Панам улстай дипломат харилцаа тогтоолоо

Эдүгээ дипломат харилцаагүй НҮБ-ын гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд манай улс Бүгд Найрамдах Панам Улстай энэ сарын 17-нд Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов.

Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн болон бусад салбарт хөгжүүлэх хоёр талын эрмэлзлэлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцлоо. Дипломат харилцаа тогтоох тухай холбогдох Хамтарсан албан мэдээнд НҮБын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч нар гарын үсэг зурав.

Панам улстай дипломат харилцаа тогтоосноор манай улс дэлхийн 164 улстай (НҮБ-ын гишүүн 162 улстай) дипломат харилцаатай болж, хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бие биенээ дэмжиж хамтран ажиллах илүү боломж нээгдлээ гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)