханд түлхүү оношлогддог. Харин манайд энэ аюул 35 наснаас эхэлж байгаа нь юутай харамсалтай. Умайн хүзүүний хорт хавдрыг I, II шатанд нь оношилбол бүрэн эдгэрнэ. Гэхдээ хэзээ ч жирэмслэх боломжгүй. Өвчнөөс урьдчилан сэргийлэх нь өвдөхөөс амархан гэдгийг дахин сануулъя.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)